Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ХШТ/03

 

Б.М-д холбогдох

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, ялтны өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай 59 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг магадлан хянах тухай 51 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох материалыг ялтан болон түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор 11 жил хорих ял шийтгүүлсэн, Б.М;

Багануур дүүргийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар дүгнэлтэд:

“... Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо С4 дүгээр байрны 1501 тоотод оршин суух тухай засаг даргын тодорхойлолт болон “MBBJ” ХХК-иас дэд захирлаар ажиллуулах тухай тодорхойлолт зэрэг хэрэгт тусгасан бичгийн бусад баримтуудыг үндэслэн Б.М-ыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Түүний ял эдэлсэн хугацааг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар тооцоход шүүхээс оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялаас биеэр 4 жил 11 сар 25 хоног, шагналын 9 сар 10 хоног, Ерөнхийлөгчийн зарлигаар уучилсан 1 жил 11 сар 21 хоног, бүгд 7 жил 8 сар 26 хоног эдэлж, 3 жил 3 сар 4 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийт ялын гуравны хоёр болох 7 жил 4 сарын хорих ялыг бүрэн эдэлсэн байна.

Ялтан Б.М- нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй, хуульд зааснаар оногдуулсан ялын зохих хувийг эдэлсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 256 дугаар зүйлийн 256.4, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон уг хоригдлын эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгохоор дүгнэлт үйлдэв.” гэжээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд “... Ялтан Б.М-д шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрийг хүртэлх биеэр эдэлсэн 3 жил 2 сар 14 хоногийн хорих ялыг хасаж, эдлээгүй үлдэх ялын 25 хувийг тооцоход 1 жил 11 сар 21 хоногийн хугацаа байх тул энэ хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ялтан Б.М-д оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь нь 7 жил 4 сарын хугацаа болно.

Ялтан Б.М-ын биеэр эдэлсэн 5 жил 1 сар 13 хоногийн хорих ял, шагналаар урамшуулагдсан 9 сар 20 хоног, Ерөнхийлөгчийн зарлигаар уучилсан эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувь болох 1 жил 11 сар 21 хоногийн хугацааг нэмж нэгтгэн, нийт 7 жил 10 сар 24 хоногийн хорих ялыг эдэлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.12 дугаар 1.2 дахь хэсэгт заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай шаардлагыг хангасан гэж дүгнэв” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж,

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.М-ын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, түүний эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү буюу 3 жил 1 сар 6 хоногийн хугацаагаар хяналт тогтоож,

Шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “Оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч, ялтан Б.М-ыг хорих ангиас даруй суллаж, шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Б.М-ын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг 1 жил 11 сар 21 хоног хэмээн тогтоосон байна. Энэ уучилсан 1 жил 11 сар 21 хоногийн ялыг шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялаас хасаж, үлдсэн 9 жил 9 хоногийн хорих ялыг Б.М-ын нийт эдэлбэл зохих ял гэж үзнэ. Энэ ялаас 6 жил 6 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдах хууль зүйн боломжид хамрагдах нөхцөл бүрдэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж зааснаар түүний нийт эдлэх ял буюу 11 жилийн хорих ялаас уучлалын хугацааг хасаж тооцох ёстой байсан.

Гэтэл хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай хорих ангийн арга зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ялтан Б.М- нь хорих ялын гуравны хоёрыг эдэлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Б.М-ыг нэн даруй буцаан хорьсон байна.

Ялтан Б.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг” гэснийг өөр өөрөөр тайлбарлан хууль хэрэглээний зөрүүтэй байдал бий болгон шүүхүүд тогтсон практикгүйгээр хуулийг хэрэглэж байгаа нь ялтны эрх зүйн байдлыг эрс дордуулаад зогсохгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон хорих ялын тооцоог буруу хийж ял завшуулсан мэт ойлголт нийгэмд төрүүлж буйд харамсч байна.  

Энэ шийдвэрийн ард бүх хууль хяналтын байгууллагын нэр хүнд, ажилтнуудын ажиллах урам зориг давхар үгүйсгэгдэж байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан миний эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувь болох 1 жил 11 сар 21 хоногт уучлал үзүүлсэн. Ингэхдээ ялтан Б.М надад шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх зарлиг гарсан өдрийг хүртэлх биеэр эдэлсэн 3 жил 2 сар 14 хоногийн хорих ялыг хасаж эдлээгүй үлдсэн ялаас гэж тооцон хугацааг тоолсоор байхад давж заалдах шатны шүүхээс анх оногдуулсан 11 жилийн хорих ялаас Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн 1 жил 11 сар 21 хоногийг хасч 9 жил 9 хоногоор ялын хугацааг тооцсон нь хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байдлыг бий болгож байгаа тул үндэслэлийг хянан өгнө үү. Мөн миний ажлын хоногийг хасч тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн Багануур дүүргийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дугаар шүүгчийн захирамжаар миний ял эдэлсэн хугацааг биеэр 5 жил 1 сар 3 хоногийн хорих ял эдэлж, шагналын 9 сар 20 хоног, Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн 1 жил 11 сар 21 хоног бүгд 7 жил 10 сар 14 хоногийн ял эдэлж, 3 жил 1 сар 16 хоногийн ял эдлээгүй үлдсэн гэж тооцсон. Хорих ангийн захиргаанаас тооцсон ялын дээрх шүүгчийн захирамж гарах хүртэлх хугацааны ялын тооцоо дээрх хугацаанд ороогүй байсныг тооцуулах хүсэлтэй байна.

Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх хүсэлтэй. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг нөхөн төлсөн, хуулийг судалж, зөрчихгүй байх, биелүүлэхэд чин сэтгэлээсээ анхаарч мөрдөх болно. Хяналтын шатны шүүхээс чин сэтгэлээсээ хүсэхэд хоёр шатны шүүхүүд ялтны ял эдэлсэн хугацааг өөр өөрөөр тооцож, тайлбарлан хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байдал бий болсон нь миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хуулийн энэрэнгүй, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэн дээрх гомдлыг бичиж байна. Магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хоригдлын өмгөөлөгч Б.Болдбаатар хяналтын шатны шүүхэд: “...Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2-т заасан “...таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;” гэснийг өөр өөрөөр хэрэглэж буй хэрэглээний зөрүү нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг /хорих ял/ хэсэгчлэн чөлөөлсөн бол хэрхэн яаж ойлгож хэрэглэх талаар  үүсээд байна.

Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ давж заалдах шатны шүүхийн Б.М-д оногдуулсан 11 жилийн хориг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу оногдуулсан ял гэж үзэх, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч уучилсан 1 жил 11 сар 21 хоногийн ялыг шүүхээс оногдуулсан 11 жилийн ялаас хасаж, үлдсэн 9 жил 9 хоногийн хорих ялыг оногдуулсан ял гэж үзэх эсэх гэдэг хэрэглээний асуудал юм.

Давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгчийн уучилсан 1 жил 11 сар 21 хоногийн хорих ялыг шүүхээс оногдуулсан 11 жилийн ялаас хасаж, үлдсэн 9 жил 9 хоногийн хорих ялыг нийт эдэлбэл зохих ял гэж үзэж, түүнийгээ хорих ялын дээд хэмжээ хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг” гэснийг хэрэглэнэ гэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй юм.

Өршөөл, уучлалыг эрдэм судлаачид хэрэглээ, хүрээ, тухайн баримт бичгийг баталж байгаа этгээд зэрэг шинжээр хоорондоо 8 шинжээр тэс өөр, 5 шинжээр төсөөтэй гэж үзсэн байна. Гэтэл дээрх агуулга, ойлголтын ялгаатай зүйл дээр давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэдэгтэй адил шүүхийн оногдуулсан ялаас хасаад эдлэх ял гэсэн ялын тооцоо хийж байгаа нь ойлгомжгүй, аль шүүхийн ямар шийдвэрээр Ерөнхийлөгч уучилсан 1 жил 11 сар 21 хоногийг шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялаас хасаж, үлдсэн 9 жил 9 хоногийн хорих ялыг нийт эдэлбэл зохих ял гэж тогтоосон талаар огт дурдаагүй.

Өөрөөр хэлбэл дээрх байдал нь өршөөл, уучлал хоёрыг ялгаж буй гол ялгаа болно. Өршөөлийг хуулиар үзүүлж, түүнийг хэрэглэх журмыг хуулиар тогтоодог бол уучлалыг Ерөнхийлөгч зарлиг гэсэн захиргааны актаар үзүүлдэг.Тиймээс шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” Монгол Улсын Шүүхийх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, ял эдэлж буй тодорхой этгээдийг хүчин төгөлдөр шүүхиин тогтоолоор оногдуулсан ялаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлдөг бол Ерөнхийлөгчийн зарлигийг ял эдэлж буй ялтны ялаас хассан практик өмнө байхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх еренхий газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн Б.М-д оногдуулсан 11 жилийн хориг ялыг эдлэх ял гэж тооцон Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдсан 1 жил 11 сар 21 хоногийг шагналын хоногийн нэгэн адил ялын тооцоо, тодорхойлолт үйлдэж буй нь үндэслэлтэй байсан. Шагналын хоног гэдэг бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 224 дүгээр зүйлд заасны дагуу хорих ангийн даргын тушаалаар олгосон хоног, энэ хоногийг уучлалын хоногийн адил биеэр эдлээгүй хоног байдаг. Хорих ангийн даргын тушаалаар олгосон шагналын хоногийг биеэр эдэлсэнд тооцоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлээд чөлөөлсөн хоногийг биеэр эдлүүлсэнд тооцохгүй байх нь эрх зүйн үндэслэлгүй. Уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн шүүх хүчин төгөлдөр магадлалаар оногдуулсан 11 жилийн хорих ялыг хасч, оногдуулсан хорих ялд өөрчлөлт оруулах эрх байгаа эсэх нь хуулиар зохицуулаагүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэхдээ магадлалаар оногдуулсан хорих ялыг 11 жил гэж тооцоолон түүнээс гуравны хоёрыг бодохдоо биеэр эдэлсэн хорих ялын хугацаа, шагналын хоног, уучлалын хоногийг нэмж нэгтгэн бодсон нь үндэслэлтэй болжээ. Иймд шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүү болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1-т заасан “оногдуулсан ял”, “хувийг эдэлсэн" гэдгийг манай тохиолдол шиг хорих ялаас хэсэгчлэн уучлагдсан үед хэрхэн ойлгож, хэрэглэх талаар эцсийн шийдвэрийг гаргуулахаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын нэг үндэслэл болгосон болно.

Шүүхийн практикийг өөрийн хэмжээнд судлан үзэхэд хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоолгох тухай хүсэлт гаргасан хоригдлын хүсэлтийг шүүх аваагүй эсхүл хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоолгох тухай дүгнэлт гаргасан прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргасан байна. Манай тохиолдол шиг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоолгох тухай дүгнэлт гаргасан прокурорын дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзэн шийдвэр гаргасан байхад прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн тохиолдлыг миний бие олсонгүй.

Б.М-ын тохиолдол нь ял эдлүүлэх ажиллагаанд хэрэгжүүлээд 33 жил болсон асуудал юм. Харин хувь хүний асуудлыг нийгмийн сүлжээгээр их түгээснээс шалтгаалан прокурорын байгууллага өөрийн дүгнэлтээ давхар үгүйсгэн эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх хүлээн авсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэл болсон ял эдпүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий прокуророор хяналт тавигдсан хувийн хэрэг бусад баримт бичиг нь Б.М- шиг шүүхээс оногдуулсан хорих ял нь хэсэгчлэн уучлагдсан хоригдлын хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоолгох тухай өмнөх практиктай адил, ердийн, хэвшсэн зүйлүүдийн нэг болсон гэж өмгөөлөгч миний үзэж байна.

Харин прокурорын эсэргүүцэл, магалдлалд дурдсан шүүхээс оногдуулсан хорих ялаас уучилсан хугацааг хасаад үлдсэн хугацааг эдлэх ял гэж үзээд түүнээсээ хувь хэмжээг тогтоохыг зөв гэж хяналтын шатны шүүх үзсэн тохиолдолд анхан шатны шүүхийн практикаар урьд өмнө суллагдсан хоригдлуудын асуудлыг дахин судлуулах болон ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүргээ хариуцлагагүй хэрэпжүүлсэн үндэслэлээр прокурорын үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгөх үндэслэл болно. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний байдалд дүгнэлт өгч Б.М- шиг шүүхээс оногдуулсан хорих ялыг хэсэгчлэн уучилсан тохиолдолд цаашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрхэн хэрэглэх талаар зарчмын ач холбогдолтой шийдвэр гаргахыг хүсье. Иймд магадлалыг хүчингүй болгож, Б.М-ыг нэн даруй суллан хяналт тогтоосон 3 жил 01 сар 06 хоногоос 2023 оны 09 дүгээр сарын 13-наас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны хооронд “цагдан хоригдсон” гэх 14 хоног, магадлалыг уншиж сонсгомогц хоригдсон хугацааг тус тус хасаж, тооцож өгнө үү.”

Хоригдлын өмгөөлөгч Б.Болдбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн. Тухайлбал, оногдуулсан ял гэдгийг хэрхэн ойлгоход зөрүү үүссэн байна. Давж заалдах шатны шүүх оногдуулсан ял гэдгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Б.М-д оногдуулсан 11 жил хорих ялаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн 1 жил, 11 сар, 21 хоногийг хасаж үлдэх 9 жил, 9 хоногоор гэж тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй гэсэн хязгаарыг баримталж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх өршөөл үзүүлэх зохицуулалтыг уучлал үзүүлэх зохицуулалттай төсөөтэй хэрэглэж прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр 9 жил, 9 хоног хорих ял эдлэх ёстой гэснийг тооцсон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, магадлал аль нь ч байхгүйг онцгойлон дурдья. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэг нь прокурорт байдаг. Энэ утгаараа прокурор ял эдлүүлэх ажиллагаанд явцын хяналт тавьж байсан ба баримтууд хэрэгт хангалттай бий. Үүнд ялын тооцоог 11 жилээс тооцсон байгаа. Явцын хяналттай холбоотойгоор ялтан Б.М-ын ял эдлэх дэглэмийг өөрчилсөн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр бөгөөд оногдуулсан ялыг 11 жилээс тооцсон. Энэ захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүйг дурдах нь зүйтэй. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ялтан Б.М- биеэр 5 жил, 1 сар, 3 хоног, шагналын 9 сар, 20 хоног, нийт 5 жил, 10 сар, 23 хоног хорих ялыг эдэлсэн байдаг. Давж заалдах шатны шүүх магадлалдаа бичээгүй боловч тооцооллыг харахад 9 жил, 9 хоногийн гуравны хоёр буюу 6 жил, 6 хоног байх ёстой, хорих ангийн арга зүйн зөвлөгөөнөөр орсон 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 5 жил, 9 сар, 5 хоног буюу 3 сар, 1 хоног дутуу байхад зөвлөгөөнөөр оруулсан гэх тооцоог гаргасан байна. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тооцооллоор харахад 1 сар, 8 хоног дутуу гэж үзээд байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхийн тооцооллоор тооцвол 11 жилийг оногдуулсан ял гэж үзээд гуравны хоёр буюу арга зүйн зөвлөгөөнөөр ороход 7 жил, 4 сар хорих ял эдэлсэн байх ёстой. Ялтан Б.М- тухайн өдөр 7 жил, 8 сар, 26 хоногийн ял эдэлсэн буюу 4 сар 26 хоногийн илүүтэй байсан. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан өдрөөр тооцоход 6 сар 14 хоногийн илүүтэй байсан. Дээрх байдлаар тооцооны эрс тэрс ялгаатай асуудал бий болсон учир ялтан Б.М- болон өмгөөлөгч миний бие гомдол гаргасан. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орж Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эртэй болсноос хойш 33 жил өнгөрсөн учир нэгэнт хэвшсэн ойлголт байх ёстой. Харамсалтай нь хэвийн явагдаж байсан ажиллагааг тодорхойгүй болгож байгаад эргэлзээ төрж байна. Прокуророос хорих ангийн арга зүйн зөвлөгөөнөөр оруулсан саналыг дүгнэлт болгож шүүхэд танилцуулсан. Прокурор танилцуулсан дүгнэлтийнхээ эсрэг эсэргүүцэл бичсэн тохиолдлыг урьд харсангүй. Зөвхөн Б.М- гэдэг хувь этгээдтэй холбоотой энэ байдал үүслээ. Нийгмийн сүлжээгээр нийтээрээ шүүмжилж, прокурор системийнхээ нэр хүндийг аврах гэж шүүхийн буруу гэсэн явцуу хандлага бий болсонд онцгой ач холбогдол өгч дүгнэхийг хүсье. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Б.М-д 13 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 11 жил болгон хөнгөрүүлсэн бөгөөд хяналтын шатны шүүх магадлалыг хэвээр үлдээсэн. Шүүхээс оногдуулсан 11 жил хорих ялаас гуравны хоёроос доогүй хувийг заавал биеэр эдэлсний дараа хугацаанаас өмнө суллах эсэхийг шийдвэрлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял буюу анхан шатны шүүхээс Б.М-д 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 11 жил болгон хөнгөрүүлсэн ба шүүхээс тогтоосон 11 жилийн хорих ялаас биеэр эдэлсэн хугацаанаас гуравны хоёроос доошгүй хувийг заавал биеэр эдэлсний дараа хугацаанаас өмнө суллах эсэхийг шийдвэрлэхээр заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны А/79 дугаартай Нэгдсэн тоо бүртгэл хөтлөх зааврын 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д “Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэсэгчлэн хасагдсан, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн, давж заалдах шатны шүүхийн магадлалаар ялыг хөнгөтгөн хассан хугацааг биеэр эдэлсэн ялд оруулан тооцохгүй ба оногдуулсан ялаас хасаж тооцно” гэж тусгасан байхад ялтан Б.М-ын биеэр эдэлсэн ялын хувь хэмжээг буруу тооцож, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүх “Б.М-д шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг хасаж, үлдсэн 9 жил, 9 хоногийн хорих ялыг Б.М-ын биеэр эдэлбэл зохих ял гэж үзнэ” хэмээн буруу дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болохоор хуульчилсан бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хууль, Уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хорих ялын тодорхой хэсэг, хувийг хассан тохиолдолд шүүхээс оногдуулсан ялыг хэмжээг багасган өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэл байхгүй юм. Мөн Өршөөл үзүүлэх тухай хууль, уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хорих ялын зарим хэсэг, хувь хэмжээг шүүхээс оногдуулсан ялын хэмжээнээс хасаж тооцвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.3-т заасан оногдуулсан ялын хувь хэмжээг тодорхойлоход шүүхээс оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн бол хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох үндсэн зарчимтай зөрчилдөхөөр байна. Өөрөө хэлбэл, шүүхээс оногдуулсан 11 жил хорих ялаас уучлал үзүүлсэн 1 жил, 11 сар, 21 хоногийг хасаж 9 жил, 9 хоног гэж тооцвол 6 жил, 6 хоног хорих ялыг биеэр эдэлсэн байхыг шаардаж байна. Иймд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс уг асуудалд дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага, ялаас Өршөөл болон уучлал үзүүлэх замаар бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн солих эрхийг гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч болон хууль тогтоогчид Үндсэн хуулиар олгосон билээ.

Өршөөл үзүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд болон ял эдэлж буй ялтны үйлдсэн гэмт хэргийн эрх зүйн үр дагаврыг хүчингүй болгож эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлдөг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу Улсын Их Хурлаас хууль тогтоох замаар хэрэгжүүлдэг онцгой үйл ажиллагаа болно. 

Харин уучлал үзүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гарган өөрт нь хандаж хүсэлт гаргасан тодорхой хувь хүний эдлэх ялыг нь хөнгөрүүлэх замаар хэрэгждэг ажиллагаа юм.

Өршөөл, уучлал нь батлан гаргаж буй субьект, эрх зүйн актын хэлбэр, түүний үйлчлэлд хамаарах этгээдийн хамрах хүрээ зэргээр дээрх байдлаар ялгаатай боловч хэрэгжих нэг удаагийн үйлчлэл, ял эдэлж буй этгээдийн ялаас бүрэн эсхүл заримыг чөлөөлөх, хөнгөн ялаар солих зэрэг эрх зүйн үр дагаврын үндсэн шинжээрээ адил төсөөтэй болно.

Тиймээс хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.” хэмээн хуульчилсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл, ял эдэлж буй ялтанд уучлал үзүүлэх, хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллах зэрэг нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын бодит илрэл бөгөөд өршөөл, уучлал нь хүн, хуулийн этгээдэд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, өөрчлөх байдлаар шүүхээс оногдуулсан ялыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг эдлүүлэхгүйд чиглэгдсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.М-ыг 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хорих ялын хугацааг 11 жил болгож, тус тус өөрчлөн шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлигаар ялтан Б.М-ын эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан байх бөгөөд мөн хугацаанд түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг 1 жил 11 сар 21 хоног гэж тооцсон байна.

Б.М-д хорих ял оногдуулсан, магадалсан, хянасан шүүхийн шийдвэрүүд, уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлиг, хорих байгууллагаас гаргасан ял эдэлсэн тооцоо зэргийг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.2-т заасан “...таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг” эдэлсэн байх хуулийн шаардлага Б.М-ын хувьд хангагдаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүнийг хугацаанаас өмнө тэнсэн суллах дүгнэлт гаргасныг прокурор болон анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн хорих ялын хугацааг биечлэн эдэлсэн ялд эсхүл эдэлбэл зохих ялаас хасч тооцох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон прокурорын байгууллага алдаа гаргаж, Б.М-ыг хугацаанаас өмнө тэнсэн суллах дүгнэлт үйлдсэнээс гадна прокуророос шат шатны шүүх хуралдаанд өмнөх дүгнэлтээ өөрчилсөөр ирсэн байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлээр тогтоосон өршөөл, уучлал үзүүлэх журамд Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний “эдлэх ял” буюу шүүхээс оногдуулсан хорих ялаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөхөөр заасан байхад хуулийг зөрүүтэй хэрэглэж, ялтны биечлэн эдлээгүй буюу эдлэхээс чөлөөлөгдсөн ялын хугацааг эдэлсэн ялд оруулан тооцсоны улмаас Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.2-т заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтооход баримтлах эдэлсэн ялын шалгуур болох “хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь”-ийг буруу тодорхойлжээ.

Иймд Б.М-ыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, ялтан Б.М болон түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай прокурорын дүгнэлтийг шүүх хангаагүй үндэслэл нь учруулсан хохирол төлөгдсөн байх, зан байдлаараа нийтэд аюулгүй болсон эсэх, ял эдлэх хугацаанд ноцтой зөрчил гаргаагүй байх зэрэг шаардлагуудтай хамааралгүй буюу шүүхээс оногдуулсан ялын эдэлсэн хувийг буруу тооцсонтой холбоотой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т заасан хязгаарлалт үйлчлэхгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаар магадлалыг хэвээр үлдээсүэй.

2. Ялтан Б.М болон түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧИД                                                     Б.БАТЦЭРЭН

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

     Ч.ХОСБАЯР

      Б.ЦОГТ