Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 550

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

хохирогч Ц.А-ын өмгөөлөгч Л.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905010330578 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Л.М-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 02 дугаар сарын 11нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Гранд вилла хотхоны 104/б байрны 57 тоотод байрлах гэртээ иргэн Ц.А-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ:

“...А- 22 цагийн үед чатаар холбогдоод намайг хүрээд ир гэж хэлсэн. Ойрд уулзаагүй юм чин гээд эхнэр хэлэхээр нь гэртээ А-ыг хүрээд ир гэж хэлээд бид хоёр хамт согтууруулах ундааны зүйл уусан. Согтууруулах ундааны зүйл уугаад хамт байж байхад А- намайг гэнэт цохиод авсан. Тухайн үед намайг боогоод тавихгүй байхаар нь эхнэрээ дуудахад эхнэр гарч ирсэн. А-тай маргалдаад ноцолдож байхад би А-ыг түлхэхэд шалны мод мөргөөд унасан. Тэгээд байж байхад А- гараад явсан. Би араас гарч хайж байгаад гэртээ орж ирсэн..” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Мн өгсөн:

“...Би найз Ц.А-тай 2019 оны 02 дугаар сарын 12-ны шөнө бол уулзаагүй. Харин 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой А- манай гэрт ирээд бид хоёр ууж байгаад 2019 оны 02 дугаар сарын 11-ны шөнө А- манай гэрээс согтуу гараад явсан. Намайг 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байтал найз Ц.А- надруу Фэйсбүүк чатаар холбогдоод хаана байгаа хөгшөөн, хөгшин нь модны хоёрт буудалд уугаад байж байна, хүрээд ирээч гэхээр нь би найз А-тай удаан уулзаагүй болохоор А-ын байгаа газар очиж, уулзчихаад хүрээд ирье гэж эхнэртээ хэлээд гарах гэтэл, эхнэр удаан уулзаагүй юм бол найзыгаа гэртээ аваад ирээч гэхээр нь би А-ыг гэртээ дуудсан. Тэгээд орой 23 цаг 30 минутын үед А- манай гэрт 10 шил Алтан говь гээд пиво, хүүхдүүдэд ундаа, сүү зэрэг зүйлтэй орж ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт А-ын авчирсан пивоноос нэг хүний 4, 4 шилийг уугаад байж байтал 2019 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг 30 минутын үед А- зүгээр унтах гэж байснаа, хоёулаа архи авч ууя гээд байхаар нь бид хоёр хамтдаа гэрээс гарч Хан-Уул дүүргийн 19-р хороолол, автобусны буудлаас цааш яваад, төв замын хойд талд байдаг 2 давхар, цагаан өнгөтэй Ээлк нэртэй паабаас нэг шил 750 граммын Алтан Чингис нэртэй архи авсан. Тэгээд бид хоёр нөгөө авсан архиа манай гэрт ороод талд нь хүртэл уугаад байж байтал, А- намайг зүгээр байж байхад хоёр удаа зүүн шанаа орчим гараараа цохисон. Тэр үед би А-ыг тоолгүй, чи ямар сонин ааш гаргаад байгаа юм бэ, одоо миний найз буудал руугаа явчих гээд хувцсыг нь өмсгөөд зогсож байтал, А- миний араас хоолой орчмоор боогоод хойшоо болоод газар хэвтчихсэн. Тэр үед би амьсгалж чадахгүй байсан болохоор хөлөөрөө хана тулан, хойшоо болж А-аас салсан, даруй А-тай зууралдан, ноцолдож байхдаа А-ын баруун шанаа орчим, зүүн гараараа хоёр удаа цохисон. Тэр үед манай эхнэр унтлаганы өрөөнөөс гарч ирээд намайг салгасан. Тэгээд би эхнэрийг А-аас салгасан даруй, би унтлагын өрөө орох хооронд А- манай гэрээс согтуу гараад гүйсэн. Тэр үед би А-ын араас гарсан боловч А- надад олдоогүй. Тэгээд би маргааш нь А-тай холбогдох гэсэн боловч ерөөсөө холбогдож чадахгүй байсан болохоор тухайн үедээ гайгүй байгаа юм байлгүй гэж бодоод байж байтал, асуудал болсноос хойш 7 хоногийн дараа байх, А-ын аав, ээж хоёр нь манай гэрт орж ирээд А-ыг эмнэлэгт байгаа, чи яагаад найзынхаа араас яасан талаар нь явдаггүй юм, танай найз Ганбаяр уг нь бид хоёрыг мэддэг байх ёстой гээд байсан бөгөөд намайг А-тай эмнэлэг дээр очиж, уулзаад өөрөө учраа олох юм уу, яах юм гээд байхаар нь, би А-тай гэмтлийн эмнэлэг орж уулзахад А- надад хоёулаа ер нь архи уултгүй болчихож, найз нь цагдаа гэж явах, тэгж новшрох бодол алга, маргааш эмч ирж үзнэ, тэгээд эмчилгээний зардал нь хэд болохнуу, хоёулаа яриад тохиръё гэж байсан. Тэгээд тэрнээс хойш би А-ыг ярих юм байх гэж бодоод байж байтал, цагдаагаас ярихаар нь би ирж байгаа юм.

Би тухайн өдөр А-ыг ямар нэгэн зүйлээр цохиогүй, харин А- надтай ноцолдоод, бид хоёр газар унах үед А- толгойн ар дагзаараа манай гэрийн шалны булангийн хүрээ мөргөөд уначихсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад босч ирээд би А-ын баруун шанаа орчим хоёр удаа цохих үед эхнэр гарч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед А-ын толгойн ар хэсгээрээ юм мөргөж, унасан болохоор тэр хавиас нь юм уу, мэдэхгүй толгойн хэсгээс нь цус гарсан байсан. Би тухайн үед байрныхаа гадаа гараад салхинд цохиулаад, А- олдохгүй болохоор нилээн айж, сандраад бас өөрөө энд тэндээс харж байвал ирээд авчих байх гэж бодсон уу яасан юм мэдэхгүй гадаа куртикыг нь орхичихсон...” гэх мэдүүлэг /хх-н 117-118/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.А-ын өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой 22:00 цагийн үед Фэйсбүүк чатаар найз Мтай холбогдсон. Тухайн үед М над руу гэртээ пиво уугаад сууж байна, манайд хүрээд ирээч гэхээр нь би Мд гэрт чинь очиж болох юм уу, эхнэр чинь зүгээр үү гэсэн чинь М надад асуудал байхгүй эхнэр хүрээд ир гэж байна гэсэн. Тэгээд би өөрийн байрлаж байсан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фанат нэртэй зочид буудлаас гараад такси бариад Мгийн гэрлүү явах замдаа Нарны гүүрний хойхон талд байдаг хүнсний дэлгүүрээс 10 шил 450 граммтай Алтан говь пиво, хүүхдийн тараг, сүү зэрэг зүйлс аваад явсан. Тэгээд би Мтай таксинд явж байхдаа чатаар Видео дуудлага хийгээд гэрт нь очсон. Тэгээд би Мгийн гэрт ороход М, эхнэр бага хүүхэдтэйгээ байсан бөгөөд би тухайн үед Мгийн эхнэр хүүхэдтэй анх удаа танилцсан байгаа. Тэгээд Мгийн эхнэр бид гурав миний авчирсан пивыг хуваан уугаад сууж байтал Мгийн эхнэр та хоёрт энэ пиво жулдах юм байна даа М чи найз чинь ирсэн байхад архи авахгүй юм уу гэсэн. Тэр үед М гэрээсээ гараад, гэрийнхээ доод давхарт байдаг дэлгүүр ороод ирсэн. Тэгээд орж ирэхдээ манай доод талын дэлгүүр хаасан байна, амжсангүй гээд ороод ирсэн. Тэр үед Мгийн эхнэр хүүхдээ аваад унтахаар, унтлагын өрөөндөө орсон. Тэр үед М бид хоёр өөрсөддөө тохиолдсон хөгжилтэй зүйлээ ярьж байгаад, миний авсан пивонууд дуусах дөхсөн болохоор, гадагшаа архи авахаар гарсан. Тэгээд би 19001950 дугаарт залган дуудлагын такси дуудаад, такси ирлээ гэсэн даруй Мтай хамт гэрээс нь гараад дуудлагаар ирсэн таксинд суугаад Үйлдвэр комбинат орчим, Атар талх үйлдвэрийн хажуу талд байдаг Элкэс нэртэй дэлгүүрээс нэг шил 750 граммын Голд Чингис нэртэй архи авсан. Тэгээд Мгийн гэр лүү бид хоёр авсан архиа аваад орсон. Тэгээд бид хоёр авсан архиа юм ярингаа хуваан уугаад сууж байхдаа, би жоохон муудаад анх авсан буудлын өрөөгөө буцаагаад, тэнд байгаа хувцсаа аваад нэг мөсөн ирдэг байж гээд бодоод, Мгийн ярианд жоохон анхаарал хандуулж чадахаа больсон. Тэр үед М гэнэт намайг зодоод эхэлсэн. Тэр үед би юу болоод байгааг ойлгохгүй байж байгаад нэг ухаан орох үед М миний толгой орчим ямар нэгэн зүйлээр цохиод байх шиг байсан бөгөөд тэр үед Мгийн эхнэр унтлагын өрөөнөөсөө гарч ирээд Мд хүүе чи хүн аллаа, гэртээ авчирсан найзыгаа яаж байгаа юм бэ гээд салгасан. Тэр үед би Мг тайвшрах болов уу гээд чагнаад хэвтэж байтал М эхнэртээ энэ мууг одоо алчихъя гээд байсан. Тэр үед би дотроо Мгийн гэрт байвал алуулах юм байна гэж айгаад тэдний гэрийн хаалганы бариулыг дарж, үзэхэд онгойчихоор нь тэр чигээрээ гараад зугтсан. Тэгээд би тэр байрнаас гараад Энхтайвны гүүр чиглээд гүйсэн бөгөөд замдаа такси барих гэж оролдсон боловч тухайн үед би дээгүүрээ нүцгэн, биеийн тамирын өмдтэй, хамаг бие маань цус болсон байсан болохоор зам дагуу явж байсан машинууд зогсоогүй. Тэгээд би зам даган гүйж байгаад, Энхтайвны гүүр хүрэх гэж байхад ухаан балартаад нэг хэсэг ухаангүй болсон бөгөөд нэг сэргэхэд би гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн, миний хөл толгой маш их өвдөж байсан бөгөөд гэмтлийн эмнэлгийн эмч нар намайг үзээд өгөөч гэж зөндөө хэлсэн боловч тоохгүй байж байгаад, нэг эрэгтэй эмч харин надад туслаад манай гэрийнхнийг гар утсаараа холбоо барин дуудаж өгсөн. Тэгээд би тэр өдөр анхны тусламж авч, гэрийнхэн ирсэн даруй гэртээ хариад эмчилгээ хийлгэсэн боловч миний хөл зүгээр болохгүй байсан болохоор 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэмтлийн эмнэлэгт дахин аавынхаа хамтаар очиж үзүүлээд яаралтай хэвтэх шаардлагатай, ор байхгүй тул маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирж хэвт гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн.

Би тэр дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед шинжээч эмч намайг ирж үзэх үед миний зүүн хөмсөгт гэмтэл, нуруунд гэмтэл байсан. Эдгээр гэмтлүүдийг оруулж өгөөгүй байна. Мөн миний хөлөнд учирсан хөлдөлт нь 1 зэргийн хөлдөлт гэсэн мөртлөө гэмтлийн зэрэгт хөнгөн гэсэнтэй санал нийлэхгүй байна. Миний толгойн зүүн дээд талд хагараад 5 оёдол тавиулсан, зүүн хөмсөг орчим сэтэрсэн, эрүүний холбоос гэмтсэн байна гэсэн. Мөн миний нуруунд маш их зулгаралт, миний нүд тухайн хэрэг болох үед гэмтсэнээс болоод одоо миний баруун нүд бүрэлзээд, доошоо тонгойж байгаад босч ирэх үед эсхүл нүдээ огцом хөдөлгөхөөр тороод байдаг бөгөөд энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдаагүй болохоор би нарийн мэргэжлийн эмчээр үзүүлэн дахин шинжилгээ хийлгэнэ. Тэгээд хоёр хөлний тавхай хөлдөөд өчнөөн хоног ажилдаа яваагүйгээс болоод ажлаасаа гарсан. Би бүгд 3.857.590 төгрөг авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 121/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Уянгын өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой гэртээ нөхөр Л.М, 2 настай М.Х нарын хамт байхад, 23:00 цагийн үед манай нөхөр надад хайраа манай найз А- Улаанбаатар хотод ирчихсэн, модны 2-т байдаг /нэрийг нь санахгүй байна гэх/ зочид буудалд ганцаараа байна, хүрээд ирээч ганц юм ууя гээд байна гэхээр нь би нөхрийгөө тийм муухай зочид буудал гэсэн газарруу явуулах дургүй байсан учраас, зүгээр найз А-ыг гэртээ урьчих гэсэн. Тэгээд манай нөхөр найз А-тай гэртээ хүрээд ир гэж яриад удаагүй байхад, манайд А- гаднаас нэг тор дүүрэн 15-16 шил пиво, манай хүүхдэд чипс, жүүс, надад нэг сүүтэй орж ирсэн. Тэгээд А-ыг гэрт ирсэн даруй би хоол хийх үү гэтэл А- хэрэггүй гэж хэлээд нэг аяга цай уучихаад авчирсан пивоо ууж эхэлсэн. Тэр үед би А-ын авчирсан пивоноос нэг шилийг нөхөр, А- хоёртой жоохон юм ярьж байхдаа ууж дуусгаад, 2019 оны 02 дугаар сарын 11-ний 00:00 цаг дөнгөж өнгөрөөгөөд бага хүүгээ аваад унтахаар унтлагын өрөөндөө орсон. Тэр үед А- манай гэрт хонохоор болоод манай нөхөртэй үлдсэн пиво уугаад том өрөөнд үлдсэн. Тэгээд би унтлагын өрөөндөө хүүтэйгээ унтаж байтал, өрөөний хаалга дуугарах шиг болохоор нь би сэрээд, юу болоод байгааг сонстол манай нөхөр хэн нэгэн хүнд чи тавиач, чи болиоч гээд, тэгээд хайраа намайг дуудах шиг болохоор нь би унтлагын өрөөнөөс гартал нөгөө А- манай нөхрийн дээр гараад суучихсан, хоолойг боочихсон байсан. Тэр үед би нөхөр, А- хоёр дээр очоод А-ыг нөхрөөсөө салгах гэж нилээн зууралдаж байгаад салгатал А- манай нөхрөөс салсан даруй намайг цохих гэж дайраад байсан. Тэр үед манай нөхөр А-ыг чи гэрт ирчихээд яагаад эхнэррүү дайраад байгаа юм гээд тэр хоёр бие, биенээ 2-3 удаа цохисон. Тэр үед би өөрийн дийлдгээр нөхрийгөө салгаад унтлагын өрөөнд оруултал манай бага зочиж сэрээд уйлсан бөгөөд би нөхөртэйгээ унтлагын өрөөнд яриад байж байтал, гэрийн хаалга дуугарах шиг болохоор нь гайхаад гартал нөгөө А- манай гэрийн хаалгыг онгорхой орхиод гараа явсан байсан. Тэгээд би нөхөртөө хүүе нөгөө А- чинь гараад явчихаж, араас нь гараарай гээд бас манай гэрт байсан А-ын гадуур куртикийг өгөөд гаргасан.

Тэр үед би том өрөөг орж хартал манай том өрөөний ширээ болон газар нөхөр, А- нарын ууж байсан архи, пивоны шил энд, тэндгүй хөглөрсөн, газар маш их хог тарьсан байдалтай байсан. Тэгээд манай нөхөр найз А-ынхаа араас гараад хориод минутын дараа А- олдохгүй байна гээд ороод ирсэн. Тэгээд би том өрөөний хамаг бохирдсон архи, пивоны шил, аяга шаазанг цэвэрлэж торонд хийн, нөхөртөө өгөөд энэ хогийг гаргаж хаянгаа найзыгаа сайн хай, та хоёр ямар дахиад таарахгүй хүмүүс биш, тэгээд хүн өөрсдөө дуудаж гэртээ авчирчихаад ингээд явуулж болохгүй гээд, гадаа харанхуй байсан болохоор гар чийдэн бариулаад буцааж гаргасан. Тэгээд би гэртээ үлдсэн юмаа цэвэрлээд байж байтал манай нөхөр сүүлд гарснаас хойш 40-50 минутын дараа Энхтайвны гүүр тийш, Нарны гүүр хүртэл бүх газраар явж хайлаа А- олдсонгүй гээд нилээн даарсан ороод ирэхээр нь би нөхөртөө халуун цай уулгаад бид гурав унтсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Билгүүний өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг 30 минутад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Вилла хотхоны хамгаалалтаар үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээн авсан. Тэгээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 04:00 цагийн үед миний хариуцсан А болон Б блок байрны А блокийн хэдэн давхар, хэдэн тоот гэдгийг нь мэдэхгүй нэг айлаас согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа бол өмдтэй, гуталтай байсан үгүйг нь харж чадаагүй барагцаагаар 30 дөхөж байгаа гэмээр ах ямар нэгэн зүйлээс айсан байдалтай гүйгээд гараад явсан. Тэр үед би орцноос гараад явсан нүцгэн хүний араас юу болж байгаа юм бол гээд гайхаад, гараад хартал нөгөө дээгүүрээ нүцгэн ах миний хариуцсан орцноос гараад баруун тийш Нарны хороолол чиглээд гүйгээд явсан. Тэр үед би орцруугаа ороод харуулын байрандаа ирж хоногийн Рапортанд тэмдэглэгээ хийгээд байж байтал нүцгэн гараад явснаас хойш 3-4 минутын дараа дээд давхраас гартаа бараан өнгийн хувцас барьсан нүдний шилтэй нэг ах бууж ирээд орцоор гарсан. Тэгээд тэр ах гараад нэг их удалгүй буцаад гартаа барьсан ямар нэгэн зүйлгүй орж ирснээ, над дээр ирээд ... хөгшөөн сая энүүгээр нэг хүн гарсан уу ... гэж асуухаар нь би тэр ахад ... тиймээ сая дээгүүрээ нүцгэн халамцуу ах гараад ... явсан гэтэл, нөгөө ах надад ... хөгшөөн хэрвээ дээрээс хүн бууж ирээд сая гарч явсан залуугийн талаар хүн гарч явсан уу гэж асуувал мэдэхгүй, хараагүй .... гэж хэлээрэй гэхээр нь би тэр ахад ... та чинь юу яриад байгаа юм бэ, энд болсон асуудлын талаар би рапортандаа бүгдийг нь бичдэг юм ... гээд өөрийнхөө бичсэн Рапортыг үзүүлтэл, тэр ах .... аан ингээд бичдэг юм уу тэ, гэхдээ хөгшөөн ямар нэгэн хүнд мэдэхгүй хараагүй гэж хэлээрэй ... гээд байсан. Тэр үед би тэр ахад ...та юу яриад байгаа юм бэ, хэрвээ янз бүрийн асуудал болвол би өөрөө дараа нь алуулна биздээ ... гэж хэлсэн чинь, тэр ах надаас нүцгэн гүйгээд гараад явсан ахыг ... хэн нэгэн хүнд битгий хэлээрэй, хараагүй гэж хэлээрэй гээд ... шалаад байсан. Тэгээд нөгөө ах гэррүүгээ буцаад орсон. Харин нүцгэн гараад явсан ах дахиж манай орцонд орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Сувдын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 12-ны шөнө би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Сөүл рестораны хажуу талын Голомт банктай байрны нэг давхарт осгосон байдалтай, ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлага мэдээлэл авч иргэн Ц.А-агт үзлэг хийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Намайг очих үед хохирогч Голомт банкны дотор нэг давхарт хажуу талаар хэвтсэн байдалтай дээгүүр нь хар өнгийн жакет нөмрүүлсэн, толгойг нь саарал өнгийн ороолтоор ороосон байсан бөгөөд тухайн үед хохирогчийг гадаа нүцгэн дотуур өмдтэй байсныг дуудлага өгсөн хүмүүс дотогш оруулан, хохирогчийн гадуур нь нөмрүүлсэн жакетыг нөмрүүлээд, толгойноос нь цус гараад байсан болохоор саарал өнгийн ороолтоор ороосон гэж байсан. Тэгээд би шууд хохирогчид үзлэг хийхэд хохирогч дээгүүрээ нүцгэн, доогуураа зүгээр нэг дотуур өмдтэй байсан бөгөөд хөлөндөө ямар нэгэн гутал оймс өмсөөгүй байсан. Харин анхны үзлэгээр бол хохирогчийн толгойноос цус гарсан байдалтай, биен дээрээ маш их шивээстэй байсан учраас биен дээрх хөхрөлт няцрал гэмтэл нь тогтоогдохгүй байсан бөгөөд би тухайн хохирогчийн толгойд гэмтэл байсан мөн гадаа нүцгэн маш удаан байсан гэдэг утгаар шууд гэмтлийн эмнэлэгт өөр гэмтэл бэртэл байгаа эсэхийг тогтоолгохоор хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Анужингийн өгсөн:

“...он сарыг нь санахгүй байна. шөнийн 04 цагийн үед СБД-ийн 01 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө “парк лесс” барилгын 1 давхарт байрлах ажлаа хаагаад гараад машинаа асаагаад тухайн барилгыг тойроод явж байтал 25-30 орчим насны өмд өмссөн өөр хувцас байхгүй эрэгтэй газар осголтын байдалтай сууж байсан, би бууж очоод хамгаалагчийг дуудаад хамт ажил руу оруулаад өгөөч гэтэл тэр хүн туслаагүй, би найз Амарын хамтаар тухайн эрэгтэйг өргөөд ажил руу оруулаад ажил дээр хүн орхисон байсан хувцсаар биеийн нь ороогоод түргэн, цагдаа дуудсан, түргэн 4 удаа дуудаж авчирсан. Ойролцоогоор 1 цагийн дараа түргэн ирээд уг эрэгтэйг аваад явсан. Тэр эрэгтэйн толгойноос цус гарсан бие нь хөхөрсөн хүнд зодуулсан, хөл нь хөлдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 116/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 2730 тоот: 

  1. Ц.А-ын биед хоёр хөлийн хуруу, тавхайн өлмий хэсгийн 1-р зэргийн хөлдөлт, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх хоёр хөлийн хуруу, тавхайн хөлний хэсгийн 1-р зэргийн хөлдөлт гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүснэ, бусад толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 24/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 455 тоот:

1. Ц.А--н биед хоёр тавхайн улны 2-3-р зэргийн хөлдөлт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хоёр тавхайн хөлдөлт нь нам хэмийн хэсэг газрын үйлчлэлээр, баруун чамархайн шарх, хоёр нүдний зовхины цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.5.6. Дээрх хоёр тавхайн хөлдөлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун чамархайн шарх, хоёр нүдний зовхины цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 61/,

 

            - хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 35-41/,

            - хохирлын баримтууд /хх-н 74-75, 77/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 88/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 91/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 125/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 02 дугаар сарын 11нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Гранд вилла хотхоны 104/б байрны 57 тоотод байрлах гэртээ иргэн Ц.А-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Мн “...А-тай зууралдан, ноцолдож байхдаа А-ын баруун шанаа орчим, зүүн гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.А-ын “...М гэнэт намайг зодоод эхэлсэн. Тэр үед би юу болоод байгааг ойлгохгүй байж байгаад нэг ухаан орох үед М миний толгой орчим ямар нэгэн зүйлээр цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Уянгын “...манай нөхөр А-ыг чи гэрт ирчихээд яагаад эхнэр лүү дайраад байгаа юм гээд тэр хоёр бие, биенээ 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Сувдын “...иргэн Ц.А-агт үзлэг хийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. ...тухайн хохирогчийн толгойд гэмтэл байсан...” гэх мэдүүлэг

 

гэрч А.Анужингийн “...Тэр эрэгтэйн толгойноос цус гарсан бие нь хөхөрсөн хүнд зодуулсан, хөл нь хөлдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 2730 тоот дүгнэлт, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 455 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ц.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Хохирогч Ц.А-аг хохиролд 1,309,800 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын хүрээнд хохирлын баримтууд нь тодорхойгүй байх тул хохирлын тооцоог энэ тогтоолоор гаргах боломжгүй, шүүгдэгч нь хохиролд 678,000 төгрөгийг хохирогчид төлсөн зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Л.Мг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Ц.А-аг нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол буюу цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялын доод хэмжээгээр оногдуулах тухай саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Л.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ