Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 135/2016/01163/И |
Дугаар | 001/ХТ2017/01348 |
Огноо | 2017-11-03 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2017/01348
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар магадлалтай,
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй,
С.Э-д холбогдох,
хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, краны бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах үндсэн,
5.120.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цогтбаатартай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ковш тракторыг 12.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бичгээр хэлцэл хийсэн. Машины бичиг баримтыг шилжүүлж солиулахад мөн Б.Цогтбаатар бид хоёр явж солиулсан ба намайг энд гарын үсгээ зур гэхээр нь зурсан. Би С.Э- гэдэг хүнийг огт танихгүй, хараагүй. Миний хувьд Б.Цогтбаатартай гэрээ хийж байна гэж бодсон. Гэтэл С.Э-ийн гарын үсгийг Б.Цогтбаатар зурсан юм байна. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, краны эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Г- нь эхнэр С.Э-тэй 2016 оны 4 дүгээр сард хэлцэл хийж харилцан баталгаа үйлдэж байсныг мэдэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 27-нд Ц.Г- нь эхнэр С.Э-ээс 912 маркийн 20-58 УН улсын дугаартай ковшийг 7 дугаар сарын 01-ний дотор төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон ба авснаас хойших эвдрэл гэмтлийг өөрөө хариуцах, хугацаанд амжихгүй нөхцөлд өдрийн 80.000 төгрөгөөр тооцож төлбөр төлнө гэсэн баталгаа хийсэн. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 64 хоног, өдрийн 80.000 төгрөг нийт 5.120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Г- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ковш машин Энэбишийн нэр дээр байсан эсэх нь эргэлзээтэй байна. Ковшийг аваад өөрийн зардлаар завсар үйлчилгээ хийсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Уг машиныг ашиглаж ашиг олоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар дүгээр зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ганзориг, хариуцагч С.Э- нарын хооронд хийгдсэн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 30-36 ДАХ улсын дугаартай, ISUZU маркийн, NRR32L3000628 арлын дугаартай, ачааны караны өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Г-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С.Э-эд даалгаж, нэхэмжлэгч Ц.Г-оос 5.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96.870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, өмгөөлөгч Ё.Ринзаан нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад, “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200...” гэснийг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.200 ...” гэж, “...С.Э-ээс 70.200...” гэснийг “...С.Э-ээс 206.950 ...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 96.870 төгрөг төлснийг, төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Ц.Г- Б.Цогтбаатар С.Э- нар нь ковшийг худалдах, худалдан авах талаар ярилцаж баталгаа /хэлцэл/ үйлдэж Ц.Г- Б.Цогтбаатар нар гарын үсэг зурсан юм. Харилцагч Б.Цогтбаатар миний бие Улаанбаатар хаягтай, эхнэр С.Э- нь Дархан Уул аймаг хаягтай тул Ц.Г-ийн машины бичиг баримтыг С.Э-ийн нэр дээр шилжүүлэх нь хялбар байсан юм. Ц.Г- бидний ковшоор 64 хоног ажил гүйцэтгэн орлого олсон нь хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлт хийж биднийг хохироосонд гомдолтой байна. Ц.Г- ковшийн үнийг төлж чадахгүйд хүрвэл ковшийн ажил гүйцэтгэхэд төлдөг жижиг хөлс болох өдрийн 80.000 төгрөгийг ковш ашиглаж орлого олсны төлбөр буюу ковш хөлсөлсний хөлсийг төлөхөөр зөвшөөрч баталгаа гарын үсэг зурсны дагуу 5.120.000 төгрөгөөр хохирч байна гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Ц.Г- ковшийн мотор эвдэрч ажил гүйцэтгэж чадаагүй гэх боловч нотлогдоогүй, мотор эвдэрсэн тухай Б.Цогтбаатар, С.Э- нарт огт хэлээгүй мэдэгдээгүй болно.
Шүүх С.Э-ээс итгэмжлэл аваагүй хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Олох байсан орлогоо алдсан нь бидэнд хүнд байна. Иймд Ц.Г-ийг шүүх хуралд оролцуулан хэргийг дахин шийдвэрлүүлж хохирлыг минь гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Ц.Г- нь хариуцагч С.Э-ид холбогдуулан “...гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, краны гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг Б.Цогтбаатар нь гэрээ байгуулахдаа С.Э-ийн зөвшөөрөл аваагүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нь хэлцэл хүчин төгөлдөр гэж марган, улмаар ковшийг 64 хоног ашигласны хөлс 5.120.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Ц.Г- нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр 20-58 улсын дугаартай, ковшийг 12 сая төгрөгөөр худалдан авах, төлбөрийг мөн оны 7 дугаар сарын 1-ний дотор төлөх, төлбөр төлөх хүртэл өөрийн ISUZU маркийн 30-36 дугаартай краныг худалдагчийн нэр дээр шилжүүлэхээр С.Э-тэй харилцан тохиролцсон, үүний дагуу краныг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн ба энэ талаар маргаагүй байна /хэргийн 36, 70-71 дүгээр тал/.
Зохигчид гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргажээ.
Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан.
Маргааны зүйл болох ковш хариуцагч С.Э-ийн нэр дээр бүртгэгдсэн бөгөөд уг ковшийг нэхэмжлэгчид худалдах хэлцлийг Д.Цогтбаатар байгуулсан, ингэхдээ С.Э-ийн зөвшөөрөл аваагүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан ба С.Э- нь ачигчийг нэхэмжлэгчид худалдах эрхийг Д.Цогтбаатарт олгосон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцжээ.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.
Хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болдоггүй, энэ утгаар Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 96.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ