| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/03253/И |
| Дугаар | 210/МА2025/02102 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02102
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Ууганбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07569 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: 63,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, *******, *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* орон сууцны цогцолбор хотхон, 128 айлын орон сууцны давхрын хаягт байршилтай, 2 өрөө, 36.97 м.кв талбайтай орон сууцыг нэгж м.кв-ыг 1,027,860 төгрөгөөр буюу нийт 38,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний төлбөр 38,000,000 төгрөгийг төлсөн.
1.2 Орон сууц 2020 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад орох байсан боловч ороогүй. ******* нь удаа дараа тодруулахад ******* нь байрыг ашиглалтад оруулах болоогүй гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулсан.
1.3 Нэхэмжлэгч нь *******-тай холбогдож, өөрийн захиалсан дээрх орон сууцыг худалдахаар болоход ******* нь өөрсдөө буцаан 72,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Захиалагчийн хүсэлтийн дагуу талууд хоорондын тохиролцоо гэх нэртэй акт үйлдсэн. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. ******* нь *******д 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 23/109 дугаартай *******-иас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх актыг *******д өгсөн боловч мөн төлөөгүй.
1.4 Улмаар, ******* нь *******-ийн *******, хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******-н *******, давхрын хаягт байршилтай, 1 өрөө, 30,53 м.кв талбайтай орон сууцыг дээрх 42,000,000 төгрөгт төлбөрт тооцон *******д өгөхөөр тохиролцсон. Гэвч тус орон сууц нь 2024 оны 04 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч өнөөдрийг хүртэл орохгүй, барилгын ажил зогсонги байдалтай байгаа бөгөөд үлдэгдэл 42,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байна.
1.5 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 3.3-т алдангийг 0.1 хувиар тооцно гэж заасан. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, нийт 592 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги нийт 24,864,000 төгрөг болж байна.
Иймд *******, *******-иас 42,000,000 төгрөг, алданги 21,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* болон ******* хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Захиалагчийн хүсэлтийн дагуу талуудын хоорондын тохиролцоо гэх баримтад Гүйцэтгэгч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэх байдлаар гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулж, харилцан тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх талуудын тохиролцоог гэрээнээс татгалзсан гэж буруу дүгнэлт өгсөн.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу ******* нь өөрийн үүргийг *******-д шилжүүлсэн. ******* нь *******-ийн *******, хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* *******, давхрын тоот хаягт байршилтай, 1 өрөө, 30,53 м.кв талбайтай орон сууцыг 42,000,000 төгрөгийн төлбөрт тооцож *******д шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан.
4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч нарт 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариуцагч эрх, үүрэг, нотлох баримттай танилцсан. 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг хариуцагч нарт шүүхээс мэдэгдсэн байхад шүүх хуралдаандаа ирээгүй өнөөдрийг хүртэл хариуцагч нар идэвхтэй байр сууринаас оролцоогүй, мөн шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл бий болсон. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагч нарыг зөвтгөж, хэргийн үйл баримтад алдаатай хууль зүйн дүгнэлт хийсэн.
4.3 Анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 4.5-д захиалагч нь орон сууцны төлбөрт нийт 38,000,000 төгрөг төлсөн бөгөөд гүйцэтгэгч нэмж 3,400,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийг *******ийн дансанд төлнө гэжээ гэх байдлаар алдаатай буруу үнийн дүн тооцоолол хийсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******, ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан, гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг, алданги 21,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч *******, ******* нь хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 ******* болон ******* нар нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 190831/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь *******, *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* цогцолбор хотхон, 128 айлын орон сууцны давхар, хаягт байршилтай, 2 өрөө, 36.97 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч ******* нь м.кв үнийг 1,027,860 төгрөгөөр тооцон, нийт 38,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 13-19/ Гэрээний үнэ болох 38,000,000 төгрөгийг ******* төлсөн талаар талууд маргаагүй. /хх 13-19/
4.2 Улмаар, ******* болон ******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Захиалагчийн хүсэлтийн дагуу талууд хоорондын тохиролцоо гэх хэлцэл үйлдэж, захиалагч ******* нь үндсэн гэрээний дагуу өөрийн захиалсан дээрх орон сууцыг 72,000,000 төгрөгөөр худалдан борлуулах эрхийг гүйцэтгэгч *******-д олгож, захиалагч нь орон сууцны төлбөрт нийт 38,000,000 төгрөг төлсөн бөгөөд гүйцэтгэгч нэмж 34,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийг *******д өгөхөөр харилцан тохиролцсон. Уг хэлцлийн 3-т ...******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэжээ. /хх 20/ Үүний дагуу хариуцагч******* нь 72,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.
5. Дээрх хэлцлийн дагуу хариуцагч *******-д тухайн орон сууцыг 72,000,000 төгрөгөөр худалдан борлуулах эрх шилжсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх ...талууд уг хэлцлийг байгуулснаар 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190831/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ээс татгалзсан, ...мөн уг хэлцлээр нэмж 34,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тодорхойгүй гэх агуулгаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
6. ******* нь *******тэй 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 230914/01 дугаартай, Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, ******* нь *******, хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* цогцолборын *******, давхар, хаягт байршилтай, 1 өрөө, 30,53 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч ******* нь 42,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 6-11/ Гэрээний хавсралт 1-д *******-тай байгуулсан 190831/01 тоот гэрээний 2023.05.26 өдөр байгуулсан гэрээ цуцлах актын дагуу төлбөрийн үлдэгдэлд энэ байрыг шилжүүлэв гэжээ. /хх 12/
7. Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн дагуу нэхэмжлэгчид төлөх *******-ийн өр болох 42,000,000 төгрөгийн үүрэг ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хариуцагч *******-д шилжсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ******* болон ******* нарын байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Захиалагчийн хүсэлтийн дагуу талууд хоорондын тохиролцоо гэх хэлцлийн дагуу үүссэн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар буюу мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан хэлбэрээр буюу нэхэмжлэгч болон хариуцагч *******-ийн хооронд үүрэг үүссэн байна.
7.1 Иймд нэхэмжлэгч болон хариуцагч *******-ийн хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа дээрх үндэслэлээр нэгэнт дуусгавар болж, хариуцагч *******-ийн нэхэмжлэгчид төлөх өр бусдад буюу хариуцагч *******-д шилжсэн байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэхгүй.
8. Нэхэмжлэгч болон хариуцагч *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 230914/01 дугаартай, Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.
8.1 Гэрээний 3.1-т зааснаар гүйцэтгэгч ******* нь гэрээнд заасан орон сууцыг 2024 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Уг үүргээ хариуцагч ******* нь биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч тухайн гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон, хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбар гаргаагүй нөхцөл байдлаас үзвэл Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж заасан үндэслэл бий болсон гэж үзэхээр байна.
9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
9.1 Нэхэмжлэгч болон *******-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 230914/01 дугаартай, Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу нэхэмжлэгчид орон сууц шилжүүлэх үүрэг *******-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шилжсэн. Иймд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан журмын дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх боломжгүй тул мөн зүйлийн 205.2.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, ******* нь гэрээгээр хүлээсэн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж орон сууцыг бус, үнэ 42,000,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарч байна.
9.2 Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хохирол 42,000,000 төгрөгийг хариуцагч *******-иас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагч *******-иас 42,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
10. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 3.3-т Хэрэв гүйцэтгэгч нь энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө. Энэхүү алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 10 хувиас ихгүй байна гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээг цуцалсан буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны алданги /1 хоногийн 4,200 төгрөг*40 хоног/ 168,000 төгрөгийг хариуцагч *******-иас шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх ...гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болдог гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд алдангийн талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагч *******-иас алданги 168,000 төгрөг гаргуулсан өөрчлөлт оруулна.
11. Нэхэмжлэгч болон хариуцагч *******-ийн хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа дээр дурдсан үндэслэлээр дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь хариуцагч *******-иас 63,000,000 төгрөг шаардах эрхгүй.
12. ******* болон ******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Захиалагчийн хүсэлтийн дагуу талууд хоорондын тохиролцоо-ний 2-т Захиалагч нь орон сууцны төлбөрт нийт 38,000,000 төгрөг төлсөн бөгөөд гүйцэтгэгч нэмж 34,00,000 төгрөг нийт 72,000,000 төгрөгийг *******ийн өөрийн эзэмшлийн тоот дансанд төлнө гэж тусгасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...алдаатай буруу үнийн дүн тооцоолол хийсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
13. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******-иас нийт 42,168,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,832,000 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07569 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 42,168,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,832,000 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагчаас *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 гэснийг хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 368,790 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
М.БАЯСГАЛАН