| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2024/04533/И |
| Дугаар | 210/МА2025/02079 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02079
2025 12 03 210/МА2025/02079
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/07314 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ад холбогдох
Эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардалд 40,990,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ажлын хэрэгцээнд зориулж автомашин худалдан авахаар unegui.mn сайтаас 2024 оны 04 сарын 04-ний өдөр зарын дагуу хариуцагч *******тай уулзаж 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн “Toyota Land cruiser 200” маркийн автомашиныг 115,000,000 төгрөгөөр худалдан авсан. ******* хэлэхдээ би машинаа Хэт моторс авто сервист үзлэг оношилгоо, засварыг цаг тухайд нь хийлгэдэг гэж хэлсэнд нь итгэж, худалдаж авсан. Худалдан авсан өдөр ******* машиныг оношилгоонд оруулсан бөгөөд үзлэгийн төлбөрийг нь ******* төлсөн.
2024 оны 04 сарын 05-ны өдөр Сайншандаас Улаанбаатар хот руу явах замд ямар нэгэн анхааруулах тэмдэг, хянах гэрэл асаагүй атлаа автомашин унтарч, дахин асаагүй. Тухайн үед Улаанбаатар хотоос ачилтын машин дуудаж 850,000 төгрөгөөр ачуулж хотод ирсэн. *******ад тухайн нөхцөл байдлын талаар хэлэхэд “... машин зүгээр асуудалгүй, хэт моторс дээр үлдээчих” гэж хэлсний дагуу үлдээсэн. Засварчид нь мотор задалж үзээд маслоны касчерийн доод талын тагийг авахад шүршигч хошуу буюу нозел нь хугарсан байсан.
1.2. Нэхэмжлэгч нь анх 48,900,050 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үнийн дүнг багасгасан. Хариуцагч ******* нь 2023 оны 10 сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 сарын 06-ны өдрийн хооронд тухайн автомашины хөдөлгүүрийг авч задалж, угсарч тавих ажлыг хэт моторсын инженер ******* болон үйлчилгээ үзүүлсэн баримт зэргээс мэдсэн. Худалдагч ******* нь тухайн автомашины моторыг доголдолтой гэдгийг мэдэж байсан ба худалдан авагч талд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулах байдлаар худалдсан. Машин худалдан авах үед худалдагч ******* нь моторыг өмнө нь задлуулж янзалж байсан талаараа тодорхой үнэн зөв мэдээллийг бидэнд өгсөн бол бид тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахгүй байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ашиглагдах цаг хугацаанд шахагдаж, мөн яаралтай ажлын зайлшгүй шаардлагын улмаас тээврийн хэрэгслийг ашиглах шаардлага тулгарсан тул доголдолтой моторыг өөр доголдолгүй мотороор сольж засварлуулсан. Үүнд моторын үнэ 37,500,000 төгрөг, мотор угсарсан зардал 2,500,000 төгрөг, ачилтын зардал 940,000 төгрөг, моторын тос шинжилгээнд өгсөн зардал 50,050 төгрөг, нийт 40,990,050 төгрөгийн зардал гарсан.
Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгахад гаргасан зардалд 40,990,050 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болон автомашин өгсөн, авсанд маргаан байхгүй. Хариуцагч нь автомашины засвар үйлчилгээг удаа дараа хийлгүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Манай зүгээс доголдол биш гэж үзэж байгааг анхан болон давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн бөгөөд энэхүү байр сууриа илэрхийлж оролцож байна.
******* ирж, шууд автомашиныг аваагүй, хэдэн хоногийн дараагаар худалдаж авсан. Мөн автомашиныг авахдаа автотээврийн газарт оношилгоонд оруулж, төлбөр төлсөн. Мөн нэхэмжлэл дээрээ дурдсанаар ажлын шаардлагаар хөдөө, орон нутаг руу явсан байна. Нэхэмжлэгчтэй харилцсан зурвасуудад хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Мөн “би одоо мотороор шатаад өнгөрье” гэх хоорондын харилцааны зурвас байдаг бөгөөд үүнийг доголдол гэж үзэхгүй. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу автомашиныг худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, ******* тухайн автомашиныг хуучин гэдгийг нь мэдэж байсан. Доголдолтой талаар бид хоорондоо ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т заасан өөрөө жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж бий болсон эвдрэл, гэмтэл гэж үзэж байна
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 40,990,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 362,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан байна.
4.1. Тухайн хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүхээс тухайн тээврийн хэрэгсэл эвдрэх болсон гол шалтгаан нөхцөл байдлыг тусгай мэдлэг бүхий шинжээч томилж дүгнэлт гаргуулах замаар тодруулах шаардлагатай гэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч зөвшөөрч, дээрх шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргаагүй. Харин хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан хугацаанд шинжээч томилсон боловч 2025 оны 05 сарын 07-ны өдрийн ЕГ0225/447 тоот дүгнэлтээр дүгнэлт гаргах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Гэвч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байсан мэт хэргийг хянан хэлэлцэхдээ өмнөх баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.
Нэхэмжлэгч нь өөрөө шинжээч дүгнэлт гаргах боломжгүй болсон буюу техникийн эвдрэл юунаас болсон гол шалтгааныг тогтоох боломжийг үгүй хийсэн. Нэгэнт хариуцагчийн буруугаас болсон гэж үзэж буй тохиолдолд машины мотор эд ангийг сольж засварлахаас өмнө буюу эвдрэлтэй байх цаг хугацаанд ул мөрийг үгүй хийхээс өмнө баримтжуулах үүрэг нь нэхэмжлэгч этгээдэд хадгалагдана.
Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн үйл баримттай маргахгүй байгаа боловч доголдолтой эд хөрөнгө өгсөн хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь худалдан авагч тухайн эд хөрөнгийг авахдаа доголдол зэргийг шалгаж авах үүргийг хүлээдэг бөгөөд моторын доголдол нь мэдэгдэх боломжгүй доголдол биш юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд талууд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд оруулж шалгаж, шалгуулж өгсөн. Гэвч шүүх энэ баримтыг үнэлээгүй бөгөөд үнэлэхгүй орхигдуулсан үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Тухайн тээврийн хэрэгсэл эвдэрч мотор гацсан гол шалтгаан тосгүй болсон хэмээн шүүх дүгнэж энэ үйл баримтад хариуцагчийг буруутгасан дүгнэлт хийжээ. Гэвч тухайн тээврийн хэрэгслийн хянах самбар хэвийн ажиллагаатай талаар талууд маргасан үйл баримт байхгүй. Хэрэв тухайн тээврийн хэрэгсэл тос масло алдсан, их идсэн шалтгааны улмаас тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн хянах самбарт масло багассан нэмэх шаардлагатай байгаа болохыг мэдээллэх юм. Тээврийн хэрэгслийн хянах самбар дахь мэдээлэгч нь масло ердийн хэмжээнээс багассан даруй мэдээллэх тохиргоотой бөгөөд жолооч бүхэн мэдэх ил тод мэдээлэл байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг масло багатай нэмэх шаардлагатай болохыг үл хайхарч мотор улаас ч гацтал нь явсан. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах нь жолоочийн үүрэг байхаар тусгасан бол Иргэний хуульд зааснаар хөдлөх эд хөрөнгийн хувьд дараагийн өмчлөгчид өмчлөл шилжсэнээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж энэ үеэс хойших арчилгаа, үйлчилгээ, хадгалалт, хамгаалалт зэрэг нь шинэ өмчлөгчид шилжинэ.
4.2. Анхан шатны шүүх худалдаж аваад 3 хонож байсан талаар тухайлан дүгнэх боловч энэ доголдолтой байсан үйл баримтыг илэрхийлэх шалтгаан биш болохыг дурдах нь зүйтэй байна. Авсан даруйдаа уул уурхайн чиглэлээр хөдөө орон нутагт 1000 гаруй км замыг туулах байдлаар ашигласан болохоо нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөн тэдгээрийн харилцан яриа зурваст үзлэг хийсэн баримтад авагдсан. Масло алдсан эсхүл их идсэн гэхээсээ илүүтэй бага маслотай байсан тээврийн хэрэгслийг хүчилж хол замд ашигласан байхыг үгүйсгэх аргагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч масло нэмсэн гэх тайлбар гаргадаг боловч энэ талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй. Мөн ямар тос, масло хаанаас хэрхэн нэмсэн нь тодорхойгүй байна.
4.3. Анхан шатны шүүх моторын эвдэрч ирсний дараах байдалд задалж тодорхойлсон "Хэт моторс" ХХК-ийн инженерийн тодорхойлолтоор хариуцагчийн буруутай буюу доголдолтой байсан болох нь тогтоогдож байна гэх дүгнэлт хийсэн боловч тус тодорхойлолт нь өмнөх мотор солиулсан болоод нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон болохыг тодорхойлсон тогтоосон баримт биш байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Энэ хэрэг 2 удаа анхан шатны шүүхээр хянагдсан. Өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шинжээч томилуулъя, шинжээчийн дүгнэлтийг харья гэсэн. Манайх үүнийг хүлээн зөвшөөрөөд шинжээч томилуулсан.
5.2. *******-ийн дүгнэлтийг шүүх үнэлсэн гэж тайлбарладаг. ******* “манайх *******-аар үзлэг, оношилгоо хийлгэдэг байсан тул ******* руу очоорой.” гэж хэлсний дагуу тэнд очиж үзлэг, оношилгоонд орсон. Анхан шатны шүүх нь *******-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэсэн. Бид дураараа өөр газар очиж үзүүлж дүгнүүлсэн зүйл байхгүй.
Хариуцагч нь тус оношилгоогоор моторыг бүрэн бүтэн гэж оношилсон гэж тайлбарладаг. 2021 оны 12 сарын 31-ний өдрийн А/199 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэг, оношилгоо хийлгэх журамд тээврийн хэрэгслийн үнэ, зориулалт зэрэгт дүгнэлт гаргана гэж заасан. Угсраатай байгаа моторыг задлаад эвдэрхий юм уу, тостой юу, тосгүй юу гэх дүгнэлт гаргах боломжгүй.
5.3. Нэхэмжлэгч нь 115,000,000 төгрөгөөр автомашин худалдаж авсан учраас хуучин моторын тостой явахгүй нь ойлгомжтой. Моторын тосоо сольсон газраасаа нотлох баримтаа авч гаргаж өгөөгүй нь бидний буруу. Хөдөө орон нутаг руу явах учраас моторын тосоо бүтэн солиулсан бөгөөд замд явж байхад моторын тосны гэмтэл гарсан. Моторын тосыг шинээр солиод илүү гарсан тосоо нэмээд явсан. Мөн хянах самбарт ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ гараагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан гаргасан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардалд 48,900,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 40,990,050 төгрөг болгон багасгасан байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “…автомашинд засвар үйлчилгээг удаа дараа хийлгэсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, холбогдох баримтыг нэхэмжлэгчид өгсөн боловч хайхрамжгүй байдлаасаа болж аваагүй, автомашин хуучин гэдгийг мэдэж байсан, ... доголдлын талаар бид тохиролцоогүй, доголдол биш, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс эвдрэл бий болсон” гэж тайлбарлан, талууд маргажээ. /хх1-3, 48/
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. ******* болон ******* нар 2024 оны 04 сарын 03-ны өдөр 2013 онд үйлдвэрлэгдэж, 2014 онд Монгол улсад орж ирсэн, Toyota Land Cruisers 200 маркийн, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай автомашиныг 115,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хх1-2, 48, 208-212/
3.2. Худалдагч ******* нь Toyota Land Cruisers 200 маркийн автомашиныг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ******* нь автомашины үнэ болох 115,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргээ тус тус гүйцэтгэжээ. /хх7-9/
4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар зөв дүгнэсэн.
5. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй. Харин доголдолтой автомашин шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
5.1. Нэхэмжлэгч ******* нь автомашиныг эзэмшилдээ авсны дараа Дорноговь аймгийн Сайншанд сум руу автомашиныг жолоодон явсан бөгөөд Сайншанд сумаас Улаанбаатар явах замд автомашин унтарч асаагүй байна.
5.2. Нэхэмжлэгч нь ачигч тээврийн хэрэгсэл хөлслөн автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод авчран, хариуцагчийн зөвлөснөөр *******-ийн хашаанд буулгажээ.
5.3. *******-ийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Автомашины засвар, үйлчилгээний тодорхойлолтод “*******ы эзэмшлийн улсын дугаартай автомашинд хөдөлгүүр зуурсан байдалтай орж ирсэн. Үзлэг оношилгоо хийхэд 1, 2, 8-р цилиндрийн форсунк ажиллагаагүй, 4, 5, 7 цилиндрийн форсунк урагшаа цацалт ихтэй байсны улмаас гилзээ угааж хөдөлгүүр зуурсан. ” гэж дүгнэсэн байна. /хх31/
5.4. Мөн тус компанийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн Автомашины засвар, үйлчилгээний тодорхойлолтод “... Урьдчилсан байдлаар 4-р сарын 17-ны өдөр компьютер оношилгоо хийхэд 1, 2, 8-р цилиндрийн форсунк ажиллагаагүй, 4, 5, 7 цилиндрийн форсунк урагшаа цацалт ихтэй зааж байсан. 4-р сарын 25-ны өдөр хөдөлгүүрийг задалж үзэхэд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаартай цилиндр зуурсан, гилз ухагдсан, 8 дугаар цилиндрийн шатун савлагаа орсны улмаас маслын нэг суваг буюу 8 дугаар суваг хугарсан байдалтай байсан. Иймд хөдөлгүүрийн тос багатай явж байсны улмаас хөдөлгүүр зуурсан гэж дүгнэж байна.” гэжээ. /хх53/
5.5. Талуудын хооронд харилцсан зурвасыг шүүх үзлэг хийж бэхжүүлсэн байх бөгөөд уг үзлэгийн тэмдэглэлд “… 2024.04.06-ны өдөр …. мөнгө шилжиж орсон уу, ямар масло хийсэн бэ, дээрээс нь нэмж хийж болдог юм уу, масло үзсэн чинь хар толгой болчихсон байна. … *******: Хар толгой болчихсон байнаа, үгүй л баймаар юм, унтрааж нилээн байж байгаад үзсэн үү, саяхан үзэхэд стандарт байсан даа, масло идэх боломжгүй …” гэж тусгагджээ. /хх79-82, 83-84/
5.6. Уг хэрэг маргааныг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 210/МА2024/01775 дугаартай магадлалаар хянан үзээд, “тусгай мэдлэг шаардсан маргааны зүйлийг тодруулах ажиллагаа явуулахгүйгээр” хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
5.7. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/13807 дугаартай захирамж гарган Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрыг шинжээчээр томилсон байна. /хх172-174/
Шинжээч нь 2025 оны 05 сарын 07-ны өдрийн дүгнэлтдээ “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн 9863УЕО улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй эсэх, эвдрэл гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэзээ үүссэн эсэхийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг, хэмжих хэрэгсэл, ажиглалтын арга ашиглан шинжлэхэд шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаж хөдөлгөөн үйлдэх боломжтой. Харин шинжилгээнд ирүүлсэн дэлгэж тавьсан хөдөлгүүр нь анхны байдлаа алдсан тухайн тээврийн хэрэгсэлд байсан гэх нотломж байхгүй тул шинжилгээ хийж шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй.” гэжээ. /хх185-187/
5.8. Дээрх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан зохигчийн хэн аль нь дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна.
6. Анхан шатны шүүх, үзлэгийн тэмдэглэл, *******-ийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн Автомашины засвар, үйлчилгээний тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, хариуцагч *******ын худалдсан автомашиныг биет байдлын доголдолтой байсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. /хх48, 53, 79-84, 208-212/
7. Нэхэмжлэгч нь доголдол арилгахад буюу шинээр худалдан авсан моторын үнэ 37,500,000 төгрөг, солиулсан ажлын хөлс 2,500,000 төгрөг, ачилтын хөлс 940,000 төгрөг, тос шинжлүүлсэн ажлын хөлс 50,050 төгрөг, нийт 40,990,050 төгрөгийн зардал гарсан гэх үйл баримтаа нотлохоор ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******-ийн дүгнэлт, иргэн ******* нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, *******-ийн үнийн санал, *******-ийн нэхэмжлэх, “*******-ийн үнийн санал зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх10-14, 15-18, 23-26, 63/ Хариуцагч тал эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэж, өөр баримтаар няцаагаагүй байна.
Шүүх, дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
8. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 17-ний өдрийн 192/ШШ2025/07314 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД