Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02201

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/*******74 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 62,120,000  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулах, адил чанарын ажилд томилох үүрэг хүлээлгэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 62,120,000  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулах, адил чанарын ажилд томилох үүрэг хүлээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-т 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хуулийн зөвлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд тус газрын захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар жирэмсний амралт авсан. /хх-ийн 69/

 

3.2. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил албан тушаалдаа эргэн орох хүсэлтийг хариуцагч ******* ОНӨААТҮГ-т гаргасан боловч хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот тогтоол, 2021 оны 10 дугаар зүйлийн 13-ны өдрийн 06 тоот тогтоолоор тус тус байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, хуулийн зөвлөхийн орон тоог хассан байсан. /хх-ийн 57-68, 72/

 

3.3. Нэхэмжлэгчийн зүгээс ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******ийг ******* ОНӨААТҮГ-ын хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг ******* ОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 11-17/

 

3.4. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хандан 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтдээ ...шүүхийн шийдвэрээр хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч шийдвэрийг биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу өөр ажилд томилох боломжгүй бол ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгвөл миний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон шүүхийн байгууллагад дахин хандахгүйгээр маргааныг дуусгавар болгоход татгалзах зүйлгүй... гэжээ. /хх-ийн *******/

 

3.5. Хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн жирэмсний амралтаа авсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байсан байна. /хх-ийн 25-26/

 

3.6. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажил албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу томилоогүй байх хугацаанд тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин хүүхэд төрүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/47 тоот тушаалаар *******ийн гэр бүлд шинээр мэндэлсэн хүүхдэд 150,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. /хх-ийн 71/

 

3.7. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...ажилд томилуулах хүсэлт гаргахад хариуцагч байгууллагаас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* тоот албан бичгээр ...Ногоон байгууламжийн хэсгийн мэргэжилтэн гэх ажлын байрыг санал болгосон хариу өгсөн байна. /хх-ийн 74, 77/

 

3.8. Хариуцагч ******* ОНӨААТҮГ нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч нэхэмжлэгч нь уг гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсэн тул дахин гүйцэтгэх хуудас гаргаж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар дээрх гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудсыг дахин гаргасан тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 9-10/

 

3.9. Хариуцагч байгууллагаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нэхэмжлэгч нарт хандан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* тоот албан бичгээр сул ажлын байрны мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахад тус хорооны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурсан. Уг тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 10-12/

 

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 08 дугаар сар хүртэлх буюу нийт 33 сарын ажилгүй байсан хугацааны цалин 62,120,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь ...батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй, харин ажлын байрны сул орон тоог түүнд санал болгосон боловч хүлээж аваагүй гэж тайлбарлан маргасан.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасны дагуу хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв гэж дүгнэсэн.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.

 

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хэргийн баримтаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулсан болох нь тогтоогдоогүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Харин нэхэмжлэгчид ажлын байрны сул орон тоог санал болгож буй нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй талаар хийсэн дүгнэлт зөв байна. Учир нь ажил олгогчийн зүгээс ажилтанд санал болгож буй ажлын байр нь түүний мэргэжлээс өөр, албан тушаалын цалин хөлс нь дүйцэхүйц бус байгаагаас үзвэл адил чанарын өөр ажил албан тушаал санал болгосон гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчийн ...ажлаас үндэслэлгүйгээр халсан тушаал гараагүй, харин бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон учраас шүүхийн шийдвэрээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчид өөр төрлийн орон тооны ажилд авах боломжтой гэх хариу өгсөн, харин түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халаагүй байхад шүүх ажлын байранд эгүүлэн тогтоосон гэж үзнэ гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй... гэх гомдлыг хангахгүй.

 

5.1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан.

 

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахдаа үндсэн цалин болох 1,100,000 төгрөгөөс дундаж цалин хөлсийг тодорхойлж, түүний жирэмсний амралттай байх хугацааг оруулж тооцсон нь үндэслэл муутай болсныг дараах байдлаар залруулан дүгнэв.

 

5.3. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгчийн хоёр дахь төрөлтийн хугацаа болох 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнөх 2 сар буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 сарын хугацаа, мөн нэхэмжлэгчийн ажилд орох хүсэлт гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаа, нийт 10 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг түүний ажиллаж байх үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тогтвортой 3 сар буюу 2020 оны 8 сар, 2020 оны 9 сар, 2020 оны 10 сарын дундаж цалин хөлс 5,040,244 :3 сар = 1,680,081.33 төгрөг, 1,680,081.33 төгрөг : 21.5 ажлын өдөр = 78,143.31 төгрөг, 78,143.31*215 ажилгүй байсан хугацаа = 16,189,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн ...нэхэмжлэлийн шаардлагаас 25,820,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй гэх, хариуцагчийн ...нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр халсан гэж дүгнэн дундаж цалин хөлсийг 1,100,000 төгрөгөөр тогтоож нэхэмжлэгчийн шаардсанаас өөр үндэслэлээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг тус тус хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/*******74 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...36,300,000 гэснийг ...16,189,090 гэж, ...25,820,000 гэснийг ...45,930,910 гэж,

3 дахь заалтын ...339,450 гэснийг ...238,895 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ