Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02029

 

 

 

   2025          11            19                                           210/МА2025/02029             

 

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04676 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 604,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 51,760,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******тэй 2023 оны 05 сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, 2022 оны 01 сарын 05-ны өдөр 400,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Хэрэв 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор 400,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Уг төлбөрийг төлөөгүйн улмаас *******ад учирсан аливаа хохирол болох өмгөөлөгчийн туслалцаа авсан хөлс зэргийг бүрэн хариуцахаар харилцан тохиролцож, хэлцлээр баталгаажуулсан. Гэвч хариуцагч ******* нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа гэрээний дагуу төлбөрийг буцаан төлөөгүй.

Иймд хариуцагч *******гээс талуудын хооронд 2023 оны 05 сарын 26-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцлийн дагуу үндсэн төлбөр 400,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш 2024 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх 274 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрт 109,600,000 төгрөг, нийт 509,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн өдрийг 274 хоног гэж тооцсон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг эргэн төлөгдөөгүй учраас алдангид холбогдох 109,600,000 төгрөгийн хэмжээг 200,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Учир нь, хариуцагч ******* нь 2023 оны 05 сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу үндсэн төлбөр 400,000,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй хэтрүүлсэн хугацаа нь 2024 оны 12 сарын 10-ны өдөр хүртэлх 524 хоног байх бөгөөд хэлцэлд тусгасан 0,1 хувиар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс илүү буюу 209,600,000 төгрөг гарч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 200,000,000 төгрөгийг алдангид шаардаж байна.

1.3. Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаатай холбоотой гарсан зардал 4,000,000 төгрөг нэхэмжилсэн.

Иймд 604,000,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2021 оны 12 сарын 27-ны өдөр “Гоулдсэнын Монголиа” ХХК-ийн хувьцааг худалдан авах болсон учраас компанийн захирал *******-оос надад олгосон итгэмжлэлийг үндэслэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. 2022 онд талуудын хооронд байгуулсан гэрээнүүдээ цуцалж, мөнгөө буцааж авахаар нэхэмжилсэн.

Миний хувьд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас *******аас авсан мөнгөө шууд *******-pyу шилжүүлсэн.

Гэвч ******* нь мөнгөө буцаан авахаар надаас нэхэмжилж, намайг эвгүй байдалд оруулж, миний ажил хэргийн болон Монгол Улсад амьдарч байгаа байдалд нөлөөлөхүйц байдал үүсгэсэн учир аргагүйн эрхэнд 2022 оны 09 сарын 23-ны өдрийн Өр барагдуулах гэрээ, 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан. Тухайн төлбөр барагдуулах хэлцлийг хийх үед *******-оос олгосон итгэмжлэлийн хуулийн хугацаа дуусчихсан байсан. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

  1. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Төлбөр барагдуулах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд тухайн хэлцлийг байгуулах үед *******д олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан, гэрээ цуцлах эрх олгоогүй байсан итгэмжлэлийг үндэслэн гарын үсэг зуруулсан. Мөн өр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулахдаа 25,000,000 төгрөг, дахин нэмж 6,000,000 төгрөгийг авсан.

3.2. Миний хувьд 2022 оны 12 сарын 27-ны өдөр дахин нэмж 6,000 ам.доллар бэлнээр, 2022 оны 12 сарын 27-ны өдрийн ханшаар 20,760,000 төгрөг өгч гарын үсэг зуруулсан. Мөн нийлбэр дүнгээрээ *******ад 51,760,000 төгрөгийг өгсөн бөгөөд уг мөнгийг өгөх үндэслэл байгаагүй.

Иймд ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *******ад өгсөн 51,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

4.1. 2023 оны 05 сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэлд тухайн итгэмжлэлийг үндэслээгүй байх тул талуудын хүсэл зоригийн дагуу хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2022 оны 01 сарын 05-ны өдөр хариуцагч болон түүний нэрлэн заасан данс руу 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөн хөрөнгийг хариуцагч өөрөө буцаан төлөх тухайгаа удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд алдангийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Тухайн 400,000,000 төгрөгийг ******* руу бүхэлд нь шилжүүлсэн гэж байгаа нь худал бөгөөд компанийн эрх шилжүүлэхтэй холбоотой шилжүүлсэн мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс түр хугацаанд хэрэглээд буцаан өгөх тухай тохиролцсоны дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрөө тухайн төлбөрийг бүхэлд нь хариуцан төлнө гэдгээ илэрхийлсэн. Мөн хүлээн авсан 400,000,000 төгрөгийг буцаан төлөх хуваарь гаргаж, хуваарийг хэтрүүлсэн үедээ хүүгийн төлбөрөө нэхэмжлэгчид төлж байсан. Мөн компани худалдахтай холбоотой асуудал нь талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцэлд хамааралгүй.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг аргагүй байдалд оруулж байсан удаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан хэлцэлд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаж, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан.

4.2. Хариуцагч нь 2023 оны 05 сарын 16-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 51,760,000 төгрөг болон аливаа төлөлт төлөөгүй учраас тухайн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Asuhe-ээс 404,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Asuhe-ийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 51,760,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,225,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,574,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Asuhe-ээс 2,177,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. *******-ийн зүгээс “Гоулдсэнын Монголиа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******-оос олгосон итгэмжлэлийн дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг иргэн *******тай байгуулж, төлбөрийг үүрэг гүйцэтгэгчээс 2022 оны 01 сарын 05-ны өдөр *******-ийн хаан банкны ******* тоот дансанд 200,000,000 төгрөг, мөн *******-ийн хаан банкны тоот дансанд 200,000,000 төгрөгийг тус тус хүлээн авсан. Хариуцагч нь өөрийн дансаар дамжуулан авсан мөнгөн хөрөнгийг *******-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь анх *******-той гэрээ хийж байсан талаар мэдэж байсан атлаа итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс эрх зүйн тодорхой үйлдэл хийх эрхийг авсан этгээд бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээж, гэрээний үүргийг хариуцах үүрэггүй.

Худалдах, худалдан авах гэрээ болон төлбөр барагдуулах хэлцэл зэрэг нь зөвхөн *******-ийн олгосон итгэмжлэлийг үндэслэн байгуулсан болохоор Asuhe нь бие дааж, *******тай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Уг хэргийн жинхэнэ хариуцагчаас шаардах эрхтэй байхад төлөөлөгчөөс шаардаж, улмаар бусдыг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж хэлцэл байгуулсан этгээд гэрээний үүргийг хариуцдаг шинэ жишиг тогтож байна.

6.2. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид төлөөлөгч хамаарахгүй учраас хамтран үүрэг гүйцэтгэгч биш байна.

*******гийн зүгээс гэрээний үүргийг зөрчөөгүй, иргэн ******* нь гэрээнээс татгалзаж, цуцлах шийдвэр гаргасан хохирлыг арилгуулахаар шаардсан бөгөөд *******гийн төлбөр барагдуулах эрх байхгүй. *******-ийн олгосон итгэмжлэлийн дагуу зөвхөн компанийн эрх, хувьцаа худалдах, худалдан авахтай холбоотой гэрээг байгуулахад эрх хүлээсэн, ямар нэгэн гэрээ цуцлах төлбөр барагдуулах эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.

Нэхэмжлэгч нь ******* -ийн хүлээсэн үүргийг итгэмжлэлээр хүлээн авч, гэрээнд болон төлбөр барагдуулах хэлцэлд төлөөлөн иргэнээс гэрээний үүрэг шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд гэрээний суурь зарчим, иргэний эрх зүйн хэм хэмжээнд нийцэхгүй.

Asuhe болон ******* нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн ******* -аас шаардах эрх болон ямар нэгэн гэрээний үүргийг Asuhe хүлээж аваагүй учраас тусдаа эрх зүйн харилцаа үүсгэсэн гэрээний харилцааг төлөөлүүлэгчээс шаардаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

            7.1. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. 2023 оны 05 сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй. Хариуцагч тал маргаан бүхий 400,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Wuzhen Long-ийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй. 2022 оны 01 сард авсан 400,000,000 төгрөг нь компани худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэж оролдсон хэлцэлтэй холбоотой байх боломжтой. Уг гэрээ бодит байдалд хэрэгжээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул эрх зүйн хүчин төгөлдөр хэлцэл биш болох нь тогтоогдсон.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “...манайх төлнө, 2 орон сууц санал болгож байгаа эвлэрэх үү” гэх санал гаргаж байсан. 2022 оны 01 сараас эхлэн 2025 оны 11 сар хүртэл 4 жил 10 сарын хугацаанд хариуцагчаас өр төлөх хүсэл зорилгоо бодит үйлдлээр болон бичгээр илэрхийлж, 2023 оны 05 сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх талаар өнөөг хүртэл ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн.

7.2. Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ алдангийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч тал алдангийг шаардахгүй зөвхөн үндсэн төлбөр болох 400,000,000 төгрөгөө авч, учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо нөхөн авах хүсэлтэй байна. Хариуцагч тал дарамт шахалт үзүүлсэн гэх үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа боловч ийм нөхцөл байдал бодитойгоор тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ ******* нь төлбөрийг хэсэгчлэн төлөх, орон сууц санал болгох, эвлэрүүлэн зуучлалд оролцох зэрэг хүсэл зоригийг удаа дараа илэрхийлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн эвлэрүүлэн зуучлалын байгууллагад хандахыг санал болгож, өөрөө зөвшөөрөхөө мэдэгдэн өргөдөл гаргуулсан. Түүнчлэн хариуцагчийн тайлбарлаж буй 200,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Wuzhen Long-ийн данс руу шилжүүлсэн, 51,760,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Wuzhen Long-оос авч нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарладаг боловч баримтаар нотолж чадаагүй.

Хариуцагч тал шаардах эрх хүлээж аваагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх зарчимтай нийцэхгүй. Мөн ******* нь мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүн учраас эрх зүйн мэдлэггүй, нөхцөл байдлыг ойлгоогүй гэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 604,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2023 оны 05 сарын 16-ны өдөр Asuheтэй Төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан, ... тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй ...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... *******тай “Гоулдсэнын Монголиа” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Wuzhen Long-аас олгосон итгэмжлэлийг үндэслэн Компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ... 2022 онд гэрээнүүдээ цуцалж, мөнгөө буцааж авна гэж надаас шаардсан, ... аргагүй эрхэнд гэрээнд гарын үсэг зурсан, ... БНХАУ-ын иргэн Wuzhen Long-аас олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад тухайн хэлцлийг байгуулсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна ..., ... миний хувьд тухайн мөнгийг өгөх үндэслэлгүй ...” гэх агуулгаар тайлбарлан, 2023 оны 05 сарын 16-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 51,760,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Тодруулбал, ******* нь “Гоулдсэнын Монголиа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Wuzhen long-оос олгосон итгэмжлэлийн дагуу *******тай “Гоулдсэнын Монголиа” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ******* нь 2022 оны 01 сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* дугаартай Худалдаа хөгжлийн банк дахь данснаас Asuhe-ийн эзэмшлийн ******* дугаартай ХААН банк дахь данс руу 200,000,000 төгрөг, Wuzhen long-ийн дугаартай ХААН банк дахь данс руу 200,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дотоод шилжүүлгийн маягт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх69-70/ Энэ үйл баримтад талуудын хэн аль нь маргаангүй.

3.2. Талууд 2022 оны 05 сарын 24-ний өдөр “Гэрээ цуцлах тухай” гэрээ байгуулж,  ******* нь гэрээ байгуулснаар хүлээн авсан “Гоулдсэнын Монголиа” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тэмдэг болон нэмэлт ажил гүйцэтгэсэн тайлан, холбогдох баримт бичгийг *******д хүлээлгэн өгч, баримт үйлдэх, ******* нь гэрээ байгуулахад төлсөн 400,000,000 төгрөгийг 2022 оны 05 сард 100,000,000 төгрөг, 2022 оны 06 сард 150,000,000 төгрөг, 2022 оны 07 сард 150,000,000 төгрөг  *******ад буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх68/

3.3. ******* /үүрэг гүйцэтгүүлэгч/, ******* /үүрэг гүйцэтгэгч/ нар 2023 оны 05 сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, уг гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчээс 2022 оны 01 сарын 05-ны өдөр ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлсэн 200,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 05-ны өдөр ХААН банкны тоот дансанд шилжүүлсэн 200,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч нь 2022 оны 05 сарын 24-ний өдрийн “Гэрээ цуцлах тухай”, 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 23-ны өдрийн “Өр барагдуулах гэрээ”-ний дагуу тус тус буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ өнөөдрийн байдлаар биелүүлээгүй болохоо, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид дээрх 400,000,000 төгрөгийг төлж барагдуулах боломжит хугацаа, нөхцөлийг олгож байсан болохоо тус тус баталгаажуулж, дараах нөхцөлийг харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулжээ. Үүнд: ******* нь тухайн 400,000,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв тухайн хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцох, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан хохирлыг бүрэн хариуцах, хохиролд хууль, шүүхийн байгууллагад хандсан зардал болон өмгөөлөгчийн туслалцаа авсан хөлс зэрэг хамаарахаар харилцан тохиролцсон байна. /хх5/

 

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь буруу байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

4.1. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар *******, БНХАУ-ын иргэн Wuzhen Long нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн, уг гэрээний талууд гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх нөхцөлийг тохиролцон хариуцагч ******* нь БНХАУ-ын иргэн Wuzhen Long-ыг төлөөлж, нэхэмжлэгч *******тай “Гэрээ цуцлах тухай” гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.2. Харин, нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******  нар 2023 оны 05 сарын 16-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл” нэртэй гэрээ байгуулснаар хариуцагч нь БНХАУ-ын иргэн Wuzhen Long-ын өрийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журмын нэгэн адил үйлчилнэ” гэж заасантай нийцсэн. Учир нь, өр шилжихэд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан байх шаардлагатай, харин өмнөх үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардлагагүй тул “надад олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байсан” гэх хариуцагчийн тайлбар болон хэргийн 30 дахь талд авагдсан итгэмжлэл зэрэг нь маргаанд ач холбогдолгүй, гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

4.3. Хариуцагч нь уг гэрээг аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч дарамт үүсгэсэн гэж тайлбарлах боловч хүч хэрэглэж гэрээг байгуулсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээ хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5. Зохигч талууд бичгээр гэрээ байгуулж, “Гоулдсэнын Монголиа” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгч *******аас авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг хариуцагч Asuhe шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймээс “... худалдах, худалдан авах гэрээ болон төлбөр барагдуулах гэрээ зэргийг ... итгэмжлэлийг үндэслэн байгуулсан, Asuhe нь бие дааж *******тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, ... хамтран үүрэг гүйцэтгэгч биш” гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 05 сарын 16-ны өдрийн гэрээний 2, 3-т заасныг үндэслэн хариуцагч нь 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор 400,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр алданги тооцон 200,000,000 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

6.1. Талууд “Төлбөр барагдуулах хэлцэл” нэртэй гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги тооцох нөхцөлийг, мөн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол арилгах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн байна.

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байх тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

6.3. Харин, өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамааралгүй байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол шаардсан гэж үзэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04676 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3,” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,177,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЗОЛЗАЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

 

                      ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД