| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2024/01998/И |
| Дугаар | 210/МА2025/02046 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/02046
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07650 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 46,855,782.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. ******* нь 2017 оны 11 сарын 07-ны өдөр манай банктай ЗГ/527727472 дугаартай алтан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
1.2. 2018 оны 11 сарын 02-ны өдөр ЗГ/527854089 тоот зэс кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
1.3. 2019 оны 01 сарын 29-ний өдрийн ЗГ5275108858 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг машин авах зориулалтаар жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлсэн.
1.4. 2020 оны 04 сарын 13-ны өдөр ЗГ5275108858 тоот гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, машин авах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар авч ашигласан.
1.5. Зээлдэгч ******* 2020 оны 08 сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсныг харилцагчийн ар гэрийнхэн банкинд 2021 оны 09 сарын 11-ний өдөр нас барсны гэрчилгээг авчирснаар мэдэж, энэ өдрөөр зээлдэгч *******ын зээлийн хүүг зогсоосон. Дээрх мөнгөн хөрөнгүүд өрхийн хэрэглээнд зарцуулагдсан, үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй.
1.6. ЗГ/527727472 тоот алтан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт үндсэн зээл 4,965,759.32 төгрөг, үндсэн хүү 1,467,567.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,275.64 төгрөг, нийт 6,623,612.08 төгрөг,
ЗГ/527854089 тоот зэс кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт үндсэн зээл 4,904,463.09 төгрөг, үндсэн хүү 1,414,495.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,313.53 төгрөг, нийт 6,495,271.98 төгрөг,
ЗГ5275108858 тоот зээл болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 28,498,080.62 төгрөг, үндсэн хүү 5,133,964.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү104,853.05 төгрөг, нийт 33,736,898.01 төгрөг, гурван зээлийн гэрээний үүрэгт 46,855,782.07 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нас барсан зээлдэгч *******ын хууль ёсны өвлөгч тогтоогдсон буюу Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 332 тоот албан бичигт өвлүүлэгч *******ын өвлөгдөх хөрөнгийг өвлөгч *******д мөн *******, , нарыг төлөөлж *******д тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нас барсан зээлдэгч *******ын өвлөгчид тодорхой болсон. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу өвлөгч *******г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан.
1.8. Хариуцагч ******* болон нас барсан зээлдэгч ******* нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч 10-аас дээш жилийн хугацаанд гэр бүлийн хамтын амьдралтай байсан. *******, ******* нар хамтын амьдралын хугацаандаа 2018 оны 02 сарын 08-ны өдөр Төрийн банкнаас 150,000,000 төгрөгийн орон сууцны зээл авч, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд тус орон сууцандаа нас барах хүртлээ амьдарч байсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-т зааснаар дундын өмч хөрөнгө бий болгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагч *******ийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.4, 520.5, 520.6, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасныг тус тус үндэслэн *******ын өвлөгч гэж үзэж байна.
Хариуцагч ******* нь өөрийн болоод өвлөгч , өвлөгч нарыг төлөөлж Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурж өвийг хүлээн авч захиран зарцуулсан.
Иймд хариуцагч *******гоос 19,000,000 төгрөг, хариуцагч *******ээс 27,855,782.07 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.1. ******* нь *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгч гэж нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эхийг хэлнэ гэж заасан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т заасны дагуу *******, ******* нар гэрлэлтээ батлуулж, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй. Гэрлэлтийн бүртгэлгүй учраас хууль ёсны өвлөгч биш гэх үндэслэлээр өв нээгдэх эрх, өвлөх эрх үүсээгүй тохиолдол байсан бөгөөд хууль ёсоор Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу өв хүлээн аваагүй болохоор хууль ёсны өвлөгч болохгүй.
2.2. *******-аас зээлийн гэрээгээр авсан алтан болон зэс кредит картыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.3, 127.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтын хүрээнд хамтран амьдрагч ******* нь захиалж авч, өөрийн хэрэгцээнд мөнгө хөрөнгийг ашиглан зарцуулсан байна. ******* нь кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнүүдийн зээлийг төлөх, хамтран зээлдэгчийн болон хуульд заасан бусад гэрээг байгуулаагүй. Зээлийн гэрээний нөхцөлд зээлийг төлөх батлан даагч, хамтран зээлдэгч биш, зээлийн барьцааны нөхцөлд *******ийн эзэмшлийн зүйл байхгүй тул үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээгээгүй болно. Зээл болон барьцааны ЗГ5275108858 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд цалингийн буюу харилцах данс барьцаалсан талаар тухайн гэрээнд тусгасан. Энэ нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр авч буй цалин буюу цалингийн харилцах дансыг барьцаалсан байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйл болон бусад холбогдох зүйл заалтаар зохицуулагдсан. ******* нь зээл төлөх үүрэгт огт хамааралгүй бөгөөд зээлээр авсан тухайн мөнгөн хөрөнгө нь тэдний амьдралд зарцуулагдаагүй. Тухайн хүсэлтэд дурдсан автомашин *******ийн нэр дээр байхгүй гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох боломжтой. Хамт амьдарч байх хугацаандаа зээл авсан тухайгаа хэлээгүй учраас ******* мэдээгүй гэдгээ *******-ийн холбогдох ажилтанд мэдэгдсэн.
2.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хүлээн авах, татгалзахтай холбоотой хуулийн заалтыг дурдаж хууль ёсны өв залгамжлагч биш хүний ипотекийн зээлтэй хөрөнгө рүү халдаж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* тухайн ипотекийн зээлийн гэрээний үндсэн зээлдэгч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний өмчлөгчөөр дангаараа байдаг бөгөөд байр авахад урьдчилгаа төлбөрийг эцэг, эхээс өгсөн, бэлэглэлийн гэрээгээр мөнгөн хөрөнгөөр төлсөн, зээлийн гэрээний нөхцлийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө сар бүр өөрөө төлөөд явж байгаа нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй. Тодруулбал, хамтран амьдрагч ******* нь өв залгамжлал, бэлэглэлийн нөхцөлтэй *******ийн эзэмшилд шилжүүлээгүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнүүдийн нөхцөлд ипотекийн зээлийн гэрээтэй байр нь барьцааны нөхцөл болоогүй бөгөөд зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй. Гэр бүлийн гишүүн биш учраас *******ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө, эрхийг Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн харилцаа огт үүсэхгүй бөгөөд нотариатын хууль бус үйлдлийн улмаас *******д өв залгамжлах эрхийн харилцаа үүссэн, талийгаачийн эд хөрөнгөөс өвлөж авсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.1. Хүү ******* нь өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан зээл авсныг хүүгээ нас барсны дараа мэдсэн. Мөн хүүгийнхээ нэр дээр байсан газарт ******* өөрөө байшин барьсан. *******-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь *******тай цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Уг цалингийн зээлийг ******* нь өөрийн ур чадвар, эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага, энэ бүхнийг хуримтлуулсны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж ирээдүйд авах цалин хөлсөө барьцаалж зээл авсан. Тухайн зээл нь зээлдэгч *******ын хувийн байдалтай салшгүй хамааралтай. Мөн цалингийн зээлийн гэрээнд хариуцагч *******, ******* нар нь хамтран зээлдэгч, батлан даагчаар оролцоогүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 515 дугаар зүйлийн 515.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гоос 19,000,000 төгрөг, хариуцагч *******ээс 27,855,782.007 төгрөгийг, нийт 46,855,782.07 төгрөгийг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар ******* нь 2020 оны 08 сарын 17-ны өдөр нас барснаар түүний үүргийг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.2. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасны дагуу хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1 дэх хэсэгт заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээхээр зохицуулсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ын өвлөгдөх хөрөнгийг *******д Нийслэлийн тойргийн нотариатч 2021 оны 09 сарын 21-ний өдөр бүртгэлийн 296, 297 дугаарт бүртгэж, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, энгэр ******* 145 м.кв талбайтай 15,000,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц, мөн хаягт байршилтай 4,000,000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг өвлүүлэхээр, , нарт өвлүүлэгчийн эзэмшилд байсан Computershare investor Service PLC-ийн хувьцааг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг тэдгээрийг төлөөлж *******д олгосон болох нь гэрчилгээний хуулбар, гэрчилгээ олгосонтой холбоотой баримтуудаар тус тус тогтоогдлоо гэж дүгнэсэн.
Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр зохицуулсан байх бөгөөд дээрх өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* болон , нар нь насанд хүрээгүй эрх зүйн бүрэн бус чадамжтай тул төлөөлж Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийг төлөөлж ******* өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь нотариатчдын танхимын дээрх лавлагаагаар тогтоогдож байхад энэ талаар анхан шатны шүүхээс хариуцагч тус бүр дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
5.3. Хариуцагч ******* болон нас барсан зээлдэгч ******* нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч 10-аас дээш жилийн гэр бүлийн хамтын амьдралтай байсан. Мөн хамтын амьдралын хугацаандаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар дундын өмч хөрөнгө болгосныг анхан шатны шүүх мөн үнэлж, дүгнээгүй.
5.4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгч этгээдүүдийг нэрлэн заасан. Нас барсан зээлдэгч *******ын аав *******, хүүхдүүд болох , , тэдгээрийг төлөөлж эхнэр болох ******* нар нь хэрэгт авагдсан баримтуудаар өв хүлээн авсан нь тогтоогдсон. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч гэж үзнэ. Хууль ёсны өвлөгчид байсаар байтал өв хөрөнгийг хүлээн авч ашиглахыг шүүх хүлээн зөвшөөрсөн. Нас барсан зээлдэгчийн зээлийг хүлээн зөвшөөрөхгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга хууль ёсны зарчимд нийцэхгүй, зээлдэгчийн эрх ашгийг хохироож байна.
5.5. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар кредит карт эзэмших болон цалингийн зээлийн хүсэлтийг зээлдэгч *******ын цалин, орлогын хэмжээг үндэслэн тухайн гэрээ бүрийг байгуулсан нь тогтоогдсон. Зээлдэгч ******* хариуцан төлөхөөр хүлээсэн гэрээ бүрийн үүргийн гүйцэтгэл нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэл нь гагцхүү зээлдэгч этгээдэд хамааралтай тул үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Харин зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэгт хамаарахгүй гэж үзэж байна.
5.6. Зээлдэгчийн өв залгамжлагч болох *******, ******* нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тухайн харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******, ******* нараас 46,855,782.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
6.1. Уг зээл нь хувийн байдалтай салшгүй холбоогүй байсан мэтээр тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн зээлийн гэрээг байгуулахад зээл хүсэгчийн өргөдөл болон зээлийг ямар зориулалтаар авсан нь өөрийнх нь хүсэлтээр бүрэн илэрхийлэгдсэн. Өөрөөр хэлбэл, талийгаачийн хувийн байдалтай салшгүй холбоотой зээлийн гэрээнүүд байсан. Энэ үүргийг ******* хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн тухайн зээлтэй холбоотойгоор хөрөнгө бий болоод уг хөрөнгийг хариуцагч өвлөсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.
Зээлийн мөнгөнөөс хөрөнгө бий болоод гэр бүлийн дундын хөрөнгө болсон зүйл огт байхгүй. Мөн талийгаачийн хувийн хэрэгцээнд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн.
7.1. Талийгаачийн хувийн байдалтай салшгүй холбоогүй гэх тайлбарт ******* зээлийг олгохдоо талийгаачийн хувийн байдлыг судалж, дүгнээд зээл олгосон. Талийгаачаас өөр ямар нэгэн шаардлага хангаагүй этгээдэд зээл олгогдохгүй бөгөөд хувийн байдалд нь дүгнэлт хийснээр зээлийг олгосон. Уг зээл нь талийгаач *******ын хувийн байдалтай салшгүй холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч ******* 80 нас хүрч байна, өөрийн амьдарч байсан газарт байшин бариад хүүгийнхээ нэр дээр байлгасан учраас уг хөрөнгийг өв залгамжилж авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,855,782.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1. *******, ******* нар 2017 оны 11 сарын 10-ны өдөр ЗГ/527727472 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй зээлдүүлэх,
2018 оны 11 сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ/527854089 дугаартай кредит картын гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй зээлдүүлэх,
2019 оны 01 сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/5275108858 дугаартай цалингийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 50,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ******* зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөх өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.
Талууд 2020 оны 04 сарын 13-ны өдөр ЗГ5275108858 дугаартай цалингийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлдэгч нь 5,000,000 төгрөг нэмж зээлсэн. /1хх4-5, 14-15, 18-19, 20-21/
3.2. Зээлдэгч ******* нь 2020 оны 08 сарын 17-ны өдөр нас барсан. /1хх70, 72/
3.3. Нийслэлийн тойргийн нотариатч нь өвлөгч *******н хүсэлтийг үндэслэн түүнд Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Энгэр хаягт байршилтай 145 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийг тус тус өвлөх эрхийн 0296, 0297 дугаартай гэрчилгээг 2021 оны 09 сарын 21-ний өдөр олгосон байна. /1хх66, 71/
3.4. Нийслэлийн тойргийн нотариатч нь 2022 оны 06 сарын 09-ний өдөр *******д *******ын эзэмшиж байсан *******, ******* ХХК-ийн нэг бүрийн үнэ 209,715 төгрөг бүхий 93.4 ширхэг хувьцааг өвлөх эрхийн 0015 дугаартай гэрчилгээ олгожээ. /1хх76/
*******-иас нотариатч т хандаж 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 1431/Led дугаартай албан бичгээр “... талийгаач ******* нь *******-ийн ажилтны хувиар ******* компанийн хувьцааны хөтөлбөрийн хүрээнд эзэмших, өмчлөх болсон хувьцаа нь *******-ийн хувьцаа биш болно. ... Иймд та *******-ийн талаарх буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл агуулсан гэрчилгээг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг үйлдэж, арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна. /1хх157-158/
3.5. Мөн нотариатч нь 2023 оны 12 сарын 18-ны өдөр *******ын эзэмшиж байсан Computershare investor Service PLC-ийн 110.15 ширхэг хувьцаа эзэмших эрхийг *******, хүү , нарыг төлөөлж эх *******д өвлүүлэхээр 0030 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /1хх84/
3.6. Хэрэгт авагдсан 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 0017 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнд *******ын эзэмшиж байсан Computershare investor Service PLC-ийн 110.15 ширхэг хувьцаа эзэмших эрхийг хүү 50 хувь буюу 55.07 ширхэг, хүү 50 хувь буюу 55.07 ширхэг хувьцааны эрхийг тус тус өвлөхөөр тусгагджээ. /1хх147/
3.7. Хариуцагч тал “дээрх 0015, 0030 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнүүд алдаатай бичигдсэний улмаас хүчингүй болж, 0017 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг дахин авсан” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Дээрх нотлох баримтуудаар ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4. Талууд дээрх үйл баримтад маргаангүй, зээлийн гэрээний үүргийг шаардаж буй хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.
5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
5.1. Зээлдэгч ******* нь *******-аас цалингийн болон хэрэглээний зээл авсан байх бөгөөд тухайн зээл нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоогүй буюу ажил эрхэлж байгаа эсэхээс үл хамааран төлөгдөх ёстой. Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэж, зээл буцаан төлөх үүргийг зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой, ******* нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь буруу байна.
5.2. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. Мөн зүйлийн 535.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж заасан.
Хэргийн баримтаар өвлүүлэгч *******ын эд хөрөнгийг түүний эцэг *******, хүү , нар өвлөн авсан үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал “******* нь хүүхдүүд болох , нарын хууль ёсны төлөөлөгч байгаа учраас уг маргаанд хамааралтай” гэх агуулга бүхий тайлбар гаргасан байх боловч өвлөгч , нарт холбогдуулан тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчөөр *******ийг тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Иймээс өвлүүлэгч *******ын гүйцэтгэвэл зохих зээлийн үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлөгч , нараас гаргуулах хуулийн үндэслэлгүй болно.
5.3. Харин нэхэмжлэгч нь уг хуульд заасан хэмжээгээр хариуцагч *******гоос шаардах эрхтэй.
Учир нь хариуцагч ******* нь “... хүүгийнхээ нэр дээр байсан газарт өөрийн зардлаар байшин барьсан ...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн хариуцагч *******д олгосон Өвлөх эрхийн гэрчилгээнд газрын үнийг 4,000,000 төгрөгөөр, амины орон сууцны үнийг 15,000,000 төгрөг гэж тус тус тусгасан байх тул 19,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг өвлөн авсан гэж үзэх тул өвлүүлэгч *******ын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хүлээнэ.
Зээлдэгч ******* гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй болохыг нотлох зорилгоор зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Кредит картын тооцооллын хүснэгт зэрэг баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч тал уг нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. /1хх4-7, 8-10, 14-16, 18-21/
Гэхдээ нэхэмжлэгч ******* нь зээлдэгч *******ыг нас барснаас хойш буюу 2021 оны 09 сарын 11-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүү тооцон шаардсан нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд хэргийн баримтыг үндэслэн 3 зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан 2017 оны 11 сарын 10-ны өдрийн ЗГ/527727472 дугаартай зээлийн гэрээний тооцооллын хүснэгт нотлох баримтаас үзвэл зээлдэгч ******* нас барсан 2020 оны 08 сарын 17-ны өдрөөс хойш мөн оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл дугаартай кредит картаас орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нь 4,486,108.76 төгрөг байна. /1хх-9/
Мөн хэргийн 14 дэх талд авагдсан 2018 оны 11 сарын 02-ны өдрийн ЗГ/527854089 дугаартай зээлийн гэрээний кредит карт тооцооллын хүснэгт баримтаар зээлийн гүйцэтгээгүй үүргийг 2020 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар тооцвол 4,613,156 төгрөг, хэргийн 22 дахь талд авагдсан Хүү тооцооллын хүснэгт нотлох баримтаар 2019 оны 01 сарын 29-ний өдрийн ЗГ5275108858 дугаартай Зээл болон барьцааны гэрээний гүйцэтгээгүй үүрэг нь 2020 оны 08 сарын 11-ний өдрийн байдлаар 28,498,080 төгрөг, нийт 37,597,345 төгрөгийн үүргийг зээлдэгч ******* гүйцэтгээгүй гэж үзнэ. Уг үүргийг хариуцагч *******н өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн тооцвол, 16,941,364 /37,597,345х45,06%/ төгрөг болж байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
5.4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 27,855,782 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “зээлдэгч *******тай хамтран амьдарч байсан, хамтын амьдралтай байх хугацаандаа орон сууц худалдан авч дундын өмч бий болгосон, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч” гэсэн агуулгаар тайлбарласан байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх зэрэг этгээдийг хууль ёсны өвлөгч гэнэ.
Хэргийн баримтаар зээлдэгч *******, хариуцагч ******* нар гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул тэдгээрийг Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид гэж үзэхгүй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03332 дугаартай шийдвэрээр *******ийг, *******тай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна. /2хх18-19/ Уг шийдвэр нь *******ийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид хамаарах үр дагавар үүсгэхгүй.
Хэргийн 46 дахь талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар ******* нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 333 дугаар байрны 402 тоот хаягт байршилтай 79 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул *******ын өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй.
Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцагч *******ээс шаардах эрхгүй.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07650 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гоос 16,941,364 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,907,418 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 242,692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,229 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.ЦЭНД