Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 16

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганжуур,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Ч.Ю нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Чгийн Юид холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1983 оны …-р сарын ....-ны өдөр Дорноговь аймгийн ....... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хувиараа мал малладаг, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ......... сумын .... дугаар баг ....... гэх газарт оршин суух, урьд 2002 оны 01-р сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Г овогт Чгийн Ю.........,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ю нь 2019 оны 01-р сарын 02-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн ...... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Жын гэрт түүний толгойд архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ч.Ю шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

    Шүүгдэгч Ч.Юийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Ж ахын толгой руу 1-2 удаа шилээр цохисон ...Б бид 2 эмнэлэг рүү явж түргэн дуудсан ...нийт 1500000 төгрөг Жт эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

     Хохирогч Ж.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...дэлгүүрийн гадаа нутгийн дүү Ю таараад тэгээд бид 2 нийлээд гэрт ...орж гал түлээд цай чанаж уугаад тэгээд архиа тойруулангаа жаал ярьж сууцгаасан ...тэгээд хоорондоо жаахан маргалдсан. Ю архины шилээр толгой руу цохисон тэгээд хагарсан ...эмчилгээний зардалд зориулж ...нийт 1500000 төгрөг өгсөн ...одоо бид 2 эвлэрсэн,  ямар нэг гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
 
      Гэрч Ж.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...аав болох Жынд очсон чинь гэр оронд хүмүүс архи уусан байдалтай нэлээн бохирдсон байдалтай байсан. Манай танил ах Ю, аав хоёр архи ууж байсан ...өглөө аавыгаа хүнд зодуулсаныг мэдсэн...’' гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

      Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...04 цагийн үед хаалга балбаад байхаар нь сэрээд харсан хаалга нээсэн чинь Ю ах нэлээн согтуу бололтой гадаа хаалганы үүдэнд зогсож байхаар нь шөнө орой яаж яваа юм бэ хөлдөж үхэх нь байна гээд хэлсэн чинь ах нь... Ж ахыг шилээр цохичихлоо ...гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

           Гэрч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ж ахыг ...Ю цохисон гэж байна гэсэн ...гэрт нь орсон чинь Ж ах гэрийнхээ зүүн хойд талд хэвтэж байсан нэлээн цус алдсан байсан. Ю зуухны хажууд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

        Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01-р сарын 07-ны өдрийн 02/044 дугаартай: "...Ж.Жын биед дух, хүзүүний шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ю нь 2019 оны 01-р сарын 02-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Жын гэрт түүний толгойд архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Г овогт Чгийн Юийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ю нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

           Хавтаст хэргийн 6-р хуудаст хохирогч Ж.Ж нь “...эмчилгээний зардалд 2018 оны 01-р сарын 02-ны өдөр бэлэн 300000 төгрөг, 2018 оны 01-р сарын 05-ны өдөр 1200000 төгрөг, нийт 1500000 төгрөг өгсөн. Одоо бид 2 эвлэрсэн. Надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Ч.Юийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ч.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Юид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Чгийн Юийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Юийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ю торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ю нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Юид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 
                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА