Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 411

 

    Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүү,

ялтан Ц.Нямсүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт холбогдох 201525012963 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Цогт овгийн Болдбаатарын Зоригтбаатар, 1994 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, “Буянт-Ухаа-2 Дельта констракшин” ХХК-д засал чимэглэлийн ажилтай, ам бүл нэг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЗП94091810/,

- Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2. Тайжууд овгийн Цогтын Нямсүрэн, 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Панда нүүлгэлт” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 16-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЗА94051531/,

3. Чойжингийнхан овгийн Ганболдын Лхагважаргал, 1994 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Евролайн” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7а-397 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЗП94100813/;

 

Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн орчим хохирогч Д.Золбаярын эд хөрөнгийг авах зорилгоор элэгдэх, өшиглөх, түлхэх зэргээр хүч хэрэглэн унагааж, түүний хоёр ширхэг гар утсыг дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр бүлэглэж, 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын зүүн хойно хохирогч Э.Нацагдоржийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан, улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Нокиа Е63 загварын гар утсыг дээрэмдэж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Чойжингийнхон овогт Ганболдын Лхагважаргал, Тайжууд овогт Цогтын Нямсүрэн, Цогт овогт Болдбаатарын Зоригтбаатар нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэнгийн цагдан хоригдсон 194 хоног, Б.Зоригтбаатарын цагдан хоригдсон 190 хоног, Г.Лхагважаргалын цагдан хоригдсон 116 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын Г.Лхагважаргалд холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Лхагважаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг биечлэн үйлдээгүй. Гэмт хэрэг гарсан тухайн өдөр Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нартай хамт явсан байдаг. Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарын мэдүүлэг сүүлдээ зөрүүтэй болсон боловч 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд Г.Лхагважаргал энэ хэрэгт оролцоогүй талаар мэдүүлсэн. Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарын эхний мэдүүлэгт Г.Лхагважаргал энэ хэрэгт оролцоогүй талаар мэдүүлсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Г.Лхагважаргалд ашигтай байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Ялтан Ц.Нямсүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Нямсүрэнгийн хувьд гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолын Ц.Нямсүрэнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн           284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн орчим хохирогч Д.Золбаярын эд хөрөнгийг авах зорилгоор элэгдэх, өшиглөх, түлхэх зэргээр хүч хэрэглэн унагааж, түүний хоёр ширхэг гар утсыг дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр бүлэглэж, 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын зүүн хойно хохирогч Э.Нацагдоржийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан, улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Нокиа Е63 загварын гар утсыг дээрэмдэж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн найз нар болох Ц.Нямсүрэн, Рагчаа буву жинхэнэ нэр нь Г.Лхагважаргал нарын хамт 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбийн гүүрний хойшоо явж байгаад гол дагуу далан дээр үл таних нэг эрэгтэй ганцаараа урдаас ирж явахаар нь Ц.Нямсүрэн бид хоёр барьж аваад элэг рүү нь гараараа цохиод цаашаа түлхтэл тэр залуу газар унасан. Тэгэхээр нь Ц.Нямсүрэн биенээс нь ухаж байгаад гар утсыг нь аваад зугтаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зугтаасан. Тухайн үед Рагчаа /Г.Лхагважаргал/ урд явж байсан болохоор бид хоёр Рагчаа /Г.Лхагважаргал/ руу гүйсэн.  Тэгээд Рагчааг /Г.Лхагважаргал/ гүйцээд “Рагчаа зугтаарай” гэж хэлээд түрүүлээд гүйсэн. Рагчаа /Г.Лхагважаргал/ араас гүйж байсан. Тэгээд тэр чигтээ гүйсээр байгаад нэг газар очоод Рагчаа /Г.Лхагважаргал/ руу залгатал утасыг нь өөр хүн аваад “Утас аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд тасалсан. Тэгээд Ц.Нямсүрэн бид хоёр такси бариад модны 2 ороод дээрэмдсэн гар утсаа ломбарданд тавьсан. Тэгээд тэндээсээ Баянбүрд ороод манай ээжийн гэрт очоод байж байтал нэг дугаараас залгаад “утасгүй байна, танайд яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд манай гэрт уулзаад манай гэрээс гараад утасны 60.000 төгрөгийг тус бүрдээ 20.000 төгрөгөөр хуваан авсан. Тэгээд наашаа Хил Хамгаалах ерөнхий газрын энд найз Чимэд, Нарандаваа нартай уулзахаар Рагчаа /Г.Лхагважаргал/, Ц.Нямсүрэн нартай таксигаар явсан. Тэгээд Сансарт ирээд Хил Хамгаалах ерөнхий газар руу алхсаар байгаад Цайз орсон. ...Буцаж алхаж яваад Рагчаа /Г.Лхагважаргал/ цайзаас наашаа цуг алхаж явахдаа ард хоцроод байсан. Тэгээд эргээд хартал Рагчаа /Г.Лхагважаргал/ бид хоёрыг дуудсан. Яваад очиход “энэ нэг согтуу халамцуу хүн байна, утсыг нь авах уу яах уу” гэсэн. Тэгэхээр нь би “яах юм бэ” гэж хэлээд гурвуулаа цугтаа замаа дагаад баруун зүгт чиглэн алхсан. Тэгээд алхаж байтал Хил Хамгаалах ерөнхий газрын зүүн талд нэг банди өөдөөс ирж байсан. Тэгсэн Ц.Нямсүрэн “наадхаа бариад ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод бариад авсан. Гэтэл Ц.Нямсүрэн хажуунаас орж ирээд тэр залууг нүүр рүү нь цохисон. Тэгэхээр нь би хажуугаас нь гэдэс рүү нь өвдөглөөд Ц.Нямсүрэн “утсаа гаргаад ир” гэсэн. Тэгтэл тэр залуу утсаа гаргаж ирэхээр нь Ц.Нямсүрэн аваад явах гэтэл тэр банди “сим картаа авъя” гэж хэлсэн. Тэгсэн Ц.Нямсүрэн сим картыг нь өгөөд утсыг нь халаасандаа хийгээд гурвуулаа цугтаа алхаж байтал араас нөгөө банди “Тоёота Приус 10” загварын автомашинтай хүрч ирээд автомашинаас 2 хүн бууж ирээд намайг хөөсөн. ...Анх санааг Ц.Нямсүрэн гаргасан. Манай гэрт хэрэг хийдэг өдрийн өглөө Ц.Нямсүрэн ирээд “мөнгө хэрэгтэй байна, дүү дадлагад явах гээд 40.000 төгрөгийн хэрэг байна, хоёулаа хүн цохих уу” гэсэн. Тэгэхээр нь би “лай, яаж хүн цохих юм, яаж цохидог болохыг мэдэхгүй” гэхэд Ц.Нямсүрэн “мань урд нь хийж байсан юм” гэсэн. Тэгээд над руу Рагчаа /Г.Лхагважаргал/ залгаад “хаана байна андаа, уулзья” гэсэн. ...Рагчаа /Г.Лхагважаргал/ “надад мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхэд Ц.Нямсүрэн Рагчаад /Г.Лхагважаргал/ хандан “бид хоёр мөнгөний ажилд явах гэж байна, хамт явах юм уу” гэж хэлэхэд Рагчаа /Г.Лхагважаргал/ “хамт явья” гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа явах гэж байтал Ц.Нямсүрэн Рагчаагаас /Г.Лхагважаргал/ “чи өмнө нь дээрэм хийж байсан юм уу” гэж асуухад Рагчаа /Г.Лхагважаргал/ “цагийн сайханд хийж л байсан, одоо хуучны юм байх байлгүй дээ” гэж хэлсэн.Тэгээд хамт явсан.” гэх мэдүүлэг /хх1,х 96-97/,

“...Г.Лхагважаргал анх хэрэг хийх санааг гаргасан. Тэгээд өөрөө болохоор “би өмнө нь цохио хийдэг байсан юм. Амжилттай болвол баяжина, цөм шүү дээ” гэж ярьж ятгаж, уг хэргүүдийг хийлгэсэн. Мөн “та хоёр барилддаг юм чинь хийчих, би гүйж чадахгүй болохоор хүн харж өгье” гэж хэлээд тохирсон байсан. Тэгээд анхны авсан гар утасны мөнгөнөөс 20.000 төгрөг авсан ба дараагийн хэрэг хийх санааг нь гаргасан. Хоёр дахь хэргийг хийх санааг Г.Лхагважаргал гаргахдаа надад “манай гэр хол, та хоёр ойрхон гэртэй хүмүүс гэртээ харьдаг юм байгаа биз, манай гэр хол болохоор хаа байсан Тахилт руу яаж явах юм бэ, дахиад нэг хүн цохьчихъё, тэгээд салья” гээд байсан. ...Г.Лхагважаргал хүн харж өгдөг байсан. Эхний хэрэг дээр бол оролцоотой, харин хоёр дахь хэрэг дээр хүн харж байсан, мөн удирдан зохион  байгуулсан.” гэх мэдүүлэг /хх2, х44-45/,

ялтан Ц.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сансар руу алхаж явах замдаа арслантай гүүрний ард талын гол даган голын зүүн талд явж байгаад нэг залуу явж байхаар нь би хажуугаар нь гарахдаа мөрлөөд гарсан. Тэгэхэд Г.Лхагважаргал урд 20 орчим метрийн зайтай явж байсан. Харин Б.Зоригтбаатар надтай цугтаа явж байсан юм. Тэгээд намайг мөрлөхөд Б.Зоригтбаатар тэр залууг барьж авсан. Тэгэхэд нь би халааснаас нь “Самсунг Галакси Эс 4” загварын гар утас болон товчлууртай “Нокиа” загварын гар утас авсан. Тэгээд тэр залууг түлхэж унагаагаад Б.Зоригтбаатар бид хоёр ертөнцийн зүгээр урд зүг рүү Г.Лхагважаргал руу зугтаасан. Тэгээд Г.Лхагважаргал дээр очоод зөрөхдөө “гүйгээрэй” гэж хэлээд цаашаа гүйсэн. Араас Г.Лхагважаргал гүйсэн. Б.Зоригтбаатар бид хоёр түрүүлж зугтаасаар байгаад замын урд гараад оюутны байрнаас цаашаа нэвт гараад такси барьсан. ...Модны 2 ороод ломбарданд “Самсунг Галакси Эс 4” загварын гар утсыг 120.000 төгрөгөөр миний нэр дээр тавиад мөнгийг нь Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт “60.000 төгрөгөөр тавьсан” гэж хэлээд Б.Зоригтбаатарт 30.000 төгрөг өгсөн. Уг хуваан авсан мөнгөнөөсөө Г.Лхагважаргалд Б.Зоригтбаатар бид хоёр 10.000 төгрөг өөр өөрөөсөө өгсөн. ...Тэгээд гурвуулаа цугтаа Гандан руу алхаж байгаад микронд суух гэж байтал Г.Лхагважаргал намайг дуудаад “би утсаа алдчихлаа, утастай болмоор байна шүү дээ” гэсэн. Тэгэхэд нь Б.Зоригтбаатар бид хоёр “үгүй ээ хөгшөөн, одоо харья” гэсэн. Гэтэл Г.Лхагважаргал “маньдаа утас олоод өгчих л дөө” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд бид гурав цугтаа Цайз руу явсан. ...Хил хамгаалах ерөнхий газрын хойд талд нэг залуутай таарсан. Тэгээд тэр залууг Б.Зоригтбаатар бариад авсан. Тэгэхээр нь би халааснаас нь утсыг нь авсан. Тэгэхэд тэр залуу “миний сим картыг өгчих” гэсэн. Тэгэхээр нь би сим картыг нь гаргаад өгөх гээд алхахад өөрөө надаас айгаад ухарч байгаад унасан. Тэгээд бид гурав зугтаасан, зугтааж байгаад Г.Лхагважаргал бид хоёр баригдсан.” гэх мэдүүлэг /хх1,х 109-110/,

хохирогч Э.Нацагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 8-ны шөнө 1 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүрэг, Хил хамгаалах газрын зүүн талд би сургууль руугаа орохоор явж байсан юм. Тэгтэл хоёр залуу урдаас ирж явсан, тэгээд зөрөхдөө нэг нь хавирч унагаасан. Тэгээд нөгөөдөх нь хөлөөрөө миний цээж, нүүр рүү өшиглөсөн. Нийт 4, 5 удаа өшиглөсөн байх. Тэгээд нэг нь өшиглөж байхад нөгөөх нь халаас ухаж байгаад өмдний зүүн урд халаасанд байсан “Нокиа” Е63 загварын гар утсыг минь аваад баруун тийшээ зугтаасан. Тэгэхээр нь би босоод иртэл нэг автомашинтай ах хүрээд ирсэн. ...тэгээд автомашинд нь суугаад хамтдаа хайж байгаад замд нөгөө хоёр залуу бас нэг залуутай цугтаа гурвуулаа алхаж байсан. Тэгэхээр нь автомашинтай хажууд нь очоод харахад царай нь мөн байсан. Хажуугаар нь автомашинтай ороод зогсоход тэр гурав гурван тийшээ хуваагдаад зугтаасан. Нэгийг нь автомашинтай хөөсөн, тэгээд хөөж байтал тэр залуу “Бамбино” зочид буудлын хашааг даваад зугтаасан. ...Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээрээс нэг дэслэгч болон надтай цуг явсан жолооч ахыг дагуулаад автомашинтай дахиад хайсан. Тэгээд хайж байтал Хил хамгаалах газрын доошоо урууддаг баруун талын зам дээр гурвуулаа уруудаад явж байсан. Хөөж байгаад Цагдаагийн хэлтсийн урдхан талд цагдаа бариад авсан. ...Миний баруун гарын алга юманд зүсэгдсэн ч юм уу цус гарсан байсан. Амьсгал авахад хавирга жаахан хөндүүртэй байсан. Тухайн үед гайгүй байх гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлээгүй.” гэх мэдүүлэг /хх1, х7/,

хохирогч Н.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэр рүүгээ явах гээд оройн 21 цагийн орчим гараад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн баруун талаар гараад хойшоогоо алхаад явж байтал өөдөөс 2 залуу ирж байсан. Хажуугаар зөрөхдөө “тамхи байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэсэн. Би юүдэнтэй малгайтай явж байсан ба шууд миний малгайг доош нь  дарж нүүр хаагаад элэг рүү гараараа цохисон. Би элэгээ бариад доошоо унасан чинь дээрээс хөлөөрөө өшиглөж байгаад миний куртикны 2 талын халаасанд байсан 2 гар утсыг аваад намайг хажуугийн сэлбийн голын далан руу түлхэж унагаад зугтаасан. Би унаад босоод ирэхэд нэг залуу нь Оюуны ундраагийн зүүн талын уулзвараар оюутны хотхон руу, нөгөө залуу нь цаад талынх нь уулзвараар гүйгээд явж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х24-25/,

гэрч Ц.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Нямсүрэн ах маань 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 14 цагийн үед “найзаасаа мөнгө зээлнэ” гэж хэлээд гарсан. Тэгээд тэр өдрийнхөө орой 23 цагийн үед над руу нэг танихгүй дугаараас залгаад “ах нь байна, одоо гэртээ очлоо” гэж хэлсэн. Тэгээд л утсаа тасалсан. Тэгээд ирээгүй. Маргааш өдөр нь буюу 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цагдаагийн газраас залгаад “танай ах чинь баривчлагдсан байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1 х46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Золбаярын биед духны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 17598 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х28/,

Эд зүйлийн үнэлгээ /хх1, х8, х26/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх1, х22/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх1, х165-166/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х167-168/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Г.Лхагважаргалд ашигтай байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь, Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь бүлэглэн хохирогч Д.Золбаяр, Э.Нацагдорж нарыг дээрэмдсэн болох нь хангалттай нотлон тогтоогдсон төдийгүй, Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн нар дээрмийн гэмт хэрэг үйлдэж байх үед Г.Лхагважаргал нь хүн ирж байгаа эсэхийг харж, эхний дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа салж яваад эргэн уулзаж дараагийн гэмт хэрэг үйлдэж байгаа, дээрмийн гэмт хэргээс олсон ашгаас хуваан авсан зэргээс үзэхэд Г.Лхагважаргалыг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                                                                                                           Ц.ОЧ