Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/01326

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01225 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1384 дүгээр магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.А-д холбогдох,

2.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани Авто ломбардын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ц.А- 2015 оны 11 сарын 09-ний өдөр Toyota Mark-2 маркийн авто машиныг нь барьцаалж 1.500.000 төгрөгийг 7% -ийн хүүтэй, 1 сарын хугацаатай унаж явах нөхцөлтэй зээлийн гэрээ хийж зээл олгосон. Гэвч зээлдэгч 2016 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл зөвхөн зээлийн хүүгээ хагас дутуу хийж байгаад түүнээс хойш төлбөр хийгээгүй. Анх зээл авахдаа Ц.А- нь тус машинаа манай компаний нэр дээр шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцож хэд хэдэн удаа торгууль авсан мөн барьцааны машин хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа. Үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 90.000 төгрөг, алданги 750.000 төгрөг нийт 2.340.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сарын 09-ний өдөр миний найз Б.Ариунбаяр Тоуота Марк-2 маркийн машиныг иргэн Намхайдорж гэдэг хүнд зарсан. Гэтэл мөнгө нь хүрэхгүй байсан тул “Н” ХХК-д барьцаанд тавиад үлдэгдэл 1.500.000 төгрөгийг Б.Ариунбаярт өгөхөөр болсон. Намхайдорж хөдөөний хаягтай байсан тул миний нэр дээр уг зээлийг авсан бөгөөд төлж дуусгаад Намхайдорж өөрийн нэр дээр машинаа шилжүүлж авна гэж тохирсноор уг зээлийг авсан. Гэтэл Намхайдорж зээлээ төлөхгүй байсан тул миний бие “Н” ХХК-ны ажилтантай хамт Дорнод аймгийн Дашбалбар суманд очиж Намхайдоржтой уулзаж машинаа авах гэтэл Намхайдорж өгөөгүй бөгөөд хурдан төлж барагдуулахаар тохирсон. Иймд барьцаанд тавьсан машиныг хураан авч өр төлбөрийг барагдуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01225 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.А-аас 2.340.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1384 дүгээр магадлалаар:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А-аас 2.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагчаас 52.400” гэснийг “хариуцагчаас 50.950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 16 өдрийн 1384 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус зээлийн гэрээг 2017 оны 11-р сарын 09-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 09-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай байгуулсан боловч нэхэмжлэгч талаас 2016 оны 03-р сарын 09-ний өдөр хүртэл хүү төлсөн гэх бөгөөд тус хүүг Ц.А- миний бие төлөөгүй. Иргэний хуулийн 282.3.хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу 9 сарын хугацааны хүүг шүүхээс үнэлж үзээгүй бөгөөд гэрээг сунгасан гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Нэг сарын 0,7 хувийн хүү нь 105.000 төгрөг бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сар гэж үзвэл 945.000 төгрөг төлсөн байна. Гэрээний хугацаа дууссанаас төлөлт хийсэн 945.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж бодох нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10 өдрийн 101/ШШ2017/01225 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрхээр минь хангаж хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.  

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Ц.А-аас зээл 1.500.000 төгрөг, хүү 90.000 төгрөг, алданги 750.000 төгрөг нийт 2.340.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын үндэслэлд зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...зээлийг Намхайдорж авсан” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцжээ.

Зохигчид хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийцсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хариуцагч зээлийн гэрээнд заасан мөнгийг хүлээн авсан боловч тохирсон хугацаанд буцаан өгөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг  хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч зээлийн хүүг төлж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хүү тооцох үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хүүд нэхэмжилсэн 90.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч зээлийн хүү төлж байсан тухай тайлбараа нотолж чадаагүй тул  гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 945.000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.  

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1384 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн гомдлыг орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 52.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ