| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0014/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Сгийн Эт холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны …-р сарын ….-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн …… сум, ..... дугаар баг, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Сгийн Э ..........;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 10-р сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдалын 145-90 тоотод хохирогч Н.Бгийн толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдсэн Б ах машинтайгаа хашаа руу орох гээд нэг нүдний шилтэй хүнтэй маргалдаад байсан. Тэр үед би учрыг нь олоогүй. Тэгсэн намайг Б ах дуудаад “Энэ хүнийг холдуулаач” гээд байсан. Тэгэхээр нь би очоод тэр хүнтэй маргалдаад толгой хэсэг рүү нь зүүн гараараа нэг удаа л цохисон, мөн 2 гараараа түлхэж холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 сарын 29-ний өглөө 10 цагийн үед ...гэртээ орж цай уучихаад гарч ирэхэд хашааны гадна цагаан өнгөтэй пронтер машин хог асгаад байхаар нь жолооч дээр нь очоод энд хогоо битгий хая гэхэд жолооч нь өвсний хог шдээ гээд асгаад байхаар нь би өвс байлаа ч гэсэн хог болоод байдаг юм гэж хэлээд хашааны хаалга таглаж зогсоод машиныг чинь оруулахгүй та нар махаа зөөгөөд ачаад авцгаа гээд хориод зогсож байтал араас нэг хүн толгой руу 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
Гэрч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бг хараад очоод жолоочтой нь уулзаж байгаа харагдсан. Удалгүй Б хашааны үүдэнд ирээд хаалга бариад хаах гэж байхад нь тэр хавьд нь байсан махлаг, өндөр, шар залуу очоод 2-3 удаа толгой хавьцаа цохиод байсан. Хажууд байгаагүй болохоор би яг хаана нь цохисныг хараагүй, юу ярьцгаасныг нь ч сонсоогүй. Ямар ч байсан нуруу бөөрөнд нь биш толгой хавьцаа цохисон. Тэнд байсан бүх хүн харсан. Улаан машинтай Б гэх хүүхэн очоод цохисон залууг авч байгаа харагдсан. Дараа нь тэр залуу цагаан өнгөтэй микро маягийн машин бариад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б хашааны гадаа моринд өгч байсан өвсний хогоо буулгасан чинь Б очоод Бтэй маргалдаж байгаад Б нь Эаа энийг ав гэсэн чинь Э очоод Бгийн мөр хавьцаа нь гараараа нэг удаа цохихоор нь би очоод салгаад 2 тийш нь явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машиндаа суугаад хөдлөөд хашаа руу нь орох гэсэн чинь оруулахгүй гээд машины урд гүйгээд орохоор нь би Эыг энэ хүн урд зогсоод байна, ав гэсэн Э ирээд цаашаа түлхээд холдуулахаар нь би ороод зогссон чинь тэр хүн араас ирээд зогсоод л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11-р сарын 01-ний өдрийн 02/0364 дугаартай: “...Н.Бгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 10-р сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдалын 145-90 тоотод хохирогч Н.Бгийн толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С овогт Сгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний орлого олох боломж, өөрийнх нь хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 10-р хуудаст хохирогч Н.Б нь “...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Сгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА