Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 0479

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ж.Г, Г.Н, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхагва нарыг оролцуулан “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Л ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Л ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэсэн өөрчлөлтийг бүрэн хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.   

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

“Л ХХК” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Л ХХК-д ариутгах тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Л” ХХК-ийн захирал М.Төмөрбаатар нэхэмжлэлийн шаардлагаа “Л ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгах” гэж өөрчилсөн болно. 

Нэхэмжлэгчийн “Л ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаагаа 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөмөрт 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/109 дугаартай итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан зааж олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу “Лхатоном сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох “Лхатном сервис ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзээд хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан “Л” ХХК-ийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Л" ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцааж олгосугай.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ