| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2025/03575/И |
| Дугаар | 210/МА2025/02080 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02080
2025 12 03 210/МА2025/02080
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/12683 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... *******ын томилсон шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглээгүй, үнэлгээчний тусгай зөвшөөрлийн хугацаа зэргийг тусгаагүй. ... үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан ямар стандарт, журам аргачлалын дагуу үнэлгээ хийсэн талаарх мэдээлэл тусгагдаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10, 8.3.12, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. ... шинжээч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан үнэлгээний арга, аргачлал, журмыг зөрчиж таамгийн шинжтэй үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй” гэж тайлбарласан байна. /хх6/
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч *******ыг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 2,915,681,105.36 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авсан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг төлбөр авагч, төлбөр төлөгч талд 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 4-157/3387, 4-157/3388 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарлан, талууд маргажээ. /хх19/
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
5.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 845 дугаартай шийдвэрээр хариуцагч *******-аас 2,611,399,194 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,238,584,987 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн 442 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******-аас 3,578,497,788 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, үлдэх 271,486,393 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 506 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх23-32, 46-54/
5.2. ******* нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 33612 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 3852 дугаартай Гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* аймаг, ******* сум, ******* гэх газарт байрлах 115 гектар талбайтай, ашигт малтмалын *******дугаартай тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан байна. /хх21-22, 20, 71-76,77-82/
5.3. ******* нь төлбөр төлөгчид дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн саналаа ирүүлэхийг 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 4-157/1249 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна. Төлбөр авагч ******* нь төлбөр төлөгч *******-ийн ашигт малтмалын *******тоот тусгай зөвшөөрлийн нөөцийн үлдэгдлийг мэдэхгүйн улмаас төлбөр төлөгчтэй тохиролцох боломжгүй гэж тайлбарлан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээчнээр үнэлүүлэх хүсэлт гаргажээ. /хх61, 62/
5.4. *******ын 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 1/38 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний *******-ийн мэргэшсэн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилсон байна. /хх59/
5.5. Талууд дээрх ажиллагаанд маргаангүй, үнэлгээчний хийсэн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргажээ.
5.6. *******т Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан бүх шаардлагыг хангасан гэж үзэн Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Удирдах зөвлөлөөс хөрөнгийн үнэлгээчний хугацаагүй эрх олгосон байна. /хх118-119/
5.7. Тэрээр үнэлгээчин нь 2025 оны 02 сарын 03-ны өдөр ******* аймаг, ******* сумын нутагт орших ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй *******-ийн ******* нэртэй алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг 2,915,681,105.36 төгрөгөөр үнэлж, тайлангаа хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна. /хх91-122/
5.8. Уг хөрөнгийн үнэлгээний тайланд “Ашигт малтмалын орд газрыг үнэлэх орлогын хандлагын арга хамгийн тохиромжтой байдаг тул орлогын хандлагын хорогдуулсан мөнгөн гүйлгээний аргыг хэрэглэсэн. Орлогын хандлага нь ирээдүйн мөнгөн гүйлгээг өнөөгийн нэг үнэ цэнэд хөрвүүлсээр үнэ цэнийн үзүүлэлтээр хангадаг. Орлогын хандлагын дагуу тухайн хөрөнгийг бий болгох орлогын үнэ цэнэ, мөнгөн гүйлгээ эсвэл өртгийн хэмнэлтийг харгалзсанаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлдог. Зах зээлийн хандлагын өртгийн аргыг хэрэглээгүй, учир нь зах зээлийн хандлага нь үнэлж буй ашигт малтмалын орд газартай харьцуулж, жишиг болохуйц, орд газрын борлуулалтын мэдээлэлд үндэслэдэг тул дотоодын болон олон улсын зах зээлд ашигт малтмалын орд газрын борлуулалтын мэдээлэл олдоогүй. Өртгийн хандлагын тухайд хайгуулын болон ашиглалттай холбоотой өнгөрсөн хугацаанд зарцуулсан зардал, өртгийн мэдээллээр эрх бүхий этгээдийн зүгээс хангаагүй тул уг хандлагыг хэрэглэх боломжгүйд хүрсэн. ... Иймд орлогын тооцоололд цаашид ашиглагдах боломжит хугацааг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөөцийн үлдэгдэл болон олборлолтын хүчин чадлыг харгалзан 12 жил ашиглах нь бодитой илэрхийлнэ гэж үзэв. Техник эдийн засгийн үндэслэлийн тайлангийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн тайланд тусгасан тооцоололд тулгуурлан олборлолтын өртгийн хувь хэмжээ нь 80.0 хувь байна. Зардлыг цаашид жил бүр тогтмол 5 хувиар өсөхөөр таамаглав.” гэж орлогын хандлагын аргыг дүгнэлтээр орлогын тооцоололд цаашид ашиглагдах боломжит хугацааг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөөцийн үлдэгдэл болон олборлолтын хүчин чадлыг харгалзан 12 жил ашиглах нь бодитой илэрхийлэл гэж, техник эдийн засгийн үндэслэлийн тайлангийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн тайланд тусгасан тооцоололд тулгуурлан олборлолтын өртгийн хувь хэмжээ 80 хувь байгаа учраас зардлыг жил бүр тогтмол 5 хувиар өсөхөөр таамаглав.” гэж дүгнээд, ******* аймаг, ******* сум, ******* гэх нэртэй газарт орших 115 гектар талбайтай, ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2,915,681,105 төгрөг болохыг магадлан тодорхойлсон байна. /хх110-114/ Тэрээр шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээнд ашигласан стандарт, зарим нэр томьёоны тайлбар, үнэлгээний зорилго, зориулагдсан хэрэглээ, үнэлгээчний эрх,үүрэг, хараат бус байдлын талаарх мэдэгдэл, мэдээллийн эх сурвалж, үнэлгээний ажлын дэс дараалал, үнэлж буй хөрөнгийн мэдээлэл, макро эдийн засгийн судалгаа, хөрөнгийн үнэ цэнийн тооцоолол, хөрөнгийн цэвэр орлогын тооцоо, үнэлгээний дүгнэлт зэргийг тусгаж, хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг хавсаргажээ. /хх118-119/
6. Дээрх нотлох баримтаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөөгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Нэхэмжлэгч *******-ийн зүгээс “... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн.” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8. Анхан шатны шүүх нь мэргэшсэн үнэлгээчний хийсэн хөрөнгийн үнэлгээг “уурхайн өсөлтийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, өсөлтийг ямар тооцоотой гаргасан нь ойлгомжгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/12683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД