| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/01175/И |
| Дугаар | 210/МА2025/02036 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02036
2025 11 19 210/МА2025/02036
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06343 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* дугаар байрны 1 давхарт зарагдаагүй байгаа үйлчилгээний 180 м.кв талбайгаас дутуу өгсөн 73,80 м.кв талбайг гаргуулах, мөн ******* тоот байрны зоорийн давхрын 12 м.кв талбайтай 60,000,000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашины зогсоолыг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтын үйл ажиллагааны зардал 249,583,334 төгрөг, хохирол 360,000,000 төгрөг, нийт 609,583,334 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******, *******, ******* нарын хооронд 2018 оны 11 сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус гэрээний А тал нь *******, Б тал нь *******, ******* нар байхаар харилцан тохиролцжээ. Уг гэрээгээр талуудын гол зорилго нь ашгийн төлөө байх бөгөөд Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон гэрээний Б тал ******* миний бие Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн ******* нэгж талбарын дугаартай 400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, иргэн ******* нь мөн хорооны нутаг дэвгэрт байрлах өөрийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай 400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхээ тус тус А талд шилжүүлж, гэрээний А тал нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнхлэгээрээ 14х18 метрийн хэмжээтэй гадагшаа гарсан консолтой 2 орон сууцны барилга барих хөрөнгө оруулалтыг гарган барилга барих үйл ажиллагааг хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулж тус гэрээний 4-тзааснаар ашиг хуваарилахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагуу Б тал өөрсдийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг А талд шилжүүлж, А тал санхүүжилтээ гаргаж барилгаа барин дуусгаж, 2024 оны 07 сарын 09-ний өдөр БА-138/2024 дугаартай комиссын дүгнэлт гарч, захиалагч нар байрандаа орж эхэлсэн.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээнд 2019 оны 03 сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, өмнөх гэрээний 4.2, 4.3, 4.4 дэх заалтуудыг хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1, 2.2 дахь заалтаар ашиг хуваарилах нөхцөлийг тохиролцсон.
Гэтэл ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд надад өгөх ёстой 400 м.кв талбайг бүрэн гүйцэд өгөөгүй. Би 3 байраа хүлээн авч, мэргэжлийн компаниар дахин хэмжилт хийлгэхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны А блокийн орон сууц нь 86.809 м.кв, мөн байрны А блокийн орон сууц нь 138.765 м.кв, мөн байрны Б блокийн орон сууц нь 100.635 м.кв, нийт талбай нь 326,209 м.кв талбай байх бөгөөд 73.791 /цаашид 73.80 м.кв гэх/ м.кв талбай дутуу байсан.
Мөн нэг автомашины дулаан зогсоолыг өгөхгүй маргаан үүсгэж барилгын ажлын явцад техникийн нөхцөл авах, дэд бүтцэд холбох, улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой нэмэлт зардалд 199,777,777.67 төгрөгийг бид 3 хувааж төлөх ёстой гэж маргасан.
Иймд хариуцагч *******ээс тус байрны 1 давхарт зарагдаагүй байгаа үйлчилгээний 180 м.кв талбайгаас орон сууцны дутуу 73,80 м.кв талбайг гаргуулах, мөн ******* тоот байрны зоорийн давхрын 12 м.кв талбайтай 60,000,000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашины зогсоолыг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******, *******, бид нар өөрсдийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга байгууламж барихаар шийдэж, 2016 оноос эхлэн *******-тай харилцан тохиролцсон 2016 оны 12 сарын 09-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулсан. Уг гэрээ нь ашгийн төлөө байсан.
Мөн гэрээнд заасны дагуу эхний ээлжид цахилгааны асуудлаа шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах ******* сургуулийн үүсгэн байгуулагч захиралтай 2017 онд тохиролцон, түүнд 100,000,000 төгрөгийг 4 тэнцүү хувааж, тус бүр 25,000,000 төгрөгийг төлж барилгыг барихад шаардлагатай цахилгааны зөвшөөрлийн бичгийг авсан.
2.2. Бид барилгын ажлыг эхлүүлэхээр яригдаж байх үед буюу 2017 оны 01 сарын 06-ны өдөр иргэн , иргэн нар бидний эзэмшдэг газрын ертөнцийн зүгээр баруун талд 4 давхар барилга барихаа илэрхийлж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.3.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд хөрш зэргэлдээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс зөвшөөрөл, санал авна” гэж заасны дагуу иргэн *******ад хүсэлт ирүүлсэн.
Газар эзэмшигч ******* тэдэнд 5 давхар барихад татгалзах зүйлгүйгээ мэдэгдсэн зөвшөөрлийг өгч, иргэн ******* өмнөөс гарын үсгийг нь дуурайлган, хуурамчаар зурж, олгосон.
Уг зөвшөөрлөөс улмаас ******* хотхоны *******А хаягтай 16 давхар баригдсан. Үүнээс шалтгаалан бидний барихаар зураг төслийг нь боловсруулсан байсан В1 давхар буюу зоорийн давхрын D блок баригдах боломжгүйд хүрч, 30 ширхэг автомашины дулаан зогсоол баригдахаар төлөвлөгдсөн байснаас 6 ширхэг автомашины дулаан зогсоол хасагдсан.
2.3. Хөрөнгө оруулалтын гэрээнээс ******* татгалзсаны улмаас дээрх гэрээг бид 3 өөрсдөө хэрэгжүүлэхээр тохиролцон, 2018 оны 11 сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулсан. Газар эзэмшигч нь иргэн ******* руу газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг. Гэрээний 3.1.1-т А тал буюу ******* миний бие өөрийн эзэмшлийн 400 м.кв газар, түүний эзэмших эрх болон орон сууцны зориулалттай 12 давхар барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулна” гэж, 3.1.2-т Б тал буюу *******, ******* нар өөрсдийн эзэмшлийн тус бүр 400 м.кв газар, түүний эзэмших эрхээр хөрөнгө оруулахаар, 6.2-т “техникийн нөхцөлүүдийг /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус холбох цэг Б тал авч А талд хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан.
2.4. Талууд харилцан тохиролцсон *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээнд 2019 оны 03 сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1-т “А тал нь барилгын орон сууцны нийт талбайгаас "Б" талд шилжүүлэн өгөх тус бүр 400 м.кв буюу нийт 800 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 2 автомашины дулаан зогсоолоос бусад бүх талбай, автомашины дулаан зогсоолыг авна, гэрээний 3-т хэрэв гэрээний аль нэг тал нөгөө талдаа илүү болон дутуу метр квадрат бүхий талбай өгвөл талууд зөрүүг харилцан тохиролцсоны дагуу төлөхөөр шийдвэрлэв.” гэж тус тус заасан.
Гэрээний дагуу миний зүгээс *******ад зөрүү м.кв талбайгаа 3,000,000 төгрөгөөр бодож авах саналыг удаа дараа гаргаж байсан боловч тэрээр худалдаж авах боломжгүйн улмаас хүлээж авдаггүй, надад саналаа ирүүлдэггүй, мөн хариу өгдөггүй байсан. Харин газар эзэмшигч ******* миний гаргасан саналыг хүлээн авч, гэрээгээ ухамсарлан үүргээ биелүүлж, тохиролцсон.
2.5. ******* миний бие 2024 оны 07 сарын 09-ний өдрийн БА- 138/2024 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр өндөр төвөгшилтэй ангиллын, зоорьтой 16 давхар, 2 блок хүчин чадал бүхий 17 /арван долоон/ автомашины дулаан зогсоол, 58 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Дүгнэлтээр 24 автомашины дулаан зогсоол төлөвлөгдсөн байсныг 7 ширхгээр бууруулан 17 автомашины дулаан зогсоол болгож хассан.
Энэ бүх учир шалтгаан, барилга баригдсан 5 жилийн асар хүнд нөхцөл байдлыг бүгдийг бүрэн ойлгож байгаа атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, гаднаа 5 зогсоолтой мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. *******, *******, бид өөрсдийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар дээр орон сууцны барилга байгууламж барихаар шийдэж *******-тай 2016 оны 12 сарын 09-ний өдөр 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Мөн гэрээний 3-т “хөрөнгө оруулалтын төрөл, ашиг, эрсдэл хуваарилах нөхцөл” дээр хөрөнгө оруулалтын төрөл хэмжээг *******, бид 3 зөвхөн газраар, харин ******* нь 16 давхар барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, гэрээний 6.3-д талуудын харилцан эдлэх эрх, үүргийн хүрээнд “... барилгыг дулаан, ус, цахилгаантай холбоотой холбох холболтын цэгийг тодруулж, зөвшөөрлийн бичигт гарах зардлыг 4 тэнцүү хувааж төлөхөөр” тухайлан зохицуулсан.
"Аривжих констракшн" ХХК-ийн хувьд тухайн газарт барилга барих боломжгүй гэж үзэн татгалзсаны улмаас дээрх гэрээг цаашид бид 3 өөрсдөө хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 11 сарын 15-ны өдөр энэхүү гэрээний үргэлжлэл болгон Хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн А тал буюу *******-ийн гүйцэтгэж байсан тус орон сууцны барилгыг барихтай холбоотой санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр миний бие олох үүрэг хүлээж А тал болох, газар эзэмшигч иргэн ******* руу газар эзэмших эрхээ шилжүүлэх, цаашид ******* нь гэрээний Б талын эрх үүргийг *******ын хамт хэрэгжүүлсний үндсэн дээр хамтран ашиг хуваарилах зарчмыг баримталж талуудын харилцан эдлэх эрх, үүргийг дахин баталгаажуулж анхны гэрээг үргэлжлүүлсэн.
Энэхүү нөхцөл байдал нь дээр дурдсан хөрөнгө оруулалтын гэрээний 6.2, 6.3-д заасны дагуу талуудын харилцан эдлэх эрх, үүргийн зохицуулалтаас тодорхой харагдана. Түүнчлэн миний бие тус гэрээний 7.1-д заасан эрхийн хүрээнд аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцад, ерөнхий удирдлагыг хэрэгжүүлж байсны хувьд иргэн *******, ******* нараас гаргасан санал хүсэлт, тохиролцооны дагуу барилгаа дулаан, цэвэр, бохир усны шугамд холбох уулзалтуудыг тэдний нэрийн өмнөөс миний бие төлөөлөн иргэн, байгууллагуудтай хийж, зохих төлбөрийг төлж, зөвшөөрлийн бичгүүдийг авч, техникийн нөхцөлүүдийг гаргуулан, зураг төслөө хийлгэж дэд бүтцэд холбосон. Тодруулбал, тус барилгын техникийн нөхцөлтэй холбоотойгоор дулаанд зориулан *******-д 180,000,000 төгрөг, цэвэр, бохир усны шугамд *******-д 55,000,000 төгрөг, “Ус сувгийн удирдах газар”-аас өгсөн чиглэлийн дагуу *******-д 18,333,333 төгрөг буюу нийт 253,333,333 төгрөгийн зардал гаргасан.
Барилгын зураг төсөл болон гадна шугамын ажилд зориулан “Эрчим төсөл” ХХК-д 93,000,000 төгрөг, барилгын гадна дэд бүтцийн зураг төсөл буюу “Холбооны инженерийн шугам сүлжээний салбар сувагчлалыг шинээр байгуулах ажлын гэрээ”-ний дагуу *******-д 16,437,737 төгрөгөөр байгуулж зураг төслийг 2,000,000 төгрөгөөр, гадна цахилгааны зураг төслийг “Анод катод” ХХК-аар 1,400,000 төгрөгөөр, гадна цэвэр, бохир дулааны ажлын зургийг “Гидродизайн инноваци” ХХК-аар 4,950,000 төгрөгөөр, иргэн ээр узелийн өөрчлөлтийн зургийг 2,400,000 төгрөгөөр, дулааны шугам татах трасс өөрчлөлт, дотор дулааны тооцоолол өөрчлөлттэй холбоотой 25,000,000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж нийт 128,750,000 төгрөг, барилгыг барихтай холбоогүйгээр гарсан бусад зардлуудын хүрээнд, Бидэнд олгосон захиргааны актыг хүчингүй болгуулж барилгын ажлыг зогсоохтой холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан “Эрхэм” сууц өмчлөгчдийн холбоонд 88,000,000 төгрөг, иргэн , , нарт 28,000,000 төгрөг, “Парк вилла” сууц өмчлөгчдийн холбоонд 64,000,000 төгрөг, мөн 359 дүгээр байрны оршин суугч т 45,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд хуульч, өмгөөлөгч д 15,000,000 төгрөг, нийт 240,000,000 төгрөгийг өөрөөсөө бие даан гаргасан байна.
Гэрээнд оролцогч талууд хүлээсэн үүргээ хууль, эрх зүйн хүрээнд адил тэгш эрхтэй хэрэгжүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Гэтэл миний бие тус гэрээний дагуу зөвхөн уг орон сууцны барилгыг барих зорилгоор шаардагдах хөрөнгө оруулалтыг хийх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар тухайн барилгыг барихтай холбоотой болон холбоогүй бүхий л зардлыг дангаар гаргаж *******ын хувьд зөвхөн өөрийн авах ёстой гэх 400 м.кв талбайг нэхэмжлэн шаардаж байгаад гомдолтой байна.
Иймд нэхэмжлэгч *******аас талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үүргээс түүнд ногдох 249,583,334 төгрөг, олох ёстой байсан орлого болох 6 дулаан автомашины зогсоолын төлбөрт 360,000,000 төгрөг, нийт 609,583,334 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
4.1. *******, *******, нар нь 2016 оны 12 сарын 03-ны өдөр *******-тай харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрсдийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга бариулахаар хөрөнгө оруулалтын гэрээ хийжээ. Талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой дурдагдсан байгаа учраас хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2018 онд байгуулагдсан гэрээний 6.4, 6.8-д хариуцагч зардлыг 100 хувь хариуцах, мөн бусад этгээдийн өмнө үүсэх үүргийг хариуцахаар тохиролцсон байна.
Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь хүчингүй болсон гэрээг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан. 2018 онд гэрээ байгуулахдаа өмнөх зардлыг нэхэмжилнэ гэсэн бол дараагийн гэрээ байгуулагдахгүй бөгөөд энэ талаар гэрээнд тусгагдаагүй. Мөн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 477 дугаар зүйлийн 477.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч *******ээс Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* дугаар байрнаас 1 ширхэг авто зогсоол гаргуулж, нэхэмжлэгч Л.Цэрэнбатад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 73,791 м.кв үйлчилгээ талбай гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч *******аас нийт 609,583,334 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,722,765 төгрөг, хариуцагчийн 3,205,867 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Л. Батхишигийн “509.583.334 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэх хэсгийг буюу олох ёстой ашигт тооцсон авто зогсоолын 360,000,000 төгрөгийг хасаж тооцсоныг миний бие хүлээн зөвшөөрч байна.
6.2. Харин талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралтай *******ад ногдох техникийн нөхцөлтэй холбоотой 126,666,667 төгрөг, барилга барихтай холбоогүй гарсан нэмэлт зардал болох 80,000,000 төгрөг, зураг төсөл болон гадна шугамын зураг төсөлд гарсан зардал болох 42,916,667 төгрөг, нийт 249,583,334 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний эрх, үүргийг зөв тодорхойлсон атлаа дээрх гэрээний зорилгыг биелүүлэхэд зайлшгүй харгалзан үзэх ёстой. Тухайн гэрээ байгуулагдахаас өмнөх талуудын хооронд хийгдсэн гэрээ, хэлэлцээний талаар огт анхаарч үзээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан ... *******-д 180,000,000 төгрөг, *******-д 35,000,000 төгрөг, *******-д 18,333,333 төгрөг төлсөн гэх зардал нь техникийн нөхцөлд хамаарахгүй...” гэжээ.
Шүүхийн шийдвэрт дурдагдсан нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний 6.2-т заасантай хэрхэн холбогдож байгаа эсэх нь тодорхойгүй. Тодруулбал, 2018 оны 08 сарын 17-ны өдөр *******-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тухайн барьж буй барилгаа дулаан хангамжид холбох зорилгоор тэдний эзэмшлийн шугам сүлжээнд ногдох 180,000,000 төгрөгийг би төлснөөр тус компани 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 107 тоот албан бичгээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д “... өөрийн эзэмшлийн дулааны шугамаас иргэн ******* нарын хэрэгжүүлж буй 16 давхар 2 блок 58 айлын орон сууцны барилгыг дулаанаар хангах шугамыг холбоход татгалзах зүйлгүй болно гэх...” зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгож, дулааны техникийн нөхцөл баталгаажин гарч, холболтын цэг тодорхой болох бид цаашид тухайн барилгаа дулаан хангамжид холбох эрх үүсэх үйл ажиллагаа явагдсан. Мөн тэдний эзэмшлийн шугамын төлбөрийг төлснөөр ******* нь “Ус сувгийн удирдах газар”-т 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 01 дугаартай албан тоот зөвшөөрлийн бичгийг явуулж, цэвэр, бохир усны техникийн нөхцөл баталгаажиж гарах боломж бүрдсэн.
Тухайн барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгжийн хувьд барьж буй барилгаа дэд бүтцэд холбох техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас гаргахтай холбоотойгоор хамгийн түрүүнд тус шугамыг эзэмшигч нартай зөвшилцөн зохих зөвшөөрлийн бичгийг авдаг. Уг зөвшөөрлийн бичгийг үндэслэж эрх бүхий байгууллагууд нь тухайн барьж буй барилгад дэд бүтцээ холбох техникийн нөхцөлийг олгодог. Тухайн техникийн нөхцөлийг авахтай холбоотой зөвшөөрлийн бичгийг авахад төлж байгаа зардал дээр нэмэгдэж дулаан болон цэвэр, бохирын шугам, түүнийг угсрах, холбохтой холбогдох зардлууд зайлшгүй бий болдог. Энэхүү зардал болон дээрх техникийн нөхцөл хоорондын шалтгаант холбооны талаар анхан шатны шүүх анхаарч үзэлгүй энэ талаар шийдвэртээ огт дурдаагүй, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.1-д зааснаар иргэн ******* миний бие “.... гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ хэлцлийг бие даан шийдвэрлэж барилгын үйл ажиллагааны явцад ерөнхий удирдлагыг хэрэгжүүлнэ...” гэх эрх, үүргийнхээ хүрээнд иргэн *******, ******* нараас гаргасан санал хүсэлт, тохиролцооны дагуу барилгаа дулаан, цэвэр, бохир усны шугамд холбох уулзалтуудыг тэдний өмнөөс миний бие төлөөлөн иргэн, байгууллагуудтай хийж, зохих төлбөрийг урьдчилан төлж, зөвшөөрлийн бичгүүдийг авч, техникийн нөхцөлүүдийг гаргуулан, зураг төслөө хийлгэж дэд бүтцэд холбосон зардлаа гэрээний нөгөө талаас эгүүлэн нэхэмжилсэн үйлдэл нь иргэний эрх зүйн харилцааны шударга ёсны зарчимд нийцэж байна.
6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4-д заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний 6.2-д заасны дагуу миний бие тус барилгын зураг төсөл болон гадна шугамын зураг төслүүд, сувагчлалыг дангаараа хийж гүйцэтгүүлэх үүрэг хүлээгээгүй. Шүүх дан ганц “хариуцагчийн хураамжид хамаарах зардал байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад хэрхэн нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан хэт нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэж байна.
6.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5-д захиргааны хэргийн шүүхэд үүссэн маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулж төлсөн гэх зардлыг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй гэж хэт ерөнхий байдлаар дүгнэсэнд гомдолтой байна.
Учир нь миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд болон эвлэрлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийн тухайд энэ нь барилга барихтай холбоотой зардал биш бөгөөд хамтран ажиллах гэрээний талууд болох иргэн *******, ******* бид нартай холбоотой захиргааны байгууллагаас гаргасан актыг хүчингүй болгох асуудалд талуудыг төлөөлж оролцсон. Хэрэв шүүхээс тухайн захиргааны актыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд цаашид үүсэж болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн ажил тул тус зардлуудыг талууд хамтран хувь тэнцүүлэн төлөх нь иргэний эрх зүйн шударга ёсны болоод тэгш эрхийн зарчимд нийцэх ёстой. Мөн уг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4, 478.7, 478.11 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ад ногдох 249,583,334 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анх талуудын хооронд 2018 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр талууд өөрсдийн эзэмшилд байгаа газраар хөрөнгө оруулж А тал тухайн барилгыг барих бүх санхүүжилтийг гаргахаар харилцан тохиролцож гэрээ байгуулснаар барилга баригдаж ашиглалтад орсон. Энэ гэрээгээр Б тал газраас өөр хөрөнгө оруулалт буюу ямар нэгэн төлбөр шаардаагүй. Тухайн барилгыг барихад бүх санхүүжилт хөрөнгө оруулалтыг А тал бүрэн хариуцна гэж заасан учраас Б талаас хөрөнгө оруулалт шаардах гэрээний заалт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн.
7.2. Анхан шатны шүүхэд гэрээний А талаас 2016 оны гэрээний хэрэгжилтийн биелэлттэй холбогдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл 2016 оны гэрээний нэг тал ******* гэрээнээс гарсан. Мөн гэрээний талууд өөрчлөгдөж, 2018 оны 11 сарын 15-ны өдөр гэрээ байгуулж хамтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг тодорхой байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* дугаар байрны 1 давхарт зарагдаагүй байгаа үйлчилгээний 180 м.кв талбайгаас дутуу өгсөн 73,80 м.кв талбайг гаргуулах, мөн ******* тоот байрны зоорийн давхрын 12 м.кв талбайтай 60,000,000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашины зогсоолыг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтын үйл ажиллагааны зардал 249,583,334 төгрөг, хохирол 360,000,000 төгрөг, нийт 609,583,334 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилж, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн нэхэмжлэлээс ******* тоот байрны зоорийн давхрын 12 м.кв талбайтай бүхий нэг автомашины зогсоол гаргуулах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ шийдэлд зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
4. Харин шүүх, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.
4.1. *******, , ******* /”А” тал/ нар *******-тай /”Б” тал/ 2016 оны 12 сарын 09-ний өдөр 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” талын эзэмшлийн газрыг “Б” талд шилжүүлэн өгөхгүйгээр тэнхлэгээрээ 14,8 х 18,8 м.кв хэмжээтэй гадагшаа гарсан консолтой хоёр орон сууцны барилга барихад газраа ашиглуулах, ажиллах бололцоогоор хангах, “Б” тал нь 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын хөрөнгө оруулалтыг хийхээр харилцан тохиролцсон байна. /1хх38-41/
Дээрх гэрээний Б тал буюу ******* хамтран ажиллах гэрээнээс гарснаар тэдгээрийн хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон, мөн гэрээний А талын нэг иргэн өөрийн газрын өмчлөх эрхээ иргэн *******д шилжүүлсэн үйл баримтууд зохигчийн тайлбараар тогтоогдсон. /1хх196-209/
4.2. ******* /А тал/, *******, ******* нар 2018 оны 11 сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ******* нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18644309768323 нэгж талбарын дугаартай, 400 м.кв газрын өмчлөх эрх болон орон сууцны зориулалттай 12 давхар барилгыг барих санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, ******* нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай 400 м.кв газрын өмчлөх эрх, ******* нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай 400 м.кв газрын өмчлөх эрх бүхий тус тус газрын хэлбэрээр хөрөнгө оруулах нөхцөлийг харилцан тохиролцжээ. /1хх6-9/
4.3. Талууд 2019 оны 03 сарын 11-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 4.2, 4.3, 4.4 дэх заалтуудыг хүчингүй болгож, ашиг хуваарилах зарчмыг өөрчилсөн байна. Үүнд: “А” тал нь эрх бүхий байгууллагаас батлагдсан АТД, эскиз зургийн дагуу баригдсан барилгын орон сууцны нийт талбайгаас “Б” талд шилжүүлэн өгөх тус бүр 400 м.кв буюу нийт 800 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 2 автомашины дулаан зогсоолоос бусад бүх талбай, автомашины дулаан зогсоолыг авах ба үүнд “Б” талын өмчилснөөс бусад давхарт байрлах орон сууц, автомашины дулаан зогсоол өмчлөх эрхийг эдэлж, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах, “Б” тал нь орон сууцны нийт талбайгаас энэхүү гэрээгээр өгөхөөр тохиролцсон тус бүр 400 м.кв талбай, нийт 800 м.кв талбайг авах ба зоорийн давхарт 2 автомашины дулаан зогсоол өмчлөх эрхийг эдэлж гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах тус тус эрхтэй байхаар харилцан тохиролцсон байна. /1хх10/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Талууд гэрээгээр хураамжийн хэлбэрийг тохиролцсон нь мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт нийцжээ.
Дээрх гэрээ хэрэгжиж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 2 блок хүчин чадал бүхий 17 автомашины дулаан зогсоолтой 58 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламж баригдаж, улсын комисс хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2024 оны 07 сарын 09-ний өдрийн БА-138/2024 дугаартай комиссын дүгнэлт, зохигч талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд маргаангүй. /1хх141-146/
6. Зохигчид хамтын үйл ажиллагаа дуусгавар болсонтой холбогдон ашиг, алдагдал хуваарилах асуудлаар маргасан байна.
6.1. Нэхэмжлэгч ******* нь “хамтран ажиллах гэрээний дагуу 400 м.кв талбай орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* дугаар байрны хаягт байршилтай, 141.8 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны од байршилтай 90.9 м.кв талбай бүхий орон сууц, мөн хаягт байршилтай 104.67 м.кв талбайтай орон сууц, нийт 337.37 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан” гэх үндэслэлээр зөрүүд тус байрны 1 давхрын 180 м.кв үйлчилгээний талбайгаас 221,373,000 төгрөгийн үнэ бүхий дутуу 73.80 м.кв талбайг авах, мөн байрны зоорийн давхраас 1 авто машины зогсоол хариуцагч *******ээс гаргуулахаар нэхэмжилжээ. /1хх1-3/
Хариуцагч тал дутуу өгсөн гэх талбайн хэмжээ болон автозогсоол шилжүүлээгүй үйл баримтад маргаангүй, харин гэрээнд заасны дагуу *******ад зөрүү талбайгаа 3,000,000 төгрөгөөр тооцож авах саналыг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй, ... *******ын буруутай үйлдлээс автомашины дулаан зогсоол багассан” гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна. /1хх34-37/
6.2. Талууд 2019 оны 03 сарын 11-ний өдрийн “Иргэн *******, *******, ******* нарын хооронд 2018 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлт” гэрээний 3-т гэрээний аль нэг тал нөгөө талдаа илүү болон дутуу м.кв талбай өгвөл зөрүүг харилцан тохиролцсоны дагуу төлөхөөр тохиролцжээ. /1хх10/
Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн “гэрээгээр орон сууц олгохоор тохиролцсон, үйлчилгээний талбай олгох үүрэг үүсэхгүй, ... нэхэмжлэгч нь орон сууцны дутуу талбайг биет байдлаар бус өөр хэлбэрээр шаардахад энэ шийдвэр саад болохгүй” гэж дүгнэн үйлчилгээний 180 м.кв талбайгаас 73.80 м.кв талбай гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, ******* дугаар байрнаас 1 авто машины зогсоол гаргуулах нэхэмжлэлд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй учир хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шат үзлээ.
7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
7.1. Хариуцагч нь хамтын үйл ажиллагааны зардалд 249,583,334 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “2016 онд байгуулсан гэрээний 3-т зааснаар гарах зардлыг 4 тэнцүү хувааж төлөхөөр зохицуулсан, уг гэрээнээс ******* гарсан, цаашид бид 3 өөрсдөө гэрээг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцон барилга барьсан, *******тай тохиролцож асуудлыг шийдвэрлэсэн, *******аас ногдох хэсгийг гаргуулна” гэх агуулгаар тайлбарласан байна.
Нэхэмжлэгч “2018 оны гэрээгээр тодорхой зохицуулсан, 2016 оны гэрээ хамааралгүй, зөвшөөрлийг хариуцагч хариуцахаар тохиролцсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлан, маргажээ.
7.2. Талууд 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр 2016 оны гэрээг дагаж мөрдөх талаар харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч нь 2016 оны гэрээг үндэслэн зардал шаардах эрхгүй.
7.3. 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний 6.2-т ““А” тал нь өөрийн хөрөнгөөр барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг хийлгэж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авна. Техникийн нөхцөлүүдийг /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус холбох цэг/ “Б” тал авч “А” талд хүлээлгэн өгнө.” гэж харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийн “Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасны дагуу гэрээний дээрх заалтыг тайлбарлавал, талууд хамтын үйл ажиллагаанаас гарсан зардлыг ямар хэмжээгээр хариуцах талаар харилцан тохиролцоогүй байна. Иймээс талуудын маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсгийн “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна.”, мөн зүйлийн 478.12 дахь хэсгийн “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хооронд хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.” гэсэн зохицуулалтыг хэрэглэнэ.
7.4. Хамтын үйл ажиллагааг Хариуцагч ******* удирдан явуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Тэрээр хариуцагч нь “Эрчимт сүлжээ” ХХК-тай байгуулсан гэрээний ажлын хөлсөнд 180,000,000 төгрөг бэлнээр төлсөн гэж тайлбарлан 2018 оны 08 сарын 17-ны өдрийн 1/21 дугаартай Хамтран ажиллах гэрээ, төлбөрийн баталгаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ. Уг нотлох баримтууд нь хариуцагчаас ажлын хөлсөнд 180,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна.
7.5. Харин хэрэгт авагдсан ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******, “Эрчим төсөл” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 27-ны өдрийн “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп гудамж, иргэн ******* нарын орон сууцны барилгын өөрчлөлтийн ажлын зураг төсөл боловсруулах гэрээ”, 2023 оны 09 сарын 17-ны өдрийн “Аж богд моунтэйн” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 24/2023 дугаартай холбооны инженерийн шугам сүлжээний салбар сувагчлалыг шинээр байгуулах ажлын гэрээ, өмгөөлөгч , ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 сарын 30-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0396 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0395 дугаартай захирамж, шүүгчийн мөн сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0430 дугаартай захирамж, “Эрхэм” СӨХ болон , , , , , , , , , нарын хооронд байгуулагдсан 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 01 дугаартай Эвлэрлийн гэрээ, “Парк вилла” СӨХ, ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 05 сарын 17-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, “Парк Вилла” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 24-02, 24-03 дугаартай тогтоолууд, “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл, “Төрийн банк” ХК-ийн Депозит дансны хуулга, “Хаан банк” ХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар хариуцагч ******* нь инженерийн шугам сүлжээ, цахилгааны ажлын хөлс, зураг төслийн төлбөрт нийт 207,083,333 төгрөг, 359 дүгээр байрны оршин суугчдад Эвлэрлийн гэрээний дагуу нийт 177,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 12,500,000 төгрөг, нийт 396,583,333 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /1хх109, 115-117, 118, 119-129, 132-134, 137-138, 147, 148-158/
Уг зардлыг гэрээний талуудын хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилбал нэг хүнд 132,194,444 төгрөг гарч байх тул хариуцагчийн зардал нэхэмжилсэн сөрөг шаардлагыг энэ хэмжээнд хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт заасантай нийцнэ.
8. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо хохирол буюу олох ёстой орлогод 360,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Иймд талуудын зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06343 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* дугаар байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолоос 12 м.кв талбай бүхий 1 ширхэг авто зогсоол гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх ******* дугаар байрны 1 давхрын 180 м.кв үйлчилгээний талбайгаас 73.80 м.кв талбайг авах нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******аас 132,194,444 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 477,388,890 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгчээс 818,922 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,405,867 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД