Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02169

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08301 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 635,539,774 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******, ******* нар нь *******-тай 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/13/76 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, 380,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш гэрээнд заасан зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн.

1.2 Зээлийн барьцаанд *******, ******* нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, //, гудамж дугаар байр, хаягт байрлах, 290 м.кв талбайтай, амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.3 Хариуцагч нар нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 136,955,776.32 төгрөг, зээлийн хүү 205,741,823.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,032.03 төгрөг, нийт 342,730,632.03 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг хариуцагч нараас шаардсан боловч гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 243,044,223.68 төгрөг, зээлийн хүү 358,981,073.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,514,477.23 төгрөг, нийт 635,539,774.52 төгрөг гаргуулж, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******, ******* нар нь *******-тай 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/13/76 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 136,955,776.32 төгрөг, хүүгийн төлбөрт 205,741,823.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,032.03 төгрөг, нийт 342,730,632.03 төгрөгийг төлсөн.

2.2 ******* нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 337,778,680 төгрөг гаргуулж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01158 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар зээлийн буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцална гэж заасан байх тул хариуцагч нарыг үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл төлөгдөөгүй тул нэхэмжлэгч талаас гэрээнээс хугацааны өмнө шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

2.3 Хариуцагч нар нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах мэдэгдэл өгснийг хүлээн зөвшөөрч *******-аас шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү төлөх үүргийн харилцаа дуусгавар болж, банкнаас зээлийн хүү төлөхийг шаардахаа зогсоосон.

Банкнаас зээлийн гэрээ цуцалснаас хойш зээлийн гэрээг үргэлжлүүлэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 635,539,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******, *******, //, гудамж, хаягт бүртгэлтэй, 290 м.кв амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,405,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,405,848 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч талаас шүүх хуралдаанд гэрээний хүчин төгөлдөр эсэх байдалтай холбоотой тайлбар хэлээгүй бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/13/76 дугаартай зээлийн гэрээг Хан-Уул дүүргийн шүүхэд Хаан банкнаас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа урт хугацааны зээлийн гэрээг зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар зээлийн буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцална гэсэн гэрээний тохиролцооны дагуу нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийтдээ 337,778,680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн эхний шаардлага болох гэрээг хугацаанаас өмнө цуцлах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасан ба энэ цаг хугацаанаас хойш банканд хүү төлөх үүрэг дуусгавар болсон гэж тайлбар гаргасан байхад шүүх хариуцагчийн шүүх хурал дээр хэлээгүй тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн байна.

4.2 Шүүх шийдвэр гаргахдаа урт хугацааны зээлийн гэрээг цуцалсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын үүднээс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн заалтад нийцсэн байх ёстой гэж зөвлөсөн байна. Гэрээг цуцлах ойлголт нь ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд хэрэглэдэг бөгөөд ямар нөхцөлд гэрээг цуцлах талаар талууд гэрээгээр харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэрээг цуцлах үндсэн нөхцөл нь үүрэг зөрчигдсөн буюу үүргээ гүйцэтгээгүй", гэрээг цуцлах нөхцөлийг талууд тохиролцсон, гэрээний хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд урт хугацааны гэрээг цуцлах талаар ******* болон ******* хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарын зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй байна.

4.3 Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/13/76 дугаартай орон сууцны зээлийн гэрээний хувийн хэргийн архивд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр захирамж гарган шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан. 2019 оны 11 дүгээр сард Хаан банкны зээлийн мэргэжилтэн гэх 3 хүн *******ын гэрт очиж урт хугацааны зээлийн гэрээг цуцалсан мэдэгдэлд гарын үсэг зуруулж мэдэгдэх хуудасны 1 хувийг өгөөгүй. Энэ баримтыг гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

4.4 Шүүх хуралдаанд хариуцагч талаас гэрээг цуцалсан шийдвэртэй гэх тайлбарыг огт хийгээгүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад урт хугацааны зээлийн гэрээг цуцалж буй шаардлага гаргасныг нотлох баримт болгон тайлбарласан бөгөөд энэ хуралдааны тэмдэглэлд гэрээг цуцалсан талаар талууд маргаагүй үйлдлийг хурлын тэмдэглэлд бичигдсэнийг нотлох баримтаар ашигласан.

4.5 Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/13/76 дугаар орон сууцны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул зээлийн гэрээгээ цуцалж байгаа эсэх талаар асууж тодруулахад шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлийн гэрээг цуцалсан нэхэмжлэлийн шаардлага байхгүй зээлийн гэрээ үргэлжилж байгаа гэсэн тайлбар гаргасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтаар 635,539,774 төгрөгийг гаргуулан *******-д олгож шийдвэрлэсэн нь шүүх өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг эдэлсэн.

4.6 Нэмэгдүүлсэн хүүгийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... cap бүрийн хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа, төлөгдөх ёстой төлбөрийн үндсэн зээлээс үлдэгдлээс тооцдог, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Улсын Дээд шүүхийн 2006 оны 56 дугаар тогтоолын 2.5-д нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гээд тайлбарласан байна. Үндсэн зээлээс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй... гэх тайлбаруудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй.

4.7 Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШШ2019/01158 дугаартай шийдвэрээр гэрээг цуцалж, хариуцагч нараас гэрээний үүрэгт 337,766,480 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хүлээн зөвшөөрч байгаа ба энэ шийдвэрээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 635,539,774 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 337,766,480 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба харин 297,773,294 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 297,773,294 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалсан үйл баримт байхгүй. Анх 2019 онд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан. Тухайн үед хариуцагч ******* гарын үсэг дээр маргасан учраас энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан. Хэргийг буцаасны дараа гарын үсгийн шинжилгээний баримтыг өгөхгүй зугтаасан. Үүнээс шалтгаалан 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Гэтэл хариуцагч тал дахиад нотариатын үйлдэлд маргасан бөгөөд удаа дараа үндэслэлгүй хүсэлт гаргаж 5 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч шийдвэрлэгдээгүй. Тэр үеийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байсан бол маргаан үүсгэхгүйгээр дуусгавар болгох боломжтой байсан.

Гэрээ цуцлагдсан бол хүү зогсоно гэх агуулгаар тайлбарладаг боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгаас харахад зээлийг эргэн төлөх хүртэл зээлийг ашигласан бол зээлийн хүүг төлнө агуулгатай зохицуулалт байдаг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Энэ талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөх хугацаагаар тооцож төлөх үүрэгтэй бөгөөд гэрээ цуцлагдах нь энэ үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан.

5.2 Гомдлын дараагийн үндэслэл нь архивд үзлэг хийлгэх, гэрээг цуцалсантай холбоотой баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэж дурдсан. Гэтэл хариуцагч тал хүсэлт гаргахдаа ийм баримт байж магадгүй гэх байдлаар хэзээ гарсан, хэдэн тоот баримт гаргуулах талаар тодорхой заагаагүй учраас анхан шатны шүүх тааварласан байдлаар таамаглаж хүсэлт гаргахгүй гэх агуулгаар хангахгүй орхисон.

5.3 Түүнчлэн, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон гэж гомдолд дурдсан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006 оны тогтоолд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцсон заалтыг буруу ойлгож байх шиг байна. Агуулга нь зээлийн хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргана гэсэн утгаар тайлбарласан. Үүнээс үзэхэд үндсэн зээлийн төлбөрийг төлөөд дууссан байхад дахиад зээлийн хүү тооцох асуудал гарна. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заасан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаартай журам батлах тухай тушаалаар банкны хүү бодох аргачлал, шимтгэл хураамжийн ил тод байдлын журмын 1.9-д нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ гэж заасан. Мөн журмын 5-д харилцагчийн эрхийг хамгаалах талаар заасан, 5.2-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцно гэж заасан болохоос хүүгээс тооцож нэмэгдүүлсэн хүүг гаргах томьёолол байхгүй.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 243,044,223.68 төгрөг, үндсэн хүү 358,981,073.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,514,477.23 төгрөг, нийт 635,539,774.52 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар ...*******-аас 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү төлөх үүргийн харилцаа дуусгавар болсон гэх тайлбар гарган маргажээ.

3. ******* болон *******, ******* нар 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/13/76 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-1-г байгуулсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 380,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 8-11/

3.1 Мөн талууд БГҮ/13/76 дугаартай Барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө/ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******, //, гудамж байр, хаягт байрлах, 290 м.кв талбайтай, амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх 12-13/

4. Нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 380,000,000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч нарт шилжүүлсэн. /хх 6/

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан тайлбар гаргаагүй. Иймд ...гэрээний хүчин төгөлдөр эсэх байдалтай холбоотой тайлбар хэлээгүй, гэтэл хэлээгүй тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01158 дугаар шийдвэрээр 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/13/76 дугаар орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******, ******* нараас 337,766,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг /хх 54-60/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1351 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. /хх 68-72/

5.1 Улмаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2022/20080 дугаар захирамжаар -ийн нэхэмжлэлтэй ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 502,066,545 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 78-80/

5.2 Дээрх шүүхийн шийдвэрээр маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул уг шийдвэрээр гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШШ2019/01158 дугаартай шийдвэрээр гэрээг цуцалж, хариуцагч нараас гэрээний үүрэгт 337,766,480 гаргуулахаар шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 136,955,776 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 205,741,823 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,032 төгрөг нийт 342,730,632 төгрөг төлсөн. /хх 14-15, 22-23/ Мөн нэхэмжлэгчээс гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар хариуцагч нарт 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 05131/18/103 дугаар, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр 05131/18/0185 дугаар, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 61/12090 дугаар албан бичгийг хүргүүлсэн. /хх 25, 26-27/

6.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/01705 дугаар шийдвэрээр хариуцагч холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 18-21/ Улмаар ******* шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

6.2 Иймд анхан шатны шүүх хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....шийдвэр гаргахдаа урт хугацааны зээлийн гэрээг цуцалсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. ... шүүх өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг эдэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.3 Хариуцагч нар нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 243,044,223 төгрөг, зээлийн хүү 358,981,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,514,477 төгрөг нийт 635,539,774 төгрөг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн карт гэх нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн, хариуцагч нар үүнийг баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 635,539,774 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол буруу хийгдсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн, хариуцагч ******* болон хариуцагч ******* нь тухайн зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байхаас гадна хариуцагч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Хаан банкнаас 2018 оны 11 дүгээр сард ЗГ/13/76 дугаартай орон сууцны зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гаргуулж, гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/37425 дугаар захирамжаар ...хүсэлтэд заасан баримт нэхэмжлэгчид байгаа гэдгийг хариуцагч нотлоогүй. ...нэр бүхий 2 этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт нь хэргийг шийдвэрлэсэн ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар уг захирамжид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр захирамж гарган шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх гомдол үндэслэлгүй.

8. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,646,816 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН