Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/02045

 

 

 

 

 

 

 

 

     2025           11            28                                        210/МА2025/02045

                                                 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/07012 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* гудамж ******* байрны ******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “Фейсбүүк байр зарна” гэх зарын дагуу ******* гэх хүнтэй холбогдож уулзаад байрыг судлахад “манайх “******* байгаа, бид *******-тай гэрээлэн энэ барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байна. Уг төлбөрийн урьдчилгаанд орон сууцуудыг бартерт авч, гэрээгээ хийгээд төлбөрөө төлчихвөл гэрчилгээг гаргаж өгнө” гэж хэлсэн. Миний бие 2019 оны 01 сарын 14-ний өдөр “*******-тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 128 айлын орон сууцны барилгын С блокийн 1 дүгээр орц 8 давхрын ******* 70.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 119,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцон гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэрээг нотариатаар баталгаажуулахад “******* нь 2018 оны 06 сарын 18-ны өдрийн *******-тай байгуулсан ИСТ-02/10 дугаар 03/11-17 тоот ажил гүйцэтгэлийн гэрээний урьдчилгаа төлбөрт уг орон сууцыг “*******-д шилжүүлэхээр тохиролцсон гэрээ, 2018 оны 06 сарын 18-ны өдрийн *******-ийн ТУЗ-ийн дарга *******ын гэрээ хийж, гэрчилгээ шилжүүлэх зөвшөөрөл зэрэг баримт бичгийг гаргасан.

1.2. Мөн гэрээ байгуулсны дараа байрны түлхүүрийг хүлээн авч, 2019 оны 02 сараас хойш одоог хүртэл амьдарч байна.

1.3. Тухайн байрны төлбөр 119,000,000 төгрөгийг 2019 оны 01 сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 сарын 11-ний өдрийн хооронд хувааж төлсөн. *******тай холбогдож байрны гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн боловч ******* гэрчилгээ гаргаж өгөхгүй, өмчлөх эрхийг Монголбанк хүлээн авсан гэх тайлбаруудыг өгсөн.

******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн байхад ******* нь хуульд заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байх тул энэ орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “******* нь 2010 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн лифт, экскаватор, зорчигчийн ган татлага болон чирэх замын угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд 2021 оны 12 сарын 08-ны өдрөөс нэрээ өөрчилж ******* нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

2.2. “******* нь 2019 оны 01 сарын 14-ний өдөр *******тай үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 128 айлын орон сууцны С блок 1 дүгээр орц, 8 давхрын ******* 70.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 119,000,000 төгрөгөөр тооцох, төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээний дагуу 2019 оны 02 сард орон сууцыг *******д шилжүүлснээр өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч гэр бүлийн хамт орон сууцандаа амьдарч байна.

2.3. “******* нь *******-тай 2017 оны 11 сарын 07-ны өдөр байгуулсан №03/11-17 дугаартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр манай компани БНХАУ-ын Шэн Ян хотын үйлдвэрийн гарал үүсэлтэй “Intentec” MRL Elevator system бүхий Европын EN-81 лифтний үйлдвэрлэлийн стандарттай ISO14001 олон улсын чанарын стандартын шаардлага хангасан зорчигчийн болон урсдаг шат нийлүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний нийт үнэ 834,030 ам.доллар ба гэрээний 3.7-д тус гэрээний үнэ, нийлүүлэх цахилгаан шатны тоо, тус бүрийн үнийг тохиролцсон. “*******, *******-тай 2018 оны 06 сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт орон сууц шилжүүлэх тухай гэрээ байгуулж, 2018 оны 4 улиралд бартерын орон сууцыг манай компанид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. *******-аас 2018 оны 06 сарын 18-ны өдөр бартерын орон сууц тус бүрийн үнийн саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

2.4. *******-ийн ТУЗ-ийн дарга ******* гэрээ хийж, гэрчилгээ шилжүүлэх зөвшөөрлийг үндэслэн бартерын орон сууцаа худалдан борлуулахаар *******тай 2019 оны 01 сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ё блок 1 дүгээр орц, 8 давхрын ******* 70.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 119,000,000 төгрөгөөр тооцох, төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу *******-д гэрээнд тохиролцсон лифтийг нийлүүлэх, улмаар цахилгаан шат /лифт/ урсдаг шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар урсдаг болон зорчих цахилгаан шат тус бүрийг стандартын шаардлага ханган угсрах ажлаа бүрэн гүйцэтгэснээр манай компанийн нийлүүлж суурилуулсан цахилгаан шат өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Гэтэл ******* нь гэрээний гүйцэтгэл 98 хувьтай байна гэсэн элдэв шалтаг шалтгаан тоочиж, гэрээний дагуу манайд бартераар шилжүүлэх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Уг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн орон сууцаа өөрийн нэр шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөлдөө авах эрх хөндөгдөж байна. *******-д гэрээний дагуу үүргээ биелүүлж, бартерын орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар амаар удаа дараа хэлж, шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. ******* нь урсдаг болон зорчих цахилгаан шатыг нийлүүлсэн Централ моллын үйл ажиллагааг ******* хариуцан явуулах болсон гэх байдлаар бартерын орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах асуудалд хандах болсон. Уг шалтгааны улмаас гэрээний үүргийн хэрэгжилтийг сунжруулж, зөвхөн нэхэмжлэгч *******тай бус бусад 8 иргэний орон сууцаа өмчлөх эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд *******гийн манай компанитай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх 2019 оны 01 сарын 14-ний өдрийн гэрээний дагуу ******* 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бүх баримт бичиг *******-д байгаагаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байдалд хүрээд байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Манай компани *******-тай байгуулсан гэрээнүүдийн дагуу манайх бартерт 8 орон сууц буюу ******* орон сууцыг шилжүүлж өгөхийг зөвшөөрч, гэрээ байгуулсан. 2017 онд байгуулсан гэрээнүүдийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой, дутуу төлбөрийг гаргуулахаар манай компани *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 870,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч *******гийн хувьд *******-д төлсөн мөнгөө буцаан гаргуулж авах боломжтой. Талуудын байгуулсан гэрээний дагуу 03/11-17 тоот гэрээ болон өөр 2 гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний дагуу орон сууцыг бартерт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. *******-ийн зүгээс ямар нэг төрийн байгууллагад ******* орон сууцыг шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Мөн *******-ийн зөвшөөрөл энд хамааралгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг ******* гаргаж өгөөгүй гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн тушаалаар Капитал банкийг албадан татан буулгаж, эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2023 оны журмын 5.2-т зааснаар банкны өр төлбөрт тооцож шилжүүлж авсан хуулийн этгээдийн удирдлагыг банкны эрх хүлээн авагч хэрэгжүүлдэг учраас ******* оролцож байна. 2016 оны 12 сарын 15-ны өдөр , Капитал банк нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож, нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг *******-ийн эрхийг шилжүүлж, барьцаа хөрөнгийг ******* шилжүүлэхээр гэрээ хийгдсэн. 2016 оны 12 сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, ******* байр 0 тоот хаягт байрлах 5,733 м.кв талбай бүхий барилгыг Капитал банкинд бэлэглэсэн. Энэ хөрөнгө нь , Капитал банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 05 сарын 29-ний өдрийн нэмэлт барьцааны гэрээгээр барьцаалагдаад улсын бүртгэлд бүртгэгдчихсэн байсан. Капитал банкны эрх хүлээн авагчийн *******од гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг хянагдаж шийдвэрлэгдсэн. Прокурорын тогтоолоор компанийн хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

4.2. Уг 51 тоот орон сууцыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт шилжүүлж, дараагийн 59 орон сууц актив хөрөнгөд бүртгэлтэй байна. Анх 2016 оны 12 сарын 19-ний өдөр гэрчилгээ гарч, 2019 оны 05 сарын 27-ны өдөр шилжилт хөдөлгөөн зогссон. Мөн 59 орон сууцыг салгаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын өрөнд өгөхийн тулд бусад орон сууцны гэрчилгээ салж гарсан. Мөн банкны эрх хүлээн авагчаас орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа хүмүүст мэдэгдэл өгсөн. 2020 онд орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад авсан. ******* нь шударга өмчлөгч учраас өмчлөх эрх хөндөгдөж байна. *******-ийн нэр дээр анх өмчлөх эрхийн гэрчилгээ 2016 оны 12 сард гарсан байна. Мөн шударга өмчлөгч *******-ийн өмчлөлийг хүчингүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөвд тооцно.

Иймд нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, *******г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* байрны ******* дахь 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгчээс хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 752,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

           

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл, агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

6.1. ******* нь Капитал банкны 100 хувь эзэмшлийн охин компани бөгөөд Капитал банк нь төлбөрийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар албадан татан буулгахаар шийдвэрлэж, Банкны эрх хүлээн авагч томилсон бөгөөд иргэд, хуулийн этгээд болон төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.

Анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, худалдан авагч ******* гэрээний зүйлийг эзэмшилдээ хүлээн авч, гэрээний дагуу төлбөр төлөх үед тухайн ******* орон сууц *******-ийн өмчлөлд бүртгэгдээгүй байсан гэж дурдсан нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй. Учир нь маргааны зүйл болох ******* нь өөрийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж ******* байр нь 2016 оны 12 сарын 19-ний өдөр компанийн өмчлөлд ирж 2020 онд Улсын комисс хүлээн авч орон сууц тус бүрээр буюу ******* хаягт байршилтай Улсын бүртгэлийн дугаартай 68.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр гарсан тул өөр бусад этгээдүүд *******-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өгч, авалцахаар 2019 оны 01 сарын 19-ний өдөр хэлцэл хийж байх үед үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байх боломжгүй. Мөн манай байгууллагын зүгээс өөр этгээдтэй хэлцэл хийж байгааг мэдэх боломжгүй. Гэвч эрх ашиг нь ноцтойгоор хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийн эрх ашгийг огт анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

******* нь нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд хуулийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох *******-ийн зүгээс хэн нэгэнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээ хэлцэл хийлгэхээр төлөөлөх эрх олгосон зөвшөөрсөн зүйл байхгүй бөгөөд захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн зүйл байхгүй. Мөн Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо *******-аас шаардах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, жинхэнэ өмчлөгч нь мэдээгүй байхад өөр бусад этгээдүүд бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөр хоорондоо өгч авахаар тохиролцож, түүнийг нь түүхээс зөвтгөн *******-ийн өмчлөх эрхэд халдаж, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хангалттай тал бүрээс нь судалж үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн барилгын болон газрын бүх түүхчилсэн лавлагааг гаргаж өгч, хэрэгт хавсаргасан. *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь 2016 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн Капитал банк болсон. 2010 оноос эхлээд Капитал банкны охин компанийн нэр дээр бүртгэлтэй байсан. *******-ийн Капитал банкны охин компанийн нэр дээр 2016 оны 12 сараас хойш бүртгэгдэж явсан. 2017 онд *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний үндсэн дээр ******* 2019 онд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулсныг ******* мэдээгүй буюу зөвшөөрөл өгөөгүй гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан 2018 оны 06 сарын 18-ны өдрийн *******-ийн ТУЗ-ийн дарга ******* маргаан бүхий орон сууцыг гэрээний үндсэн дээр 182,260,000 төгрөгт тооцож, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, уг тогтоолыг үндэслэж, гэрээ байгуулж шилжүүлсэн.

7.2. ******* нь 2019 оны 02 сарын 25-ны өдөр орон сууцаа хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 6-7 жилийн хугацаанд тухайн орон сууцанд амьдарч байна. Капитал банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 12 сарын 28-ны өдөр *******тай холбогдож, та ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр ямар бичиг баримт бүрдүүлж, орон сууцны төлбөр мөнгийг хэрхэн төлж уг орон сууцанд амьдарч байгаа талаарх баримтыг бүрдүүлж өгөхийг хүсэхэд бид судлаад эргээд танд хариу өгнө гэх мэдэгдэл явуулсан.

******* бүх холбогдох баримт материалаа бүрдүүлж, Капитал банк болон ******* нарт өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн орон сууцанд нэхэмжлэгч 2019 оноос хойш зөвшөөрөлгүй, гэрээгүй, орон сууцны төлбөрийг төлөхгүйгээр амьдарч байсан гэх тайлбар хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй. Гэтэл *******-ийн ТУЗ-ийн дарга *******ын өгсөн зөвшөөрөл болон *******, Капитал банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр тухайн гэрээнүүд байгуулагдсан учраас нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцанд орсон.

Мөн төлөөлөгч биш эцсийн өмчлөгч нь зөвшөөрсөн учир гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууцанд амьдарч байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж, дүгнэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаж гэрээ байгуулсан.

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

8.1. Манай компани *******гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн учир ******* өөр ямар нэгэн үүрэг, хариуцлагыг манай компаниас шаардахгүй. Харин тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* гудамж, ******* байрны ******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрч “... *******тай гэрээ байгуулж, ******* орон сууцыг 119,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Төлбөрийг бүрэн төлсөн, 2019 оны 02 сард орон сууцыг эзэмшилд нь шилжүүлсэн ... тус орон сууцыг манай компани *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд бартераар авч байсан ... тус компани нь гэрээний гүйцэтгэл 98 хувьтай байна гэх шалтгаанаар өмчлөх эрхийг шилүүлэх үүргээ гүйцэтгээгүй байгаа  тул ******* орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байгаа ..., нэхэмжлэгч нь 100 хувь өмчлөх эрхтэй” гэж тайлбарлажээ. Үүнээс үзвэл, талуудын хооронд маргаангүй байна.

Харин гуравдагч этгээд ******* нь “...тус компани нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй бөгөөд улсын бүртгэлийг үнэн зөвд тооцно...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* гудамж ******* байрны ******* хаягт байршилтай 68.41 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******-ийг 2022 оны 04 сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ./1хх51/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг үндэслэн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/022402 дугаартай шүүгчийн захирамж гарган хамтран хариуцагчаар *******-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

 

5. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч *******-аас татгалзах тухай хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдон тус компани шүүхэд хүсэлт гарган, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /3хх-123, 130, 132/

 

6. Анхан шатны шүүх, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч *******г ******* орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

6.1. Учир нь, нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаас татгалзсанаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус болжээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс тодруулалгүйгээр тухайн орон сууцны өмчлөгч этгээд болох *******-ийг гуравдагч этгээдийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүссэн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн давж заалдах гомдлыг хангав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/07012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД