| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0023/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Б.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Яд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны ... дугаар сарын …-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн …….. сумын 3 дугаар баг, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бийн Я /….. /;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Я нь 2018 оны 11-р сарын 30-наас 2018 оны 12-р сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4-р баг, ……….. д хохирогч Ч.Бтай маргалдсаны улмаас түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Я шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч Б.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэт уур хүрээд би чамайг гар гэж хэлээд байгаа юм биш үү гээд гэрийн баруун орон дээр буюу миний хэвтэж байсан орны хажууд сууж байхад цээжин хэсэгт нь тохойлдсон. Тэгтэл Б нь унахдаа зуухны хажууд байсан хагалсан модны дөрвөлжин дээр толгойгоороо уначихсан ба унахдаа толгойгоо хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яваад ортол Б ахын гэрийн хоймор дээр нь 2 танихгүй эрэгтэй хүн сууж байсан. Намайг ороод очтол та нар айлын тайван байдал алдагдууллаа зайлцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болцгоовоо гээд асуутал чи муу зайл Магнай гуай гээд хэлэхээр нь би гэрийн баруун хатавчны хэсэгт явган суутал, Я гэдэг залуу босч ирээд намайг түлхээд авсан ба унахдаа галын дөрвөлжинд байсан модон дээр унасан, тэгтэл бос гээд Я намайг цээж рүү өшиглөсөн ба миний толгойноос цус гарч эхэлсэн.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
Гэрч Ө.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэдэг залуу орж ирээд Отэй юм яриад байсан ба манай дүү Я гэнэт уурлаад гэр оронд хэрүүл хийлээ гарцгаа гээд хэлтэл О гэрээс түрүүлээд гарсан. Тэгтэл Б хэрүүл хийгээд зогсоод байсан ба нэг хартал Я нь Бг гэрээс хөөгөөд цээж хэсэг рүү нудраад түлхтэл Б зуухны хажууд байсан мод хураадаг сав дээр унаад толгойгоо хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/
Гэрч Д.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед тэдний гэрт орж ирсэн О нь хамт орж ирсэн хүнтэйгээ хэрүүл хийгээд байсан ба Я уурлаад гэр оронд битгий хэрэлдээд бай гарцгаа гээд хэлсэн, тэгтэл О гээд эмэгтэй нь гараад явчихсан...Я уурлаад зайл гэж хэлээд орны хажууд сууж байхад нь түлхээд унагаачихсан ба унахдаа Б нь модон дээр толгой хэсгээрээ унаад өгсөн. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн 02/09 дугаартай: “...эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Ч.Бгийн биед толгойн орой, баруун шанааны шарх, зүүн завжны зулгаралт, зулай хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Я нь 2018 оны 11-р сарын 30-наас 2018 оны 12-р сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4-р баг, Цагаан дөрвөлжийн 9-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Бгийн эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б овогт Бийн Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 18 дугаар хуудаст хохирогч Ч.Б нь “...нэхэмжилсэн зардлыг Б.Я нь 2018 оны 12-р сарын 03-ны өдөр 400000 төгрөг бэлнээр, 2018 оны 12-р сарын 10-ны өдөр 600000 төгрөгийг дансаар шилжүүлж барагдуулсан. Иймд миний бие гомдол саналгүй болсон...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Яг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.Я нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Бийн Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.Я нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА