Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02203

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******

 

Нэхэмжлэлийн шаардлага: амины орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь *******гаас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг, ******* хороонд байрлах ******* II хотхон ******* тоот амины орон сууц болон авто зогсоолыг 340,000,000 төгрөгөөр худалдан авч амины орон сууц болон автомашины зогсоол захиалан бариулах гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* , Их Цуурайтын аманд байрлах ******* II хотхоны ******* байршил бүхий нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалгын гэрээний эрх шилжүүлэх тооцоо нийлж, актаар баталгаажуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс тус амины орон сууцыг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна.

1.2. Гэрээний 2.5-д гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 6.2.4-т амины орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд гэрээнд заасан амины орон сууцыг өмчлөх эрхийг олж авах эрхтэй, 6.3.4-т гүйцэтгэгч нь захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ******* ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн амины орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй буюу амины орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Энэ талаар удаа дараа ******* ХХК-д хандсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарах эсэх нь тодорхойгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.5, 6.2.4, 6.3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******ийг Баянзүрх дүүрэг, ******* , Их Цуурайтын аманд байрлах Хадат вилла II хотхоны ******* тоот байршилтай, нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний ******* тоот байршил бүхий 14 м.кв талбай бүхий дулаан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Цоба Хаус ХХК-д даалгаж өгнө үү.

1.3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10-3/895 тоот албан бичгээр ******* 2 хотхон, А402 тоот орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаяг нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******,*******, *******  тоот болох нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, ******* , Улиастай Их Цуурай,*******, ******* тоот хаягт байрлах нийт 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц, мөн хотхоны автозогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахаар тодруулсан гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *******т ам, Хадат вилла 2 хотхон, ******* хаягт байрлах, ******* тоот амины орон сууц болон ******* тоот зогсоолын эцсийн өмчлөгчөөр тогтоож, тэдгээрийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлээс ******* тоот амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эцсийн өмчлөгчөөр тогтоолгохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Харин ******* тоот зогсоолын барилгын ажил дуусаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байна. Ииймээс энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүрэг, ******* , Их цуурайтын аманд баригдсан Хадат вилла 2 хотхон төслийн ******* тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны болон түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, Их цуурайтын аманд байрлах ******* II хотхоны ******* тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх авто зогсоолтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн 1,928,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,695,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрт амины орон сууцны хаягийн талаар ...Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/682 тоот албан бичгээс үзэхэд Баянзүрх дүүрэг, ******* , Улиастай, Их Цуурай хадат ******* тоот хаяг нь бүртгэгдээгүй, мөн хэрэгт байгаа кадастрын зургаар амины орон сууц нь ******* тоот хаягтай гэх тайлбар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Шүүхэд нэхэмжпэл гаргах үед маргаан бүхий амины орон сууцны хаягийн мэдээлэл захиалгын гэрээнд Баянзүрх дүүрэг, ******* хороо, Их Цуурайтын аманд байрлах Хадат вилла II хотхоны ******* тоот гэж, цахилгааны төлбөр төлж буй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчийн мэдээлэлд Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастай, Их Цуурайт, ******* ******* гэж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан ёсны сайт болох www.egazar.gov.mn цахим хаягт Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, Улиастай, Их цуурай хадат ******* гэж тус тус зөрүүтэй бичигдсэн. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зургаас үзвэл ******* тоот хаягтай болох нь тогтоогдсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус орон сууц ******* дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон.

Харин Хот байгуулалт, хотын стандартын газраас Баянзүрх дүүрэг, ******* , Улиастай, Их цуурайт хадат ******* тоот хаяг бүртгэгдээгүй гэсэн нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 43 дугаар тогтоолоор хуучнаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог 35 дугаар хороо болсонтой холбогдуулан хаягийн шинэчлэлт хийгдээгүйн улмаас бүртгэгдээгүй байх магадлалтай юм. Тиймээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастай Их Цуурай,*******, 1-19-3 тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болгон тодруулсан. Үүний дараа шүүхээс тодруулсан шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдэд гардуулсан бөгөөд тэдний шүүхэд ирүүлсэн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс гэрээний хаягаар нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг тал бүрээс нь бодитоор шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Шүүх нэхэмжлэгчийг захиалгын гэрээнд заасан хаягаар өмчлөгчөөр тогтоовол нэхэмжлэгч одоо амьдарч буй орон сууцныхаа өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж чадахгүй, нэг үл хөдлөх хөрөнгөд хоёр өөр өмчлөгч хоёр өөр хаягаар бүртгэгдэх эрх зүйн үр дагавар үүснэ. Иймд нэхэмжлэгчийг захиалгын гэрээнд заасан хаягаар буюу Баянзүрх дүүрэг, ******* , Их цуурайтын аманд байрлах ******* II хотхоны А402 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастай Их Цуурай,*******, ******* тоот хаягт байршилтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

5.2. Шүүхийн шийдвэрт ...автозогсоол захиалан бариулах гэрээнээс үзэхэд төлбөрийг төлсөн эсэх талаар бичигдээгүй, дээрх гараар бичсэн баримтад 11 тоот автозогсоолыг худалдсан гэж үзэхээр байна. Мөн тооцоо нийлсэн актад автозогсоолын төлбөргүй гэсэн боловч дугаарыг тодорхойлоогүй, гэрээнд А эгнээний ******* тоот хаягт байрлах автозогсоол нь *******гаас худалдаж авсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр амины орон сууц, автозогсоол худалдан авч гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т гүйцэтгэгч нь захиалагчийн захиалан бариулж байгаа Хадат вилла-2 төслийн, А эгнээний ******* байршилд байрлах 14 м.кв талбай бүхий дулааны зогсоолыг барьж гүйцэтгэнэ гэж автозогсоолын байршлыг тодорхой зааж гэрээний хавсралтаар автозогсоолын зургийг хавсаргасан. Мөн *******гийн гараар бичсэн баримтад ******* тоот амины орон сууц, автозогсоолын хамт 340,000,000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцож захиалгын гэрээг шилжүүлэв гэж, захиалгын гэрээний эрх шилжүүлэх тооцоо нийлсэн актад Сууц Өмчлөгчдийн Холбооноос автозогсоолыг ашиглалтын төлбөрийн үлдэгдэлгүй, санхүүгийн хэлтсээс автозогсоолын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тус тус баталгаажуулсан.

*******гийн хүсэлтэд автозогсоолын дугаар бичээгүй шалтгаан нь тухайн үед автозогсоолын дугаар тодорхой болоогүй байсантай холбоотой бөгөөд түүний хүсэлтийн дагуу ******* ХХК-аас нэхэмжлэгчтэй захиалгын гэрээг байгуулахдаа зогсоолын дугаарыг тодорхой болгож байгуулсан. Гэтэл шүүхээс автозогсоолын хаяг тодорхойгүй *******гаас худалдан авсан автозогсоол гэдэг нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагч гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байхад автозогсоолын хаягийн талаар тодруулахгүй, хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлээгүй. Иймээс нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их цуурайтын ам, ******* II хотхоны А эгнээний ******* тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тайлбар гараагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* , Их Цуурайтын аманд байрлах ******* II хотхоны ******* тоот байршилтай, нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц, тус хотхоны А эгнээний ******* тоот байршил бүхий 14 м.кв талбай бүхий дулаан автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Цоба Хаус ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амины орон сууцны хаягийг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *******,*******, ******* тоот гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Дээрх шаардлагаас хариуцагч нь амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай шаардлагыг эс зөвшөөрсөн, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь *******гаас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их Цуурайтын аманд байрлах, ******* II хотхоны ******* тоот байршилтай, нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцыг автозогсоолын хамт 340,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, *******гаас ******* ХХК-д амины орон сууц болон автозогсоол захиалсан захиалгын гэрээний шаардах эрхийг *******д шилжүүлж, улмаар ******* нь амины орон сууц, автозогсоолын үнэ болох 340,000,000 төгрөгийг *******д төлж гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлсэн. Улмаар ******* нь тухайн өдөр хариуцагч ******* ХХК-д хандан гэрээний дагуу баригдаж буй амины орон сууц болон автозогсоолын захиалгын гэрээнүүдийг *******ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гаргасан. /хх-ийн 18-19/

 

3.2. Дээрх хүсэлтийг үндэслэн ******* ХХК нь *******тэй 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №КH-А402 тоот Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их цуурайтын аманд баригдах ******* II хотхоны амины орон сууц болон автозогсоол захиалан бариулах гэрээг тус тус байгуулж, гэрээний үнэ 100 хувь төлөгдсөн тул гүйцэтгэгч буюу ******* ХХК нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээний зүйл болох амины орон сууц, автозогсоолыг барилгын стандарт норм дүрэмд нийцүүлэн барьж гүйцэтгэн захиалагч буюу *******д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-16/

 

3.3. Шүүх *******, ******* нарын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж буруу дүгнэжээ. Учир нь нэхэмжлэгч ******* нь *******гаас амины орон сууц, автозогсоолын хамт худалдан авч, захиалгын гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авч ******* ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулах үед гэрээний зүйл болох амины орон сууц гэрээний хавсралт 4-т заасан дотор засалгүй хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байсан зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж залруулан дүгнэнэ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, Их цуурайтын аманд байрлах ******* II хотхоны ******* тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч нэхэмжлэлийн шаардлагаас тус хотхоны А эгнээний ******* тоот байршилд байрлах, 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, автозогсоолын өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

4.1. Учир нь хэргийн 18-19 дүгээр талд авагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээ болон *******гийн ******* ХХК-д гаргасан хүсэлт зэрэг баримтад амины орон сууц, автозогсоолын төлбөрийн үлдэгдэлгүй талаар дурдсан байхаас гадна амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1-д төлбөр бүрэн төлөгдсөн гэжээ. Түүнчлэн, хариуцагчаас орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, түүний эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь төлбөр төлөгдөөгүй талаар маргахгүй байна. Иймд нэхэмжлэгч ******* нь амины орон сууцыг автозогсоолын хамт захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч, төлбөрийг *******д төлсөн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

4.2. Талуудын байгуулсан гэрээний 6.3.4-т захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шижлүүлэн авахад гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Иймээс нэхэмжлэгч нь амины орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

4.3. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, нэхэмжлэгч *******ийг Баянзүрх дүүрэг, ******* , Их цуурайтын аманд байрлах ******* II хотхоны А эгнээний ******* тоот байршилд байрлах, 14 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангав.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан ёсны сайт болох www.egazar.gov.mn цахим хаягт болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр амины орон сууцны хаягийн мэдээллийг Баянзүрх дүүргийн ******* , Улиастай их цуурай*******, ******* тоот хаягт байршилтай гэсэн байх тул үүнийг албан ёсны бүртгэлтэй хаяг гэж үзэх үндэслэлтэй. Харин шүүхээс гэрээний хаягаар нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийг албан ёсны бүртгэлтэй хаягаар буюу Баянзүрх дүүрэг, ******* хороо, Улиастай Их Цуурай,*******, 1-19-3 тоот хаягт байршилтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэх агуулга бүхий гомдол гаргасан.

 

5.1. Талуудын байгуулсан амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их цуурайтын аманд байрлах ******* II хотхоны А402 тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц заасан ба гэрээнд хаягийн талаар өөрчлөлт оруулаагүй байхаас гадна хэрэгт авагдсан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/682 тоот албан бичгээр ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай их цуурай*******, 1-19-3 тоот хаягт байрлах барилгыг хот байгуулалтын мэдээллийн сан бүртгүүлж хаяг дугаар авах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон.

 

Иймд анхан шатны шүүх гэрээнд заасан хаягаар буюу Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их цуурайтын аманд байрлах Хадат вилла II хотхоны А402 тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, ******* хороо, Их цуурайтын аманд байрлах ******* II хотхоны ******* тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц, мөн хотхоны А эгнээний ******* тоот байршилд байрлах, 14 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр *******ийг тус тус тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн 1,928,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,928,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 1,857,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ