Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 412

 

Т.Од-Эрдэнэ, Т.Төрмандах нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Уранчимэг,

яллагдагч Т.Од-Эрдэнийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

яллагдагч Т.Төрмандах, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргал, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 345 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Т.Од-Эрдэнэ, Т.Төрмандах нарт холбогдох 201626021490 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Зана овогт Төмөрбаатарын Од-Эрдэнэ, 1989 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны 201-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УЗ89060354/,

2. Хан хөгшин овогт Төгсжаргалын Төрмандах, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34а байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 77 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УМ90032011/;

 

1. Т.Од-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” баарны гадаа 2016 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагаас 04 цагийн хооронд А.Туваансүрэнтэй маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

2. Т.Төрмандах нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” баарны гадаа 2016 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагаас 04 цагийн хооронд А.Туваансүрэнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж газар унагасны улмаас гавал тархины хүнд гэмтэл учруулан, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Т.Од-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт, Т.Төрмандахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанаар Т.Од-Эрдэнэ, Т.Төрмандах нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, улмаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шүүхийн 08 тоот тогтоолоор хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй, шүүхийн тогтоолыг биелүүлээгүй атлаа прокуророос 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 130 тоот яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 08 тоот шүүхийн тогтоолд заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр Т.Од-Эрдэнэ, Т.Төрмандах нарт холбогдох 201626021490 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Уранчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч А.Туваансүрэн, яллагдагч Т.Од-Эрдэнэ, Т.Төрмандах нар нь хамт явсан эмэгтэйчүүд болон амь хохирогч нь яллагдагч Т.Од-Эрдэнийг “...ямар намхан залуучууд вэ” гэж хоорондоо маргалдсан болох нь тогтоогдсон. Т.Төрмандахыг хувийн сэдэлтээр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан, гэмт хэргийн сэдэлтийг тогтоогдсон гэж дүгнэж байна.

2. Шинжээч эмч Ц.Ганболдын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг шалгахаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, Т.Сэлэнгэ нар “...Шинжээч эмч Ц.Ганболдын гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1020 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай. Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үндэслэлтэй зөв байна. Шүүх хуралд өгсөн мэдүүлэгт гавлын ясны хугарлын тухай тайлбар үнэн зөв үндэслэлтэй байх ба зүүн дээд зовхины цус хуралт нь гавлын ясны хугарал ухархайн ханын хугаралтай үед шууд үр дагавар болж үүсдэг. Мөн нүдэнд цохилтын хүч үйлчилэхэд ч үүсч болох тул чухам алинаас нь үүссэнг тогтоох боломжгүй, дээрх хоёр хүчин зүйл хавсарсан байдлаар үүсгэсэн байж болно.” гэж гаргасан. Шинжээч эмч цохилтын улмаас хохирогч хэрхэн унах, түүнд учирсан гэмтэл нь тоосгоор цохиж учирсан эсэхийг тогтоох үндэслэлгүй юм. Мөн мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан баримтаар амь хохирогч А.Туваансүрэнг тоосгоор цохисон талаар тогтоогдоогүй бөгөөд Ү.Заяажаргал, Б.Цолмон, Н.Учрал, Х.Цэндмаа, Б.Мөнхцэцэг, Э.Мөнхбилэг, Б.Тулга нарыг гэрчээр дахин байцаахад камерийн бичлэг дээрх тоосго өшиглөж байгаа хүнийг танихгүй талаар мэдүүлсэн болно.

3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Цэндмаа нь амь хохирогч А.Туваансүрэнг тухайн үед Төрмандах нь цохиж, улмаар унасан талаар мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийг шалгах ажиллагаа хийсэн. Мөн гэрч Б.Дөлгөөн, Х.Цэндмаа, Т.Түвшинтөр нараас дахин гэрчийн мэдүүлгийг авч тухайн үед амь хохирогч А.Туваансүрэн, яллагдагч Т.Төрмандах нар нь ямар хувцастай явсан талаар тодруулсан болно.

4. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” баарны гадаа 2016 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Т.Од-Эрдэнэ нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, ...хамт явж байгаа охидуудыг өдлөө...” гэж маргааныг эхэлсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд Б.Итгэл, Л.Байгал, О.Ариунжаргал нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурдсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1020, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ” гэж, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэгт “...уг гэмтлийг авсан хүн ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цусан хураа үүссэн тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Уг гэмтлийг аваад гадна шинжээрээ мэдэгдэхгүй ч өөрт нь толгой өвдөх, бөөлжис хүрэх зэрэг шинж илэрнэ, тэгээд удалгүй ухаан алдаж орчиндоо харьцаагүй болж, хурхирах зэрэг комын байдалд орно” гэж тус тус дурдсан. Гэвч амь хохирогч А.Туваансүрэнг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Марс” зочид буудалд оруулсан гэх Б.Итгэл, Т.Түвшинтөр нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал болох гэм буруугийн шууд санаатай хэлбэр, өөрөөр хэлбэл амь нас нь аюултай нөхцөлд орсон гэдгийг мэдэх боломжгүй байсан нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

6. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Маргад-Эрдэнэ нь Монгол Улсын хилээр 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон тул гэрч Х.Цэндмаагийн заасан газартай тохирч байгаа эсэхийг шалгах боломжгүй байна.

7. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн Сиди бичлэгт 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаагч нь үзлэг хийж, тэмдэглэл хөтөлж бэхжүүлсэн бөгөөд ямар үйл баримтыг дахин нарийн нягтлан шалгах талаар шүүхийн тогтоолд дурдаагүй, тус байцаан шийтгэх ажиллагааг явуулах боломжгүй гэж дүгнэсэн.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 345 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргалын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг 2017 онд шүүхэд шилжээд 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр шүүх хуралдаан болж, шүүхийн тогтоол гарсан. Шүүхийн хэлэлцүүлгээс 7 заалтаар хэргийг мөрдөн байцаалт буцаах шүүхийн тогтоол гарсан. Энэ шүүхийн тогтоолд улсын яллагч эсэргүүцэл бичээгүй, үүнийг хүлээн зөвшөөрч 7 ажиллагааг хийгээд шүүхэд шилжүүлэх ёстой юм байна гэсэн ойлголттой байсан. Мөрдөн байцаагчтай 2-3 удаа уулзах гээд чадалгүй явж байтал хэрэг прокурорт шилжсэн.  Энэ талаар прокурорт гомдол гаргаад уулзах гэтэл уулзаж чадаагүй. Хохирогчийн санал хүсэлтийг авахгүй, хэргийн материалтай танилцуулахгүй, анхнаасаа хуулийн дагуу ажиллагаа хийгдээгүй гэдэг үүднээс прокуророос татгалзсан. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлтэл шүүхийн тогтоолд заасан нэмэлт ажиллагааг хийгээгүй байна гээд шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт шалгах ажиллагаа хийх шаардлагатай. Хохирогч талыг буруутай гэх зүйл энэ хэрэгт тогтоогдоогүй. Зодоон болоход хохирогч унасан ба сиди бичлэгт нэг этгээд тоосго хаяж байгаа, уг тоосгыг хөлөөрөө замаас холдуулж байгаа дүрс авагдсан. Эдгээр асуудлуудыг шалгахгүйгээр прокурор ийм ажиллагаа хийсэн юм шиг зүйл бичсэн байна. Цагийн зөрүүний хувьд, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор мэдэх ёстой. “Марс” зочид буудал камерын бичлэгийн цагаа нэг цагаар ухраагаагүй байсан. Зочид буудлын хүлээн авагч “05 цаг 58 минутад энэ хүмүүс орж ирсэн” гэж мэдүүлдэг. Цагийн зөрүүний асуудал үүсэж байгаа шүү гэж тодорхой хэлсэн. Түүнээс биш сүүлд нь тоосгоны хэлтэрхий гарч ирээгүй. Хохирогчийн зүгээс холбогдох бичлэгийг 3 газраас авсан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

Яллагдагч Т.Од-Эрдэнийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Од-Эрдэнийн хувьд тухайн нөхцөл байдалд зодооныг үүсгэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон яллагдагч нарын мэдүүлгээр тухайн газар Маргад-Эрдэнэ гэх Т.Од-Эрдэнэ, Т.Төр-Мандах нарын найз байдаг. Энэ хүн Т.Од-Эрдэнэтэй ижил үйлдэл хийсэн. Хэрвээ хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй бол хувцсаа тайлаад орилсон хүмүүсийн нэгийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн атлаа нөгөө хүн нь энэ хэрэгт хамааралгүй хүн болчихдог. Хэрвээ Т.Од-Эрдэнийн энэ үйлдлийг хэрэг гэж үзэж байгаа бол түүнтэй адилхан үйлдэлтэй хүнийг зүгээр өнгөрөөх ёсгүй байх. Танхайрсан энэ үйлдэл нь захиргааны зөрчил үү, эрүүгийн хэрэг үү гэдэг нь хэр хэмжээгээрээ ялгагдана. Хэрвээ Т.Од-Эрдэнийн үйлдлээс болж энэ хэрэг гараад цаашлаад хүний амь нас хохироогүй бол Т.Од-Эрдэнийн үйлдэл нь захиргааны зөрчил болох байсан. 1 цаг хугацаанд болж байгаа үйлдлийг тус тусад нь зүйлчлээд байгааг ойлгохгүй байна. Т.Төр-Мандахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хувийн сэдэлт гэж үзэж байгаа бол Т.Од-Эрдэнийн үйлдэл танхай биш. Гэм хор учраагүй. Хэрвээ Т.Од-Эрдэнийн үйлдэл танхай юм бол 1 цаг хугацаанд болсон нөгөө хүний үйлдэл танхай байх ёстой гэж үзэж байна. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг нэг мөр болгох үүднээс Маргад-Эрдэнийг шалгах ёстой. Хэрэв шалгаж чадахгүй бол Т.Од-Эрдэнийн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх гэсэн эрхийг эдлүүлэх үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Т.Төрмандахын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон. Хэрвээ хүнд зүйл ангиар зүйлчлэгдэх бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой заасан. Хамгийн гол нь энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй байх, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй болохыг нотлох нь шүүгчийн захирамжийн үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн зүйлчлэл маргаантай байна. Анхан шатны шүүх 1 дүгээр заалтаар тодорхой дурдсан.  2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолд “яллах дүгнэлтэд хувийн сэдэлттэй гэж орж ирж байгаа асуудал” бөгөөд удаан хугацааны маргаан үргэлжилсэн, хувийн сэдэлтээр зүйлчилсэн. Энэ талаар танхайрсан уу, бүлэглэн танхайрсан уу гэх асуудал яригдана. Гэвч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст энэ хэрэг шалгагдаж эхлэхэд Т.Од-Эрдэнийг сэжигтнээр татсан атлаа ижил үйлдэлтэй Маргад-Эрдэнэ гэрч болсон. Гэтэл гэрч Маргад- Эрдэнэ Солонгос улс руу явсан байдаг. Шалгах гэхээр Солонгос улс руу явсан учраас шалгах боломжгүй байна гэсэн хариуг өгдөг. Энэ талаар анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шүүхийн тогтоолын 4 дэх хэсэгт тодорхой заасан. Анх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоолд гэрч Цэндмаагийн мэдүүлгээр тогтоогдож байгаа газар нь дүрс бичлэгт авагдсан газартай тохирч байгаа эсэх тал дээр дахин үзлэг хий гэсэн байдаг. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо эсрэг байдаг учраас шүүх дүнгэлт хийх боломжгүй. Энэ эргэлзээтэй байдлуудыг тогтоо гээд 7 заалтаар буцаасан. Өмгөөлөгч Ж.Тэгшмандалын хэлснээр тухайн үед шүүхийн тогтоолд холбогдуулж эсэргүүцэл бичээгүй байж тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн тогтоолыг биелүүлэх ажиллагаа явагдана. Түүнээс дутуу ажиллагаа хийчихээд түүнийгээ шүүхэд тулгах асуудал байж болохгүй. Шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, хэргийг буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Т.Төрмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн болсон нөхцөл байдлыг дахин шалгуулах хүсэлттэй байна. Эргэлзээтэй зүйл маш их байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст намайг байцаахдаа надад хэргийг тулгаж, хүн амины хэргийг хүлээчих гээд гарын үсэг зуруулсан үйл явдал болсон. Би тухайн үед хуулийн талаар мэдлэг дутмаг байсан учраас миний мэдүүлэг дээр тайлбар нэмж бичиж гарын үсгийг зуруулаад цагдан хорьсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Миний зогсож байсан газраас талийгаачийн унасан газар хоорондоо зайтай. Зодоон болох үед бид нараас гадна олон хүн байсан.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Т.Од-Эрдэнэ, Т.Төрмандах нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.

 

Учир нь, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 8 дугаар шүүхийн тогтоолд заагдсан хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлтийг зөв тогтоох талаар нэмэт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан заалтууд биелэгдээгүй байхад Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Шүүгдэгч Т.Төрмандах нь амь хохирогч А.Туваансүрэнтэй хэрхэн яаж маргалдсан, ямар шалтгааны улмаас маргаан эхэлсэн, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан сиди бичлэгт бичигдсэн тоосго хаяж буй этгээд хэн болох, уг хүн нь хэргийн оролцогч нартай ямар харилцаа холбоотой болох, амь хохирогч А.Туваансүрэнгийн биед учирсан хүнд гэмтэл нь газар унасны улмаас учирсан, эсхүл цохиулсанаас болж хүнд гэмтэл учирсаны аль нь болох, Т.Од-Эрдэнэ хэрэг гарах үед ганцаараа танхайрсан эсэхийг нарийвчлан тогтоох зэрэг нөхцөл байдлуудыг заавал нотолж тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

 

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 345 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Од-Эрдэнэ, Т.Төрмандах нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                                                                                              Ц.ОЧ