| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/03773/И |
| Дугаар | 210/МА2025/02214 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02214
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/08837 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 90,808,801 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******ийн хүсэлтийн дагуу түүний дүү болох дахь ******* тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 23,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 27,449,3304 төгрөг ******* зээл гэх гүйлгээний утгатайгаар 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр аман хэлцэл, итгэлцэл дээр үндэслэн нийт 50,449,334 төгрөгийг зээлдүүлсэн.
Энэхүү зээлийг ******* нь өөрийн төрсөн дүү болох *******тайгаа ...*******-ийг байгуулсан барилгын тендерийн ажил хийх гэж байгаа. Тендерийн ажил хийж, олсон орлогоороо чамаас өмнө нь нөхөр той хамт зээлж авсан 240,000,000 төгрөгийн зээлийн өөрт ногдох хэсгийг төлөх, мөн 2018 онд зээлсэн 40,000,000 төгрөгөө, хүүгийн хамт, 2019 онд зээлсэн 32,400,000 төгрөгөө хүүгийн хамт төлье гэж хэлэн зээлж, дөрвөн сарын дотор эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар нь одоог хүртэл төлөөгүй.
1.2 ******* болон түүний дүү *******д өгсөн бүх зээлүүдээ буцаан авах талаар удаа дараа холбогдож, шаардаж, утсаар холбогдож, мессеж бичиж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хориотой үе таарч, уулзах боломжгүй болж байсан. Мөн 2021 онд ******* нь хүнд өвчин тусч 2021-2022 онуудад эмчилгээ хийлгэж байсан тул *******, ******* нарыг биеэр эрэн хайх, уулзах боломжгүй байсан.
1.3 ******* нь зээлээ төлөхгүй байсан тул ******* нь залилсан гэж үзэн 2022 онд Дорнод аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч Дорнод аймгийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153 тоот тогтоолоор уг хэрэг нь залилах гэмт хэргийн шинжгүй иргэний маргаан байна гэж үзэн хэргийг хааж шийдвэрлэсэн. Тус шийдвэртэй санал нийлэхгүй байсан тул Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1069 тоот албан бичгээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Иймд *******, ******* *******-аас үндсэн зээл 50,449,334 төгрөг, хүү 10,089,866 төгрөг, алданги 30,269,600 төгрөг, нийт 90,808,801 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******оос огт мөнгө зээлж аваагүй бөгөөд уг мөнгийг миний эгч ******* миний дансаар дамжуулж авсан. Би *******оос миний данс руу орж ирсэн мөнгийг бүгдийг нь *******ийн данс руу шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээ байгуулаагүй, *******оос мөнгө зээлж аваагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******, *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 ******* нь 2019 онд *******оос өөрийн дүү дансаар дамжуулан нийт 50,449,334 төгрөгийг аман тохиролцоогоор зээлж авсан бөгөөд ингэхдээ бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги төлнө гэж огт тохиролцоогүй. Талууд зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг буцааж төлөхөөр тохиролцсон.
Хариуцагч нь *******оос зээлсэн 50,449,334 төгрөгөө 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ны тоот данснаас *******ын ны тоот данс руу 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ны АТМ-ээс *******ын тоот данс руу 10,000,000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг тус тус төлж дуусгасан.
3.2 *******ын хувьд компанид мөнгө зээлдүүлж байгаагүй, компанитай зээлийн гэрээний харилцаа үүсгэж байгаагүй, зээлсэн болох нь нотлогдохгүй байх бөгөөд бусдад зээлсэн мөнгөө компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.3 Түүнчлэн, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 4 сарын хугацаатай зээлдүүлсэн бол гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн, зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хойш 6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хэдийд байгуулагдсан аль зээлийн гэрээний үүргийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, мөн хэнээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, *******-иас зээлийн гэрээний үүрэгт 90,808,801.20 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Хариуцагч талын итгэл алдсан үйлдлийг хэн нэгнийг залилсан, хуурсан үйлдэл гаргаагүй гэж үзэн хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсаны дагуу Иргэний хэргийн шүүхэд хандсаныг Иргэний хуульд заасан өөрийн эрхээ хэрэгжүүлэх, шаардах эрхийн хугацааг тасалдсан гэж үзээгүй нь учир дутагдалтай.
Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг шүүх хугацаа тоолоход хэрэглээгүй. Талуудын мөнгөн төлбөрийн үүргээ хэрэгжүүлэх явцад дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтсон, мөн төлбөр төлөгч нар төлбөрийн хугацааг хойшлуулж өгөөч гэж хүсэж байсан.
5.2 Талууд бичгээр гэрээ байгуулаагүй учраас үүрэн телефоны дугаараас харилцан тохиролцож, төлөлт хийх хугацааг сунгаж байсныг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй учир энэ нотлох баримтыг шүүх шаардлага хангаагүй гэж үзэх нь учир дутагдалтай.
Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн учир шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******, *******-ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг хариуцагч ******* авсан. Үүний дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлийг бүрэн төлсөн гэж шүүх дүгнэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,449,334 төгрөг, хүү 10,089,866 төгрөг, алданги 30,269,600 төгрөг, нийт 90,808,801 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь данс руу 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр 3,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 12-ны өдөр 7,449,334 төгрөг, мөн өдөр 20,000,000 төгрөгийг тус тус ******* зээл гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /хх 8-9, 131/
3.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь ...2019 онд нэхэмжлэгч *******оос өөрийн дүү дансаар дамжуулан нийт 50,449,334 төгрөгийг аман тохиролцоогоор зээлж авсан гэх тайлбар гаргасан. /хх 128/
3.2 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.
3.3 Хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс 50,449,334 төгрөг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй тул анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд 50,449,334 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзсэн нь зөв.
3.4 Хариуцагч ******* нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 49,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Тодруулбал, шүүх хуралдаанд хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 49,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн талаар тайлбар гаргаснаас гадна нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй. /хх 195/
4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, хариуцагч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбар гаргасан. Уг хариу тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж, мэтгэлцээгүй. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан завсарлахаас өмнө нэмж гаргасан тайлбартаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар тайлбар гаргасныг зохигчид энэ талаар мэтгэлцсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд зохигчид хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад анхан шатны шүүх уг хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын зарчимд нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүүгийн төлбөр шаардах эрхээ алдана. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй байна.
5.1 Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Талууд алдангийн талаар гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.
6. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 50,449,334 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 49,500,000 төгрөгийг хасч, үлдэх 949,334 төгрөгийг хариуцагч *******аас шаардах эрхтэй тул шийдвэрт өөрчлөлт оруулна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, хариуцагч -ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хариуцагч *******, *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/08837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 949,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,859,467 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч *******, *******-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******аас 27,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
М.БАЯСГАЛАН