| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/09185/И |
| Дугаар | 210/МА2025/02173 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/02173
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/08828 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, 41,623,102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний дагуу *******-тай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г1-Д5-3-68 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр *******, *******, *******, ******* хотхоны 420 айлын орон сууцны барилгын 5 дугаар давхарт 68,39 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулахаар болж эрх шилжүүлэх гэрээний дагуу үнийг бүрэн төлж, 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тухайн байрандаа засвар хийж орсон. Гэтэл *******-ийн зүгээс одоог болтол орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй.
1.2 ******* нь дээрх гэрээнд зааснаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрхийн болон биет байдлын доголдолгүй байрыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч 2023 оны 05 сард гүйцэтгэл дутуу, дотоод засал хийгдээгүй байрыг хүлээлгэн өгсөн. Тухайн үед *******-ийн удирдлагууд ...та нар өөрсдөө засвар хийгээд орчих, бид засварын мөнгийг нь төлж барагдуулна гэсэн. Ингээд засварын ажлын хөлсийг хөрөнгийн үнэлгээний 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үнэлж 18,414,000 төгрөг болохыг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд 1,200,000 төгрөгийг тус -д төлсөн.
Мөн дээрх дотоод заслын засварын ажлыг гэж хүнээр хийж гүйцэтгүүлсэн ба түүнтэй 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 3 удаагийн үйлдлээр нийт 7,100,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.3 Бид орон сууцаа ашиглалтад орохыг хүлээн түрээсийн байранд амьдарсан бөгөөд хэрэв хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулсан бол түрээсийн мөнгө төлөх шаардлагагүй байсан. Түрээсийн төлбөрт 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарыг хүртэл нийт 26 сард 1 сарын 300,000 төгрөгөөр түрээслэн 7,800,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн.
1.4 Мөн гүйцэтгэгч нь орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаанаас 2 жил, 1 сарын дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн. Орон сууц захиалгын гэрээний 3.1.2-т зааснаар гүйцэтгэгч нь хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,01 хувийн алданги төлөхөөр тусгасан. Гүйцэтгэгч нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 770 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба тус хугацааг байрны үнэд төлсөн 92,326,500 төгрөгийн 0,01 хувь болох 9,232,6 төгрөгөөр тооцвол нийт 7,109,102 төгрөгийн алданги тооцогдож байна.
Иймд *******г *******, *******, *******, ******* хотхон, , орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхөд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, орон сууцны дотоод засал, бараа материалын үнэ 18,414,000 төгрөг, үнэлгээний хөлс 1,200,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд төлсөн 7,100,000 төгрөг, түрээсийн зардал 7,800,000 төгрөг, алданги 7,109,102 төгрөг, нийт 41,623,102 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Манай компани болон *******-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр лифт худалдах, худалдан авах, угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдан бөгөөд үнийн дүнд нь орон сууц авсан. Ингээд манай компанитай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан *******, *******, *******, ******* хотхоны 420 айлын орон сууцны ын 5 давхрын 68,39 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон бөгөөд орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулахаар тохиролцсон.
2.2 *******д дээрх орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрх бүхий этгээд манай компани биш. Манай компанид орон сууцны өмчлөгчөөр тогтоох эрх хэмжээ байхгүй тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3 Тухайн үед *******д орон сууцны дотоод засал хийгдээгүй байгааг хэлэхэд өөрөө засварлан орно гэсэн тул бид орон сууцыг хүлээлгэн өгсөн. Иймд дотоод засал, барилгын материалын үнэ 18,414,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 1,200,000 төгрөг, засварын ажлын хөлс 7,100,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй нь манай компаниас үл хамаарах шалтгаан болох ковид-19 цар тахлаас үүдэлтэй тул түрээсийн зардал 7,800,000 төгрөг, алданги 7,109,102 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 100 дугаар зүйлийн 100.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г *******, , лол, гудамж, ны орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг *******д гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, хариуцагч *******-иас 19,614,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,009,102 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,143,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 875,602 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ -ийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлантай хариуцагч нь маргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хохирол гэдэгт эд хөрөнгөнд учирсан бодит хохирлыг үзэхээс гадна үүрэг гүйцэтгэгч талын гэм буруутай үйлдэл хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх шалтгаант холбоог буюу анх ямар байр хүлээлгэж өгөөд нэхэмжлэгч ямар болгосон талаарх үйл баримтыг тогтоолгүйгээр шууд шалтгаант холбоотой хэмээн үзэж хохирол хэмээн үзсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол буюу 19,614,000 төгрөгт холбоотой хэсгийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүсэх хариуцлагын үндэслэлээр дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарлаж буй Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 228 дугаар зүйлд заасан гэм хорын харилцаанд хамаарахгүй, харин гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
5.2 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, үүнд үндэслэн дүгнэлт хийсэн. Хариуцагч нь тухайн ажлыг стандартын дагуу гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудлаар маргаагүй. Мөн -ийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг эсэргүүцээгүй, гомдол гаргаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, *******, *******, *******, ******* хотхон, , орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхөд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, орон сууцны дотоод засал, бараа материалын үнэ 18,414,000 төгрөг, үнэлгээний хөлс 1,200,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд төлсөн 7,100,000 төгрөг, түрээсийн зардал 7,800,000 төгрөг, алданги 7,109,102 төгрөг, нийт 41,623,102 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас дээрх орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... *******-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний дагуу *******-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, орон сууцны төлбөрийг төлсөн. Гэтэл орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхгүй байх тул гэрчилгээ гаргаж өгөхөд шаардлагатай бичиг баримт гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны засварын зардал болон түрээсийн зардал, алданги нийт 41,623,102 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.1 Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх шаардлагыг зөвшөөрнө. Харин манай компанид орон сууцны өмчлөгчөөр тогтоох эрх хэмжээ байхгүй тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны дотоод засал хийгдээгүй байгааг мэдэгдсэн боловч өөрөө засвар хийж орно гэсэн, мөн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй нь манай компаниас шалтгаалаагүй тул 41,623,102 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх маргааны зүйл болох тухайн орон сууцны өмчлөгчийн талаар тодруулалгүй нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрсдөө баримтаар нотлох үүрэгтэй боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх учиртай.
4.1 Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10-3/523 дугаар албан бичгээр ...*******, , ******* // гудамж, // тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нь өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд тухайн орон сууц нь бүхэлдээ байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04/20-326 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна гэжээ.
Мөн хэргийн 85-86 дугаар талд авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар *******, , ******* // гудамж, // 6511.75 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...*******-ийн хувьцаа эзэмшигч нь -ийн хувьцааг эзэмшдэг. Гэхдээ хувь эзэмшил байхгүй гэх тайлбар гаргасан.
4.2 Иймд маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчийн талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөгч ******* мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Уг үйл баримтыг шүүх тогтоосноор хариуцагч тухайн маргаанд хариуцвал зохих этгээд мөн эсэх нь тодорхой болж, шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөл бүрдэнэ.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, мөн уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/08828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 256,020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
М.БАЯСГАЛАН