Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 561

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Цд холбогдох эрүүгийн 1905025670720 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Ж.Ц.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк хотхон”-ны гадна иргэн Т.Ж-тэй маргалдан улмаар нүд рүү нь гараа хийж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Цын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр найз Цэрэндондовтой 19-20 цагийн хооронд уулзаад 10-р хороололд нэг караокед орж 0,75 литрийн нэг шил архи, хүний 1,2 шил пиво авч уусан. Шөнийн 01 цагийн үед гэрлүүгээ орох гээд Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 105,106-р байрны голд явж байхад нэг залуу байрруу шээгээд зогсож байхад нь бид 2-ын нэг нь амьдарч байгаа байрруугаа шээлээ гэж хэлснээс болоод нөгөө залуутай маргасан. Би тухайн үед нилээн соггуу байсан учир болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байна. Бид 2 маргаж байгаад салаад явтал нөгөө залуу араас ирээд Ууганбаярын нүдний шилийг аваад шидчихсэн. Би уурлаад барьцалдаж аваад бид хоёр зууралдаж байхад миний гар ам руу нь орчих шиг болсон чинь миний эрхий хурууг хазсан. Тэгээд наашаа цаашаа түлхэлцэж байхад хажуугаар явж байсан 2 залуу салгах шиг болсон. Тэгтэл нөгөө залуу нүд рүү хатгачихлаа гээд цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ж-ийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр найз Цогзолбоогийн гэрт 4 найзын хамт 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 4- р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 105-р байрны гадна эхнэр Нансалмаагийн хамт ирээд ээжийнхээ гэррүү 105-р байрлуу орох гээд явж байтал хажуу талд нэг нь арай махлагдуу цээж нүцгэн, нөгөөх нь нүдний шилтэй, цамцтай 35-40 орчим насны 2 эрэгтэй хүн бас согтуу явж байсан. Би нилээн халамцуу байсан учир цахилгаан шатанд сууж амжилгүй хаалга нь хаагдаад эхнэр дээшээ явсан. Би эргээд орцноос гадагш гараад байрны голын нарийн гарцаар гараад шээх гэтэл нөгөө цээж нүцгэн 2 залуугийн хэнийг нь мэдэхгүй нэг нь бүсэлхийн хэсэгт хөлөөрөө өшиглөж газар унагасан. Би босоод яагаад байгаа юм гээд нөгөө 2 залуутай маргаад цээж нүцгэн залуутай нь зууралдаж байгаад газар унатал цээж нүцгэн залуу нь миний баруун талын нүдийг хуруугаараа дарж байгаад хатгачихсан. Энэ үед эхнэр Нансалмаа гарч ирж татаж салгасан. Миний нүд рүү хатгасан Цэрэндондов гэх залуу нь надаас уучлалт  гуйн миний эмчилгээний зардал болох 150.000 төгрөгийг гаргаж өгч бид хоёр сайн дурын үнүдсэн дээр эвлэрч ямар нэг маргаангүй болсон...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 7241 тоот: 

1. Т.Ж--н биед баруун нүдний эвэрлэгт шарх, нүдний алимны цус харвалт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 14/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 18/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк хотхон”-ны гадна иргэн Т.Ж-тэй маргалдан улмаар нүд рүү нь гараа хийж баруун нүдний эвэрлэгт шарх, нүдний алимны цус харвалт, зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Цын “...Би уурлаад барьцалдаж аваад бид хоёр зууралдаж байхад миний гар ам руу нь орчих шиг болслон чинь миний эрхий хурууг хазсан. Тэгээд наашаа цаашаа түлхэлцэж байхад хажуугаар явж байсан 2 залуу салгах шиг болсон. Тэгтэл нөгөө залуу нүд рүү хатгачихлаа гээд цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Т.Ж-ийн “...Би эргээд орцноос гадагш гараад байрны голын нарийн гарцаар гараад шээх гэтэл нөгөө цээж нүцгэн 2 залуугийн хэнийг нь мэдэхгүй нэг нь бүсэлхийн хэсэгт хөлөөрөө өшиглөж газар унагасан. Би босоод яагаад байгаа юм гээд нөгөө 2 залуутай маргаад цээж нүцгэн залуутай нь зууралдаж байгаад газар унатал цээж нүцгэн залуу нь миний баруун талын нүдийг хуруугаараа дарж байгаад хатгачихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 7241 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Цод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Т.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэг хохирогч Т.Ж- “...Миний нүд рүү хатгасан Цэрэндондов гэх залуу нь надаас уучлалта  гуйн миний эмчилгээний зардал болох 150.000 төгрөгийг гаргаж өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч ямар нэг маргаангүй болсон...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/ өгсөн байх тул шүүгдэгч Ж.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Цд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ж.Цод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Цод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ