| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0006/Э |
| Дугаар | 6 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Вын Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны ….-р сарын .. -ны өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын ........... дүүргийн ...... айлын орон сууцны сантехникийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ... сумын 4 дүгээр баг, ......... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Вын Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 11-р сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ....... сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мын толгойн тус газарт шилэн аягаар цохиж, мөн хохирогч Э.Бийн баруун далан тус газарт хутгалж, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч В.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Мын духанд сэнжтэй шаазан аягаар нэг удаа цохисон. Б нь миний баруун хөлний өвдөгний үе хэсэгт чулуугаар цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу гарч ирээд чи яах гээд уурлаад хүн амьтантай маргалдаад байгаа юм гар гэхээр нь би тэр залуутай маргалдсан. Намайг зодно гэхээр нь би яагаад чамд зодуулах ёстой юм гэж хэлээд маргалдсан. Тэгсэн тэр залуу баруун гартаа барьсан байсан стаканаар миний дух руу нэг удаа цохиод намайг гарах гэж байхад миний араас модон сандал шидээд, заазуур бариад дайрсан. Бид хоёрыг Б эгч, Х 2 салгасан. Тэгээд би тэднийхээс гараад шууд гэртээ хариад цусаа угаачихаад унтаж амарсан…, ...Б, О 2 тэднийд очиж ирнэ гээд гарсан. Би гэртээ унтахаар хэвтсэн удалгүй О пижигнээд ороод ирсэн. Бийг хутгалчихсан байхаа гэж хэлээд байж байтал Б далаа бариад хувцас нь цус болсон байдалтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М нь духаа аягаар цохиулсан гээд дух нь ярагдчихсан хэвтэж байхаар нь би хэнд цохиулсан юм гэж асуусан чинь Б эгчийн гэрт ирсэн залуу намайг цохисон гэхээр нь би нөмгөн дээл, хромон гутал өмсөөд уулзах гээд хаалгыг нь тогшсон чинь хаалгаа тайлахгүй байхаар нь буцаад Мын гэр рүү явах гээд гараад алхтал араас хутга бариад гараад ирэхээр нь би хаалга руу нь жижигхэн чулуу шидээд Мын гэр рүү гүйсэн чинь нөгөө залуу миний араас хөөгөөд гүйсэн. Би зугтааж байтал миний өмссөн хромон гутал сугараад би бүдрээд газар унасан чинь тэр залуу миний дал хэсэгт нэг удаа хутгаар хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь усны савны дэргэд очоод Мын дээгүүр нь тонгойж ус автал М нь толгойгоороо Быг налаад байхаар нь Б нь ус авахдаа тохойгоороо Мын толгойг түлхсэн чинь М нь чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд Бтай барьцалдаж автал Б нь чи ер нь шинэ багш нарыг яахаараа явуулдаг юм чи харанхуй шөнө айлд орж ирээд яагаад хэрүүл хийгээд байгаа юм одоо яв гэж хэлээд барьцалдаад автал ...Б эгч бид 2 М, Б нарыг салгаад Мын найзад нь өгөөд гэрээс гаргасан ...Бын хамт гэрээс нь гарсан чинь М нь 2-3 залуугийн хамт гэрийнх нь гадаа зогсоод үүдний амбаарын хаалга руу чулуу шидээд байхаар нь би айгаад дотогшоо орсон. Б нь тэр хэдийн араас гүйсэн, намайг хальт харахад улаан дээлтэй хүн зугтааж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4-р хуудас/
Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мын гэрт очтол М нь толгойгоо боочихсон хэвтэж байсан. М нь хойд айлын хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгсэн Б нь найзыгаа өмөөрнө гээд хойд айл руу явсан. Би Мын гэрийн гадаа зогсож байсан чинь Мын хойд айлаас Б гүйгээд гараад ирсэн. Араас нь нэг залуу хутга барьчихсан хөөж байсан. Тэгсэн Б бүдрээд унасан чинь нөгөө залуу Бийн далан дээр хутгалсан. Би Мын гэрийн үүдэнд хараад зогсож байсан чинь Б босоод би хутгалуулчихлаа гээд хүрээд ирэхээр нь би гэр рүү аваад орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б том өрөөнөөс ус уухаар гарч ирсэн, М нь манай усны хажууд сууж байсан. Манай нөхөр Быг ус авах гэтэл Мтай харилцан бие биетэйгээ мөрөөрөө шүргэлцсэн. Манай нөхөр Б нь гартаа шанага, аяга барьсан байсан. Би аль гартаа аяга, аль гартаа шанага барьсан байсныг санахгүй байна. Тэгээд М тэр 2 шүргэлцсэн чинь манай нөхөр Б нь аль гараараа цохисныг санахгүй байна. Мын нүүр рүү цохитол Мын хамарнаас цус гарсан ...Б орж ирж таарсан. Б баруун гартаа манай жижиг хар өнгийн иштэй тонгорог хутга барьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/
Шинжээчийн 2018 оны 11-р сарын 23-ны өдрийн 02/0403 дугаартай: “...2018 оны 11-р сарын 17-ны өдрийн түргэн тусламжийн дуудлагын хуудсыг үзэхэд Э.Бийн биед баруун далны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/
Шинжээчийн 2018 оны 11-р сарын 23-ны өдрийн 02/0404 дугаартай: “...2018 оны 11-р сарын 17-ны өдрийн түргэн тусламжийн дуудлагын хуудсыг үзэхэд Б.Мын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мын толгойн тус газарт шилэн аягаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бийн баруун далан тус газарт хутгалж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц овогт Вын Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч В.Б нь хохирогч Э.Бт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 277000 төгрөгийг 2019 оны 01-р сарын 03-ны өдөр төлж барагдуулсан, хохирогч Б.Манлахбаяр нь гомдол саналгүй гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 30-р хуудаст хохирогч Б.М нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...би эмчилгээний зардлын мөнгөө гаргуулж авмаар байна...” гэсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй эвхэгддэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Вын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Быг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй эвхэгддэг хутга 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА