Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 543

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805054500502 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Ч.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь /РД:ГМ93080708/ иргэн П.Бд “2 хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө 500,000 төгрөг өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар хорин” захад бэлэн 250,000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны дансаар 250,000 төгрөгийг шилжүүлүүлэн залилан авч нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Бын өгсөн:

“…2018 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн мэдэхгүй байна Хороололын эцсийн 96-р цэцэрлэгт оруулж өгнө гээд Яаас 250.000 төгрөг хороололын эцэст бэлнээр нь авсан 7 хоногийн дараа 250.000 төгрөг дүү Оюундарийн дансаар шилжүүлүүлж авсан. 96-р цэцэрлэг нь бүтэхээ больсон тэгэхээр нь энэ тухайгаа Яд хэлсэн бас өөр цэцэрлэг байна орох уу гэсэн чинь Яын нөхөр дургүйцээд буцааж мөнгөө авна гэсэн би мөнгийг нь цувуулж өгий бөөнд нь өгч чадахгүй.Одоо цалингаа авахаар нь өгнө өө.Я нь өмнө нь Хар хорин захын хоолны газарт хамт ажилладаг байсан. 96-р цэцэрлэгийн нягтлан Уртнасанг таньдаг багын найз би өөрөө хүүхэд оруулаад өгөөч гэж гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Бы өгсөн:

“...Би 2017 оны 5-р сард БГД-ийн 10-р хороо 23-р байрны хойд талд Зүүн нарангийн 9-р гудамж 47 тоотод нийтийн байранд эхнэр хүүхэдтэйгээ амьдарсан, тэр нийтийн байр нь давхартаа 6 айлтай байсан, тухайн нийтийн байрны 6 дугаартай өрөөнд нэг П гэх 50-аад насны эмэгтэй хүн амьдардаг байсан, бид нар нэг газар амьдардаг учраас ойр зуурын юм яриад танилцсан, анх харахад П эгч гайгүй хүн байна гэж бодоод нөхөрлөсөн, тэгсэн П эгчийн охин гээд Б буюу Баска тэднийд ирж очдог байсан. Тэгээд манай эхнэр болох Ятай эхэлж танилцаад мөн л гайгүй ярьж хөөрдөг болсон байсан, тэгсэн чинь нэг удаа 2018 оны 8 дугаар сарын 20-ны үед манай эхнэрт Б хүүхдээ цэцэрлэгт оруулахгүй юм уу би цэцэрлэгт тогоочоор орж байгаа шүү дээ гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь эхнэр тэр оройноо надад П эгчийн охин Баска хоёр хүүхдийг маань цэцэрлэгт оруулж өгье гэнээ гэж хэлэхээр нь би өө юун сайн юм бэ оруулаад өгвөл болж л байна гэсэн.  Тэгсэн эхнэр Баска нэг хүүхдийн 250,000 төгрөг өгчих гэсэн гэрийн хаяг нь хаана байх нь хамаагүй оруулаад өгнө гэсэн гэж хэлсэн, 96-р цэцэрлэгт оруулж өгнө гэж эхнэр ярьсан. Тэгэхээр нь би мөнгийг өгье гэсэн, тэгээд мөн Баска өөрийгөө Уртнасан гээд няравыг танина тэрэнд хэлээд оруулаад өгье гэж эхнэрт хэлсэн гэсэн. Тухайн үед Быг Улаанаа гэх гэрийн нэрээр нь бид нар мэддэг байсан, Б гэдгийг сүүлд мэдэж авсан.

Тэгээд би нийт 500,000 төгрөгийг хоёр хуваагаад эхлээд 250,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хар хорин захруу эхнэрийг явуулаад Баскад бүтнээр нь өгсөн, дараагийн 250,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр БГД-ийн 8-р хороо ХААН банкнаас шууд теллер дээр нь очоод өөрийн дансаа ашиглалгүйгээр Бын хэлсэн данс руу явуулсан дансыг хэлэхэд теллер дээр О гэсэн нэр гараад тэр дансруу шилжүүлсэн, нийтдээ 500,000 төгрөгийг Бд шилжүүлсэн, мөнгөө шилжүүлчихээд Бын 88059782 дугаарлуу залгаж асуухад би мөнгөө авлаа гэж байсан манай эхнэр бас ярьсан байна лээ, тэрнээс хойш Б сураггүй алга болсон бас асуухаар удахгүй багш нар ажил хаясан байна энэ тэр гэсэн зүйл ярьсан нэг удаа бүр хүүхдээ аваад ир гэхээр нь эхнэр хүүхдээ дагуулаад очтол хий дэмий няравын өрөөнд суулгасаар байгаад гаргасан гэсэн, уул нь нэг удаа эхнэр бид хоёр Бд цэцэрлэг нь бүтэхгүй юм байна мөнгөө авъя гэхэд за өгнө гээд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.У-гийн өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд надаас Бын талаар асуусан. Тэгэхээр нь би Бын талаар үнэнг нь хэлээд би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Б бид хоёроос мөнгө аваад хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө гээд алга болчихлоо чи хаана байгааг нь мэдэх үү гэж асуусан, тэгэхээр би сайн мэдэхгүй байна нөхөртэй нь холбогдоорой гэж хэлсэн тэгсэн надаас дугаарыг нь асуусан ба мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр хоёр хүн хэлэхдээ Быг 500,000 төгрөг аваад хүүхдийг нь цэцэрлэгт оруулна гэсэн таньд мөнгө өгөөгүй биз гэж асуухаар нь би мэдэхгүй би хүнээс мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэрний өмнө мөн 9 дүгээр сарын эхээр Б нэг 4 орчим насны охин хүүхэд дагуулж ирээд чи найздаа нэг тус болоочээ энэ хүүхдийг түр өнөөдөртөө аргалаад байж байгаач ээж аав нь ажилтай юмаа би энэ хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гэсэн юмаа өнөөдөр л ганц өдөр туслаач гэхээр нь би за яахав гээд манай цэцэрлэгийн Болормаа багшийн ангид түр байлгаад орой 19 цагийн үед ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Яын өгсөн:

“...Би нөхөр хүүхдүүдийн хамтаар 2016 оны сүүлээр БГД-ийн 10 хороо Зүүн наран 9-47 тоотод нийтийн байранд амьдардаг байсан ба 2017 оны сүүл хүртэл амьдарсан, тухайн үед амьдарч байхад манай нийтийн байранд 6 тоотод П гэх эгч амьдардаг байсан, би хүүхдүүдээ салхилуулахаар гараад тэр эгч бас гадаа сууж таараад тэгж анх танилцаж байсан, П өөрийгөө 113 дугаар сургуульд үйлчлэгч хийдэг гэж байсан бас хоёр охинтой гэж байсан тэгээд Б гэх охин нь ээж дээрээ хааяа ирдэг байсан ба би тухайн үед нь П эгчээс ажил асууж байсан, П эгч за тэгвэл охиноосоо асууж өгье гээд тэр Бтай анх танилцсан тэгээд надад хэлэхдээ за би чамайг ажилд оруулж өгнө гээд хар хорин зах дээр гуанзанд оруулж өгсөн тэгээд хүүхдүүдээ харах аргагүй болоод би ажлаасаа гараад буцаад гэртээ хүүхдүүдээ харсан, тэгсэн 2018 оны 08 дугаар сарын сүүлээр нэг өдөр Б ээж дээрээ ирээд тэгээд надтай уулзаад ярианы далимд чи хүүхдүүдээ цэцэрлэгт оруулсан уу хэрвээ оруулаагүй бол найз нь цэцэрлэгт оруулж өгөх үү гэж хэлсэн тэгхээр нь би яаж тэр вэ оруулаад өгвөл сайн байна гэж хэлсэн тэгсэн Б 96-р цэцэрлэгийн няравыг би танидаг миний найз байгаа юмаа би тэр найздаа хэлээд хүүхдүүдийг чинь оруулж өгнө харин 500,000 төгрөг өгөөрэй угаасаа өгдөг юмаа нэг хүүхдийн 250,000 төгрөг гэдэг юмаа гэсэн. тэгээд найдвартай цэцэрлэгт оруулна санаа зовох зүйлгүй гэж хэлсэн тэгхээр нь би тэр оройноо нөхөртөө Б хүүхдүүдийг маань цэцэрлэгг оруулж өгье гэнээ 500000 төгрөг өгөөрэй гэсэн гэж хэлсэн тэгсэн нөхөр зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь би Бд найзад нь 500,000 төгрөг бэлэн алгаа харин 250.000 төгрөг байнаа яах вэ гэж асуухад Б тэгвэл чи надад аваад ирээ гээд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хар хорин зах дээр Бын ажил дээр аваачиж бэлнээр тоолоод 250.000 төгрөг өгсөн. Тэгсэн Б за үлдсэн мөнгөө удаахгүй өгөөрэй шууд хүүхдийг чинь цэцэрлэгт оруулна найдвартай гэж хэлсэн. Би тэгэхээр нь за гэж хэлээд эргээд гэрлүүгээ явсан, тэгсэн маргааш нь Б чи хүүхдүүдийнхээ цагаан хорхой шээсний шинжилгээг хийлгээд хариуг нь аваад хүрээд ирмээр байна гэж хэлэхээр нь өрхийн эмнэлэг ороод тэр бүх хэлсэн шинжилгээг нь өгөөд Бд бичиг баримтаа хувилаад тэр хариунуудтай хамт өгсөн. Тэгсэн Б энийг би цэцэрлэг рүү өгнө гэж байсан, тэгээд үлдсэн мөнгөө яасан бэ гээд нэхээд байхаар нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нөхөр маань Бын хэлсэн данс руу 250.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгээд дараа нь залгахад би мөнгөө авсан гэж Б хэлж байсан. Хоёр хоногийн дараа хичээл сургууль ороод эхэлсэн тэгээд би Баас хүүхдүүд маань цэцэрлэгт орно гэсэн яасан бэ гэж асуухад Б манай найз дээрээ дарга удирдлагатай шүү дээ удахгүй болгоно асуудалгүй гэж хэлсэн ба хүлээж бай гэсэн, тэгээд мөн хэд хоноод 9 сарын эхний долоо хоногийн дараа байсан санагдаж байна би тэр өглөө нь Бруу залгатал Б за өнөөдөр оруулж өгнө гээд над дээр хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ дагуулаад 96-р цэцэрлэг дээр очсон, тухайн үед нөхөр маань хамт явсан, тэгээд очоод Бтай уулзсан ба тухайн үед цэцэрлэг дотор байсан, тэгээд бид хоёрыг очингуут том хүүхдээ үлдээчих томыг нь өнөөдөр цэцэрлэгт оруулна гэж хэлэхээр нь за төгье гээд том хүүхдээ үлдээгээд явсан. Тэгээд эргээд орой 17 цагийн үед би очоод хүүхдээ авсан, шууд хүүхдээ аваад л гарсан.

Маргааш нь цэцэрлэгт нь явуулах гэтэл Б надруу залгаад өнөөдөртөө хэрэггүй дарга нартаа манай найз хэлээгүй байна дээр нь бас багш нар ажил хаяад байна гэж хэлсэн тэгээд намайг ярьтал хүлээж бай гэж хэлсэн. Тэрнээс хойш багш нарын ажил хаялт дуустал хүлээсэн тэгээд бүр болохгүй болохоор нь би Б руу залгаад би одоо хоёр хүүхдээ аваад очлоо шүү гэж хэлтэл Б танай хоёр хүүхдийг оруулж чадаагүй дарга нь өөр харъяаны хүүхэд авахгүй гээд байна гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө авъя гэтэл удахгүй өгнө гэж хэлээд алга болсон, тэрнээс хойш өдөр болгон шаардаад залгахаар удахгүй өгнө гэнэ эсхүл утсаа авдаггүй тэгээд яг одоо хийлээ банкан дээр байна гэх мэтээр байнга л бид хоёрыг хуурсан. Тэгээд бүр болохгүй болхоор нь Бын найз гэх 96-р цэцэрлэгт нягтлан хийдэг Уртнасан дээр очиж уулзсан тухайн үед 2018 оны 9 дүгээр сарын сүүл болж байсан тэгээд Уртнасанд Б бид хоёроос хүүхдүүдийг маань цэцэрлэгт оруулж өгнө гээд 500,000 төгрөг аваад буцааж өгөхгүй байна таньд мөнгө өгсөн үү гэж асуухад Уртнасан үгүй надад ерөөсөө мөнгө өгөөгүй гэсэн ба Б нэг удаа над дээр нэг охин хүүхдийг дагуулж ирээд нэг өдөр байлгачих гээд гуйгаад байхаар нь би нэг ангидаа оруулж байлгасан гэсэн тэгээд би багш нар нь ажил хаяагүй болж таарсан, энэ бүгдийг Б зохиож ярьсан байна лээ. Б асуудалгүй хүүхдүүдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө гэж 500,000 төгрөг залиллаа гэж би үзэж байна энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Б нь /РД:ГМ93080708/ иргэн П.Бд “2 хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө 500,000 төгрөг өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар хорин” захад бэлэн 250,000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны дансаар 250,000 төгрөгийг шилжүүлүүлэн залилан авч нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Бын “…2018 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн мэдэхгүй байна Хороололын эцсийн 96-р цэцэрлэгт оруулж өгнө гээд Яаас 250.000 төгрөг хорооллын эцэст бэлнээр нь авсан 7 хоногийн дараа 250.000 төгрөг дүү Оюундарийн дансаар шилжүүлүүлж авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.Бы “...би нийт 500,000 төгрөгийг хоёр хуваагаад эхлээд 250,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хар хорин захруу эхнэрийг явуулаад Баскад бүтнээр нь өгсөн, дараагийн 250,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр БГД-ийн 8-р хороо ХААН банкнаас шууд теллер дээр нь очоод өөрийн дансаа ашиглалгүйгээр Бын хэлсэн данс руу явуулсан дансыг хэлэхэд теллер дээр О гэсэн нэр гараад тэр дансруу шилжүүлсэн, нийтдээ 500,000 төгрөгийг Бд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.У-гийн “...Быг 500,000 төгрөг аваад хүүхдийг нь цэцэрлэгт оруулна гэсэн таньд мөнгө өгөөгүй биз гэж асуухаар нь би мэдэхгүй би хүнээс мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэрний өмнө мөн 9 дүгээр сарын эхээр Б нэг 4 орчим насны охин хүүхэд дагуулж ирээд чи найздаа нэг тус болоочээ энэ хүүхдийг түр өнөөдөртөө аргалаад байж байгаач ээж аав нь ажилтай юмаа би энэ хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гэсэн юмаа өнөөдөр л ганц өдөр туслаач гэхээр нь би за яахав гээд манай цэцэрлэгийн Болормаа багшийн ангид түр байлгаад орой 19 цагийн үед ирж авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Яын “...Б 96-р цэцэрлэгийн няравыг би таньдаг миний найз байгаа юмаа би тэр найздаа хэлээд хүүхдүүдийг чинь оруулж өгнө харин 500,000 төгрөг өгөөрэй угаасаа өгдөг юмаа нэг хүүхдийн 250,000 төгрөг гэдэг юмаа гэсэн. ...2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хар хорин зах дээр Бын ажил дээр аваачиж бэлнээр тоолоод 250.000 төгрөг өгсөн. ...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нөхөр маань Бын хэлсэн данс руу 250.000 төгрөгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоноор шүүгдэгч Ч.Баас 500.000 төгрөг гаргуулж хохирогч П.Бд олго хнь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ч.Бд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Бд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Баас 500.000 төгрөг гаргуулж хохирогч П.Бд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ