Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/02142

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/08116 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******ны нутаг дэвсгэрт 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан. Тус барилгын туслан гүйцэтгэгчээр ******* ажилласан бөгөөд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийн хөлсөнд уг баригдаж буй барилгын 4 дүгээр давхарт байрлах 169.55 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг олгохоор тохиролцсон. ******* нь уг талбайгаа *******т нэгж талбайн үнийг 2,300,000 төгрөг, нийт 388,700,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, ******* нь 2018 онд үйлдвэрлэсэн, улсын дугаартай, маркийн автомашиныг 189,000,000 төгрөгөөр, 200,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцон төлбөрийг бүрэн төлсөн.

1.2 Барилгын гүйцэтгэгч *******-тай 2022/04/19-01 дугаартай Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 1.7-д гэрээгээр тохиролцсон худалдаа үйлчилгээний оффисын талбайн төлбөрийг *******-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн АГ20210331 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлээр тооцно. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 тоот ажил гүйцэтгэсэн актын үнийн дүнгээр тухайн байрны төлбөр тооцоо бүрэн дууссан болно хэмээн заасан. *******-д ******* нь төлбөрийг бүрэн барагдуулсан ба ******* нь төлбөр тооцоо дууссан уг нэхэмжилж буй талбайг *******т шилжүүлсэн болохыг батлан баталгаа гаргаж өгсөн.

1.3 ******* нь тухайн талбайг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар үйл ажиллагааны чиглэлд тохируулан зураг төслийг гаргаж, 2 хэсэгт хуваан өрөөнүүдийг тусгаарлах, сантехникийн болон цэвэр, бохир усны агааржуулалтын холболтыг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Ийнхүү *******-иас 2022/04/19-01 дугаартай Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний дагуу талбайн гэрчилгээг гаргуулахаар удаа дараа холбогдсон ч гэрчилгээг гаргаж өгөөгүй. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 15, мөн оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд *******-д албан бичиг хүрүүлсэн ч албан бичгийн хариуг ирүүлээгүй.

Иймд *******, *******нд байрлах үйлчилгээтэй 15 давхар барилгын 4 дүгээр давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн АГ20210331 дугаартай Материал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Мөн *******-ийн дутуу гүйцэтгэсэн зарим ажлыг бид өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хохирсон тул *******-тай байгуулсан гэрээг дүгнэж, тооцоо нийлсний дараагаар тус гэрээний төлбөрийн асуудал шийдвэрлэгдэнэ.

2.2 Манай компани *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2022/04/19-01 дугаартай Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г байгуулсан боловч тэрээр үнэ болох 593,425,000 төгрөгийг манай компанид огт төлөөгүй. *******-д төлсөн гэх боловч тус компаниас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31/023 тоот гэрээ цуцлах албан бичгээр ******* нь тухайн үйлчилгээний талбайн төлбөрийг бусдад зээлж, манай байгууллагад хамааралгүй болсон талаар мэдэгдэж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, дахин гэрээ байгуулахыг манай компаниас хүссэн. Үүнээс үзвэл ******* нь дээрх оффисын талбайг манай компаниас шаардах эрхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* нь *******-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр АГ20210331 дугаартай Материал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээнд заасан ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн. Гэрээний 5 ажлын нийт төлбөр 727,350,000 төгрөг. Энэхүү гэрээгээр тохирсон ажлын төлбөрөөс ******* 593,425,000 төгрөгт *******, *******, үйлчилгээтэй 15 давхар барилгын 4 дүгээр давхрын урд талын 169.55 м.кв үйлчилгээний зориулалттай барилгын худалдаа үйлчилгээ, оффисын талбайг хүлээн авахаар харилцан тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2022/01/25-01 дугаар Худалдаа, үйлчилгээ, оффисын талбай захиалгах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г *******-тай байгуулсан.

Гэтэл 2022 оны 04 дүгээр сард *******-ийн гүйцэтгэх захирал *******тэй , , нар нь өөрсдийн хамтран ажиллаж буй байгууллагын төсөлд зориулж санхүүжилт босгох зорилгоор манай байгууллага дээр ирж уулзсан. Улмаар *******-ийн нэр дээр байсан *******-ийн барьж буй 169.55 м.кв үйлчилгээний зориулалттай барилгын худалдаа үйлчилгээ, оффисыг 593,425,000 төгрөгийн үнэ бүхий 2022/01/25-01 дугаартай гэрээг *******т зах зээлийн бодит үнээс бага буюу нийт 388,700,000 төгрөгт тооцон, *******т түр шилжүүлж, ******* *******ийн мөнгийг , , нарт шилжүүлэхээр тохирсон.

, , нар *******ийг *******-ийн гүйцэтгэх захирал ******* надтай анх уулзуулсан бөгөөд ******* нь улсын дугаартай маркийн автомашиныг 189,000,000 төгрөгөөр тооцож, үлдсэн 200,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр зөвшилцсөн. Улмаар *******ийн 380,000,000 орчим төгрөгийг *******д шилжүүлснийг би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр -ийн захирал/-ын Хаан банкны тоот дансанд хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Энэхүү эрх зүйн харилцааг бичгээр баталгаажуулсан Мөнгө зээлсэн тухай баримт-ыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр , *******-ийн захирал ******* болон *******тэй байгуулсан.

*******-ийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31/023 тоот Гэрээ цуцлах тухай албан бичгийг *******-д хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт дээрх хэлцлийн агуулгыг дурдаж, *******ийн нэр дээр байгуулсан 2022/01/25-01 дугаар Худалдаа үйлчилгээ, оффисын талбайг захиалгах гэрээ-г цуцалж, манай нэр дээр шилжүүлэхийг мэдэгдсэн.

Дээрхээс үзвэл гэрээний төлбөрөөс нэг ч төгрөгийг гуравдагч этгээд ******* болон хариуцагч ******* нар *******ээс хүлээж аваагүй. Харин энэхүү эрх зүйн харилцаа ******* *******, *******-иас үйлчилгээний талбай худалдан авсан бус, ******* нь зөвхөн , , нарт өөрийн мөнгийг зээлдүүлсэн харилцаа бөгөөд үүнд ******* зөвхөн мөнгийг , , нарт шилжүүлсэн.

3.2 ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан АГ20210331 дугаартай Материал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.4-т Ажлын төлбөрийг бартерын нөхцөлөөр тооцсон болно. Гэрээний төлбөрт угсралт хийж буй барилгаас орон сууцыг 1 м.кв үнийг 2,500,000 төгрөгөөр, оффисын талбайг 1 м.кв-ийг нь 3,500,000 төгрөгөөр тооцон олгоно гэсэн бөгөөд маргаж буй 169.55 м.кв талбай нь үйлчилгээ, оффисын зориулалттай учир 1 м.кв-ын үнэлгээ нь 3,500,000 төгрөг юм. Ийнхүү гуравдагч этгээд ******* нь *******-д өөрийн хөрөнгөөр материал нийлүүлэн, угсралтын ажлыг нэг жил орчмын хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрт оффис, үйлчилгээний зориулалттай талбайг 1м.кв-ийг 3,500,000 төгрөгөөр тооцож үл хөдлөх хөрөнгө авч байгаа атлаа үүнийг *******т 2,300,000 төгрөгөөр тооцож худалдах ямар ч боломжгүй. Зөрүү төлбөр болох 204,725,000 төгрөгийг хэрхэх нь тодорхойгүй буюу гуравдагч этгээд ******* энэхүү харилцааны улмаас илтэд хохирох бодит эрсдэл үүсээд байна.

3.3 *******-ийн захирал ******* нь ******* үйлчилгээтэй 15 давхар барилгын 4 дүгээр давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн худалдах, худалдан авахтай холбоотой үйлдэл нь *******-ийг залилсан гэж үзэн , , нар болон ******* нарт холбогдуулан Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж өгсөн бөгөөд гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэл, шалгалтын ажиллагаа өнөөдрийг болтол явагдаж байна.

Иймээс нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хариуцагч болон гуравдагч этгээдэд бүрэн төлөөгүй буюу Иргэний хуулиар хүлээсэн гэрээний үүргээ биелүүлээгүй, энэхүү асуудлаар Цагдаагийн байгууллага ажиллагаа явуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******-нд холбогдох *******, үйлчилгээтэй 15 давхар барилгын 4 давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 2,101,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/Ш32025/13285 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн тэй 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл харилцсан зурвас, *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл утасны мессежээр, харин viber-aap 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх харилцсан зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15 цаг 50 минутад хавтаст хэргийн 239, 240 дүгээр талд авагдсан цахим баримтад үзлэг хийсэн. Өөрөөр хэлбэл, захирамжийн биелэлт хангагдаагүй, хавтаст хэргийн 239, 240 дүгээр талд авагдсан баримт нь *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх утасны мессежид үзлэг хийгдсэн байна. Харин тэй харилцсан утасны мессеж болон вайбер харилцаанд үзлэг хийлгэх захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл нь үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тодруулаагүй, үзлэг нь хавтаст хэргийн 239, 240 дүгээрт авагдсан баримтаар таарч байна гэсэн байх бөгөөд тус баримт нь латин үсгээр бичигдсэн харилцаа байгаа. Иймд дээрх зарчимтай нийцэхгүй байна

5.2 Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г тал бүрээс нь үнэлээгүй. Гэрээний 1.7-д Гэрээгээр тохиролцсон худалдаа үйлчилгээ, оффисын талбайн төлбөрийг *******-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн АГ20210331 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлээр тооцно. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 тоот ажил гүйцэтгэсэн актын дүнгээр тухайн байрны төлбөр тооцоо бүрэн дууссан болно гэжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээ, талуудын хүсэл зориг нь ******* болон *******-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т тус ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд бартераар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, үнэ тогтоох аргачлалын хувьд арилжааны гэрээ байгуулсан байгаа болно.

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 тоот ******* болон *******-ийн ажил гүйцэтгэсэн актаар тухайн байрны төлбөр тооцоо бүрэн дууссан тул гэжээ. Нэхэмжлэгч *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу 3 сарын дараа гэрээ байгуулахдаа ямар нэг төлбөр тооцоогүй гэх зэргээр *******-ийн гүйцэтгэх захирал , *******-ийн гүйцэтгэх захирал ******* нар байлцан нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Иймд ******* болон *******-ийн ажил гүйцэтгэх гэрээ нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд ******* нь *******-иас гэрээний үүргийг шаардахад тус маргаан саад болохгүй болно.

*******-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21/19 тоот албан бичгээр *******, *******-д тус үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй гэжээ. Анхан шатны шүүх нь хэрэгт байгаа баримтын хүрээнд худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн болохыг гэрээний 1.7-д баталгаажуулсан болохыг хэрэглэхгүйгээр гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй зэргээр хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнэ төлөгдсөн болохыг мэдэж байгаа учраас зөвшөөрч *******-тай гэрээ байгуулсан нь хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлэг болон *******-ийн хариу тайлбар зэргээр нотлогдоно.

5.3 Хариуцагч *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24/02 тоот хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр ******* болон *******-ийн хооронд байгуулсан гэрээний 1.7-д заасан төлбөр тооцоо бүрэн дууссан гэж заасан нь дээрх үйл баримтаар давхар нотлогдоно. Тус албан бичигт Манай байгууллагын хувьд иргэн /техникийн алдаа/ болон ******* нь асуудлаа шийдвэрлэж, хэн нь уг оффис үйлчилгээний талбайн захиалгын гэрээг байгуулах талаар нэгдсэн шийдэлд хүрч тохиролцоонд хүрсэн тохиолдолд эцсийн өмчлөгчид хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ. Дээрх тайлбараар эцсийн өмчлөгч нь *******, ******* нь аль болохоо шийдвэл шилжүүлэн өгөхөөр заасан байна.

*******-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 014/24 дугаар хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр ******* нь ажлын төлбөрөөс 593,425,000 төгрөгт *******, *******, үйлчилгээтэй 15 давхар барилгын 4 дүгээр давхрын урд талын 169.55 м.кв үйлчилгээний зориулалттай барилгын худалдаа, үйлчилгээ оффисын талбайг хүлээн авахаар харилцан тохиролцож байгуулсан бөгөөд ажлын гүйцэтгэл нь дээрх үнийн дүнгээс давж гүйцэтгэсэн болох нь тогтоогддог.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэсэн хүлээлцсэн акт бодитоор гарсан болох нь, нөгөө талаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******-д тус үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна

5.4 Шүүхээс гийн утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэвч тус харилцаагаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч *******-ийн захирал нь *******-тай ямар нэг төлбөр тооцоогүй гэж нэхэмжлэгчид итгүүлэн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. Дээрх чат харилцаанаас *******, түүний танил талд мөнгө шаардлагатай болсон тул *******-ийн өмч болох 169.55 м.кв оффисыг зах зээлийн үнээр хямд зарах зорилгоор худалдсан, дээрх үйл баримтыг ******* мэдэж байсан болох нь тогтоогдож байна.

5.5 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Тухайлбал, , , нарын мэдүүлгээр ******* нь ийг оффис хямд зараад өгөөч гэж гуйсан, , нар нь хамтран зарж өгсөн гэх баримт тогтоогддог. Гэрч гийн мэдүүлгээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******, *******-ийн захирал , *******-ийн захирал ******* нар хамт сууж байгаад худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Тус гэрээнд би олон жил *******-тай хамтран ажиллаж байгаа, төлбөр тооцоо байхгүй гэсэн тул гийн саналаар гэрээнд төлбөр тооцоогүй гэж тусгуулсан байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 1.7-д байгуулсан гэрээг үнэлээгүй, гэрээний хугацааг шинжлэн судлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

5.6 Талуудын хооронд байгуулсан гэрээ, хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар *******, *******-ийн хооронд төлбөр тооцоогүй гэж хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан байна. Тус хүсэл зориг нь гэрээний 1.7-д зааснаар гэрээнд тодорхой тусгасан байна. Гэтэл шүүхээс төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, харин зохигчийн байгуулсан гэрээний 2.4-т орон сууцны үнийг төлөгдсөн гэж заасан тул энэ үндэслэлээр нэхэмжлэл хангагдах учиртай. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон байна.

******* болон *******-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний маргаантай эсэхийг шүүх дүгнэх шаардлагагүй, нөгөө талаар ажил гүйцэтгэх гэрээнд заасан гомдлын шаардлага гаргасан, нэхэмжлэл гаргасан, төлбөр тооцооны үлдэгдэл зэрэг баримтууд байхгүй, хэрэгт авагдаагүйгээс гадна хууль зүйн хувьд ажил гүйцэтгэх гэрээг шүүх дүгнэх шаардлагагүй, энэ талаар *******- ийн гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхэд халдаагүй болно. Нэгэнт талууд гэрээг бүрэн гүйцэтгэсэн гэж итгүүлэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан тул гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд заасан төлбөр тооцоо бүрэн гүйцэтгэсэн болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 ******* оффисын зориулалттай 169.55 м.кв талбайн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрч Баталгаа гаргах тухай албан бичгийг нэхэмжлэгч *******т хийж өгсөн. Хариуцагч ******* нь ******* нь оффисын зориулалттай 169.55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болохыг мэдэж байсан тул түүнтэй Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ 2022/04/19-01 дугаар гэрээнд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 тоот ажил гүйцэтгэсэн актын үнийн дүнгээр тухайн байрны төлбөр тооцоо бүрэн дууссан болно гэж тусгасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг хариуцагч *******-д төлбөр төлөх үүргээ гүйцэтгэж шүүхэд дахин хандахыг даалгасан агуулгыг шийдвэр дурдсан. Бодит байдал дээр хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд төлбөр тооцоог *******-тай байгуулсан гэрээнийхээ дагуу бүрэн авсан тул захиран зарцуулах эрхийг түүнд шилжүүлсэн. Захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан *******-ийн зүгээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө хурдан хугацаанд 388,000,000 төгрөгөөр худалдан борлуулах хүсэлт гаргасан бөгөөд энэ төлбөрөө ч *******ээр хүлээн авсан нь хэргийн материалд авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон , , нар мэдүүлгээ өгсөн.

6.2 Мөн талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг шүүх оновчтой дүгнэсэн. Харин худалдах, худалдан авах гэрээний үнийг хэрхэн тохирсон, түүнийг хэрхэн төлсөн талаарх хангалттай нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байхад Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар оффисын зориулалттай 169.55 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бүрэн төлөгдсөн болох нь хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч нь манай компанид маргаан бүхий оффисын талбайтай холбоотой ямар нэгэн төлбөр төлсөн үйл баримт байхгүй. Гэрээ байгуулах үед 1.7-д дурдагдсан ажил гүйцэтгэсэн акт нь бодит байдал дээр үйлдэгдээгүй байсан. *******-иас оффисын талбайн үнийн дүнд дүйцэхүйц ажлын гүйцэтгэлийг манай компанид хүлээлгэж өгөөгүй байсан. Гагцхүү нэхэмжлэгчийн нөхөр гийн хэлсний дагуу дээрх өгүүлбэрийг гэрээнд оруулж бичсэн гэдэг нь хэргийн 193-195 дахь талд авагдсан гэрч гийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Уг гэрээний бусад заалтуудыг харвал, оффисын талбайн үнийг төлөхтэй холбоотой нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хангалттай зохицуулж тусгасан.

Хэрвээ талбайн үнийг төлөөгүй тохиолдолд манай компани гэрээг цуцлах эрхтэй тухай заалтууд гэрээнд тусгагдсан байгаа. Тодруулбал, гэрээний 1.4.1-д захиалагч нь оффисын талбайн төлбөрөө бүрэн барагдуулж, гүйцэтгэгч талтай тооцоо нийлсний дараа оффисын талбайгаа хүлээн авна гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан заалттай агуулгын хувьд нийцэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч оффисын талбайн 593,425,000 төгрөгийг манай компанид төлөөгүй.

7.2 Мөн ******* нь тус үнэд дүйцэхүйц ажлын гүйцэтгэлийг манай компанид хүлээлгэж өгөөгүй байгаа цагт хариуцагчийн зүгээс тус оффисын талбайг хэн нэгний өмчид шилжүүлж өгөх үүргийг хүлээхгүй. Үүнээс гадна нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа 388,700,000 төгрөгийг -ийн захирал гэх хүнд зээлж, уг зээлсэн мөнгөө хүүд тооцож буцаан авах зорилгоор тай гэрээ байгуулж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь 388,700,000 төгрөг өгсөн гэх үндэслэлээр ямар нэгэн шаардах эрхийг хэн нэгэн этгээдийн эсрэг хэрэгжүүлэх гэж байгаа бол дээр дурдагдсан зээлийн гэрээний дагуу ын эсрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

7.3 Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13285 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн гар утсан дээрх зурвасуудад хийсэн үзлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн өөрийнх нь гаргаж өгсөн эх сурвалжууд буюу гар утсан дээрх латин үсгээр бичигдсэн, зурвасуудад хийгдсэн. Үзлэг хийсэн ажиллагаатай нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Мөн гомдолд дурдсан шиг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх үзлэг хийхдээ латин үсгээр бичигдсэн зурвасуудыг крилл үсэг рүү хөрвүүлж Монгол хэл дээр болгох шаардлагагүй.

Хэрэв нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу гомдлоо тодорхойлж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах байр суурийг илэрхийлэх ёстой. Гэтэл энэ байр суурийг илэрхийлээгүй.

7.4 Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад флаш диск дээр буусан баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан. Шүүхээс үзлэг хийлгэх баримт, эх сурвалжийг тодорхой заагаагүй, хүрээ хязгаарыг тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлүүдээр хүсэлтийг хангаагүй. Эдгээр шүүгчийн захирамжууд бүгд хуульд нийцсэн гэж хариуцагч тал үзэж байна.

Мөн хавтаст хэргийн 18-20 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зурвас нь манай компани төлбөр тооцоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай биш, харин эсрэгээрээ хэргийн 20 дахь талд авагдсан баримтыг харвал эхний гэрээ буюу *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зөрчигдсөн тул тэр хүнтэйгээ учраа ол, бид өөрөөс чинь мөнгө аваагүй гэсэн хариу зурвас бичсэн болох нь харагдаж байгаа.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Анхнаасаа орон сууц буюу үйлчилгээний талбай авах харилцаа байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримт болон гэрчүүдийг асуусан нөхцөл байдлаар нэхэмжлэгч ******* нь иргэн , , гэх хүмүүсийг таньдаг болох нь тогтоогдсон. Улмаар энэ хүмүүст санхүүжилт хэрэгтэй болсон тул *******тэй уулзахад *******т зээлэх мөнгө байсан. Энэ агуулгаараа мөнгө зээлдүүлэх харилцаандаа *******-ийг оролцуулан орон сууц худалдаж авах харилцаа болгож өөрчилсөн. Харамсалтай нь тэр үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 гэх гэрээ дүгнэсэн акт үйлдэгдээгүй байсан. Хэрэгт 01/04 тоот гэрээ дүгнэсэн акт байхгүй. ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ хийхдээ ажил дуусаагүй байсан гэдгийг мэдэж байсан. Ийм нөхцөл байдалтай байж орон сууц захиалан барих гэрээ байгуулсан.

8.2 Гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баталгаа гэх бичиг нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн. Гэтэл захиалан бариулах гэрээ нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан. Баталгаа гэх бичиг ирээгүй байхад гэрээ хийсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн нөхөр энэ актыг төлбөр тооцоо дууссан гэх агуулгаар хийж оруулсан гэж тайлбарладаг. ******* ажлаа дуусгаагүй байсан тул хариуцагч компаниас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаа дуусгаж өгөөч, 4 ажил дутуу байна гэх агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн.

8.3 Анхнаасаа хариуцагч компаниас байр аваагүй, харин гэх хүмүүст мөнгө зээлсэн. Энэ зээлийн гэрээг бичгээр хийсэн ба 388,000,000 төгрөгийг зээлдүүлэв, 200,000,000 төгрөгийг бэлнээр өг 188,000,000 төгрөгт маркийн автомашиныг оролцуулав, сарын 2,5 хувийн хүүтэй, хүү нь 90,000,000 орчим төгрөг болно, нийт 470,000,000 орчим төгрөгийг авна гэх агуулга бүхий зээлийн гэрээ хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хуульд заасан бичгийн хэлбэрээр зээлийн гэрээг байгуулах гэх шинжийг хадгалж хийгдсэн гэрээ бөгөөд талууд хүүгээ тохиролцсон харилцаа юм.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар бид үүрэг солигдсон гэж үзэж байна. Анх орон сууц худалдан авахтай холбоотой үүрэг байсан байж болно 2023 онд энэ үүрэг солигдож зээлийн гэрээ болсон. Шүүх хуралдааны явцад шүүгч *******ээс гэх хүнээс мөнгө авах хүсэлтэй байсан уу, тийм хүлээлт байсан уу гэж асуухад тийм хүсэлтэй байсан гэж хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Үүрэг солигдож зээлээ хүүтэй нь буцааж авах хүсэл зоригийг илэрхийлж байсан харин зээлийн гэрээний дагуу мөнгөө авч чадахгүй болохоор орон сууцаа авъя гэх байдлаар давхар шаардах эрх үүсгэж байгааг шүүх зөв олж харсан гэж үзэж байна.

8.4 Ажлаа хийж дуусгаагүйтэй холбоотой баримт болон 01/04 тоот гэрээ дүгнэсэн акт хэрэгт авагдаагүй. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг хүргэгдсэний дараа зээлийн гэрээ байгуулагдсан. ******* нь эрхийн доголдолтой бараа бүтээгдэхүүнийг бусдад шилжүүлэх гэж оролдсон гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эрхийн доголдолтой хэлцэл байсан гэж харж байгаа.

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлөө хэлж чадахгүй байсан бөгөөд худалдаж авах үнээ тохиролцоогүй байсан. Шүүх энэ нөхцөл байдлыг зөв зүйтэй дүгнэсэн. Та хэдэн төгрөг авсан бэ, хэдэн төгрөгөөр талбайг худалдаж авсан юм бэ гэж 2-3 удаа шүүгч асуусан бөгөөд энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлөө тохиролцоогүй, гэрээний үнийг бүрэн төлөөгүй.

8.5 ******* буюу *******-ийн захирал нь нэхэмжлэгч ******* болон , гэх хүмүүсийг цагдаад өгсөн. Товчхондоо энэ 4 хүн миний 2 жилийн хугацаанд хийсэн 593,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний талбайг залилсан тул *******, , , нарыг шалгаж өг гэсэн. Түүнээс биш нөгөө 3 хүнийг нь цагдаад өгч, нэхэмжлэгчийг үлдээсэн зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******нд байрлах үйлчилгээтэй 15 давхар барилгын 4 дүгээр давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... ******* нь *******ны нутаг дэвсгэрт 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан. Тус барилгын туслан гүйцэтгэгч ******* ажлынхаа гүйцэтгэлийн хөлсөнд уг баригдаж буй барилгын 4 дүгээр давхарт байрлах 169.55 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай талбайг тооцож авахаар тохиролцсон. ******* нь уг талбайгаа *******т 388,700,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, ******* төлбөрийг бүрэн төлсөн гэж тодорхойлжээ.

3.1 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... ******* нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн АГ20210331 дугаартай Материал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. *******-иас гэрээ цуцлахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн гэж үгүйсгэн маргажээ.

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

4.1 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******-ийг маргааны зүйл болж буй тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны зүйл болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд хэн бүртгэлтэй болохыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулахаар маргаж буй тохиолдолд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаарх улсын бүртгэлтэй холбоотой баримт хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна. Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг бүрийн шинж нь тодорхойгүй байна.

4.2 Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч ...Барилга бүхэлдээ *******-д байгаа. ...80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 69-ийн арга хэмжээ авсан байгаа. ...Банканд барьцаатай байгаа гэх тайлбар гаргасан байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

5. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй байх тул хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/08116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,102,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

М.БАЯСГАЛАН