Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2020/0306

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Цогт, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан ““Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө давж заалдах гомдолдоо: “Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээл мөн.

        Үүнтэй хариуцагч, гуравдагч этгээдүүд нь маргадгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт “Ю” ХХК, “С” ХХК-ууд Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /Ай Пи Тв/-г өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах үйл ажилла! ааг эрхлэн явуулж байгаагаас үзвэл Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай эрхлэгч болон аж ахуй нэгжүүдийг тогтоох судалгаанд Улаанбаатар хотод үйлчилгээ эрхлэгч “Ю” ХХК болон “С” ХХК-уудын зах зээлийн мэдээллээс үзвэл “Ю” ХХК нь телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /Ай Пи Тв/ зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдох бүрэн боломжтой, Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /Ай Пи Тв/-ний зэл зээлд “Ю” ХХК-ийн давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоох хангалттай үндэслэл болно.

        Зах зээлийн төвлөрлийг тооцох, Зах зээлийн хүчийг тодорхойлох гэж заасны дагуу Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /Ай Пи Тв/ нь хэрэглээ, зориулалт, техникийн тодорхойлолт, үнэ, худалдах болон худалдан авах нөхцөл, бусад байдлаараа бусад харилцан орлох бараа бүтээгдэхүүнээс өөр, орлох боломжгүй тусдаа үйлчилгээ буюу Кабель, Хиймэл дагуул, Эм Эм Ди Эс зэрэг төрлүүдийн үйлчилгээгээр харилцан орлох боломжгүй хэрэглээ, зориулалт, техникийн тодорхойлолт, үнэ, худалдах болон худалдан авах нөхцлөөрөө өөр.

        Харилцаа Холбооны зохицуулах хорооны цахим хуудас дахь баримтаас үзвэл Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний зах зээлд “Ю” ХХК 2010 оноос тус үйлчилгээг эрхэлж эхэлсэн байна. Тодорхой төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээний зах зээлд үйлчилгээний төрлөөс нь хамаараад давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тогтоолууд хавтаст хэрэгт авагдсан байдаг.

        Давамгай байдалтай аж ахуй нэгжийг тогтоох тухай зах зээлийн судалгааг хийхгүй, харин ерөнхий ойлголтоор Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг бүхэлд нь нэг зах зээл гэж авч үзнэ гэсэн дүгнэлт үгүйсгэгдэж байгаа болно.

        “Ю” ХХК-ийг Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /Ай Пи Тв/ зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тодруулбал. нэхэмжлэгч нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу “Ю” ХХК-ийг бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэх, бараа бүтээгдэхүүний борлуулалт зогсох, хязгаарлах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, зайлсхийх эрхтэй бөгөөд энэхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч “М” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан ““Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /Ай Пи Ти Ви/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /Ай Пи Ти Ви/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр хуульд заасан журмын дагуу тогтоохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /Ай Пи Ти Ви/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгж болох нь тогтоогдсон байхад хариуцагч хуульд заасан давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоохоос үндэслэлгүйгээр зайлсхийсэн, уг үүргээ хэрэгжүүлээгүйгээс “Ю” ХХК давамгай байдлаа ашиглаж өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн” гэж тодорхойлжээ.

        Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр, 15 дугаар зүйлийн 15.1.6-д зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Монгол Улсын Засгийн газар тогтоохоор хуульчилжээ.  

        Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2010 оны 298 дугаар тогтоолоор “Зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг баталсан нь мөрдөгдөж байна.

        “М” ХХК-аас хүсэлт гаргасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 он дуустал хугацаанд “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ийг шинэчлэн тогтоох судалгааг хийж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “С” ХХК-ийг кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлд давамгай байдлаа алдсаныг, хөдөө орон нутагт “Баян-Өлгий аймаг”-ийн телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд “Ж” ХХК-ийг, бусад аймгийн төвүүдийн тухайн зах зээлд “Д” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгааг болохыг тус тус тогтоожээ.

         Ийнхүү тогтоохдоо “Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд нийт 12 аж ахуй эрхлэгч 484052 идэвхтэй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлснээс борлуулсан үйлчилгээний биет хэмжээгээр гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж буй давамгай байдалтай  үйлчилгээ эрхлэгч байхгүй, орон нутагт телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд Дархан-Уул, Орхон аймагт давамгай байдалтай аж ахуй эрхлэгч байхгүй, Баян-Өлгий аймагт “Ж” ХХК 44.04 хувиар, бусад аймгийн төвүүдэд “Д” ХХК тус тус давамгай байдлаа алдаагүй” гэж дүгнэжээ.

        Өөрөөр хэлбэл, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах зээлийн хүрээг “Телевиз, радиогийн олон сувгаар”, хамрах үйлчилгээний төрлийг “Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлээр”, газар зүйн хил хязгаарыг “Улаанбаатар хот, аймаг” гэх байдлаар явуулсан Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний 2018 оны зах зээлийн судалгаагаар Улаанбаатар хотод Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгч тогтоогдоогүй байна гэж үзжээ.

        Ийнхүү дүгнэхдээ Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.6-д зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулж, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд тус хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 3.1.2.2-т /“Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ” (“олон сувгийг дамжуулах үйлчилгээ” гэдгийг цаашид “ОСДҮЭ” гэх) гэж утастай, утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр хүргэх үйлчилгээг хэлнэ/-т тодорхойлсныг үндэслэн телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг Кабелийн, Хиймэл дагуулын, Ай Пи Ти Ви, Хөдөлгөөнт зэрэг технологийн төрлүүдээр нь ялгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улаанбаатар хотын хэмжээнд дээрх 4 төрлийн технологиор 12 аж ахуйн нэгж телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд зөвхөн Ай Пи Ти Ви технологиор телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээг хүргэсэн хэрэглэгчдийн тоонд үндэслэн “давамгай байдалтай аж ахуйн нэгж”-ийг тогтоох боломжгүй. Учир нь “Зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д технологийн төрлүүдээр ангилж зах зээлийн судалгаа хийхээр зохицуулаагүй байна.

        Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн захиргааны байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нарын дунд “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч” тогтоогдоогүй энэ тохиолдолд зөвхөн Улаанбаатар хотод Ай Пи Ти Ви технологиор телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээг хүргэж байгаа “Ю” ХХК болон “С” ХХК-уудын хэрэглэгчдийн тоонд үндэслэн ““Ю” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох” нь “Зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 3.2.2 /сонгосон ангиллын бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ болон нийлүүлэлт талаас нь орлох бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг судлан харилцан орлох бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох/-т нийцэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Хэрэгт авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/1502 дугаар албан бичгийн 3 дугаар хавсралтад дурдсан мэдээлэл[1] нь Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн интернэт протокол буюу Ай Пи Ти Ви технологийн төрлөөр телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн зах зээлийн 2018 оны тоон судалгаа тул энэ талаар “тодорхой төрлийн бүтээгдэхүүний зах зээлд үйлчилгээний төрлөөс хамаарч давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тогтоосон” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.  

        Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”[2]-ний дагуу интернэт, Ай Пи Ти Ви, суурин утасны үйлчилгээг “Ю” ХХК-аас авдаг хэрэглэгч, харин гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг ашиглан телевизийн өргөн нэвтрүүлгээ үнэ төлбөргүй нэвтрүүлдэг зэргээс дүгнэвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэх боломжгүй.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани “Ю” ХХК-ийн “Байгууллагын гурвалсан үйлчилгээ”-ний багцаас сонголт хийж, өгсөн захиалга, суурилуулалтын болон барьцаа төлбөрийг төлөх зэрэг нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч тус компанитай харилцан тохиролцож, гурвалсан үйлчилгээг авдаг нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаагаар байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр тогтоогдсон, нэхэмжлэгч уг гэрээний дагуу тухайн үйлчилгээг хүлээн авагч, хэрэглэгч бөгөөд зөвхөн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн хувьд өөрийн  телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлэгч “Ю” ХХК-ийн эрхэлж байгаа үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

        Эдгээр нөхцөл байдлаас үзвэл хариуцагч төрийн захиргааны байгууллагын хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                        ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

                                        ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 192 дахь тал.

[2] Хэргийн 111 дэх тал.