| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 146/2025/00281/и |
| Дугаар | 204/МА2025/00027 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 204/МА2025/00027
2025 12 17 204/МА2025/00027
Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Б-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг Ж.Ж-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н , хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ж-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2024 оны 2, 3 дугаар сарын үед худагтай ойрхон хашаа авна гэж зар оруулахад Ц.Б газар зарна гэсэн. Тэгээд хашааг нь худалдаж аваад хэлсэн бүх мөнгийг төлсөн.
Харин бичиг баримтаа шилжүүлж авч чадахгүй явсаар байсан. Учир нь тэр хүүхдийн ажил болоогүй, миний ч ажил болоогүй. Тэгээд ирэхгүй юм байна гээд 2025 оны 6 дугаар сард хоёр нялх хүүхдээ авч очоод бичиг баримтаа авсан. Тэгсэн чинь тэр үед баярын өдөр болоод шилжүүлж авч чадаагүй. Тухайн үед би “миний дүү татварыг нь төлөөд, нотариатыг нь эгч нь төлж байна шүү” гэсэн чинь уурлаад надаас ямар ч мөнгө гарахгүй гэхээр нь эгч нь 2-3 хашаа зарсан. Миний дүү тийм юм байдаг юм гэсэн чинь уурлаад үгүй, тийм юм байхгүй гэсэн. Хархорин суманд очоод нотариатыг танина. Ардаас чинь бичиг баримтаа явуулчихна гээд салсан юм. Тэгээд ирээд нотариат дээр шилжүүлэх гээд мөнгөө явуулаач гэсэн чинь хашаа чинь 20,000,000 төгрөг хүрсэн. Би танайд зарахгүй. Та хачин юм ярьсан гэж хэлсэн.
Хоёр хувийн татварыг тэр цаад хүн нь төлнө гээд хуульд заасан байдаг. Тэрийг шаардсан нь л миний буруу. Бусдаар өөр хэрүүл болоогүй. Тэгээд тэр мөнгийг би өөрөө төлөөд авъя. Энэ хүүхэд төлөх шинжгүй юм байна гээд тэр мөнгийг чинь төлье гээд гэж эвээр хэлж үзсэн. Мөн би шүүхэд өгөхөөсөө өмнө нэг нутаг ус юм даа, миний дүү яах юм бэ гэхэд уурлаад хашаа 20,000,000 төгрөг хүрчихсэн гээд одоо ийм байдалд хүрчхээд байж байна.
Ц.Б-ийн өмчлөлд хашаа байгаа. Би өөрийн өмч болгохыг л хүсэж шүүхэд нэхэмжлэл өгсөн. Тухайн үед намайг мөнгө өгч байхад больё гэсэн хамаагүй. Харин би хашааг хүлээж аваад тог татуулаад, жорлон бариулаад, гэрийн буурь цутгуулаад, мод суулгаж тохижуулсан байхад бүхэл бүтэн жилийн дараа юмны үнэ өсөөд ирэхээр ингэж байгаа юм.
Тухайн үеийн 15,000,000 төгрөг одоо ямар болсон. Хашаа байшингийн үнэ ямар болсон байгаа билээ. Би харвасан хоёр хөгшин ээж, аавыгаа хааш нь аваачих юм хэцүү байна. Манай ээж харвалттай хэвтрийн хүн байдаг. Тэгээд аав маань дахин харвалт өгсөн. Аминдаа тухтай газар байлгах гэсэн юм.
Энэ хүүхэд худагтай ойрхон байдаг. Ирээдүйд үнэ цэнд хүрнэ гээд тухайн үед их рекламдаж байсан. Тэгээд одоо танд хашаагаа зарахгүй, та сонин юм ярьсан. Хашаа 20,000,000 төгрөг хүрсэн гэж байсан. Хуурамч фэйсбүүк хаягаа устгаад, өөрийнхөө фэйсбүүкээс блок хийчхэж байгаа юм. Би эвлэрэх гээд гуйсан л даа. Тэгсэн чинь чамд зарахгүй гэж тодорхой хэлсэн гэсэн. Бид хоёр хэрэлдээд байсан юм байхгүй. Би тэр хүүхдийг загнаагүй. Тэрийг миний хажууд байсан хүмүүс нотолж байгаа. Дээрээс нь нэхэмжлэлийн хариуд худлаа юм бичсэн байсан. Анх улсын тэмдэгтийн хураамжийг төлнө гэж ярчихсан байсан гэсэн. Хэзээ ч надтай тийм юм яриагүй. Би тэгсэн бол төлөөд явна. Тийм юм яриагүй байж худлаа хариу өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Б-ийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2024 оны 4 сард өөрийн эзэмшлийн нэгж газарт шинэ хашаа барьж худалдах болсон бөгөөд нэхэмжлэгч Ж.Ж ид 14,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон 14,000,000 төгрөгийг 2024 оны 4 сараас 6 сар хүртэл бага багаар өгсөөр төлбөр дууссан.
Ингээд хашааны нэрийг шилжүүлэхээр болоход Ж.Ж нь нэр шилжүүлэхэд гарах төлбөр болох улсын тэмдэгт, нотариатын төлбөрийг асуудалгүй төлнө гэсэн боловч хэлсэндээ хүрэлгүйгээр бүх зардлыг чи өгнө гэж хэлэхэд нь анхнаасаа бүх гарах төлбөрийг өөрийг чинь өгнө гэсэн учир хашааг хямд үнээр өгсөн биз дээ гэж хэлтэл үл тоомсорлосон байдлаар харьцсан.
Иймд миний бие нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгч Ж.Ж тай хийсэн үл хөдлөхийн худалдаагаа буцааж, түүнээс авсан 14,000,000 төгрөгийг эргүүлэн өгч, Хархорин сумын .... тоотод байрлах 62... дугаартай 693 мкв газрыг өөрийн эзэмшилд үлдээх хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн татгалзал, тайлбарын агуулга: Манай хүү 14,000,000 төгрөгөөр хашаа зарсан. Мөнгөө төлөөд дууссан байх. Өнгөрсөн хавар нэхэмжлэгч хашааныхаа гэрчилгээг шилжүүлэх гээд очиход нь энэ хүүхэд загнасан юм шиг байна. Би ямар энэ хүүхдийг дагаж явсан биш. Хашааныхаа гэрчилгээг энэ хүүхдэд өгсөн байсан. Тэгээд нотариат дээр очоод бүртгүүлье гээд очихдоо маргасан юм шиг байна. Манай хүүхэд хашаагаа хямдхан зарсан юм чинь өөрөө төлчих гэхээр нь энэ хүүхэд үгүй гэсэн. Манай хүүхэд хашаагаа буцааж авна гэсэн. Энэ хүүхэд би хоёр хашаа зарсан гэж томорсон гэж манай хүүхэд уурлаад байна. Би нэгэнтээ зарсан юм бол тэр чигээр нь өг гэсэн чинь над руу томорсон. Би зарахгүй гэж хэлсэн. Манай хүү сангийн яаманд ажилладаг.
Одоо хашаагаа буцааж аваад мөнгийг нь буцааж өгнө гэсэн гэв.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ж ийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын .... тоот газрын өмчлөгчөөр тогтоож, тус газрын улсын бүртгэлийг гэрчилгээг Ж.Ж-ийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 314/ШШ2025/00301 дүгээр шийдвэрийг эс зөвшөөр гомдол гаргаж байна.
Ж.Ж нь биднийг үл хүндэтгэн харилцдаг. Зан харилцааны хувьд таарамжгүй ийм хүнд үл хөдлөх хөрөнгөө зарах хүсэлгүй байгаа тул 14,000,000 төгрөгийг буцаан өгөх хүсэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож 14,000,000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх хашаагаа буцааж авмаар байна. Манай хашааг авсан энэ хүүхдэд гэрчилгээ нь одоо хүртэл явж байгаа. Эхлээд манай хүүхдийг уулзах гэж очиход нь өөрөө аятайхан харьцаж чадахгүй муухай зан гаргасан байсан. Тэгээд хашаагаа буцааж авахаар болсон байсан. Би наймаа хийгээгүй. Мэдэх юм надад байхгүй. Манай хүүхэд энэ хүүхдэд хашаагаа зарсан юм гэсэн. Би энэ хүүхдээс хашааны гэрчилгээгээ авмаар байна. Энэ 2 мөнгө төгрөг нотариатын мөнгөнөөсөө болоод маргасан юм шиг байсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийг дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Тухайн гэрээг нотариатаар батлуулаагүй байхад нэхэмжлэгч тал худалдан авах ажиллагаатай холбогдолтой хураамж төлөх асуудал дээр худалдан авагчийнхаа үүргийг хэрэгжүүлээгүй нь давж заалдах гомдол үндэслэлтэй. Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа талууд аливаа гэрээ хэлцлийг хийхдээ амаар болон бичгээр хийх хуулийн тодорхой шаардлагууд байдаг. Тухайлбал үл хөдлөх хөрөнгө, хашаа, газартай холбоотой үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар батлуулж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилждэг хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй байна. Шүүх тухайн гэрээг дүгнэхдээ талуудын хооронд тодорхой үнийг тохиролцож хашааг зарсан, мөнгөний талаар маргаагүй байгаа учраас гэрээ хийсэн гэж үзнэ гэж дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэлт хийсэн. Гэрээ хүчин төгөлдөр бус учраас өгсөн авсан зүйлийг нь буцааж өгөх ёстой. Хэн буруутай хүнээр хохирлоо төлүүлэхээр шаардах эрх нь нээлттэй байгаа. Иргэний хуулийн тодорхой заалтууд байна. Иргэний хуулийн 42.10-т зааснаар бичгээр төлөх хуулийн шаардлагыг биелүүлээгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, мөн хуулийн 56.5-т заасан байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхдээ өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учраас процесс явах боломжгүй. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт шаардлагагүй. Хуульд заасан шаардлага, гэрээ хуулийн дагуу хийгдээгүй учраас хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад гэрээ болгон шаардагдах бичиг баримт бүрдүүлэх, баримт бичгийн материалаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй тулгарсан зардлыг худалдан авагч хариуцна. Тэгэхээр гэрээ, хашааг худалдан авсан нэхэмжлэгч тал бүртгэлтэй холбоотой хураамжаа өөрсдөө төлөх үүргийг хуульчилсан байхад өмчлөх эрхээ шилжүүлье гэсэн. Гэрээгээ нөхөж хийж өмчлөх эрхээ шилжүүлэх боломж хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ асуудлаас маргаан үүсэж улмаар зан харьцааны хувьд жоохон төвөгтэй ааш араншинтай хүмүүст эд хөрөнгөө өгөхгүй гэсэн. Бид гайгүй хүмүүст эд хөрөнгөө зарвал сэтгэл санааны хувьд гайгүй үлддэг учраас гэрээнээсээ татгалзсан.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 146/ШШ2025/00301 дүгээр шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би муухай зан ааш гаргаагүй. Би миний дүү гэж л харьцаж байсан. Надад би Хархорин сумын нотариатын хүмүүсийг таньдаг гэж хэлж байсан. Би олон удаа утсаар ярьж гэрчилгээгээ шилжүүлье гэхэд за гэж хэлээд л алга болдог байсан. Эсвэл утсаа авдаггүй. Бид 2 маргалдсан зүйл байхгүй. Одоо миний чатад ч байгаа. Харин надад хашаагаа зарахаа болилоо, одоо хашаа байшин 20,000,000 төгрөг хүрсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр би юу яриад байгаа юм бэ би нэг жилийн өмнө 14,000,000 төгрөгөөр ханасан үнээр хашааг чинь авсан гэж хэлсэн. Бид хоёрын хооронд ямар ч яриа болоогүй, ямар ч маргаан болоогүй. Би хүнтэй муухай харьцдаг хүн биш. Тухайн үед нь надтай хамт явсан хүн ч байгаа. Тэр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт байгаа. Би маш их гомдолтой байна. Намайг худлаа ярьж загнасан, үл хүндэтгэсэн, тухайн үед улсын тэмдэгтийн хураамжаа төлнө гэж хэлсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Би үнэхээр их гайхаж байна. Би өөрийнхөө зүгээс төлөх ёстой мөнгийг нь төлсөн. Би хуулийн дагуу л шаардлага тавьсан. Би 2 хувийн татварыг чинь төлнө гэдгээ хэлсэн. Би хууль бус юм нэхэж хууль бус юм яриагүй. Намайг анхнаасаа тэмдэгтийн хураамжаа төлөөрэй гэсэн бол би тэгье гэж хэлнэ. Манай аав, ээж хоёр харвалттай, ээж хэвтрийн хүн байдаг. Бид худагтаа ойрхон хашаа авъя гэж бодож авсан. Бид 3-н тал хашаа авахад тог байхгүй, худаг нь л ойрхон болохоос хашаа нь хаалгагүй, жорлонгүй, хоосон хашаа газар авсан. Бид ээж, аавдаа хашааг нь барьж өгч, жорлонг нь барьж тохижуулсан байгаа. Хариуцагч надад бичиг баримтыг нь явуулна гэж хэлээд л салсан байгаа. Гэтэл дараа нь үндэслэлгүй зүйл ярьж байгаад гомдолтой байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 146/ШШ2025/00301 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн бүртгэлд шилжүүлэх, мөн худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж хөрөнгөө хүлээж авах үүргийг худалдан авч байгаа. Манай талаас мөнгийг нь заасан хугацаанд нь төлсөн. Мөн эд хөрөнгөө хүлээж авах үүргээ бүрэн биелүүлсэн, харин худалдагч тал энэ үүргийг зөрчсөн. Аман хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д гэрээ хэлцлийн нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон. Хаана худалдаж байгаа юм, хаана байршилтай юм, хэзээ төлөх юм, гэрчилгээгээ хэзээ шилжүүлэх юм гэдгээ анхнаасаа тохирсон байсан, ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол энэ заалтыг үндэслэж хэлцэл хийгдсэн гэж үзнэ. 2024 оны 2, 3 дугаар сард хийгдсэн худалдан авах хэлцэл гэрээний асуудлыг 2025 оны 6 дугаар сард ярьж байна. Гэрчилгээгээ шилжүүлэх гэхээр элдэв янзын шалтаг заагаад л, очихгүй би нотариат руу өөрөө яръя, би таньдаг хүн байгаа гэж шалтаглаад байсан. Худалдах, худалдан авч байгаа хүний хувьд өөрийнхөө гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, тухайн эд хөрөнгийг хүлээж аваад тэрнээс хойш тухайн газар дээр тог татсан, гэрийн буйр цутгасан нойл хийсэн, хашааны хаалгыг сольсон, мод тарьсан гээд олон зүйлүүдийг бүтэн 2 жилийн хугацаанд хийсэн. Энэ талаар гэрч, нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар нотлогдож байгаа. Хариуцагч талаас ч 14,000,000 төгрөгөөр зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргадаггүй. Нэхэмжлэгч ямар нэгэн айхтар хэрүүл маргаан болоогүй, шалтаглаж л ийм зүйл хийгээд байгаа гэдэг. Хархорин суманд үл хөдлөх хөрөнгө, газар үнэд орсон нь үнэн. Маш их зар явж Хархорин сум хот болох сургаар газар үнэд орж байгаа. Үүнтэй холбоотойгоор хямдхан зарсан байна, газраа буцаая гэсэн санаа бодол нөгөө талд төрсөн байх. Ийм шударга бус байдал байж болохгүй гэж миний хувьд үзэж байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 146/ШШ2025/00301 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Ж.Ж нь Ц.Б-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг Ж.Ж-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Ц.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н эс зөвшөөрч газраа буцаан авч, 14,000,000 төгрөгийг өгнө гэж маргажээ.
2. Анхан шатны шүүх “... Талууд хуульд зааснаар дээрх хашааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах хэлцэл хийж, гэрээг амаар байгуулан төлбөр бүрэн төлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан үйл баримт, хариуцагч талын хариу тайлбар зэргээр тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Ж ийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын ... тоотод байрлах газрын өмчлөгчөөр тогтоож, тус газрын улсын бүртгэлийг гэрчилгээг Ж.Ж-ийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б-д даалган шийдвэрлэсэн.
3. Хэрэгт авагдсан баримтаар Ж.Ж нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын ... тоотод байрлах газрыг 14,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хуваан төлөх, төлбөр төлөгдсөний дараа газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар Ц.Б тэй харилцан тохиролцож газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн болох нь Ц.Б-ийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны депозит дансны хуулгаар /хх-ийн 34, 35, 68, 69, 06-09/, Ц.Б газрын өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/-аар тус тус нотлогдсон бөгөөд эдгээр үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоож, зохигч энэ талаар маргаагүй байна.
4. Дээрх үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээний дагуу Ж.Ж газрын төлбөр 14,000,000 төгрөгийг Ц.Б-д төлж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар түүний төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон.
Харин Ц.Б газар болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ж.Ж ид шилжүүлэн өгсөн боловч хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардал болон хувь хүний орлогын албан татварын 2 хувийн төлбөрийн талаар Ж.Ж тай маргаж, улмаар Худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзсанаар зохигчийн хооронд маргаан үүссэн бөгөөд Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болон гэрээнээс татгалзах эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Худалдах-худалдан авах гэрээгээр үүргийн болон өмчийн хэлцэл хийгддэг бөгөөд үүргийн хэлцлийн хувьд уг гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Өөрөөр хэлбэл нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардахгүй тул үүргийн хэлцлийн хувьд уг гэрээг амаар байгуулсан нь хүчин төгөлдөр байна.
Харин үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зохицуулсан боловч хэргийн үйл баримтаас дүгнэхэд төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа газрын өмчлөх эрхийг Ц.Б нь Ж.Ж ид шилжүүлэхээр тохиролцон, Ж.Ж хэлцлийн дагуу төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсний дараа Ц.Б хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн газар өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учир үүргийн хэлцэлд тохирсон үүрэг хэрэгжээгүй тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг шаардах боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй, гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах үндэслэлд хамаарахгүй тул хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын хэлцэл хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна.
6. Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, Ж.Ж төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн байх тул Ц.Б нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.
Гэтэл Ц.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.Ж ийг хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардал болон хувь хүний орлогын албан татварын 2 хувийг төлнө гэсэн учир газраа хямд үнээр зарсан гэх боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Ж.Ж ийг гэрээний үүрэг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Ц.Б нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах боломжгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан үр дагавар үүсэхгүй бөгөөд түүний энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 314/ШШ2025/00301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 314/ШШ2025/00301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ