Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/26

 

Д.Л, З.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Д.Л-ийн өмгөөлөгч Р.Машлай, шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Д.Л, З.Б нарт холбогдох 2126000490228 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1980 оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын * дугаар багийн ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Д-ийн Л,

2.Монгол Улсын иргэн, 1975 оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** дугаар багийн ** тоотод оршин суух, урьд *** аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгапзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн М овогт  З-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Л нь нийтийн албан тушаалтан буюу “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 килограммын савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17 килограммын савлагаатай 11 ширхгийг 15.675.000 төгрөгөөр тооцож “Т” ХХК-иас өөрийн танил Б.Х-аар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж,

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “Ө” ТӨХК-ийн албан байран дотор “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 килограмм замын будгийг “Ө” ХХК-иас килограммыг нь 8.500 төгрөгөөр бодож худалдан авах шууд гэрээ байгуулах тухай” тушаал гарган, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Замын будаг нийлүүлэх гэрээг Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн дарга З.Б-тай үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий төрсөн эгч З.Э-ы нөхөр Н.Б-ийн эзэмшлийн “Ө” ХХК-тай гэрээ байгуулан, улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3281 дугаартай даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18.275.000 төгрөгийг “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь харилцах *** дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр нь гаргуулан авч “Т” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15.675.000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2.600.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, урьд “Ө” ТӨХК-нд хувийн том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж өгч байсан иргэн О.Л-т ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Шүүгдэгч З.Б нь нийтийн албан тушаалтан буюу *** даргаар ажиллаж байхдаа “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л-тай үгсэн тохиролцож, түүнийг нийтийн албан тушаалтан буюу “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 килограммын савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17 килограммын савлагаатай 11 ширхгийг 15.675.000 төгрөгөөр тооцож “Т” ХХК-иас өөрийн танил Б.Х-аар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" гэж,

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ** аймгийн ** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ТӨХК-ийн албан байранд “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 килограмм замын будгийг “Ө” ХХК-иас килограммыг нь 8.500 төгрөгөөр бодож худалдан авах тухай” тушаал гарган, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Замын будаг нийлүүлэх” гэрээг “Ө” ХХК-тай байгуулан, улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3281 дугаартай төлбөрийн даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18.275.000 төгрөгийг “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь харилцах *** дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр гаргуулан авч “Төвхөн Трейд” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15.675.000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2.600.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1.000.000 иргэн О.Лхагва-Очирт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дүр эсгэсэн гэрээ байгуулах шууд гэрээ байгуулах компани олж өгөхөөр урьдчилан амлаж, өөрийн хамаарал бүхий буюу төрсөн эгч З.Элбэгсайханы нөхөр Н.Батхүүгийн эзэмшлийн “Ө” ХХК-ийг санал болгосны үндсэн дээр тухайн компанитай шууд гэрээ байгуулах, харилцах дансыг ашиглан мөнгөн гүйлгээ хийх боломж нөхцөлийг олгосон, мөн авто замын будгийг өөрийн хариуцан ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн агуулахад хадгалах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овгийн Д-ийн Л-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овгийн З-ийн Б-ыг нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Д-ийн Л-ийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн З-ийн Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч З.Б-д оногдуулсан таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, З.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, З.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.Л, З.Б нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Л, З.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Л нь хохирогч “Ө” ТӨХК-д 1.600.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч О.Л-оос 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Ө” ТӨХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллаж дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Л-д холбогдох эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-ийн Б-д холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Буяндалай хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/01 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг.Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “Шүүгдэгч З.Б нь тухайн үед *** даргаар ажиллаж байсан нь тогтоогдсон, уг албан тушаал нь нийтийн албан тушаалын зэрэглэлд хамаарч байгаа ч албан тушаалын байдлаа ашиглаж “Ө” ТӨХК-нд будаг, будаг шингэлэгчийг нийлүүлэн “Ө” ХХК-тай гэрээ байгуулан худалдсан, дээрх 2 компанийг гэрээ байгуулахад оролцсон, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон байдал тогтоогдоогүй байна” гэсэн дүгнэлтийн тухайд хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

-Гэрч Б.Х-ын “... 2017 онд “Ө” ТӨХК-ийн захирал Д.Л нь авто замын чанартай будаг олоод өгөөч гэж надаас болон хамт ажилладаг байсан талийгаач Х бид хоёроос асууж, гуйж байсан юм. Х нь таньдаг Д.О-ээс авто замын будаг асууж олоод авахаар болж 2017 оны намар “Ө” руу яг хэдэн тоо, ширхэг байсныг санахгүй байна 15 сая орчим төгрөгөөр будаг авахаар болж явуулж байсан  юм. ... Д.О-ийн гуйлтын дагуу З.Б руу яриад талийгаач өнгөрсөн болохоор будгийнх нь мөнгийг шийдэж өгөөч ээ гэж удаа дараа ярьсан. Тэгээд 2019  оны хэдэн сар байсныг нь мэдэхгүй байна, З.Б-тай холбогдоод нөгөө авто замын будгийнх нь мөнгийг шилжүүлсэн шүү, асуудал нь шийдэгдсэн шүү гээд, үүнээс хойш дахин авто замын будгийн талаар огт ярилцаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-240-р тал/,

-Гэрч Д.О-ийн “... Х нь энэ будгийг Өвөрхангай руу нэг газарт зарна гэж хэлээд надаас аваад явсан. 2017 оны 11 сараас хойш Х-аас будгийн мөнгө юу болов гэхэд зарах гээд Өвөрхангайд аваачаад өгсөн байгаа, мөнгөө хүлээгээд байж байна гэж явсаар 2019 он гарч Х маань зуурдаар таалал төгссөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230-р тал/,

-Гэрч З.Э-ны “... 2019 онд миний төрсөн дүү З.Б нь манай найз “Ө” ХХК-д авто замын будаг нийлүүлсэн юм, иргэн учраас мөнгөө авч чадахгүй байна, компанийн нэр дэр мөнгө гаргуулж авах хэрэгтэй байна, та тус болооч ээ гэхээр нь би зөвшөөрөөд дээрх замын будаг худалдан авах гэрээг компанийнхаа өмнөөс байгуулж, нөхрийнхөө гарын үсгийг зурж З.Б-д өгсөн ... Дүү З.Б-ын гуйснаар компанийнхаа бичиг баримтаараа болон дансаараа гүйлгээ хийж тус болсон төдий ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-6, 192-р тал/.

-Замын будаг нийлүүлэх тухай “Ө” ХХК-ийн захирал Н.Б, “Ө” ТӨХК-ийн захирал Д.Л нарын хооронд байгуулсан “Замын будаг нийлүүлэх гэрээ” /1-р хх-ийн 165-166-р тал/,

-Гэрч Н.Б-ийн “... дүү Б надаас гуйгаад “Ө” ТӨХК-ийн дарга Л надтай найз байгаа юм, байгууллагынхаа данснаас мөнгө гаргаж авах гэсэн юм гэнээ та туслаач гэхээр нь замын будаг нийлүүлсэн гэж 18.275.000 төгрөгийн нэхэмжлэх бичүүлэн “Ө” Төрийн өмчит компанид хүргүүлж ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-р тал/,

-Гэрч Н.Э-ын “... хамгийн эхлээд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ... үдээс хойш дахиад 25 кг-тай цагаан будаг 3 лаазыг аймгийн Авто тээврийн газраас нярав Х-ээс авсан. Би энэ талаар өөрийн хувийн дэвтэртэй тэмдэглэсэн бөгөөд тэмдэглэлээсээ хараад хэлж байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Авто тээврийн газраас 25 кг-ийн будаг 72 ширхэг, будаг шингэлэгч 8 лаазыг авсан ...” гэх мэдүүлэг /1хх-н 246-248, 2хх-н 188-р тал/,

-Гэрч Ц.Х-гийн “... 2018 оны хавар ажилчид үзлэгээр явсан байх үед Авто тээврийн даргаар ажиллаж байсан З.Б дарга намайг дуудаж “подвал өрөөнд түр юм хураалгаадахъя, түлхүүрийг нь өгчих” гэсэн ... Маргааш нь би ирээд түлхүүрээ аваад подвалыг өрөөг онгойлгож үзэхэд хана дагуулаад 18-20 орчим литрийн төмөр савлагаатай будаг 2 эгнээ давхарлаад хураасан байсан ...” гэх мэдүүлэг /2хх-н 78-р тал/ зэрэг нотлох баримтуудаар

Шүүгдэгч З.Б нь урьдчилан үгсэн тохиролцож, шүүгдэгч Д.Л-ийн “Т” ХХК-иас өөрийн танил н.Х, талийгаач н.Х нараар зуучлуулан зээлээр худалдан авч, 2018 оны хавар *** Авто тээврийн төвийн зоорийн давхарт хадгалж байсан авто замын хатуу хучилттай элементийн цагаан будаг, будаг шингэлэгчийг тендер зохион байгуулахгүйгээр Ө Төрийн өмчит компанид нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сард өөрийн төрсөн эгч З.Э болон түүний нөхөр Н.Б нарыг ятгаж, тэдний эзэмшлийн “Ө” ХХК-ийн дансаар будаг, будаг шингэлэгчийн үнийг гаргуулан авахад хамжигчаар хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Б нь дээрх будаг, будаг шингэлэгчийг 2018 оны хавраас хойш 2019 оны 05 дугаар сар хүртэл өөрийн даргаар нь ажиллаж байсан *** Авто тээврийн төвийн авто зоорийн давхарт хадгалж, мөн 2019 оны 05 дугаар сард тендер зохион байгуулахгүйгээр Ө Төрийн өмчит компанид нийлүүлэхэд өөрийн төрсөн эгч З.Э болон түүний нөхөр Н.Б нарыг ятгаж, тэдний эзэмшлийн “Ө” ХХК-ийн дансаар будаг, будаг шингэлэгчийн үнийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлсэн зэргээр идэвхтэй үйлдлийг хийсэн байна.

Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлддэг бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хүн нь заавал нийтийн албан тушаалтан байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байхыг шаарлахгүй байна.

Иймд шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Ө Төрийн өмчит компанийн бараа худалдан авах ажиллагаанд өөрийн хашиж байсан албан тушаалын хувьд хамааралгүй байсан хэдий ч түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж заасантай тохирч байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна.

Хоёр.Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т захиалагч мөн хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага буюу Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолд зааснаар 20 сая хүртэлх төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болохоор хуульчлагдсан. Иймд шүүгдэгч   Д.Л-г хууль зөрчин хатуу хучилттай авто замын элементийн цагаан будаг, будаг шингэлэгчийг авахдаа төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулалгүй төсвөөс санхүүжилт гаргасан гэж үзэх боломжгүй байна ...” гэсэн дүгнэлтийн тухайд:

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 онд 05 дугаар сард үйлдэгдсэн буюу Ө Төрийн өмчит компанийн хатуу хучилттай авто замын элементийн цагаан будаг, будаг шингэлэгчийг худалдан авах ажиллагаа 2019 оны 05 дугаар сард болсон байна.

Энэ цаг хугацаанд Монгол Улсын засгийн 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг тогтоосон тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд уг тогтоолын хавсралтад бараа, ажил үйлчилгээг шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.000.000 төгрөг байхаар тогтоосон байна.

Харин шүүхийн шийдвэрт дурдсан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 20 сая хүртэлх төгрөгөөр тогтоосон Засгийн газрын 124 дүгээр тогтоол нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарч, өмнө мөрдөгдөж байсан 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

Иймд шүүгдэгч Д.Л-гийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.000.000 төгрөг байхад 18.275.000 төгрөгийн үнэ бүхий барааг тендер буюу нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт зохион байгуулахгүй шууд гэрээ байгуулан худалдан авах шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэж заасныг зөрчсөн байна.

Гурав.Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “... Гэрч Т.Б, иргэний хариуцагч О.Л нарын мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, мөн өөр хоорондоо зөрүүтэй, тэдний мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар өөр бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлан шалгах боломжгүй болсон байх ба тэдний мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Д.Л-г 2.600.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээ үүсэж байгаа учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн дүгнэлтийн тухайд хэрэгт авагдсан:

-Гэрч З.Э-ны “... миний бие бэлнээр аваад З.Б-д хэлэхэд Л руу ярьж түүнд өгөхөөр болсон, Л нь хүн явуулж надаас бэлнээр аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 5-6, 192-р тал/,

-Гэрч Н.Б-ийн “... байгууллагынхаа данснаас мөнгө гаргаж авах гэсэн юм гэнээ та туслаач гэхээр нь замын будаг нийлүүлсэн гэж 18.275.000 төгрөгийн нэхэмжлэх бичүүлэн Ө Төрийн өмчит компанид хүргүүлж тэр нэхэмжлэхийн дагуу замын будгийн үнэ гэсэн утгатайгаар манай “Ө” ХХК-ийн *** дугаарын данс руу 2019 оны 09 сарын 07-ны өдөр урьдчилгаа гэж 10.000.000 төгрөг шилжүүлээд тэрийг нь би тэр дор нь 9.997.000 төгрөгийг бэлнээр нь банкнаас аваад Л-гийн жолооч гэж хүнд өгч байсан юм. Тэрнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 8.275.000 төгрөг мөн манай “Ө” ХХК-ийн **** дугаарын данс руу шилжүүлсэн байхаар нь би мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компанийнхаа данснаас бэлнээр нь авч Л-гийн явуулсан хүнд нь өгч байсан юм ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-р тал/,

-Гэрч Д.О-ийн “... Гуйсны дагуу Х нь хөөцөлдөж өгөөд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7.400.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8.275.000 төгрөгийг нийт 15.675.000 төгрөг орсон, мөнгөө буцааж авсан тул эргэж Х-тай холбогдоогүй ...” /1-р хх-ийн 229-230-р тал/,

-Гэрч П.Н-ийн “... Миний бие 2019 оны 05 сараас 2019 оны 10 сарыг хүртэлх хугацаанд нурууны суулт, хөл рүү мэдээ алдаад эмчилгээ хийлгэсэн. 2020 оны 08 сарын 10-аар байгууллагын дарга Д.Л нь АТГ-т шалгуулаад байна, энэ хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан асуудал нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой байсан, ийм хурал болоогүй, би мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 243-244-р тал/

-Гэрч Г.Д-ын “...  2019 оны 05 сарын 04-ний өдөр замын будаг худалдаж авах тухай тендер хуралдаагүй, тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Ө” ХХК-иас будаг авч байсан ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн      1-2-р тал/,

-Замын будаг нийлүүлэх тухай “Ө” ХХК-ийн захирал Н.Б, “Ө” ТӨХК-ийн захирал Д.Л нарын хооронд байгуулсан “Замын будаг нийлүүлэх гэрээ” ... Замын тэмдэг 1 кг нь 8.500 төгрөг байна. НӨАТ- гүй дүн болно. Төлбөрийг 2.150*8.500=18.275.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард дуусахаас өмнө Төрийн банкны *** тоот дансанд шилжүүлнэ ...” гэсэн гэрээний хуулбар /1-р хх-ийн 165-166-р тал/ зэрэг нотлох баримтуудыг гэрч Т.Б, иргэний хариуцагч О.Л нарын мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдтэй харьцуулан эх сурвалжийг магадлан шалгаж үзвэл шүүгдэгч Д.Л нь “Ө” ХХК-ийн эзэмшлийн *** дугаартай дансанд шилжин орсон 18.275.000 төгрөгөөс “Т” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15.675.000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2.600.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1.000.000 төгрөгийг иргэний хариуцагч О.Л-т өгсөн гэх үйл баримт тогтоогдсон байхад шүүх “шүүгдэгч Д.Л-г 2.600.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээ үүсэж байгаа” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Л-гийн бусдаар дамжуулан 2018 оны хавар *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт авчирсан байсан хатуу хучилттай авто замын элементийн цагаан будаг, будаг шингэлэгчээ өөрийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Ө” Төрийн өмчит хувьцаат компанид нийлүүлж, үнийг гаргуулан “Т” ХХК-нд өгөх өглөгийг төлөх, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан идэвхтэй үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн “шүүгдэгч Д.Л-г 2.600.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээ үүсэж байна” гэсэн дүгнэлт хийж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэж байгаа нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хуульд заасан шударга ёс, хууль ёсны зармуудад тус тус нийцэхгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/01 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л нь 2017 оны 11 сард “Т” ХХК-иас 76 ширхэг автозамын будаг, 11 ширхэг будаг шингэлэгч зэрэг нийт 15.680.000 төгрөгийн бараа материал худалдан авч улмаар төлбөрийг найз З.Б-ын хүргэн ах Н.Б-ийн “Ө” ХХК-ийн дансаар дамжуулан гаргуулахаар гэрээ байгуулж, 2019 оны 09 болон 12 сард мөнгийг тус компанийн данс руу шилжүүлснийг бэлнээр гаргуулан авч “Т” ХХК руу нийт 15.675.000 төгрөгийг шилжүүлж, зөрүү мөнгөнөөс 1.600.000 төгрөгийг хувьдаа авсан нь хэрэгт авагдсан гэрч Д.О, Б.Х, Н.Э, Н.Б, З.Э, П.Н, Г.Д, Т.Б, О.Л нарын мэдүүлэг, банкны гүйлгээний лавлагаанууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар сэргээн тогтоож, шүүгдэгч нарыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчсөн гэж дүгнэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Б нь нийтийн албан тушаалтан Д.Л-гийн замын тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төсөвлөгдсөн мөнгөнөөс 18.275.000 төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж “Ө” ХХК-тай дүр эсгэсэн гэрээ байгуулж, “Ө” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс завшсан үйлдэлд тус “Ө” ХХК-ийг олж өгөх, гэрээ байгуулуулах, мөнгийг нь бэлнээр гаргуулах зэрэг байдлаар дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байхад давж заалдах шатны шүүх З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект биш гэж үндэслэлгүй дүгнэлт хийн түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.Л-гийн автозамын будаг, шингэлэгч авах үед Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнийг тогтоосон тогтоол мөрдөгдөж байсан ба тус тогтоолын хавсралтад бараа, ажил үйлчилгээг шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.000.000 төгрөг байсан байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгч Д.Л-ийн өмгөөлөгч Р.Машлай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Д.Л-г Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон. Прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх агуулгатай эсэргүүцэл бичсэн бөгөөд шийтгэх тогтоол үндэслэлтэй болж чадаагүй талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байна. Д.Л гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй ба будгийг зах зээлийн үнээс өөр байдлаар өөрт давуу байдал бий болгож авсан эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Шүүхээс нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй буюу Д.Л-ийн гэмт хэрэг үйлдэх санаатай зорилготой байсан эсэхийг тогтоож чадаагүй. Шүүхийн болон прокурорын шатанд гэрч Т.Б, О.Л нарын өгсөн мэдүүлэг зэргийг хэлэлцэхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй. Бидний хувьд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үздэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1-д зааснаар магадлалыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхино уу” гэв.

Шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний хувьд өмгөөлөгч Р.Машлайтай адил байр суурьтай байдаг. З.Б-ын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн статус, гүйцэтгэсэн үүрэг, гэмт хэрэг үйлдэх санаа зорилгын талаар нотлоогүй, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, З.Б албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөрт ашиг хонжоо олсон нөхцөл байхгүй байсныг анхаарч үзээгүй. Харин давж заалдах шатны шүүхээс З.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хяналтын шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, шүүгдэгч Д.Л, З.Б нар нь гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн болно.

2.Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлт, тайлбарыг хийж байна.

2.1.Прокурор эсэргүүцэлдээ “... З.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Ө Төрийн өмчит компанийн бараа худалдан авах ажиллагаанд өөрийн хашиж байсан албан тушаалын хувьд хамааралгүй байсан хэдий ч түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасантай тохирч байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна” гэжээ.

Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн байдаг.

Д.Л нь “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчин 2017 оны 11 дүгээр сард өөрийн компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хатуу хучилттай замын элементийн цагаан будаг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай тушаал гаргаж, түүний дагуу 2150 кг будгийг “Ө” ХХК-иас 18.275.000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээг байгуулан уг мөнгийг “Ө” ТӨХК-ийн харилцах данснаас “Ө” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлэн авч бэлнээр гаргуулаад “Т” ХХК-ийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр 15.675.000 төгрөгийг шилжүүлж, зөрүү мөнгө болох 2.600.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг иргэн О.Л-т өгч, үлдсэн 1.600.000 төгрөгийг өөртөө авахад нь З.Б түүнд идэвхтэй үйлдлээр дэмжлэг үзүүлжээ.

Тодруулбал, З.Б нь Д.Л, Б.Х нартай найз нөхдийн холбоотой төдийгүй Д.Л-г Б.Х-ын танилаар дамжуулан Д.О-ийн “Т” ХХК-иас будаг болон будаг шингэлэгчийг зээлээр худалдан авсан болохыг, мөн уг барааны үнэ болох 15.680.000 төгрөгийг “Ө” ТӨХК-ийн данснаас “Т” ХХК-ийн данс руу шууд шилжүүлэх боломжтойг тус тус мэдэж байсан атлаа санаатайгаар өөрийн төрсөн эгчийн нөхөр Н.Б-ийн эзэмшлийн “Ө” ХХК-ийн нэрээр будаг худалдан авах гэрээ байгуулан дансаар нь 18.275.000 төгрөгийг шилжүүлэн авч, дараа нь бэлнээр гаргуулан Д.Л-д өгсөн болох нь:

Гэрч Д.О-ийн өгсөн “... Миний бие Л, Б нарыг таньж мэдэхгүй ... Х-ыг мэднэ, манай найз Х гэх залуу ИНЕГ-т ажилладаг байсан, тэр үед Х-тай цуг ажилладаг гэдгээр нь мэднэ. ... Өөрийнхөө компани дээр байсан дээрх будгийг нийт 15.680.000 төгрөгөөр бодож Х-т өгсөн. Х нь энэ будгийг Өвөрхангай руу нэг газарт зарна гэж хэлээд надаас аваад явсан. ... Х маань бусдад зодуулж зуурдаар нас барсан тул түүнтэй хамт ажилладаг Х гэгчийг гуйж мөнгөө олж авсан юм” /1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал/,

Д.Л-ийн гэрчээр өгсөн “... Автозамын будгийг 2018 онд Б нар Өвөрхангай аймагт авч ирээд автозамын будаг байна, энэ будгийг аваач ээ гэж хэлсэн. ... Автозамын будгийг авахаар манай газраас санхүүжилтийг аж ахуйн нэгжид олгох ёстой болохоор мөнгөө хэрхэн тооцож, яаж авах вэ гэхэд Б манай эгчийн “Ө” ХХК байгаа түүгээр 18.275.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гэрээ байгуулъя гэсэн” /1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал/,

Б.Х-ын гэрчээр өгсөн “... Д.О-ийн гуйлтын дагуу З.Б руу яриад талийгаач өнгөрсөн болохоор будгийнх нь мөнгийг шийдэж өгөөч гэж удаа дараа ярьсан. ... Энэ хавар буюу 2021 оны 04 дүгээр сард З.Б над руу нэг өдөр гар утсаараа яриад нөгөө нийлүүлсэн автозамын будгаас чинь тээврийн хөлс, ачилтын хөлс, хадгалалтын хөлсийг хүмүүст өгсөн шүү, нөгөө хүндээ хэлээрэй гэхээр нь будгийн үнийн дүн болох 15.680.000 төгрөгөөс нь мөнгө аваад идсэн юм болов уу гэж гайхаад юу яриад байгаа юм, будаг нийлүүлсэн хүн рүү мөнгийг нь бүтэн шилжсэн юм байгаа биз дээ гэхэд бүтэн шилжүүлсэн, энд аймгаас будгийн асуудал шалгаад байна гэсэн зүйл яриад утсаа тасалсан” /1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал/,

 Б.Х-ын дахин гэрчээр өгсөн “... 2022.09.06-ны өдөр намайг АТГ-аас дуудахаар нь Б руу залгаж намайг ямар учраас дуудаж байгаа болох талаар асуух зорилгоор ярихад Б нь “Нөгөө автозамын будгийн зөрүү мөнгийг будаг хадгалахад болон тээвэрлэхэд зарцуулсан зөрүү мөнгө гэж хэлж тайлбарлаарай” гэхээр нь би тийм зүйлийн талаар мэдэхгүй, мөнгө төгрөгийн талаар мэдэхгүй, мэдэхгүй асуудлынхаа талаар юу гэж би ярих вэ дээ гэж хэлээд утсаа тасалсан. ... Талийгаачаар дамжуулж Б нь будаг аваад анх будаг зарсан “Т” ХХК-ийн захирал О гэх залууд мөнгийг нь өгөхгүй удаагаад байна, олж авмаар байна гэж надтай холбогдохоор нь Б-тай холбогдож мөнгийг нь шууд О-ийн данс руу өгүүлж тооцоог нь дуусгасан” /2 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд З.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу гэмт хэргийн хамжигчийн шинжийг бүрэн хангаж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч З.Б нь тухайн үед *** аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байсан нь тогтоогдсон, уг албан тушаал нь нийтийн албан тушаалын зэрэглэлд хамаарч байгаа ч албан тушаалын байдлаа ашиглаж “Ө” ТӨХК-нд будаг, будаг шингэлэгчийг нийлүүлэн “Ө” ХХК-тай гэрээ байгуулан худалдсан, дээрх 2 компанийг гэрээ байгуулахад оролцсон, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход заавал нийтийн албан тушаалтан байхыг буюу албан тушаалын байдлаа ашигласан байхыг шаардахгүй болно.

Иймд прокурорын бичсэн “... З.Б-ын ... үйлдсэн гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна” гэсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

2.2.Мөн прокурор эсэргүүцэлдээ “... Д.Л-ийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.000.000 төгрөг байхад 18.275.000 төгрөгийн үнэ бүхий барааг тендер буюу нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт зохион байгуулахгүй шууд гэрээ байгуулан худалдан авах шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ... зөрчсөн” гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3-т захиалагч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан босго үнээс бага буюу Засгийн газрын  2021 оны 124 дүгээр тогтоолд зааснаар 20.000.000 хүртэлх төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болохоор хуульчлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Д.Л нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 кг будгийг “Ө” ХХК-иас килограммыг нь 8.500 төгрөгөөр бодож шууд гэрээ байгуулж худалдан авах тухай” тушаал гаргаж, уг тушаалын дагуу худалдагч талыг төлөөлж “Ө” ХХК-ийн нягтлан бодогч З.Э, худалдан авагч талыг төлөөлж “Ө” ТӨХК-ийн ерөнхий санхүүч С.Т нарын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 5/01 дугаартай “Замын будаг нийлүүлэх гэрээ”-г баталж, “Ө” ТӨХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10.000.000 төгрөгийн    3072 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8.275.000 төгрөгийн 3281 дугаартай төлбөрийн даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан, “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь харилцах данснаас “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 8.275.000 төгрөгийг шилжүүлгийг тус тус хийлгэжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Л нь 2019 онд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр шууд гэрээ байгуулан худалдан авах шийдвэр гаргаж, төлбөрийг “Ө” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлсэн бөгөөд энэ үед Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг тогтоолын хавсралтад шууд худалдан авч болох барааны төсөвт өртгийн дээд хязгаар 10.000.000 төгрөг байхаар заасан байна.

Гэтэл 2019 онд байгуулагдсан шууд гэрээнд Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад заасан шууд худалдан авч болох барааны төсөвт өртгийн дээд хязгаар болох 20.000.000 төгрөгийг баримтлах нь зүйтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.   

Тиймээс прокурорын эсэргүүцэлд дурдагдсан дээрх хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2.3.Прокурор эсэргүүцэлдээ “... Д.Л нь “Ө” ХХК-ийн эзэмшлийн *** дугаартай дансанд шилжин орсон 18.275.000 төгрөгөөс “Т” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15.675.000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2.600.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1.000.000 төгрөгийг иргэний хариуцагч О.Л-т өгсөн гэх үйл баримт тогтоогдсон байхад шүүх “шүүгдэгч Д.Л-г 2.600.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээ үүсэж байгаа” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ... Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг гэж зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

Тодруулбал, Д.Л нь өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 18.275.000 төгрөгөөр будаг нийлүүлсэн мэтээр гэрээг нөхөн байгуулж, өөртөө 1.600.000 төгрөгийг авсан идэвхтэй үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд прокурорын бичсэн “... Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна” гэсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.  

3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

4.Шүүгдэгч Д.Л-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, шүүгдэгч З.Б-ыг нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

5.Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Д.Л, З.Б нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудын үнэн зөв байдал, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

6.Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7.Гэтэл давж заалдах шатны шүүхээс З.Б албан тушаалын байдлаа ашиглаж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон байдал тогтоогдоогүй, мөн  Д.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ