| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/05388/И |
| Дугаар | 210/МА2025/02202 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02202
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08149 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д заасан үндэслэл буюу 59.1.1-т эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан, 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх хуульд заасан үндэслэлээр гадаадад зорчих эрх түдгэлзүүлдэг. Гэтэл би эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийгээгүй, хөрөнгөө нуун дарагдуулаагүй, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал байхгүй байхад гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг үндэслэн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн. Түүнчлэн, би төлбөрийг сайн дураар төлөхөөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө санал болгосон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 435,000,000 орчим төгрөгийн төлбөрт 3.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг ноцтой зөрчиж хуулиас давсан үндэслэлгүй шийдвэр гаргаж гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д заасан үндэслэл шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй, шүүхийн шийдвэрт заасан мөнгийг төлж барагдуулахын тулд бүх арга хэмжээ авч авсан нь төлбөр төлөх хөрөнгө санал болгосон байдлаар харагддаг.
1.2. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өгөхгүй байсан тул гомдол, хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаснаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан. Ингэж шүүхэд гомдол гаргах эрх хуулийн хүрээнд нээгдсэн тул гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид уг ажиллагааг албан ёсоор мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байдлаар ажиллагааг явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйл баримтын талаар тодруулах бүрэн боломжтой байсан. Түүнчлэн, хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон хэрэг шийдвэрлэсэн хаягаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж шүүгчийн захирамж гарсан тул уг шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар магадлалаар *******ээс 437,332,950 төгрөгийг гаргуулж *******т олгож шийдвэрлэсэн. Улмаар төлбөр төлөгч *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүсгэж, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар мэдэгдэл, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, ******* дугаар зарлан дуудах мэдэгдэл, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *******/211 дугаар мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар *******д хүргүүлсэн. Мөн тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын дугаартай вайбар хаяг руу явуулж, тус тогтоолын хуулбар үнэн дарж 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан.
Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03-р сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй атал хуульд заасан хугацаанд гомдлоо гаргахгүйгээр хугацааг хэтрүүлсэн, гомдол гаргах үйл явц шүүхээс шалтгаалаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, шүүгч 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчөөс гомдол гаргасан хугацааны хувьд саналтай эсэх, энэ талаар маргаж байгаа талаар асуухад хариуцагчийн төлөөлөгч маргаан байхгүй гэж хариулсан. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны энэ хэсэг ороогүй, буруу тэмдэглэгдсэн үндэслэлээр тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч захирамжаар хүсэлтийг хангаагүй. Нэгэнт талуудын маргаагүй буюу хариуцагч хугацаандаа гомдол гаргасан гэж ойлгож тайлбарлаж байхад шүүх талуудын бүрэн эрхийн зарчимд халдаж хөндлөнгийн байр сууриа алдаж байж дур мэдэн хуралдааны тэмдэглэлийг бодит байдлаас зөрүүтэйгээр албажуулан байж үндэслэлээ зөвтгөсөн. Мөн хугацаандаа гомдол гаргасан эсэх талаар болон хэрэгт авагдаж болох нотлох баримтыг тодруулаагүй. Энэ нь хэргийн урьдчилан шийдвэрлэсэн байсан гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Хуулийн хугацаанд гомдол гаргасан, хуульд заасан журмын талаар гомдол гаргаж хариу авч зөрчигдсөн эрх сэргээгдээгүй тул шүүхэд хандсан. Гэтэл шүүх цаг хугацаа, нөхцөл байдлын зүй тогтлыг тодруулахгүйгээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэлийг шүүгч тайлбарлан өгөөгүй, шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг нэр заан танилцуулж талуудаас татгалзал байгаа эсэхийг асуугаагүй, энэ нь хэргийг шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн. Гэтэл хуралдааны тэмдэглэлд тодруулан асуусан мэтээр тусгасан, мөн л тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Шүүх хуралдаан ирцтэй холбоотой хүсэлтээр завсарлаагүй буюу хүсэлтийг шийдвэрлээгүй хуралдаан үргэлжилсэн, мөн шийдвэрээ гаргасан бол хэрхэн шийдвэрлэсэн болон шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах эрхтэй эсэхийг талуудад танилцуулаагүй.
Иймд, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн тул Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх талаар түүнд удаа дараа мэдэгдэл гардуулсан боловч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн ******* дугаартай тогтоол гарснаар нэхэмжлэгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байдаг.
Шүүхэд гомдлыг хугацаанд нь гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримтыг талууд хуульд заасны дагуу шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байхад нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд 18,000,000 төгрөгийг төлсөн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлсэн байна. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч *******ээс 362,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 435,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 85-94/
3.2. Төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /хх-ийн 33, 42/
3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/******* дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *******ий өмчлөлийн ,,, дугаарт бүртгэлтэй, ,,, хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/******* дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******ий дансны зарлагын гүйлгээг төлбөрийн шаардлагын хэмжээгээр битүүмжлэх, данс нээх, хаах, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоож, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот зарлан дуудах, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тоот болон 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийг хүргүүлсэн. /хх-ийн 43-44, 47, 120, 134/
3.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *******/211 тоот мэдэгдэх хуудсаар *******ий гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэнийг мэдэгдэж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр *******ий гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан. Улмаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №******* дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******ий гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 61, 63, 149, 170/
3.5. Дээрх Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №******* дугаар тогтоолыг төлбөр төлөгч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар танилцуулж, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан.
3.6. Төлбөр төлөгч *******ээс 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох гомдол, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гадаадад зорчих эрх сэргээлгэх хүсэлт гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/481 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад зорчих шаардлагатай талаар ирүүлсэн баримт журамд заасан шаардлага хангаагүй, мөн төлбөрийн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэлээр түүний гадаадад зорчих эрхийг сэргээх боломжгүй болохыг мэдэгджээ. /хх-ийн 177-181, 202/
4. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болон төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй гэж, хариуцагч нь хуульд зааснаар 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй гэж маргасан.
4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан.
4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж, 59.1.1-т эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж, 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан гэж, 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж зохицуулсан.
4.3. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 271.3.5-д шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх гэж зааснаар төлбөр төлөгч *******ийг гадаадад зорчих эрхийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр түдгэлзүүлжээ.
4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан гурван үндэслэлийн аль нэг нь бүрдсэн, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх боломжтой арга хэмжээ буюу хүний Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлах тусгайлсан зохицуулалт байх ба нэхэмжлэгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүх зөв болжээ.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгч *******ий гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болсон байна.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулсан.
5.1. Хэргийн баримтаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №******* дугаар тогтоолыг төлбөр төлөгч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар танилцуулж, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон. Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т нийцсэн, энэ талаар талууд маргахгүй байна.
5.2. Нэхэмжлэгч *******ээс гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох гомдол болон сэргээлгэх хүсэлт хариуцагч байгууллагад гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/481 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар түүний гадаадад зорчих эрхийг сэргээх боломжгүй гэж мэдэгджээ.
5.3. Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд анх 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, үүний дараа 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 4-7, 21/
5.4. Нэхэмжлэгч нь гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны хариуг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгснөөс хойш 14 хоногийн дотор буюу мөн оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор гомдол гаргах байтал 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хугацаанаас тоолбол шүүхэд гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.
Иймд, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны талаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах журам зөрчсөн байх тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
5.5.Түүнчлэн, нэхэмжлэгч нь гомдол гаргасан хугацааны талаар хариуцагч байгууллага маргаагүй гэж тайлбарласан боловч энэ нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй учир энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Уг магадлалын 4.1-д дурдсанаар иргэний гадаадад явах, эх орондоо буцаж эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч *******ийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоол ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байх боловч нэхэмжлэгч нь тус хуулиар түдгэлзүүлэх эрх олгосон этгээдийн шийдвэрийн талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхтэй тул үндсэн эрхийг хязгаарлаж буй учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
7. Нэхэмжлэгч нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэлийг шүүгч тайлбарлаагүй, шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг нэр заан танилцуулж талуудаас татгалзал байгаа эсэхийг асуугаагүй, хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, мөн шүүх хуралдаан ирцтэй холбоотой хүсэлтээр завсарлаж хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй эсэхийг талуудад танилцуулаагүй гэх агуулга бүхий гомдол гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ