| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/05121/И |
| Дугаар | 210/МА2025/02174 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/02174
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Ууганбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/07618 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 4,786,000 төгрөг, алданги 2,393,000 төгрөг, нийт 7,179,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 22-063 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулсан. Хариуцагч нь 1,5 м труба нийт 200 ширхэг бараа материалыг түрээслэн авч, 220 хоног ашигласан. *******-аас *******тай удаа дараа холбогдож түрээсийн төлбөр тооцоо болон үлдэгдэл бараа материалыг төлөх талаар шаардахад хариуцагч ******* нь ...тухайн бараа материалыг би гэрээ хийж авсан боловч ашигласан ******* төлбөрийг төлөх үүрэгтэй гэх тайлбар хэлдэг. Гэрээний дагуу 1.5 м урттай хар өнгөтэй 200 ширхэг трубаг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 220 хоног ашигласан ба нэг трубаг 121 төгрөгөөр тооцоход нийт төлбөр 5,324,000 төгрөг болсон бөгөөд *******ын төлсөн 1,726,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,598,000 төгрөгийг төлөөгүй.
1.2 Мөн ******* нь 1.5 м урттай труба 72 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй алга болгож дутаасан тул 1 ширхэг трубаны үнийг гэрээний 7.3-т зааснаар 16,500 төгрөгөөр тооцож актын төлбөрт 1,188,000 төгрөг тооцсон.
1.3 Мөн гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4,786,000 төгрөгөөс алданги тооцсон.
Иймд хариуцагч *******аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,786,000 төгрөг, алданги 2,393,000 төгрөг, нийт 7,179,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч *******аас түрээсийн гэрээний үүрэгт 7,179,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 129,814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9:59 минутад тус шүүхийн ibsch [email protected] майл хаягаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг үндэслэн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсныг мэдэгдэн хүсэлт хүргүүлсэн боловч тус хүсэлтийг шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл 105.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил болно.
Мөн дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг үнэлэлгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хангаагүйг илтгэх бөгөөд хэргийн хариуцагчийн няцаалт тайлбар, хэргийн үйл баримтад маргаж буй байдлыг шүүгч харгалзан үзээгүй нь хэргийг нэг талын байр суурийг баримталж шийдвэрлэх үндсэн шалтгаан нөхцөл болсон байна. Мөн шүүх хариуцагчийг шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэсэн байх боловч хариуцагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар гаргасан.
4.2 ******* нь дээрх түрээсийн гэрээний дагуу авсан бараа материалыг өөрт ашиглаагүй -ийн барьсан *******, *******, *******, ******* хотхоны ард талын барилгад ашигласан. Ингээд хариуцагчийн зүгээс 2022 оны 06 дугаар сард *******-аас гарсан. Үүнээс хойш ******* түрээсэлж байсан бараа материалаа *******-аас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан.
Дээрх үйл явдлын дагуу гэрчүүдийн мэдүүлгээр нь өөрийн ажилчдаараа гэрээ байгуулан бараа материал түрээсэлж байсныг нотлох ба гэрээг *******тай байгуулсан боловч тус бараа материалыг ашиглаж байсан гэдгийг гэрчүүд болон *******-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлт мөн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн орлогын падаанд хариуцагч *******аас өөр хүн гарын үсэг зурж хүлээлгэж өгснөөр батлагдаж байна.
4.3 Хариуцагчаас гаргасан хариу тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг *******-ийн гаргасан хүсэлтээр нотлогдож байхад ******* нэхэмжлэгчийн өмнө гэрээний түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас хойш шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг, янз бүрийн тайлбар тавьдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 9-10 удаа шүүх хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байдаг. Шүүх хуралдаанд ирсэн атлаа зугтаж гарч явдаг гэх мэт олон хугацаа авсан.
Нэхэмжлэгч талын зүгээс *******тай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр барилгын туслах бараа материал түрээслэх гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулж, төлбөр тооцооны хувьд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсэлсэн бараа, актын бараа үнэ, тоо ширхэгт маргадаггүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байдаг.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан учир мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан, барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,786,000 төгрөг, алданги 2,393,000 төгрөг, нийт 7,179,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй.
3. ******* болон ******* нар нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 22-063 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* түрээслэгч талд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын доголдолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд нь гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 58-60/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.
4.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.2 Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.5 метрийн хэмжээтэй, 200 ширхэг трубаг *******ад хүлээлгэн өгсөн болох нь *******-ийн Зарлагын падаан-аар, мөн ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 128 ширхэг трубаг буцаан хүлээлгэн өгсөн болох нь *******-ийн Орлогын падаан-аар тус тус тогтоогдсон. /хх 12/
Гэрээний 8.4-т Түрээслэгч нь түрээсийн бараа материалыг хугацаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх өдрийг хүртэлх хугацааны төлбөрөө түрээслүүлэгч талд төлнө гэж заасан.
Иймд хариуцагчаас түрээсийн зүйлийг хүлээн авсан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хүлээлгэн өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 5,324,000 төгрөг төлөхөөс 726,000 төгрөг төлсөн /хх 11/, мөн барьцаа 1,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 3,598,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт тооцон нөхөн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгч *******-ийн хүлээлгэн өгсөн 1.5 метр урттай трубанаас хариуцагч ******* нь 128 ширхгийг буцаан өгсөн, 72 ширхэг трубаг хүлээлгэн өгөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх гэрээний 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасныг үндэслэн дутагдуулсан 72 ширхэг трубаны үнэд хариуцагчаас 1,188,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэг болон мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5.1 Харин анхан шатны шүүх уг хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
6. Гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5%-ийн алданги төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
6.1 Харин анхан шатны шүүх алдангийг 200 ширхэг труба буюу гэрээний нийт үнийн дүн 3,598,000 төгрөг, мөн дутагдуулсан 72 ширхэг трубаны үнэ 1,188,000 төгрөгийг нэмж, нийт 4,786,000 төгрөгөөс тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 200 ширхэг трубаны түрээсийн үлдэх төлбөр 3,598,000 төгрөгөөс тооцох атал үүн дээр буюу 200 ширхэг трубанаас дутагдсан 72 ширхэг трубаны үнэ 1,188,000 төгрөгийг нэмж, нийт 4,786,000 төгрөгөөс тооцсон нь үндэслэлгүй болжээ. Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл 3,598,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тэнцүүлэн алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул шийдвэрт хариуцагчаас алданги 1,799,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
7. Гэрээний 2.16-д Тухайн түрээсийн гэрээний зүйл болох барилгын туслах материалыг ашиглах газар нь түрээслэн авагчийн *******, ******* ******* хотхоны ард талд 47о550.4N 106о59о40.7E ******* ...тоот хаягт оршин байгаа барилгын талбай байна. Хэвэр түрээслэгч нь барилгын туслах материалуудыг гэрээнд зааснаас өөр газарт шилжүүлэн ашиглах бол урьдчилан бичгээр, албан и-мэйл хаягаар, өөрийн биеэр ирж мэдэгдэх гэж /хх 59/ заасан байх боловч түрээсийн гэрээний зүйлийг -ийн барьсан барилгад ашигласан нь түрээсийн гэрээний үүргийг ******* хариуцахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй.
7.1 Түүнчлэн, гэрчүүд ******* нь барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, туслах материалыг *******-ийн хийж гүйцэтгэж байсан барилгын ажилд ашигласан гэж мэдүүлсэн, мөн тус бараа материалыг ашиглаж байсан нь түрээсийн гэрээний харилцаа ******* болон *******-ийн хооронд үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, ******* болон *******-ийн хооронд тухайн бараа материалыг түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцсон буюу гэрээний үүрэг үүссэн талаар бичгийн баримт авагдаагүй байх тул гэрээний нэг тал болох хариуцагч гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө биелүүлэх учиртай. Иймд ...******* нэхэмжлэгчийн өмнө гэрээний түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн, энэ нь гэрчийн мэдүүлэг, баримтаар нотлогдоно гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 41/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хариуцагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар гаргасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 101/ШЗ2024/06107 дугаар захирамжаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 101/ШЗ2024/06940 дугаар захирамжаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүгчийн 101/ШЗ2024/10248 дугаар захирамжаар, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 191/ШЗ2025/26825 дугаар захирамжаар тус тус хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх 64, 70-71, 89-90, 155-156/
8.2 Мөн хариуцагч талд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн. /хх 175-176/ Хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 59 минутад шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхийн и-мэйл хаягаар явуулсан. Анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан 10 цаг 05 минутад эхэлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт шүүх хуралдаан эхлэхэд хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаан эхэлснээс хойш бүртгэгдсэн болох нь шүүхийн дардсаар тогтоогдож байна. /хх 191-192/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн оролцогчдын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас нийт 6,585,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/07618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 6,585,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 594,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, хураамжид 129,814 гэснийг хураамжид 120,310 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 129,814 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
М.БАЯСГАЛАН