| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 221/2025/0040/З |
| Дугаар | 001/ХТ2026/0079 |
| Огноо | 2026-09-15 |
| Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2026/0079
Өмгөөлөгч Д.Б***-ийн
нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2026/0012 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г***, Б.Б*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Өмгөөлөгч Д.Б***-ээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Нэхэмжлэгчээс дээрх журмын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон, үндэслэлээ “ ... Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд тухайлан 80%, 20% гэж гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийн сайн дурын даатгалын санхүүжилтэд халдах эрхийг хуулиар олгоогүй, … гадаад улсын иргэн, харьяалалгүй этгээдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх нэгдүгээрт Монгол Улсын иргэний нэгэн адил байх ёстой, хоёрдугаарт эрүүл мэндийн эрх бол хүний бусад эрхтэй салшгүй холбоотой, хосолмол шинжийг агуулсан үндсэн эрх юм. Хэрвээ үндсэн эрхтэй салшгүй холбоотой эрх биш гэж үзвэл гадаадын иргэний хувьд тэр хүний эрхийг хязгаарлахдаа заавал хуульд заасны дагуу хязгаарлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн арван 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно”, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заасан. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өөрсдийн баталсан журмаар гадаад улсын иргэний эрхийг хязгаарлаж байгаа нь эрх зүйн баримт бичгийн эрэмбийн хувьд, хууль хэрэглээний хувьд ч зохисгүй, гадаадын иргэд, харьяалалгүй этгээд зэрэг хүмүүс Монгол Улсад хөдөлмөр эрхлэхгүйгээр оршин сууж байгаагийнхаа хувьд сайн дураараа даатгалд хамрагдах боломжтой, гэтэл хамрагдсан даатгалынх нь 80 хувийг хууль бусаар Эрүүл мэндийн байгууллагад буцаан төл гэж байгаа нь тухайн хүмүүсийн эрхэм мөн чанарт халдаж байгаа, ... уг заалт нь хуулиар хязгаарлаагүй хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан “нийтийн эрүүл мэнд” гэх ойлголтод хамаарч байгаа ...” гэж тодорхойлон маргажээ.
4.Хариуцагчаас “... дээрх хуулийн заалтууд нь хүний салшгүй эрхээс бусад эрх (эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийн хувьд гадаадын иргэнд хязгаарлалт тогтоож болсон эрх зүйн үндэслэл. Манай улс нь Оросын Холбооны Улс, Чехословак, БНСУ, Унгар зэрэг олон улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тухайн улстай нь хоёр орны хооронд хэрэгжих гэрээ, хэлэлцээрийг батлуулан ажиллаж байна. Тухайлбал, БНМАУ, ЗСБНХУ (ОХУ)-ын хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн Хоёрдугаар зүйлд “Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч аль нэг тал нь нутаг дэвсгэр дээрээ байнгын оршин суугаа хэлэлцэн тохирогч нөгөө талын иргэдийг нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны бүх асуудлаар өөрийн иргэдтэй адилаар үзнэ”, Наймдугаар зүйлд “эмнэлгийн тусламж хэлэлцэн тохирогч аль нэг талын нутагт оршин суугаа хэлэлцэн тохирогч нөгөө талын иргэнд өөрийн иргэдэд тогтоосон журмаар эмнэлгийн тусламж үзүүлнэ” гэж заасан, энэ нь манай улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийн салшгүй бусад эрх (эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-д хязгаарлалт тогтоохгүй олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу зохицуулагдаж болохыг нотолж байна. Энэ бол олон улсын түвшинд хэлэлцээр байгуулсан улсуудын гадаадын иргэний хувьд үйлчилж байгаа заалт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хууль, дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллаж байна ...” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.12, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.4.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Б-ээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2026/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. Үүнд:
6.1.Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг батлах эрхгүй гэж маргаагүй. Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг ЭМБ-д буцаан төлүүлэх байдлаар журамлан тогтоох эрхийг Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар олгоогүй гэж маргасан.
6.2.Давж заалдах шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ гэдэг бол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2025 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-г хэлж байгаа юм.
6.3.Жишээгээр харуулбал,
| № | Тусламж үйлчилгээний төрөл | ОХБ код | Оношийн хамааралтай бүлгийн нэр | Үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээний /төгрөг/ | Төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ /төгрөг/ | ||||
| ЭМД-аас | Иргэн-ээс | Нийт | ЭМД-аас | Иргэн-ээс | Нийт | ||||
| 1 | Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ | 612010291 | Менингит, миелингүйтэл | 947,000 | 200,000 | 1,147,000 | 897,000 | 250,000 | 1,147,000 |
6.4.Дээр дурдсан тусламж үйлчилгээний нийт үнэ болох 1,147,000 төгрөгтэй нэхэмжлэгч маргаагүй, эрүүл мэндийн даатгалаас төлж байгаа 947,000 төгрөгтэй маргаагүй, иргэний төлж байгаа 200,000 төгрөгтэй мөн адил маргаагүй. Харин гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны дараа 1,147,000 төгрөгийн 80 хувь буюу 917,600 төгрөгийг буцааж эрүүл мэндийн байгууллагад төл гэж шийдвэрлэж буй захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсэгтэй маргаж байгаа болно.
6.5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн арга гэдэг бол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2025 оны “Жагсаалт төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга”-ыг хэлж байгаа юм.
6.6.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэг иргэнээр тооцсон төлбөрийн арга” гэж өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг өрхийн эмчид бүртгүүлсэн иргэнээр тооцохыг, 3.1.8-д “тохиолдолд суурилсан төлбөрийн арга” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг ойлгохоор тус тус төлбөрийн аргыг хуульчилж өгсөн.
6.7.Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон эдгээр төлбөрийн аргатай маргаагүй бөгөөд харин хариуцагчаас журамд тусгасан нийт төлбөрийн 80 хувьтай тэнцэх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагаас буцаан төлүүлэх зохицуулалт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалыг тодорхойлоогүй, харин хариуцлагын шинжтэй үр дагаврыг тогтоосон зохицуулалт байх тул хуульд заасан “төлбөрийн арга”-ын ойлголтод хамаарахгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
6.8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ маргаан бүхий журмын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн гэж маргасан.
6.9.Гэтэл давж заалдах шатны шүүх “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам” нь хуулиар тогтоосон хязгаарлалтын хүрээнд нийцсэн, эрх бүхий этгээдийн гаргасан бусад шийдвэртэй зөрчилдөөгүй, хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэсэн тул захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
6.10.Учир нь, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131 дүгээр тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмын агуулгыг тайлбарлахдаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан хуульд үндэслэсэн байхыг шаарддаг гэж дүгнэсэн. Мөн уг тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмын агуулга нь захиргааны байгууллагын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх аливаа шийдвэр хүчин төгөлдөр эрх зүйн үндэслэлтэй байхаас гадна тухайн эрх зүйн үндэслэл нь эрэмбийн эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байхыг шаарддаг болохыг тодорхойлсон.
6.11.Иймд маргаан бүхий журам нь зөвхөн өөртэй нь адил түвшний захиргааны акт, эсхүл эрх бүхий этгээдийн бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэхээр хязгаарлагдан үнэлэгдэх бус, эрх зүйн хэм хэмжээний эрэмбийн дагуу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг дээд эрэмбийн эрх зүйн хэм хэмжээтэй нийцэж байгаа эсэхийг шүүхээс зайлшгүй дүгнэх учиртай.
6.12.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.4-т “... Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын хуримтлалыг эрсдэлээс хамгаалах зорилготой, олон улсад тогтсон практик байна” гэсэн уг дүгнэлт нь ямар нотлох баримт, олон улсын гэрээ, эрх зүйн акт, эсхүл аль улсын хууль тогтоомж, шүүхийн практикт үндэслэсэн болохыг шийдвэрт огт дурдаагүй байна. Иймд “олон улсад тогтсон практик” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, эх сурвалжгүй дүгнэлт болсон.
6.13.Түүнчлэн шүүх “олон улсад тогтсон практик” гэж үзэж байгаа бол ямар олон улсын жишиг, аль улсын зохицуулалтыг үндэслэж байгаа, тэдгээр нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ямар үндэслэлээр хамааралтай болохыг эрх зүйн хувьд тайлбарлах ёстой. Харин шийдвэрт энэ талаар ямар нэгэн үндэслэл, тайлбар дурдагдаагүй бөгөөд зөвхөн ерөнхий байдлаар “олон улсад тогтсон практик” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль ёсны бөгөөд байх шаардлагыг хангахгүй байна. Цаашилбал, Монгол Улсын шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх үүрэгтэй. Хэрэв гадаад улсын эрх зүйн зохицуулалт, эсхүл олон улсын практикийг үндэслэл болгож байгаа бол түүний эх сурвалж, хэрэгт хамааралтай байдал, эрх зүйн ач холбогдлыг шийдвэрт тодорхой тусгах ёстой.
6.14.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2026/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах журмаар хэргийг бүхэлд нь хянаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
9.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлон нэхэмжлэлийн үндэслэлдээ “ ... хариуцагч уг заалтыг батлахдаа “хуульд заасан үндэслэлээр хязгаарлал тогтоох” шаардлагыг зөрчсөн, гадаадын иргэн, харьяалалгүй сайн дурын даатгуулагчид хуульд заагаагүй төлбөрийн үүрэг бий болгосон, Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хуульд нийцээгүй” гэж маргасан.
10.Нэг.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
11.Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хүн, хуулийн этгээд нь өөрийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчсөн, зөрчиж болзошгүй эрх зүйн үр дагавар бүхий хэм хэмжээний актын хувьд хэм хэмжээний актыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой юм.
12.Нэхэмжлэгч нь “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 7154 дугаарт бүртгэгдэж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн буюу хүчин төгөлдөр болох хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
13.Нөгөө талаас, “хүчин төгөлдөр үйлчилж буй уг журмын зохицуулалт хуульд нийцээгүй, бусдын эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлээ тайлбарлаж буйгаас үзэхэд эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгуулахад чиглэсэн буюу “хүчингүй болгуулах”-д чиглэж буй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолоор маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.
14.Захиргааны хэм хэмжээний актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэл нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль бус хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэлийг шүүхийн шийдвэрээр зогсоож, зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино. Харин захиргааны байгууллага өөрөө маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчингүй болгосноор тухайн актыг шүүхээс дахин хүчингүй болгох боломжгүй буюу энэ тохиолдолд шүүхээс хянан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаан байхгүй болсон гэж үзнэ.
15.Иймээс нэгэнт маргаж буй акт хүчингүй болсон, нийтийн эрх зүйн маргаан байхгүй болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай.
16.Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий хэм хэмжээний акт хүчингүй болсон байхад маргааны агуулгад эрх зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчсөн байна.
17.Хоёр.Нэхэмжлэгч нь Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллагад өргөдөл, гомдол, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй …” гэж тус тус заасанд үндэслэн гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор “нийтийн эрүүл мэнд”-ийн асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан.
18.Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т өмгөөлөгчид нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон боловч уг зохицуулалт нь өмгөөлөгч аливаа нийтийн шинжтэй асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн агуулгагүй. Тусгай хуулиар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхийн хүрээг өөрөөр тогтоогоогүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах” гэж заасан асуудлын хүрээнд нэхэмжлэл гаргахаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолын 5 дахь хэсгийн 5.1.6-д тайлбарласан.
19.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид тусгай хуулиар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгогдсон ч, маргаж буй асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “нийтийн эрүүл мэнд”-ийг хамгаалах асуудалд агуулгын хувьд хамаарч байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.
20.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““нийгмийн эрүүл мэнд” гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;” гэж зааснаар хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг “нийтийн эрүүл мэнд”-эд хамааруулахаар байна.
21.Маргаан бүхий журмын 5.6 дахь хэсгээр Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн 80 хувьтай тэнцэх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлөхөөр зохицуулсан бөгөөд энэ нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг хязгаарласан шинжтэй бус, харин тусламж үйлчилгээ үзүүлэх боловч эдгээр сайн дурын үндсэн дээр даатгуулсан иргэд нь журмын заалтын дагуу тодорхой хувийг өөрөө хариуцахаар зохицуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “нийтийн эрүүл мэндийг хамгаалах” асуудалд хамаарахгүй юм.
22.Тодруулбал, нэхэмжлэгчийн хамгаалуулахаар маргаж буй ашиг сонирхол нь тодорхой бүлэг даатгуулагчийн (Collective locus standi) ашиг сонирхол бүхий нэхэмжлэлийн төрөлд багтах бөгөөд уг ашиг сонирхлыг “нийтийн эрүүл мэнд”-ийг хамгаалах (Actio Popularis) ашиг сонирхолтой адилтган үзэх үндэслэлгүй.
23.Тиймээс өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “нийтийн эрүүл мэнд”-ийн хүрээнд хамаарахгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан байх тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан үндэслэлээр мөн хүлээн авахаас татгалзах байжээ.
24.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2026/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б***-ээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.6 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ