Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 576

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бод холбогдох эрүүгийн 1905024120721 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, А.Б.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35б байрны 108 тоотод дагавар хүү 10 настай А.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Бын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 20-ны өглөөний 07 цагийн үед эхнэр О ажилдаа явсан. Хүү Ц мөн эхнэртэй ойролцоо боссон. Хүү Ц 10 цагийн үед хичээлдээ явсан, тухайн эрдмийн баяртай байсан. Би өдрийн 12 цагийн үед хүү Цын эрдмийн баярт очсон, хүн ихтэй байсан болохоор хэсэг байж байгаад Дарь эх явж өөрийн төрсөн ээжийн хашаанд нь очиж юм хийж байгаад 13 цагийн үед эхнэр Отай утсаар яриад хүүгийн эрдмийн баярт очоод явж байна гэж хэлсэн. Ингээд 16 цагийн үед ээжийнд байхад эхнэр О утсаар залгаад Ц утсаа авахгүй байна, анги нь тарсан байна. Гэрийн утас руу залгасан утсаа авахгүй байна гэж хэлсэн. Ингээд би 17 цагийн үед дарь эхээс гараад гэрт ирсэн чинь Ц гэрт байхгүй байсан. Би хүү Ц руу утсаар залгахад утсаа авсан, аваад гэрт орж байна гэж хэлсэн, ирэхгүй болохоор нь 18 цагийн үед залгасан чинь сургуулийн хойд талын тоглоомын талбай дээр байна гэж хэлсэн, би гэрээд гараад очтол байхгүй байсан. Дахиад утсаар залгаад чи байхгүй байна хаана байна гэхэд гэрийн хойд талын тоглоомын талбай дээр байсан. Ингээд 19 цагийн үед тоглоомын талбайгаас хүү Цыг гэрт оруулаад хаагуур яваад ирэв гэж асуухад би тоглож байгаад ирлээ гэсэн, чи утсаа яагаад авахгүй байгаа юм гэхэд утсаа сонсоогүй гэж хэлсэн. Ээжийг нь тосоод аваад ирье гэж хэлээд гэрээс гараад эхнэр Оыг модны хоёрын автобусны буудал дээрээс тосож аваад эхнэр бид хоёр гэртээ орж ирсэн. Гэрт орж ирээд би Цыг өдөржин утсаа авахгүй яагаад алга болчихов гэхэд гэрийн хажууд байрлах тоглоомын талбай дээр тоглоод нэг болохоор сургуулийн хажууд байсан гэж худал хэлээд байхаар үнэн ээ хэлээч яг яасан юм гээд уурлаад өөрийнхөө тэлээгээр бөгс рүү 2-3 удаа ороолгоод худлаа тэнээд байгаарай гээд зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн, энэ үед мөн О чи үнэн ээ хэлээч гээд тэлээгээр бөгс рүү ороолгосон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 76-77/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.Ц-ын өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 10 цагийн үед хичээлдээ яваад өдрийн 14 цагийн үед хичээлээ тараад ангийн хүүхдүүдтэй хамт сургуулийн өөдөөс харсан өндөр байрны өмнөх хөл бөмбөгийн талбай дээр хөлбөмбөг тоглосон. 17 цагийн үед ээж О утсаар залгаад хаана байгаа юм гэж асуусан би ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байна гэж хэлэхэд тоглож дууссаад гэртээ хариарай гэж хэлсэн. 17 цаг 30 минутын үед аав Болд утсаар залгаад хаана байна гэж хэлсэн би мөн тоглож байна гэж хэлсэн. Гэртээ хурдан ороод ир түлхүүр байхгүй байна гэж аав хэлсэн. Тоглож дууссаад гэртээ харих гэсэн чинь аав ууртай залгаад хаана байна гэж ууртай асуусан, ангийнхантайгаа хөлбөмбөг тоглоод дуусаад гэртээ харьж байна гэж хэлсэн чинь хаана явж байна гэж асуусан. Ханго гэх байрны зогсоол өнгөрөөд явж байтал аав өөдөөс ирж байсан ингээд аав бид хоёр гэртээ ортол хаалгаа хаагаад баруун гуя руу 1 удаа өшиглөөд миний нурууруу гараараа 1 удаа цохисон би шалан дээр унасан. Аав босоод ир гэж хэлээд ээжтэй утсаар ярисан. Хаана явж байна хүүхэд чинь дэмий тэнээд байна гэж ээжид хэлсэн. Үүний дараа цонхны тавцан дээр байсан хуучин тэлээг аваад миний бөгс рүү 2 удаа цохисон, үүний дараа миний зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөсөн хэдэн удаа гэдгийг нь би мэдэхгүй байна. үүний дараа ээж гаднаас орж ирсэн. Тоглоомоо дуусгаад гэртээ ор гэж хэлсэн чи яасан гэж асуусан Тоглоом дууссаагүй байсан гэж би хэлсэн. Юу гээд хуцаад байгаа юм гээд дахиад аав тэлээгээр бөгс рүү 1 удаа ороолгосон, үүний дараа ээж чи яасан хүн зовоож бардаггүй юм бэ гээд уг тэлээг аваад миний бөгс рүү 1 удаа цохисон. Ингээд аав, ээж хоёр хурдан хувцас аа солиод гэрээ цэвэрлээд байж бай, шал угаагаад хүлээж бай чамтай тооцоо дууссаагүй шүү гэж хэлээд дэлгүүр гарсан. Ингэхээр нь би гэрээс гараад Энхүүлэн найз руу гаа утсаар залгаад намайг аав, ээж хоёр зодоод байна гэж хэлсэн, Энхүүлэн ээждээ хэлээд 102 залгаж цагдаа дуусан байсан. би ингээд гэртээ байж байхад хоёр цагдаа ороод ирсэн, цагдаа юу болсон талаар асуусан, би ээж, аав хоёр намайг зодсон талаар хэлсэн. Намайг уйлаад байсан болохоор нэг цагдаа нь битгий уйл гэж хэлсэн. Би хувцсаа солиод өмссөний дараа цагдаа намайг аваад гарсан. Хамт амьдраад нэг жил болж байна. Энэ хугацаанд Болд намайг өмнө нь тэлээгээр ороолгоод тэмдэглэлийн дэвтрээр толгой руу цохиж толгой хагалж байсан. Гомдол санал байхгүй. Би аав, ээжтэйгээ эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 23-25, 80/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндуламын өгсөн:

“...одоо хохирогч Цын зан ааш тогтвортой хэвийн байгаа. Баруун зүүн гуя хөхрөлттэй, бөгсөн биен дээр жижиг мөр байсан. Эмчилгээ хийлгээгүй. Манай дүүгийн биеийн байдал хамаагүй дээрдсэн байгаа тул одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 81/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Оын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим би ажлаасаа гэртээ нөхөр Болдын хамт ирэхэд миний хүү Ц гэртээ ганцаараа байсан. Би гэртээ орж ирээд хүүгээсээ хэдэн цагт хичээл нь тарсан бэ хаашаа яваад ирсэн бэ гэж асуухад миний хүү Ц нь хөл бөмбөг тоглож байгаад ирлээ гэж хэлсэн. Би Цаас чиний хичээл чинь өдөр 13 цагт тарсан одоо 19 цаг болж байна хаана тоглосон юм бэ гэхэд Ц надад 22 дугаар сургуулийн хажууд тоглосон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүдээ чи хичээлээ тараад шууд ирэхгүй яасан юм бэ хүн амьтан чамайг аваад явчихвал яах юм бэ. Өчигдөр орой хүртэл чамд хэлсэн биздээ гэхэд юм дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би эхлээд гараараа нэг удаа цохисон түүний дараа манай нөхөр Болд тэлээгээр ороолгосон Би бас тэр тэлээгээр нь хүү Цыг бөгсрүү нь ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 6241 тоот: 

1. А.Ц--н биед баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун, зүүн гуяны цус хуралт нь үзүүлэхээс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 33/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35б байрны 108 тоотод дагавар хүү 10 настай А.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Бын “...худал хэлээд байхаар нь үнэн ээ хэлээч яг яасан юм гээд уурлаад өөрийнхөө тэлээгээр бөгс рүү 2-3 удаа ороолгоод худлаа тэнээд байгаарай гээд зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч А.Ц-ын “...аав өөдөөс ирж байсан ингээд аав бид хоёр гэртээ ортол хаалгаа хаагаад баруун гуя руу 1 удаа өшиглөөд миний нуруу руу гараараа 1 удаа цохисон би шалан дээр унасан. ... Үүний дараа цонхны тавцан дээр байсан хуучин тэлээг аваад миний бөгс рүү 2 удаа цохисон, үүний дараа миний зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөсөн хэдэн удаа гэдгийг нь би мэдэхгүй байна. Үүний дараа ээж гаднаас орж ирсэн. Тоглоомоо дуусгаад гэртээ ор гэж хэлсэн чи яасан гэж асуусан Тоглоом дууссаагүй байсан гэж би хэлсэн. Юу гээд хуцаад байгаа юм гээд дахиад аав тэлээгээр бөгс рүү 1 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндуламын “...Баруун зүүн гуя хөхрөлттэй, бөгсөн биен дээр жижиг мөр байсан...” гэх дүгнэлт,

 

гэрч Т.Оын “...манай нөхөр Болд тэлээгээр ороолгосон Би бас тэр тэлээгээр нь хүү Цыг бөгсрүү нь ороолгосон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 6241 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогч А.Ц-ын “...Гомдол санал байхгүй. Би аав, ээжтэйгээ эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 23-25, 80/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндуламын “...Манай дүүгийн биеийн байдал хамаагүй дээрдсэн байгаа тул одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 81/ зэргийг харгалзан шүүгдэгч А.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Бод холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос А.Бод 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тэлээ 1 ширхэгийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ