Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 559

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б.Н,

хохирогч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Нэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805060010584 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.Н.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар байрны 29 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг түрээслэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Дгаас 3 480 000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ:

“...Би анхнаасаа тэр байрыг минийх гэж Д-д хэлээгүй. Би түүнд давхар түрээслээд сар бүр өмнөөс нь түрээсийг нь төлнө гэж хэлсэн. Миний түрээслэн ажиллуулж байсан дэлгүүр хүнд байдалд ороод 8 дугаар сарын 23-нд Д-гаас авсан 3.480.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг байрны эзний данс руу шилжүүлсэн. Би түрээслэж байсан дэлгүүрээсээ 9 дүгээр сард гараад 145.000 төгрөг өгөөд 10 дугаар сарын 02-нд 225.000 төгрөг өгсөн. 11 дүгээр сараас миний биеийн байдал муу байж байсан ба 1 дүгээр сард хагалгаанд орсон. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр цагдаагийн газар өөрөө очсон ба цагдаагийн газраар шалгуулж байсан учраас алдан онон ажил хийсэн. Ингээд нэг сар ажил хийгээд 500.000 төгрөгийг өчигдөр өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Д мэдүүлэхдээ:

“...Би хөгжлийн бэрхшээлтэй 3 дүүтэй. Байр түрээслэх зар харж байтал 350.000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлнэ гэсэн зар байхыг харсан. Тэгээд Нтэй уулзаад “танай байр уу” гэж асуухад “эзэн нь Солнгос хүн байдаг юм, надтай гэрээ хийж орж болно” гэж хэлсэн. 8 дугаар сарын 23-ны өдөр цаасан дээр гэрээ хийгээд 2.000.000 гаран төгрөг данс руу нь шилжүлсэн. Тэгэхдээ би “эгчээ би өнөө маргаашдаа орохгүй, 8 дугаар сарын 28-ны үед байранд орно” гэж хэлээд тухайн байрны нэг түлхүүрийг авсан. 8 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орсон. Би 9 дүгээр сарын 28-ны үед ажлаар Эрдэнэт хот руу явж байгаад осолд орсон. 10 дугаар сард манай дүү “ахаа энд байрны эзэн гээд хүн ирсэн байна” гэж мессеж бичсэн. 88993399 дугаарын утаснаас над руу нэг хүн залгаад “танихгүй хүн орсон байна, хөөж гаргана” гэж хэлсэн. Би Н рүү “юу болж байгаа юм бэ, нэг хүн залгаж байна” гээд мессеж бичихэд “эгч нь манай дүү нар байгаа юм гээд хэлчихсэн байгаа, чи Нийн дүү байгаа юм гээд хэлчих” гэсэн хариу ирсэн. Би 10 дугаар сарын сүүлээр ирээд Н рүү залгахад ажилтай байна гэж хэлээд уулзахгүй байсан. 10 дугаар сарын 25-нд Б “түрээсийн мөнгө ороогүй байна” гэж хэлсэн. Би түрээсийн мөнгө ороогүй байна гэдгийг Нт хэлэхэд алга болсон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Нийн өгсөн:

“…2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шиг санаад байна, энэ үед би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын 7/6 29 тоот 1 өрөө орон сууцыг Б гэж хүнээс 1 сард 400.000 төгрөгөөр түрээслэхээр барьцаа 100.000 төгрөг өгч түрээслэн амьдардаг байсан ба хажууд нь Төмөр зам апартментийн байрны 1 дүгээр давхарт байрлах хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байсан юм. 2018 оны 7 дугаар сараас Төмөр зам апартментийн урд талд газар ухаад дулааны шугамын засварын ажил эхлээд хүн явахад хүндрэлтэй болоод дэлгүүр орлогогүй болохын зэрэгцээ 2018 оны 07, 08 дугаар сарын түрээсээ өгч чадахгүйд хүрээд дээр дурдсан түрээслэн амьдардаг байсан байраа давхар түрээслэхээр Үнэгүй.мн дээр зар тавьж зарын дагуу Д- гэх хүнд 1 сарын 300.000 төгрөгийн түрээстэйгээр 10 сарын хугацаатай түрээслэхээр дансаар 3.000.000 төгрөг авсан. 3.000.000 төгрөгийн 1.600.000 төгрөгийг дэлгүүрийн түрээсийн мөнгөнд 350.000 төгрөгийг дэлгүүрийн тогны мөнгөнд, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Барилгачдын 7/6 29 тоот 1 өрөө орон сууцны түрээсийн мөнгөнд Б гэж хүнд 400.000 төгрөг, 650.000 төгрөгөөр дэлгүүртээ бараа аваад дууссан. 2018 оны 10 дугаар cap хүртэл би дэлгүүрээ ажиллуулаад дэлгүүр дотроо амьдардаг байсан ба ашиг орлогогүй болоод дэлгүүрийн түрээс нэхэгдээд дэлгүүрийнхээ барааг шавхаад Д-д түрээслэсэн байрны 9 дүгээр сарын түрээсийн мөнгийг шилжүүлээд гарсан. Гараад мөн ажил хийж байгаад 2018 оны 10 дугаар сарын түрээсийг мөн Бийн дансанд шилжүүлсэн. Тэгээд би 2018 оны 10 дугаар сард Өмнөговь аймаг руу очиж туслах тогоочийн ажил хийж байгаад 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр ажил дээрээ байж байгаад хэвлий дээрээ төмөр унагаагаад дотуур цус алдаад Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороод одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна. Би өвчтэй байсан болохоор надад мөнгө төгрөг байхгүй утсаа авч чадаагүй. Би Д-д учирсан хохирлын ажил хийж байж төлж барагдуулна. Д-д байрны 2 сарын түрээс болох 800.000 төгрөгийг шилжүүлсэн тул 800.000 төгрөгийг хохирлоос хасуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 74-75, 84/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Дгийн өгсөн:

            “...Би байр түрээслэхээр үнэгүй зарын сайтаас зар хайж байхад 2018 оны 8 сарын 23-ны өдөр андуудын 7/6-р байранд 1 өрөө байр түрээслэнэ, тог усны мөнгө ороод сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ, төлбөрийг 6-10 сараар авна гэсэн байсан. Ингээд би уг зарын дагуу 88188911 дугаарын утсаар холбогдоод байрыг түрээслэхээр болсон ба уг байрны эзэн гэх Н гэж эмэгтэй сарын 350.000 төгрөг 10 сарын 3.500.000 төгрөг өгөөд 10 cap амьдар энэ миний байр гээд байрандаа шинэ обой наагаад засвар хийж байсан. Тэгээд би түрээслэхээр болоод уг эгчид 2018 оны 8-р сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны байранд нь байхдаа 2.900.000 төгрөгийг Хаан банкны өөрийнхөө данснаас уг эгчийн 5009123619 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд 2018 оны 8-р сарын 30-ны өдөр гэртээ байхдаа 450.000 төгрөгийг мөн уг данс руу шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл 150.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан чинь над руу залгаад нойлын өрөөний суултуурны таг болохгүй байгаа, чи 20.000 төгрөгөөр өөрөө худалдаад авчих, тэгээд над руу 130.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Ингээд би Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг өөрийн ах болох ШаравСгийн гэрт байхдаа үлдэгдэл 130.000 төгрөгийг мобайл банк ашиглаж шилжүүлсэн. Гэтэл тэр өдөр намайг гэртээ байхгүй байхад манай 2 дүүг байхад гаднаас үл таних ххүн байрны эзэн гэж орж ирээд явсан байсан ба уг хүн манай дүүгээс миний дугаарыг аваад надтай ярьсан. Тэгээд би уг хүнтэй утсаар ярьтал би байрны эзэн байна, байрны түрээсийн хугацаа дууссан танай дүү нарыг хөөж гаргалаа, цагдаа дуудлаа гэсэн. Тэгэхээр нь би мөнгө өгсөн Н рүү залгатал миний утсыг авахгүй, мессеж бичтэл урдаас өөр өөр юм яриад байсан. Тэгээд би байрны эзэн гэх хүнд энэ талаар хэлээд Нтэй холбогдоход би чиний мөнгийг аваад мөнгөөр чинь гэр авчихсан, би чиний байрны түрээсийн мөнгийг cap сард нь байрны эзэн рүү шилжүүлээд байна гэсэн боловч одоог болтол мөнгө шилжүүлээгүй, миний утсыг авахгүй алга болсон ба байрны эзэн лүү түрээс гэж 130.000 төгрөг нэг удаа шилжүүлсэн байна лээ. Байрны эзэн мөнгөө өгөхгүй бол гар гэдэг шаардлагыг бидэнд тавиад бид байрнаас нь гарах гэж байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Уг эмэгтэй Өмнөговь аймагт ажилладаг хөдөө байгаа гэдэг ба энэ хүнийг олж өгнө үү. Би хохирлын мөнгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна. Би нийт 3.480.000 төгрөг залилуулсан. Н миний өгсөн мөнгөнөөс зөвхөн 1 сарын түрээсийн 350.000 төгрөгийг л өгсөн байсан. Одоо үлдэгдэл 3.130.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бийн өгсөн:

“...Би өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны 29Б тоот 1 өрөө орон сууцыг бусдад түрээслэдэг юм. 2018 оны 4 дүгээр сард би дээрх орон сууцаа түрээслэхээр шуурхай зар сонинд зар өгсөн байсан чинь Н гэх эмэгтэй надтай холбогдоод манай байрыг түрээслэхээр болоод 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Н нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 400.000 төгрөгөөр түрээслэхээр орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэрээ хийсэн юм. 400.000 төгрөг дээр нэмээд барьцаа 100.000 төгрөгийг мөн надад өгсөн. Одоогоос 1 cap гаруй хугацааны өмнө бас байрны түрээсийн мөнгө миний дансанд орж ирэх ёстой байтал дансанд түрээсийн мөнгө орж ирэхгүй болохоор нь би байр луугаа очиход байран дотор танихгүй 3 охин байхаар нь гайхаад Н гэх хүнийг асуухад манай ах С гэж хүн мэдэж байгаа гэж хэлсэн. С гэх хүнтэй утсаар холбогдож ярихад “Би Нийг таньдаг юм, манай 2 дүү Нийн 1 дуүтэй хамт энэ байранд амьдарч байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би түрээсийн мөнгөө өгөхийг шаардахад Нтэй холбоо бариад эргээд хэлье гэж хэлээд 2-3 хоногийн дараа миний дансанд байрны түрээсийн мөнгө орсон. Ойролцоогоор 20 орчим хоногийн өмнөөс С гэх залуу “би Нт залилуулчихсан юм аа та цагдаа дээр очиж уулзаад надад туслаач” гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй. Би тухайн үед С гэх залууд би өөрийг чинь танихгүй, шал танихгүй хүний өмнөөс би яах гэж цагдаа дээр очиж уулзах юм бэ” гэж хэлээд өнгөрсөн. Одоо С манай байрнаас гараагүй байгаа ба 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэпх хугацааны түрээсийн мөнгө болох 400.000 төгрөгнөөс 200.000 төгрөгийг нь өгөөд өөр мөнгө өгөөгүй байгаа.

Би Нтэй орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуупсан. Гэрээн дээр 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэнэ гэж гэрээ байгуулсан. Гэхдээ цаашид түрээслэх хугацаагаа сунгахаар болвол миний дансанд 400.000 төгрөг орсноор түрээсийн хугацаа автоматаар сунгагдана гэж заасан байгаа. Н байр түрээслэхдээ би ойрхон дэлгүүр түрээслэж ажиллуулдаг учраас танай байрыг түрээслэж байгаа юм аа гэж хэлсэн. Яг хэнтэй хэдүүлээ амьдрах талаар надад ямар нэг зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

 

- хувь хүн хооронд хийсэн түрээсийн гэрээ /хх-н 16/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

           

            Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар байрны 29 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг түрээслэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Дгаас 3.480.000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Б.Нийн “…2018 оны 07, 08 дугаар сарын түрээсээ өгч чадахгүйд хүрээд дээр дурдсан түрээслэн амьдардаг байсан байраа давхар түрээслэхээр Үнэгүй.мн дээр зар тавьж зарын дагуу Д- гэх хүнд 1 сарын 300.000 төгрөгийн түрээстэйгээр 10 сарын хугацаатай түрээслэхээр дансаар 3.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг,   

 

хохирогч Н.Дгийн “...уг байрны эзэн гэх Н гэж эмэгтэй сарын 350.000 төгрөг 10 сарын 3.500.000 төгрөг өгөөд 10 cap амьдар энэ миний байр гээд байрандаа шинэ обой наагаад засвар хийж байсан. Тэгээд би түрээслэхээр болоод уг эгчид 2018 оны 8-р сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны байранд нь байхдаа 2.900.000 төгрөгийг хаан банкны өөрийнхөө данснаас уг эгчийн 5009123619 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд 2018 оны 8-р сарын 30-ны өдөр гэртээ байхдаа 450.000 төгрөгийг мөн уг данс руу шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл 150.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан чинь над руу залгаад нойлын өрөөний суултуурны таг болохгүй байгаа, чи 20.000 төгрөгөөр өөрөө худалдаад авчих, тэгээд над руу 130.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Ингээд би Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг өөрийн ах болох ШаравСгийн гэрт байхдаа үлдэгдэл 130.000 төгрөгийг мобайл банк ашиглаж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Бийн “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Н нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 400.000 төгрөгөөр түрээслэхээр орон сууц түрээслүүлэх, түрээслэх гэрээ хийсэн юм. ...Одоогоос 1 cap гаруй хугацааны өмнө бас байрны түрээсийн мөнгө миний дансанд орж ирэх ёстой байтал дансанд түрээсийн мөнгө орж ирэхгүй болохоор нь би байр луугаа очиход байран дотор танихгүй 3 охин байхаар нь гайхаад Н гэх хүнийг асуухад манай ах С гэж хүн мэдэж байгаа гэж хэлсэн. С гэх хүнтэй утсаар холбогдож ярихад “Би Нийг таньдаг юм, манай 2 дүү Нийн 1 дуүтэй хамт энэ байранд амьдарч байгаа юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хувь хүн хооронд хийсэн түрээсийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Нийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Би нийт 3.480.000 төгрөг залилуулсан. Н миний өгсөн мөнгөнөөс зөвхөн 1 сарын түрээсийн 350.000 төгрөгийг л өгсөн байсан. Одоо үлдэгдэл 3.130.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг мөн шүүх хуралдааны өмнө хохиролд төлсөн 500,000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч Б.Нээс 2.630.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Дд олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Нээс 2.630.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Дд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ