Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 552

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Н.Р, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Рд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905019710537 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __дугаарын регистртэй, Н.Р.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Р нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-250/б тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ё.М-тэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, (1)

- мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 4 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Сотын ногоон байрны орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ё.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, (2)

- 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-250/б тоотод хамтран амьдрагч Ё.М-ийг зодсон буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ё.М-ийг байнга зодсон гэмт хэрэг (3) тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Р мэдүүлэхдээ:

“...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Р-ын өгсөн:

“...Би эхнэр Мтэй 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй. 2019 оны 02 дугаар сарын 06, 07-нд эхнэр Мийн хамт хөдөө Төв аймгийн Дэлгэрхаан суманд очиж Цагаан сараар баярласан бөгөөд тухайн үед манай эхнэр М хадам ээж Нарангэрэлийн хамт сумын төвийн айлуудаар хэсээд байхаар би эхнэрт  нөхөр хүүхэдгүй байгаа юм шиг ганцаараа айл хэслээ гээд уурласан. Тэгтэл намайг хотруу ажлаас дуудаад би Мийг үлдээгээд түрүүлээд Улаанбаатар хотод ирсэн. Дараа нь эхнэр М хөдөөнөөс миний араас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь надруу М утсаар залгаад би айлруу явж золголт хийх гэсэн юм гэхээр нь би ...чи хөдөө зөндөө айлаар орсон одоо явж яах гээд байгаа юм битгий яв гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө цайны цагийн дараа утас руу нь залгасан чинь М би айлд золгоод явж байна.... гэсэн. Тэгээд би уурлаад орой ажил тараад найзуудтайгаа 1 шил 0.5 Хараа нэртэй архи хувааж уучихаад 19-20 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-256 тоотод байрлах гэртээ ирсэн чинь эхнэр М айлруу яваад ирчихсэн байсан. Тэгээд гэрт ороод би ...чи хаагуур яваад байгаа юм ..гээд Мтэй маргалдаад үсдэж аваад хоолойноос багалзуурдаад аяга аваад шидээд цохиод зодсон. Тэгээд хэсэг байж байгаад маргалдахаа болиод эвлэрээд унтацгаасан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг би учруулсан.

Би үйлдэлдээ гэмшиж байгаа. Өнөөдрийг хүртэл гэр бүлийнхээ төлөө зүтгэсээр ирсэн. Гэм буруугаа ойлгож ухамсарласан байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр би 21 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй яармагийн дулааны шугамын орчим 2.5 литрийн пиво 4 үүлээ хувааж уучихаад Хар Хорингийн Хөрс худалдааны төвд биллъярд тоглож байгаад 3 шил пиво уучихаад тэндээсээ гараад Хөрс худалдааны төвийн орчим караокед орж сууж байгаад би нилээд согтчихсон. Тэгээд ажлынхантайгаа маргалдаж байгаад тэд нараас салаад цаашаагаа хэсэг ухаан балартаад тасарчихсан. Тэгээд нэг мэдсэн чинь би хорооллын 13 дугаар сургуулийн ар талд замын ар талд байрлах хоёр давхар байшингийн орчим хэдэн залуучууд намайг хөөж байсан. Тэгээд би эхнэр рүү залгасан чинь утсаа авахаар нь ...би ажлынхантайгаа маргалдаад салж яваад хэдэн залуучууд намайг зодох гээд хөөгөөд байна гэсэн чинь эхнэр М утсаа тасалсан. Тэгээд дахиад би М рүү залгасан чинь гар утсаа авахгүй байсан. Тэгээд М утсаа авахгүй байсан болохоор дүү Бгийндаа очиж байгаа байх гэж бодоод Баянгол дүүргийн 10 дугаар хороо Сотын байрны ар талд байрлах гэр рүү очсон чинь гудамжинд хашааны үүдэн дээр нь Мтэй тааралдсан бөгөөд тухайн үед би уурлаад Мийг үсдэж чирээд нүүр амруу нь хөлөөрөө өшиглөөд зодсон. Тэгээд би гэртээ харъя гээд дагуулаад гудамжаар явсаар байгаад Энхболдын зам дээр ирсэн чинь М.... авраарай гээд ...орилсон чинь хоёр залуу хүрч ирэхээр нь би цаашаа зугтаасан. Тэгээд би ухаан балартаад нэг мэдсэн чинь цагдаагийн машин дотор явж байсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очоод сэргэсэн. Тэгээд би хүмүүст зодуулсан талаараа хэлээд өргөдөл бичиж өг гэхээр нь би гомдол саналгүй өргөдөл бичиж өгөхгүй гэж хэлээд гарч яваад ажил дээрээ очиж унтсан. Би Ё.М-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Болсон явдлыг хагас дутуу санаж байгаа.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би хөдөө ажлаар явж байхад М гадуур архидаад шоудаад байхаар нь би ажлаасаа чөлөө аваад Мт хэлээгүй хотод ирсэн. Тэгээд шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-2506 тоотод байрлах гэртээ ирсэн чинь эхнэр М ганцаараа байсан. Тэгээд би гэрт ороод би ямар их худлаа ярьж шоуддаг юм гэж уурлаад эхнэрийг орноосоо босоод ирэхээр нь хавирга орчим руу өшиглөсөн чинь арагшаагаа сандал дээр унасан. Тэгсэн чинь М хавиргаа бариад сонин болчихлоо гэхээр нь тэмтрээд үзсэн чинь зүүн талын хоёр хавирга нь ёрдойсон 3 хоногийн дараа Хархорин захын тэнд М эмнэлэгт үзүүлсэн гэж надад хэлж байсан.

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М ажлынхантайгаа архидсанаас болж гэртээ байхдаа зодож биед нь хөнгөн гэмтэл нь учруулж байсан. Би хамтран амьдарч Ё.М-ийн удаа дараа зодож эрүүл мэндэд нь хохирол учруулж байснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн гэм бурууг ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 20-21, 37-38, 88-90, 116-117/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ё.М-ийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бэр эгч Баяржаргал, ах Мөнх-Эрдэнэ намайг хамт айлд очиж золгочихоод ирье гэхээр нь би хамт яваад орой 19 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хороо 250/б тоотод байрлах гэртээ ирсэн. Тэгээд байж байтал хамтран амьдрагч Р 20-21 цагийн орчим ажлаа тараад гэрт ирсэн бөгөөд жаахан архи үнэртүүлсэн байсан. Тэгснээ гэрт орж ирэнгүүтээ чи яагаад айл руу явдаг юм. Гээд уурлаад над руу дайраад миний гар нуруу луу 5-6 удаа өшиглөөд үсдэж доош нь дарж байгаад нүүр лүү нэг удаа өшиглөснөө ширээн дээр байсан шаазан аяга аваад над руу шидсэн чинь зүүн талын гарны сарвуун дээр оносон. Тэгснээ намайг хоолойноос боогоод ширээн дээр зүүн гар тавьж байгаад ногоон иштэй заазуур аваад иргүй талаар нь зүүн гарын сарвуун дээр нэг удаа цохисон.

2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-250б тоотод байрлах гэртээ байж байгаад 19 цаг өнгөрч байхад би хамтран амьдрагч Р руу утсаар яриад гэртээ ирж байгаа юм уу гэсэн чинь ажил тарах болоогүй байна гээд байсан. Тэр үед Р архи уучихсан юм шиг байхаар нь би дүү Бруу утсаар яриад ...Р согтуу байна архи уучихсан байх шиг байна би сая утсаар ярьсан гэсэн чинь намайг ...такси бариад хүрээд ир.... гэхээр нь би гэрээс гараад гэрийнхээ хажуу талын зам дээрээс такси бариад Баянгол дүүргийн 10 дугаар хороо Сотын ногоон байрны ар талд байрлах ногоон өнгийн цэцэрлэгийн ар талд байрлах дүү Бгийн хашааны гадаа таксинаас буугаад хашааны хаалга руу орох гэж байсан чинь гэнэт Р гарч ирснээ араас үсдэж аваад намайг чирээд нүүр хөл гар биерүү хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод зодсон. Тэгээд намайг чирч явсаар байгаад гэр хорооллын гудамжаар чирч явсан. Тэр үед би чирэгдээд миний өвдөг шалбарсан. Тэгээд чирч явсаар байгаад Энхболдын зам дээр гарч ирсэн чинь танихгүй хоёр залуу явж байхаар нь би туслаач гэж тусламж дуудсан. Тэгээд нөгөө хоёр танихгүй залуу хүрч ирээд надаас салгасан чинь Р цаашаагаа зугтаагаад яваад өгсөн. Би тэр үед цаашаагаа зугтаагаад явсаар байгаад Бгийн гэрт ирсэн. Дараа нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Өмнө намайг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-2506 тоотод байхад намайг зодож миний хавиргыг хугалж байсан. Тэр үед болсон явдлыг манай дүү Б, Мөнх-Эрдэнэ, Баяржаргал нар мэдэж байгаа. Тухайн үед би цагдаад хандаагүй эмнэлэгт ч үзүүлээгүй. Гэхдээ би явж чадахгүй cap орчим хэвтэрт байсан. Мөн 2019 онд намайг мөн гэртээ байхад Р нь coгтyy надад хөнгөн зэргийн гэмтэл учруулж байсан. Хардаж архи уухаараа зодож цохидог. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 82-83/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ё.Б-гийн өгсөн:

“...Н.Р нь манай төрсөн эгч Мийн нөхөр нь байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын эхээр М эгчийг ажлын хүмүүс нь ажилдаа ирэхгүй байхаар нь утсаар ярьсан чинь Р зодоод гэртээ хэвтэж байна гэж байсан. Түүнээс хойш 2019 оны 2-р сард цагаан сарын баярын дараа ...М эгч утсаар яриад Р намайг зодчихлоо гэхээр нь би очиход нүүр ам нь хөхөрчихсөн гарнаас нь цус гарсан байсан ба цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргаж өгсөн. Түүнээс хойш 2019 оны 4-р сарын 19-ний шөнө 22 цаг орчим би гэртээ байж байхад М эгч над руу утсаар яриад Р ах чинь согтуу утсаар ярьсан ирээд зодож магадгүй айгаад байна танай гэрт очиж хоноё гэхээр нь би за гэсэн. Тэгээд гэрт ирэхгүй байхаар нь гадуур хайж байгаад гэртээ буцаад ирэхэд М эгч гэрт ирчихсэн нүүр ам нь цус болчихсон нүд нь хавдчихсан өвдөг нь язраад зулгарсан байсан ба М эгч нөхөр Рд зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 120-122/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-250б тоотод манай хашаанд амьдарч байсан Р нь сүүлийн үед эхнэр Мийн зодож цохидог болсон. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр Мөнх-Эрдэнэтэй хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-250б тоотод байрлах Рэгзэнбямбын гэрт 17-18 цагийн хооронд очиход гэрт Р М хоёр гэртээ байсан. Би тухайн үед М гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байсан чинь яагаад хэвтээд байгааг нь асуусан чинь Р би Мийг цохьчихсон чинь Мийн хавирга хугарчихсан юм гэж хэлсэн. Түүнээс хойш М нь гэртээ эмчилгээ хийлгээд 1 cap орчим хэвтсэн. Түүнээс хойш 2019 оны 02 дугаар сарын дундуур цагаан сарын баярын дараа манай хадам аавын төрсөн дүү нь Өлзийт хороололд хүрээд ир гээд байхаар нь би нөхөр Мөнх-Эрдэнэ болон Мийн хамт очиж...18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирцгээсэн. Тухайн үед би М рүү Р байн байн залгаад байсан ба М гэртээ харьлаа гээд явсан. Тэгтэл маргааш нь М нөхөртөө зодуулчихлаа гээд манай гэрт ирсэн. Тухайн үед Мийн нүүр ам нь хөхөрчихсөн, гар нь шалбарсан байсан...2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Мийн дүү Б над руу утсаар яриад Р Мийг цохиод зодчихсон байгаа гэсэн. Би маргааш нь Мтэй уулзсан чинь нүүр ам нь хөхөрч хавдаад өвдөгөөр нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг 124-128/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2694 тоот:

 1. Ё.М-ийн биед дух, баруун хацар, зүүн чих орчим, баруун дал, баруун бугалга, зүүн сарвуунд шарх, цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4935 тоот:

1. Ё.М-ийн биед тархи доргилт, нүүрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн бугалга, зүүн тохой, баруун шууны цус хуралт, 2 шилбэ, 2 гуя, зүүн өвдөгний шарх, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтан нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2019.04.19-20-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 85/,

           

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 30-31/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 93-98/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 23/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Р нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-250/б тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ё.М-тэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

- мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 4 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Сотын ногоон байрны орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ё.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

- 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-250/б тоотод хамтран амьдрагч Ё.М-ийг зодсон буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ё.М-ийг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Р-ын “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... 19-20 цагийн орчим ...Мтэй маргалдаад үсдэж аваад хоолойноос багалзуурдаад аяга аваад шидээд цохиод зодсон.

2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ... Баянгол дүүргийн 10 дугаар хороо Сотын байрны ар талд байрлах гэрлүү очсон чинь гудамжинд хашааны үүдэн дээр нь Мтэй тааралдсан бөгөөд тухайн үед би уурлаад Мийг үсдэж чирээд нүүр амруу нь хөлөөрөө өшиглөөд зодсон.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ... эхнэр М ганцаараа байсан. Тэгээд би гэрт ороод би ямар их худлаа ярьж шоуддаг юм гэж уурлаад эхнэрийг орноосоо босоод ирэхээр нь хавирга орчим руу өшиглөсөн чинь арагшаагаа сандал дээр унасан.

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М ажлынхантайгаа архидсанаас болж гэртээ байхдаа зодож биед нь хөнгөн гэмтэл нь учруулж байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ё.М-ийн “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... хамтран амьдрагч Р ...уурлаад над руу дайраад миний гар нуруу луу 5-6 удаа өшиглөөд үсдэж доош нь дарж байгаад нүүр рүү нэг удаа өшиглөснөө ширээн дээр байсан шаазан аяга аваад над руу шидсэн чинь зүүн талын гарны сарвуун дээр оносон. Тэгснээ намайг хоолойноос боогоод ширээн дээр зүүн гар тавьж байгаад ногоон иштэй заазуур аваад иргүй талаар нь зүүн гарын сарвуун дээр нэг удаа цохисон.

2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ...Баянгол дүүргийн 10 дугаар хороо Сотын ногоон байрны ар талд байрлах ногоон өнгийн цэцэрлэгийн ар талд байрлах дүү Бгийн хашааны гадаа таксинаас буугаад хашааны хаалга руу орох гэж байсан чинь гэнэт Р гарч ирснээ араас үсдэж аваад намайг чирээд нүүр хөл гар биерүү хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод зодсон. Тэгээд намайг чирч явсаар байгаад гэр хорооллын гудамжаар чирч явсан. Тэр үед би чирэгдээд миний өвдөг шалбарсан.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-2506 тоотод байхад намайг зодож миний хавиргыг хугалж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ё.Б-гийн “...2018 оны 12 дугаар сарын эхээр М эгчийг ажлын хүмүүс нь ажилдаа ирэхгүй байхаар нь утсаар ярьсан чинь Р зодоод гэртээ хэвтэж байна гэж байсан.

2019 оны 2-р сард цагаан сарын баярын дараа ...М эгч утсаар яриад Р намайг зодчихлоо гэхээр нь би очиход нүүр ам нь хөхөрчихсөн гарнаас нь цус гарсан байсан ба цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргаж өгсөн.

2019 оны 4-р сарын 19-ний шөнө 22 цаг орчим би гэртээ байж байхад М эгч над руу утсаар яриад Р ах чинь согтуу утсаар ярьсан ирээд зодож магадгүй гэж айгаад байна танай гэрт очиж хоноё гэхээр нь би за гэсэн. Тэгээд гэрт ирэхгүй байхаар нь гадуур хайж байгаад гэртээ буцаад ирэхэд М эгч гэрт ирчихсэн нүүр ам нь цус болчихсон нүд нь хавдчихсан өвдөг нь язраад зулгарсан байсан ба М эгч нөхөр Рд зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Б-ын “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...М гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байсан чинь яагаад хэвтээд байгааг нь асуусан чинь Р би Мийг цохьчихсон чинь Мийн хавирга хугарчихсан юм гэж хэлсэн.

2019 оны 02 дугаар сарын дундуур цагаан сарын баярын дараа манай хадам аавын төрсөн дүү нь Өлзийт хороололд хүрээд ир гээд байхаар нь би нөхөр Мөнх-Эрдэнэ болон Мийн хамт очиж...18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирцгээсэн. Тухайн үед би М рүү Р байн байн залгаад байсан ба М гэртээ харьлаа гээд явсан. Тэгтэл маргааш нь М нөхөртөө зодуулчихлаа гээд манай гэрт ирсэн. Тухайн үед Мийн нүүр ам нь хөхөрчихсөн, гар нь шалбарсан байсан...2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Мийн дүү Б над руу утсаар яриад Р Мийг цохиод зодчихсон байгаа гэсэн. Би маргааш нь Мтэй уулзсан чинь нүүр ам нь хөхөрч хавдаад өвдөгөөр нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2694 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4935 тоот дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Рд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Н.Р-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ё.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Ё.М- нь “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 82-83/ өгсөн байх тул шүүгдэгч Н.Р-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Н.Р нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 4-7 насны хүүхдүүдтэй ажил эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 /долоон/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Рд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 46 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 /долоон/ сар 46 /дөчин зургаан/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Н.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 /долоон/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Рд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 46 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 /долоон/ сар 46 /дөчин зургаан/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Рд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Рд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ