Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 558

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012470432 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, О.Н.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Н нь 2019 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-07 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч У.З-г “хүүхэд дагуулж архи уулаа" гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ:

“...Би тухайн үед Улсын татварын ерөнхий газар сантехникийн ажил хийж байсан. Тэгээд ажилдаа гараад гэртээ ирэхэд эхнэр өглөө нь гэрээ цэвэрлэлгүй гараад орой 00 цаг өнгөрч байхад согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод над руу түлээний мод шидсэн. Мөн тэр охиноо дагуулж явж архи уусан болохоор нь ганц хоёр цохиж, өшиглөсөн. Миний буруу...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Нын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орой 21 цаг өнгөрж байхад гэртээ ирсэн чинь манай эхнэр хүүхэд 2 гэртээ байхгүй байсан. Шөнө 00 цагийн орчимд Золзаяа хүүхдээ тэвэрсэн согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцсан би тэсэлгүй У.З- нүүрлүү нь 2, 3 удаа алгадсан, гараараа мөр, гарлуу нь цохисон, гуяруу гараараа цохисон тэгээд маргалдахаа болиод байж байтал Золзаяа чиний гутлыг аваад ирье гэж хэлээд гараад гүйсэн. Гарч яваад ирэхгүй хаалгаа түгжээд унтсан шөнө 02 цагийн үед Золзаяа ирээд хаалга тогшоод байхаар нь би хаалгаа онгойлгож өгөөгүй юм. Тэгтэл 03 цагийн үед цагдаа дагуулж ирэхээр нь Золзаяа бид 2 хамтдаа цагдааруу явсан. Гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрж байна. Бүгд миний буруу хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 65-66/

 

Мөрдөн байцаалтад хохирогч У.З-гийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз О-гийндаа байж байгаад орой 23 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ ирэхэд нөхөр Нямбаяр ажлаасаа тараад гэртээ ирсэн байсан. Намайг гэртээ ортол нөхөр үгийн зөрүүгүй толгойруу алгадаад, нүүрлүү цохисон би цохиулаад газар унасан чинь хоёр гуя, баруун зүүн хөлрүү хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Зодож байснаа надаас миний гутал хаана байна гэж асуусан би өдөр нь гэрээс гарах гэхэд өмсөх гутал байхгүй болохоор нь нөхрийнхөө гутлыг өмсөөд гарсан юм найз О-гийнд очиход О- надад гутал өгсөн юм би О-гийн өгсөн гутлыг өмсөөд нөхрийнхөө гутлыг О-гийнд үлдээсэн юм. Хэрүүл маргаан зодоон арай намжихаар нь би нөхөртөө гутлыг чинь аваад ирье гэж хэлээд гэрээс гараад цагдаа дуудсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 54-56/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Энхцолмонгийн өгсөн:

“...У.З-ийн биед учирсан духны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа зэрэг, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүгүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 2676 тоот: 

1. У.З-гийн биед духны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна дээд гадаргуу, баруун бугалга, тохой, шуу, хэвлий, зүүн мөр, дал, зүүн бугалга, шуу, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, баруун өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 32/,

 

- хохирогчийн гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй тухай хүсэлт /хх-н 57/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхий лавлагаа /хх-н 58/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Н нь 2019 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-07 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч У.З-г “хүүхэд дагуулж архи уулаа" гэсэн шалтгаанаар зодож, биед духны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна дээд гадаргуу, баруун бугалга, тохой, шуу, хэвлий, зүүн мөр, дал, зүүн бугалга, шуу, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, баруун өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Нын “...Шөнө 00 цагийн орчимд Золзаяа хүүхдээ тэвэрсэн согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцсан би тэсэлгүй У.З- нүүрлүү нь 2, 3 удаа алгадсан, гараараа мөр, гарлуу нь цохисон, гуяруу гараараа цохисон...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч У.З-гийн “...Намайг гэртээ ортол нөхөр үгийн зөрүүгүй толгойруу алгадаад, нүүрлүү цохисон би цохиулаад газар унасан чинь хоёр гуя, баруун зүүн хөлрүү хэд хэдэн удаа өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Н.Энхцолмонгийн “...У.З-ийн биед учирсан духны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа зэрэг, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүгүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 2676 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч У.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч У.З- нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 54-56/, хүсэлт /хх-н 57/ гаргасан байх тул шүүгдэгч О.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Нт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгуулж 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт тооцож 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар О.Ныг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 33 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлөх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар О.Ныг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 33 хоногоор тогтоосугай.

 

   4. О.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ