| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/00924/И |
| Дугаар | 210/МА2025/02141 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02141
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Ууганбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08258 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: алданги 81,475,318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр *******ны нутаг дэвсгэр, ******* улсын гудамжинд байрлах цогцолбор хотхоны үйлчилгээний төвийн 1 давхарт 77.8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 1,012,115,760 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний 3-т барилгыг гүйцэтгэгч 2023 оны 3 дугаар улирал буюу 09 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан.
1.2 Гэрээний 6.2-д зааснаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,025 хувийн алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу хугацаа хэтэрсэн 322 хоногоор тооцож, нийт 81,475,318 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-тай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ГБВЦ-49 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж, -ийн 1 давхрын дугаартай 77.8 м.кв талбайг хар ханаар буюу дотор засалгүй байдлаар барьж хүлээлгэн өгөх, ******* нь тухайн үйлчилгээний талбайн үнэ болох 1,230,951,600 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг хар ханаар буюу энгийн байдлаар батлагдсан зураг төслийн дагуу барьж ашиглалтад оруулах, захиалагч ******* нь өөрийн үйл ажиллагааны чиглэл, хүсэл сонирхолдоо нийцүүлэн гүйцэтгэгч талд танилцуулж, батлуулсан дотор заслын ажлын зургаар нэхэмжлэгч нь өөрсдөө дотор заслаа хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан.
Хариуцагчаас шалтгаалахгүй хил гаалийн саатал, гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан хугацаандаа ирэхгүй байх, цаашлаад төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагааны улмаас гэрээний үүргээ биелүүлэх цаг хугацаа бага зэрэг алдсаныг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг хариуцагч компанийн буруутай үйлдэл гэж үзэхгүй, алданги төлөх үндэслэл үүсээгүй.
2.2 ******* нь гэрээгээр тохиролцсон хугацаанд гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг дотор заслын ажил хийх боломжтой байдлаар барьж бэлэн болгосныг *******-д хүргүүлсэн мэдэгдсэн. Тухайн мэдэгдлүүдэд ******* нь барилгын ажлаа гэрээ болон төлөвлөгөөнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн тул захиалагч нар дотор заслын ажлын зургаа яаралтай гаргаж батлуулах, дотор заслын ажлаа дуусгаж байж, улсын комисс ажиллах боломжтой болохыг мэдэгдэж байсан. Гэвч нэхэмжлэгч нь заасан хугацааны дотор заслын ажлын зургаа ирүүлж, хянан баталгаажуулалгүй явсаар 2024 он гарч улмаас бусад захиалагч нарын адилаар санхүүгийн нөөц боломж, зургаа гаргуулах, батлуулах ажил гэж явсаар 2024 оны хавар хүрсэн нь хариуцагч компанийн буруутай үйлдэл биш.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 3.1-д заасны дагуу дотор засал хийгдээгүй хар ханаараа байгаа барилга байгууламжид улсын комисс ажиллахгүй тул *******-ийн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс хариуцагч ******* нь үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасантай нийцэж хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.3 Мөн гэрээ болон хуульд зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс шаарддаг болохоос биш гэрээний нийт үнийн дүнгээс бодож шаарддаггүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 223 дугаар зүйлийн 223.2-т тус тус зааснаар хариуцагч *******-иас 17,712,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,763,288 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,326 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 *******-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, улсын комисс ажиллаж чадаагүй тухай баримт хэрэгт байхгүй.
4.2 Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2.1-д Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна гэж заасан. Тухайн барилгын захиалагч ******* нь хуульд заасны дагуу үзлэг хийлгэсэн болон үзлэгийн дагуу гарсан дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
Уг дүгнэлт дотор *******-ийн гүйцэтгүүлж байгаа ажлыг зөрчил хэмээн дүгнэсэн бол бид өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, уг алдангийг нэхэмжлэхээс татгалзах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн бурууг тогтоосон эрх бүхий аль ч байгууллагын дүгнэлт хаана ч байхгүй. Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
4.3 Гэрээний 6.2-т заасан нөхцөлийг нотолсон ямар ч баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний холбогдох заалтыг шүүх буруугаар тайлбарлаж байна. Хугацааг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тооцож байгаа тул тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Талуудын үүргийн хувьд ******* гэрээний төлбөрийг төлөхөөс гадна дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэйг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. -аар 60,000,000 төгрөгийн төсөв гаргуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Эдгээр үнийн дүн нь гэрээний үнийн дүнд тооцогдохгүй учир дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг нэхэмжлэгч талд байсан. Төлбөр төлөх болон дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх гэх 2 үүрэг нэхэмжлэгч талд байдаг. Хариуцагч талын хувьд барилгыг хар ханаар хугацаандаа хүлээлгэж өгөх, улсын комисс ажиллуулах үүрэгтэй. Барилгыг хар ханаар хугацаанд хүлээлгэж өгмөөр байгаа тухай 2023 оны 05 дугаар сараас эхлэн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл илэрхийлж байсан. Дотоод заслыг зураг ирүүлж, хамтарч ажиллаж өгнө үү, улсын комиссыг ажиллуулмаар байгаа тухайгаа нэхэмжлэгч талд хэлж байсан. Цагааруулаагүй шохой, будагтай ханатай учир улсын комисс ажиллахгүй учир яаралтай дотоод заслыг хийж гүйцэтгэх шаардлага тавьж байсан. Гэвч дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэдэггүй. Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан.
Тухайн ажлыг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарладаг ч бүрэн хийж гүйцэтгүүлээгүй гэдгээ шүүх хуралдаанд тэмдэглэлд тусгуулсан. Нэхэмжлэгч тал дотоод заслын ажлыг хэзээ хийж гүйцэтгэсэн, дотоод заслын зургийг хэзээ баталгаажуулсан, үүргээ хэрхэн биелүүлж улсын комисс ажиллуулахад нөлөөлөх үүргээ биелүүлсэн үү гэдэгт гол асуудал байна. 2021 оны Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрмийг дурдаж байна. Хүсэлт гаргаж байж улсын комиссыг ажиллуулдаг нь үнэн. Гэтэл ажил хийж гүйцэтгээгүй байж хүсэлт гаргах боломжгүй. Дотоод заслын ажлыг хийж гүйцэтгээгүй гэдэг нь илт байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар мэдэж байсан. Үүнд улсын комисс дүгнэлт хийх боломжгүй. Талуудын хооронд үүссэн маргаанд төрийн байгууллага ажил гүйцэтгэх гэрээ болгонд үүрэг гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлуулах шаардлагагүй. Ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн гэдгээ нотолсноор шаардах эрх үүсэх ёстой байсан.
5.2 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаа нь гэрээний 4.14 дэх хэсэгт заасан аливаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэтэл алдангийг шаардаж буй зохицуулалт гэрээний 4.14 дэх хэсэг биш юм. Гэрээний 6.2 дахь хэсэгт талбайг ашиглалтад оруулах хугацаа 90 хоногоор хэтэрч болно гэж талууд тохиролцсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд алдангийг хэзээнээс тооцож эхлэх талаар харилцан тохиролцож болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2 дахь хэсэгт гэрээний 4.14 дэх хэсгийг эшилсэн зохицуулалт байхгүй. Иймд 90 хоногийг хасч тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, гомдол үндэслэлгүй байна гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
6.1 Гэрээний 3.1-д Гүйцэтгэгч үйлчилгээний талбайг хар ханаар буюу энгийн байдлаар батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 03-р улиралд багтаан барьж Улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ гэж заасан. ******* нь хар ханаар буюу энгийн байдлаар хүлээн аваад өөрсдийн хүссэн буюу үйлчилгээний чиглэлд тохируулан дотор заслаа хариуцан хийж, түүний дараа дотор засал хийж хүн ажиллах, үйл ажиллагаа явуулах боломжтой нөхцөл бүрдүүлсэн талбайг *******-д буцаан өгснөөр улсын комисс ажиллуулахаар тохиролцсон.
Хариуцагчийн үгээс нэхэмжлэгч компанид хандан ...дотор заслын зургаа ирүүлнэ үү, хамтран ажиллана уу... гэсэн албан бичгүүдийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А-23/30, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр А-23/53 дугаар албан мэдэгдлээр шаардаж, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр А-23/63 дугаар албан бичгээр ...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс үндсэн интерьер заслын ажлыг эхлүүлэх боломжтой болсныг мэдэгдэж байна... гэх албан бичгийг хүргүүлсэн. Маргаан бүхий үйлчилгээний талбайн дотор заслын ажлын төлбөр нь гэрээнээс тусдаа төлөгдсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-ийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүх хуралдаанд ...интерьер заслын компаниас ажлаа одоог хүртэл аваагүй байгаа... гэж, шүүгч тодруулан ...заслын компанитайгаа маргасан зүйл байдаг уу. шүүхийн маргаан байгаа юу? гэхэд нэхэмжлэгч талын төлөөлөгч ..одоогоор байхгүй.. . гэж хариулсан зэргээс хариуцагч ******* нь гэрээний төлбөрийг аваад ашиглалтад оруулах үүрэг хүлээгээгүй, тэрхүү үүргийг биелүүлэхэд ******* нь дотор заслаа хариуцан хийх үүрэгтэй байсныг дүгнээгүйгээс Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч компани нь дотор заслын үүргээ гүйцэтгэхгүй байгаа хугацаанд хариуцагч ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх буюу улсын комисс ажиллуулах боломжгүй юм.
6.2 Нэхэмжлэгчтэй дотор заслын талаар гэрээ байгуулсан гэх нь ажлыг хийсэн эсэх талаар нэхэмжлэгч нь өөрөө зөрүүтэй тайлбар гаргадаг. Тодруулбал, хавтаст хэргийн 65 дахь талд авагдсан албан бичгийг шүүхэд хандан нэхэмжлэгч компаниас гаргаж өгсөн бөгөөд тус албан бичгээр ажлыг хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй.
6.3 Гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч нь хар ханаар нэхэмжлэгч буюу түүний нэрлэсэн этгээдэд хүлээлгэн өгч дотор заслыг хийлгэж Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд заасны дагуу хүн амьдрах, ажиллах боломжтой нөхцөлтэй болгосны дараа ******* нь улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг үүргээ бүрэн биелүүлсэн гэж талуудын тохиролцооноос дутуу дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь үйл ажиллагааны чиглэлээ сонгоогүй үндэслэлээр талбайгаа хүлээн авахгүй байсан.
6.4 Анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэнд үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай буюу үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдэл байхгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн ч цаг хугацааг салган авч, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй нь буруу, энэ үйлдэлд үүрэг гүйцэтгүүлэгч *******-ийг буруугүй гэж, мөн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөн хариуцагч *******-ийн буруу гэж нотлох баримтад үндэслэлгүйгээр, хийсвэрлэн дүгнэсэн.
Хэрэгт авагдсан баримтаас ******* нь *******-д хандан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр А-23/63 дугаар мэдэгдлийг хүргүүлж 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс интерьер заслын ажлыг эхлүүлэх боломжтой талаар мэдэгдсэн байхад түүнд ******* нь хариу ирүүлээгүй, дотор заслаа эхлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, талбайг хүлээн аваагүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч ******* нь хугацаа хэтрүүлсэн байхад гүйцэтгэгч буюу манай компанийн буруутай үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр талбайг хүлээлгэн өгсөн гэх боловч *******-д хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй, хүлээн аваагүй гэдгээ ч амаар тайлбарласаар байхад ******* нь тус өдөр дотор заслын компаниас талбайг хүлээн авсан мэтээр хийсвэрлэн дүгнэлт хийж *******-ийг буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
6.5 Хариуцагч ******* нь гэрээний 3.1-д заасны дагуу хар ханаар, дотор засал хийх боломжтой байдлаар хүлээлгэн өгөх боломжтой байсан хугацаа нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор байсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичиг, гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогддог.
Хариуцагч компанийн барьсан маргаан бүхий барилгыг 50-60 хувьтай байхад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* нь ГБВЦ-49 дугаартай гэрээг хариуцагч манай компанитай байгуулсан бөгөөд үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа болох 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барилгын явц 95 хувьтай, харин маргаан бүхий барилгын 1-р давхрын талбайн хар ханаар хүлээлгэн өгөх ажил 100 хувьтай байсныг гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байхад түүнд дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэгчээс шаардаад буй гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буруу тодорхойлсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дотоод заслыг хийж гүйцэтгэх талаар үүргийг тусгаагүй. Дотоод заслын тухайд ханыг доторлож будах, обой наах зэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригийн асуудал байдаг. Уг асуудлын тухай энгийн байдлаар батлагдсан зураг төслийн дагуу гэж гэрээнд заасан. Батлагдсан зураг төсөлд дотоод заслын тухай байдаггүй. Дотоод засал нь өмчлөгчийн хүсэл зоригийн асуудал байдаг бөгөөд обой наах, таазыг будах зэрэг энгийн зүйлс байдаг. Гэтэл уг асуудлаас шалтгаалан барилга ашиглалтад орохгүй байх боломжгүй.
7.2 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Уг үүргийг биелүүлээгүй шалтгааныг засал чимэглэлтэй холбогдуулан тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Хариуцагч талаас нотлох баримт болгож 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг эш татан тайлбарлаж байна. Уг гэрээ байгуулагдсанд маргахгүй. Улсын комисс ажиллаж, ашиглалтад ороогүй учир тодорхой төрлийн ажиллагаа хийх боломжгүй болсон. Үндсэн асуудал агааржуулалтын хоолойтой холбоотой байдаг. 09 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авсны дараа 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан. Өмчийг ямар байдлаар ашиглах нь өмчлөгчийн дурын асуудал байдаг. Уг асуудалд нэхэмжлэгч талыг буруутгадаг боловч үүнд нэхэмжлэгч талыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан алданги 81,475,318 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 Талууд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ГБВЦ-49 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь Улаанбаатар хотын *******ны нутаг дэвсгэр, ******* улсын гудамжинд байрлах цогцолбор хотхоны үйлчилгээний төвийн дугаартай 1 дүгээр давхрын 77.8 м.кв талбайг гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч ******* нь үйлчилгээний талбайн үнэд 1,230,951,600 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 246-248/
3.2 ******* нь гэрээний үнэ 1,012,115,760 төгрөгийг *******-д хуваарийн дагуу төлсөн. /хх 12-23/
3.3 Хариуцагчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-23/30 дугаар албан бичгээр ...заслын ажлын зургуудыг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэгч талд иж бүрэн ирүүлэх... гэх, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр А-23/53 дугаар албан бичгээр ...зүгээс шал болон хананд байрлах разетка, унтраалга, интернетийн гаргалгааг өөрийн талбайн хаана байрлуулах талаар төлөвлөгөө өгч, хийх ажилтай уялдуулан ажиллах гэх, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр А-23/63 дугаар албан бичгээр ...улсын комисс ажиллуулах боломжит заслыг захиалагч нар дараах хуваарийн дагуу хийнэ үү ...2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хана, таазны тэгшитгэлгээ замаскны ажлыг түрүүлж эхлүүлэх боломжтой. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс үндсэн интерьерийн заслын ажлыг эхлүүлэх боломжтой болсныг мэдэгдэж байна гэх мэдэгдлийг тус тус захиалагч *******-д хүргүүлсэн /1хх 42-44, 109-110/.
3.4 ******* нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Тара центр төслийн А112б талбайн захиалагчийн заслын компани Ажил гүйцэтгэх зөвшөөрлийн акт үйлдэж нэхэмжлэгч компанийн дотор заслын ажлыг гүйцэтгэх -д талбайг хүлээлгэн өгсөн. /1хх 222-223/
3.5 ******* нь -тай 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр АГГ/24/04/15 дугаар Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээг байгуулж, тухайн төвийн дугаартай 1 дүгээр давхрын 77.8 м.кв талбайд интерьер засварын ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохирсон. /1хх 70-72/
3.6 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс мөн 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тухайн барилгад ажилласан. /1хх 105-107/ Улмаар, тус комиссын 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БА-168/2024 дугаар дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. /1хх 182-184/
3.7 Гэрээний зүйл болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******-ийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн. /1хх 10/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь дээрх зүйлд болон гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн байна.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүрэгтэйгээс гадна мөн зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
5.1 Гэрээний 3.1-д Гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг хар ханаар нь буюу энгийн байдлаар батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн... гэж заасан. /1хх 246 ар/ Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.
Гэрээний 3.1-д заасан хар ханаар... гэх агуулгыг хуулийн дээрх зохицуулалт болон хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-23/30 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А-23/53 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-23/63 дугаар албан бичиг болон 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх зөвшөөрлийн акт, мөн ******* болон -ийн байгуулсан гэх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн АГГ/24/04/15 дугаартай Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээ-тэй харьцуулан үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үүрэг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд дотоод засалгүйгээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон байна.
6. Түүнчлэн, гэрээний 3.1-д зааснаар дээрх ажлыг хариуцагч нь 2023 оны 3-р улиралд багтаан барьж Улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах буюу ажлын үр дүнг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байхаас гадна гэрээний 6.2-т Гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хотон тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.025 хувьтай тэнцэх алдангийг захиалагч тал төлсөн. Уг алдангийг захиалагчийн үйлчилгээний талбайн хүлээлцэх үеийн төлбөрөөс суутган тооцох ба хэрэв захиалагч төлбөрөө бүрэн төлсөн бол алдангийг захиалагчид олгоно гэж заажээ. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх хугацаанд ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн алданги шаардах эрх 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүсэж байх тул анхан шатны шүүх ...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн ...алдангийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцно гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7.1 Хариуцагч нь ажлын үр дүнг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн барилгыг байнгын ашиглалтад оруулах зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллага ажиллахаас өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-23/30 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А-23/53 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-23/63 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх дотоод заслын ажилтай холбоотой мэдэгдлийг удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч үүнд хариу өгсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дотоод заслын ажилтай холбоотой нэхэмжлэгчийн гүйцэтгэгч гэх -д үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгснийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл гэрээгээр нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүссэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийн дотоод заслын ажилтай холбоотой нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу гэрээнд заасан хугацаа хэтрэхэд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө буруутай байх тул уг хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хугацаа хэтрэхэд хариуцагч буруутай үндэслэлээр 45 хоногийн алданги 11,386,305 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
7.2 нь дотоод заслын ажлыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийж гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт авагдсан. /1хх 69/ Уг баримтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэснийг нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгснийг нотолж чадахгүй байна. Тодруулбал, энэ нөхцөлд дотоод заслын ажлыг уг хугацаанд хийж гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар уг үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БА-168/2024 дугаар дүгнэлтээр комисс нь тухайн барилга дээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд ажиллаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. /1хх 182-184/ Ийнхүү, эрх бүхий байгууллагаас тухайн барилга байгууламж дээр ажилласан хугацаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 25 хоногийн алданги 6,325,725 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
7.3 Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний зүйлийг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхэд нь нэхэмжлэгчийн хийх ёстой байсан үйлдэл буюу бусдаар тухайн ажлыг гүйцэтгүүлснээс хамаарч тодорхой хугацаа хэтэрсэн буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах алданги, мөн үйлчилгээний талбайд улсын комисс ажиллаж байсан 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа хэтрэхэд хариуцагчийн гэм буруу нөлөөлөөгүй гэж дүгнэж, дээрх хугацаанд хамаарах алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаа хэтэрсэнд хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, улсын комисс ажиллаж чадаагүй тухай ямар ч баримт хэрэг дотор байхгүй, нэхэмжлэгчийн бурууг тогтоосон эрх бүхий аль ч байгууллагын дүгнэлт байхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох, алданги 81,475,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 476,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас төлсөн 246,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
М.БАЯСГАЛАН