Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 577

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Хт холбогдох эрүүгийн 1905024060679 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.Х.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны 231 тоотод эхнэр Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

                               

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр орой 22 цагийн үед ажлаа тараад гэрлүүгээ харьж явах замдаа эхнэр Эрдэнэцэцэгрүү залгаж нэг шил архи авчих гэж захисан. Гэртээ ирээд 0,5 литрийн нэг шил архиа бид 2 хувааж уусан. Дахиж нэг шил 0,5 литрийн архи авч уусан. Тэгээд 2-лаа манайхан танайхан гээд маргаж байснаа санаж байна маргааш өглөө нь сэрэхэд эхнэр өөрийг нь үснээс нь чирсэн болон том охин ухаан алдсан тухай надад хэлсэн. Би охин эхнэр 2-оосоо уучлалт гуйсан. Охин найзуудтайгаа уулзана гээд гарсан. Эхнэр бид хоёр 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад дахиж 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Би бас нилээн согтоод дахиад ах дүү нараасаа болж маргалдаад эхнэрийнхээ үснээс зулгааж өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх-н 22/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед нөхөр Х над руу яриад нэг шил 0,33 литрийн архи авчих гэхээр нь дэлгүүр ороод маргааш амралтын өдөр юмчинь уугаад амраг гэж бодоод 0,5 литрийн нэг Соёрхол архи авсан. Х бид 2 авсан архиа хувааж уугаад дуустал дахиад нэг шилийг авчих гэхээр нь би гарч 0,5 литрийн нэг шил Соёрхол нэмж аваад ууж дууссаны дараа ах дүү нараасаа болоод танайхан манайхан гээд маргалдтал миний үснээс зулгаагаад коридорруу чирч гаргатал том охин Цэндмаа сэрээд бид 2-ыг салгаад айсандаа ухаан алдаад уначихсан. Нөхөр өөрөө рүүгээ орж унтаад би охиноо сэрээгээд хүүхдүүдтэйгээ хамт унтсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед Хсобаяр болсон асуудлыг хэлтэл охин бид 2-оос уучлалт гуйсан. Охин найзуудтайгаа уулзана гээд гараад явсан. Х өөрөө дэлгүүр гарч 0,5 литрийн нэг шил архи авчирч шараа тайлна гэж уусан. Надад нэг хийж өгөхөөр нь би уухгүй гэтэл авсан архиа талаас доош ортол ганцаараа ууж байснаа намайг нэг уучих дотор чинь гайгүй болно гээд байхаар нь үлдсэн архийг нь хувааж уусан. Тэгтэл дахиж 0,75 литрийн нэг шил архи нэмж аваад ууж байгаад дахиад танайхан манайхан гээд агсам тавиад миний үснээс зулгаагаад нүүрлүү хөлөөрөө өшиглөөд гар цээжний хэсэгт цохиод байсан. Би зугтаж гараад дүү Цэндбаярруу утасдаж дуудаад гэрлүү нь явсан. Цэндбаяр цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 6496 тоот: 

1. Б.Эийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөр, баруун бугалга, баруун тохойнд цус хуралт, баруун шуунд баруун алганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 24/,

 

- хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-н 45/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны 231 тоотод эхнэр Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөр, баруун бугалга, баруун тохойнд цус хуралт, баруун шуунд баруун алганд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Хын “...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...Гэртээ ирээд 0,5 литрийн нэг шил архиа бид 2 хувааж уусан. Дахиж нэг шил 0,5 литрийн архи авч уусан. ... өглөө нь сэрэхэд эхнэр өөрийг нь үснээс нь чирсэн болон том охин ухаан алдсан тухай надад хэлсэн. ...Би бас нилээн согтоод дахиад ах дүү нараасаа болж маргалдаад эхнэрийнхээ үснээс зулгааж өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Эийн “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ... Соёрхол нэмж аваад ууж дууссаны дараа ах дүү нараасаа болоод танайхан манайхан гээд маргалдтал миний үснээс зулгаагаад коридор руу чирч гаргатал том охин Цэндмаа сэрээд бид 2-ыг салгаад айсандаа ухаан алдаад уначихсан. ...Тэгтэл дахиж 0,75 литрийн нэг шил архи нэмж аваад ууж байгаад дахиад танайхан манайхан гээд агсам тавиад миний үснээс зулгаагаад нүүр рүү хөлөөрөө өшиглөөд гар цээжний хэсэгт цохиод байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 6496 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 45 дугаар талд хохирогч Б.Эийн “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч Б.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Хт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Хт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ