| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 159/2026/0001/З |
| Дугаар | 001/ХТ2026/0086 |
| Огноо | 2026-09-22 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2026/0086
Э.Б***, С.О*** нарын гомдолтой, ***
аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын
байцаагч Б.Б***д холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2026/0005 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2026/286 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч Э.Б***, С.О***, гомдол гаргагч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв, Ч.Нарангэрэл, хариуцагч Б.Б*** нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2026/0272 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:
Э.Б***, С.О*** нар нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Б***д холбогдуулан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Б***д холбогдох 001***, 001*** дугаартай, С.О***д холбогдох 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Б*** нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Э.Б***г 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсаар Хүнсний тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгож, импортолсон хүнсний бүтээгдэхүүн болох 14 хайрцаг шоколадыг хураасан, мөн гаалийн улсын байцаагчийн гаалийн бүрдүүлэлт хийсэн шийдвэрийг үл биелүүлж, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу 250,000 төгрөгөөр торгосон.
2.2.2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С.О*** өөр тээврийн хэрэгслээр Алтанбулаг боомтоор орж ирэх үедээ Э.Б***н гаалийн хяналтын талбайд байсан автомашинаас гаражийн түлхүүрээ авах явцдаа 3 хайрцаг toffifee шоколадыг өөр хүнээр авхуулсан үйл баримт тогтоогдсон тул гаалийн улсын байцаагч Б.Б*** нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж С.О***ийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгож, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан 3 хайрцаг toffifee шоколадны үнийн дүн болох 941,356,8 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
3.Гомдол гаргагч нар дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.Гомдол гаргагч Э.Б***гаас “Би 14 хайрцаг хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн болон ахуйн хэрэгцээнд зориулан авч явсан, гаалийн байгууллагаас татвар төлж, бүрдүүлэлт хийх боломж олгоогүй атлаа бусад ижил төрлийн бараатай тээврийн хэрэгслүүдэд бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн нь ялгавартай хандсан. Гаалийн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж автомашинаа хяналтын талбайд үлдээсэн, бараагаа хураалгасан тул төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан идэвхтэй үйлдэл гаргаагүй. Гаалийн байгууллага өмнө нь ижил төрлийн хүнсийг татвар авч нэвтрүүлдэг, зарим тохиолдолд хэд хэдэн иргэнийг нэг хуулийн этгээдийн нэр дээр бүрдүүлэлт хийлгэдэг практик байсан тул хууль хэрэглээ ойлгомжгүй, тогтворгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дуу, дүрсний бичлэг, үзлэгийн тэмдэглэл нь хуульд заасан хэлбэр, бэхжүүлэлтийн шаардлагыг хангаагүй, шийтгэлийн үндэслэлийг эрх бүхий албан тушаалтан хангалттай нотлоогүй ...” гэжээ.
3.2.Гомдол гаргагч С.О***ээс “... Э.Б***н автомашиныг гаалийн байгууллага албан ёсоор битүүмжилсэн, лац ломбо тавьсан, автомашинаас эд зүйл авч болохгүй талаар өөрт нь мэдэгдээгүй, авах зүйл байвал гаалийн байцаагчид мэдэгдэнэ гэж хэлээгүй, сануулаагүй. Гаражийн түлхүүрээ авах зорилгоор автомашиныг онгойлгуулж, түүнтэй хамт 3 хайрцаг toffifee шоколад авхуулсан бөгөөд эдгээрийг хураах бараанд хамаарна гэж мэдээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тухай мэдэгдээгүй, эрх, үүрэг танилцуулаагүй, зөрчлийн материалтай танилцуулаагүй. Н.О*** байцаагч toffifee шоколадыг хураана гэж хэлээгүй …” гэжээ.
4.Хариуцагч гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... Э.Б***н авч явсан 14 хайрцаг, 7,290,108.16 төгрөгийн үнэ бүхий шоколадан бүтээгдэхүүн нь зорчигчийн хувийн хэрэглээний хэмжээнээс хэтэрсэн, арилжааны зориулалттай хүнс тул гаалийн байгууллагад мэдүүлж, бүрдүүлэлт хийх шаардлагатай байсан. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг Э.Б*** зөрчсөн, мөн гаалийн байцаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн үйл ажиллагаанд саад учруулсан. С.О*** гаалийн хяналтын бүсэд түр саатуулагдсан автомашинаас 3 хайрцаг шоколадан бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй авч гаргасан нь камерын бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон, шийтгэлийн хуудаснууд үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2026/0005 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6, 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1, Хүнсний тухай хуулийн 11.1, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 234 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Б***, С.О*** нарын гомдлыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Б***д холбогдох 001***, 001*** дугаартай, С.О***д холбогдох 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“...Э.Б*** нь хуулийн этгээдийн эрхгүйгээр хүнсний бүтээгдэхүүн импортолсон үйлдэл нь хэлбэрийн хувьд Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн шинжийг агуулж байна. Гэвч хариуцагч дээрх гомдол гаргагчийг ямар зөрчил гаргасан болохыг нотолж чадаагүй, ямар зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй. Гомдол гаргагч С.О***ийн хувьд өмнө нь ижил төрлийн барааг хилээр нэвтрүүлэхэд байцаагчийн зүгээс тухай бүр үзэмжээрээ татвар авч нэвтрүүлдэг байсан тогтсон практик нь иргэнд энэ хэлбэрээр нэвтрүүлж болно гэх хууль ёсны итгэлийг төрүүлсэн байна.
5.2.Хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүй, эргэлзээ бүхий (эвлүүлсэн, тасалсан байх магадлалтай) бичлэгийг иргэнийг буруутгах үндсэн нотлох баримт болгон үнэлэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1-д заасан зарчимтай зөрчилдөж байна. Гомдол гаргагч Э.Б***н тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүнийг бүгдийг хураахын зэрэгцээ “төрийн албан хаагчийн ажилд саад учруулсан” гэх үндэслэлээр нэмж торгосон нь захиргааны байгууллагаас иргэнд үзүүлж буй хүндрүүлсэн нөлөөлөл бөгөөд энэ нь ижил төрлийн бараа тээвэрлэсэн бусад иргэдэд гаргасан шийдвэртэй харьцуулахад тэгш бус хандалт юм.
5.3.Гомдол гаргагчийн зүгээс төрийн албан хаагчийн биед халдсан, доромжилсон эсхүл үйл ажиллагааг нь хүч хэрэглэн зогсоосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль бус ...
5.4.Гаалийн тухай хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ бараа, тээврийн хэрэгслийг саатуулах, битүүмжлэх тохиолдолд холбогдох шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, иргэнд танилцуулах үүрэгтэй. Гэтэл тухайн барааг гаалийн хяналтад байгаа гэдгийг иргэнд албан ёсоор мэдэгдээгүй, тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй, саатуулах арга хэмжээ аваагүй байна. Гаалийн хяналтыг албажуулаагүй байдал нь иргэний хувьд тухайн барааг чөлөөтэй захиран зарцуулах боломжтой гэх ташаа ойлголт төрөх үндэслэл болжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар зөрчлийг шуурхай илрүүлж, нотлох баримтыг бэхжүүлэх ёстой. Гэтэл байцаагч барааг авч явсан даруйд таслан зогсоох, саатуулах арга хэмжээ аваагүй атлаа маргааш өдөр нь нөхөн тооллого хийж, тээврийн хэрэгслийг саатуулсан нь процессын хувьд алдаатай ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2026/286 дугаар магадлалаар “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2026/0005 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6, 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Хүнсний тухай хуулийн 11.1, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Б***, С.О*** нарын гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, ...шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсан 3 дахь заалтыг нэмж ...” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1.“... Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэд явуулаагүй, зөрчлийн нөхцөл байдлыг бодитой тогтоолгүйгээр зөвхөн Э.Б***д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь түүнтэй хамт ижил бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн бусад 3 иргэнд бүрдүүлэлт хийх боломж олгосон атлаа Э.Б***д ийнхүү ялгамжтай хандсан нөхцөл байдлыг тодруулаагүй. Иймд “Бат алтан жолоо” ХХК-ийн татварын тайлан, бараа бүтээгдэхүүн тээвэрлүүлсэн эсэх талаарх гэрээ, холбогдох баримт зэрэг нөхцөл байдлыг тодруулах, Э.Б***н үйлдэл нь бусад гурван этгээдийн адилаар бүрдүүлэлт хийлгэж гаалийн хилээр гаргах боломжтой байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны үндсэн дээр хэн ямар зөрчил гаргасныг нэг мөр бүрэн бодитой тогтоох шаардлагатай …, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй.
6.2.Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй …
6.3.Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэхээр заасан. Гэтэл гомдол гаргагч С.О***нь нөхрийнхөө автомашиныг гаалийн хяналтын бүсэд байгааг мэдэж байсан атлаа бусад этгээдийг ашиглан гаалийн хяналтад байгаа барааг зөвшөөрөлгүйгээр хилээр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон, уг үйлдэлд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн ...” гэжээ.
7.Гомдол гаргагч Э.Б***, С.О*** нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо
7.1.“... С.О***д оногдуулсан шийтгэлийн хуудаст заасан зөрчлийн тухайд: Уг шийтгэлийн хуудсаар С.О***намайг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн. Гэтэл бодит нөхцөл байдалд эрх бүхий албан тушаалтнаас гаалийн хяналтад байгаа барааг зөвшөөрөл авсан нөхцөлд авч болно, гаалийн хилээр гаргана гэсэн зүйл танилцуулж, тайлбарлаагүй. Миний авч гарсан 3 хайрцаг toffifee шоколад нь хурааж авна гэсэн бараанд нь хамаарахгүй эд зүйл байсан. Нөхөр Э.Б***н машинаас 3 ширхэг шоколад хэрхэн, яаж авсан тухайгаа хүлээн зөвшөөрч, тайлбараа бичиж өгсөн. Анхнаасаа машиныг шоколад авах санаатай онгойлгоогүй, түлхүүр авах л зорилготой байсан. Машинд лац, ломбо үүсгэн, бусад тэмдэглэгээ хийх байдлаар битүүмжилж, гаалийн тэмдэг тэмдэглэгээ хийсэн бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй. Гаалийн тухай хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар гаалийн улсын байцаагчаас “бараа, тээврийн хэрэгслийг саатуулах, битүүмжлэх тохиолдолд холбогдох шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, иргэнд танилцуулах үүргээ” огт хэрэгжүүлээгүй байхад зөрчил гаргасан гэж үзэж байгаад гомдолтой.
7.2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тухайгаа мэдэгдээгүй, тухайн ажиллагаанд эдлэх эрх, үүрэг гэж танилцуулаагүй. Зөрчил гаргасан гэж үзэж буруутгаж байгаа материалтай танилцуулаагүй, автомашиныг саатуулах хуудас бараа авсан өдрөөс хойш үйлдэгдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмаар явуулж чадаагүй, албан үүргээ зүй ёсоор биелүүлээгүй, иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хүндэтгээгүй, хангаагүй ажилласан тул гаалийн улсын байцаагчийн 2025 оны 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
7.3.Э.Б***д оногдуулсан шийтгэлийн хуудаст заасан зөрчлийн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Харин давж заалдах шатны шүүхээс 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг болон Хүнсний тухай хуулийн 11.1-д заасныг иргэний ахуйн/хувийн хэрэглээнд зориулан хүнс хилээр авч орж ирсэн бүх тохиолдолд шууд хэрэглэх эсэх нь тодорхойгүй, уг зохицуулалтуудыг хүн амын (ард түмний) хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын хүнсэнд тавих хяналтыг сайжруулах зорилготой гэж ойлгож байгаа …
7.4.Гаалийн улсын байцаагч нь “хураана, тодорхой хэмжээний татвар төлнө” гэж дураараа татвар авдаг, хуулийн этгээдийн нэрээр бүрдүүлэлт хийлгэж, хүнс нэвтрүүлж байгаа нь хууль ёсны үйл ажиллагаа эсэх нь эргэлзээтэй. Эрх бүхий албан тушаалтнаас тавьж байгаа шаардлагыг хууль ёсны гэж итгэж, түүнийг дагаж мөрдөж ирсэн боловч хууль бус гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг, хууль бус шаардлага тавьдаг, ... үзэмжээрээ зөрчил гэж үздэг, таалагдахгүй хүнээ шалгадаг гэж ойлгоход хүргэж байна. … Улсын хилээр хүнс оруулж ирэхдээ ямар хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх ёстойг нь мэдэгддэг, тайлбарладаг байх шаардлагатай, … Шийтгэлийн хуудаст заасан зөрчлийн шинж байдал, түүнийг гаргасан гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа гаалийн улсын байцаагчийн үйлдлийг зөвтгөж, дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай гэж түдгэлзүүлснийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлснийг, мөн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
8.Хариуцагчаас “гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх гомдол гаргагч нарын гомдлыг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Гомдол гаргагч иргэдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
11.Энэхүү хэргийн тухайд, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэл тогтоогдоогүй боловч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах нь зүйтэй байна.
12.Анхан шатны шүүхийн хийсэн хууль хэрэглээний талаарх зарим тайлбар учир дутагдалтай хэдий ч нэхэмжлэлийг хангасан шийдэл зарчмын хувьд зөв, харин давж заалдах шатны шүүх Э.Б***д холбогдох 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, С.О***д холбогдох гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
13.Тодруулбал, маргаан бүхий акт болох гаалийн улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Э.Б***г Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6. “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон ...”, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.“Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэснийг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан.
14.Учир нь, иргэн Э.Б*** нь хувийн хэрэглээнээс илүү хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн (14 хайрцаг шоколад) импортолсон нь Зөрчлийн тухай хууль болон Хүнсний тухай хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчжээ.
15.Гэвч анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар “олон жилийн туршид иргэд хувийн хэрэглээнээс илүү хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн хилээр оруулсаар ирсэн, энэ үйлдлийг гаалийн байцаагч нар “чимээгүй зөвшөөрч” нэвтрүүлдэг, заримдаа “бараагаа хураалга”, эсхүл “бүрдүүлэлт хийлгэ” гэх зэргээр шаарддаг, зарим байцаагчийн зөвлөж, зөвшөөрснөөр хэд хэдэн иргэд нийлж аль нэг хуулийн этгээдийн нэр дээр бүрдүүлэлт хийлгэж, хураамж төлөөд оруулдаг, хураамжийг байцаагч нар өөрсдийн үзэмжээр тогтоодог, тухайн тохиолдолд гаалийн байцаагч гомдол гаргагч иргэнд ялгавартай хандаж, бүрдүүлэлт хийх боломж олголгүйгээр барааг нь хурааж, торгосон ...” зэрэг үйл баримт тогтоогджээ.
16.Хэдийгээр “хууль зөрчсөн үйлдэлд тэгш эрхийг шаардах боломжгүй” ч, энэ бүх хугацаанд захиргаа (зөвхөн энэ хэргийн хариуцагч ч биш) иргэд арилжааны зорилгоор хүнсний бүтээгдэхүүн экспортолж буйг мэдэж байгаа, мэдсээр байж зогсоогоогүй буюу “энэ хэлбэрээр зөвшөөрдөг”, иргэдэд ялгавартай ханддаг болох нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, захиргаа өөрөө “хууль зөрчиж болно” гэсэн ойлголтыг иргэдэд бий болгосон атлаа тодорхой нэг тохиолдолд иргэнийг буруутгаж шийтгэл хүлээлгэж буй нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл (Шударга ёсны зарчим)-ийн 1.“Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал ... -д тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1.“Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ... шударга ёсыг тогтооход оршино” гэсэнтэй, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны “шударга ёсны зарчим”-д нийцэхгүй, энэ утгаараа хууль бус юм.
17.Нөгөөтээгүүр, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гомдол гаргагчийг буруутгахдаа “... хуульд зааснаар “иргэн хүн хүнс импортолж болохгүй” гэсэн атлаа “гаалийн бүрдүүлэлт хийгээгүй”, “хувийн хэрэглээний бараанаас хэтэрсэн” ...” гэх зэргээр зөрүүтэй тайлбар өгснөөс үзвэл, зөрчлийг бүрэн тогтоогоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг ...”-ээ бүрэн хэрэгжүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
18.Гэтэл давж заалдах шатны шүүх “... Э.Б*** нь нэр бүхий 3 иргэний хамт бараа, бүтээгдэхүүнийг мэдүүлэлгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн байх боловч гомдол гаргагчаас бусдад нь бүдүүлэлт хийх боломжийг олгон нэвтрүүлжээ ..., бусад этгээдүүд “Бат алтан жолоо” ХХК-ийн нэр дээр бүрдүүлэлт хийсэн талаар тайлбарласан байхад уг хуулийн этгээдийн татварын тайлан, ... холбогдох баримт зэрэг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр зөвхөн гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай, дээрх нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэн ямар зөрчил гаргасныг нэг мөр бодитой тогтоох шаардлагатай ... энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ...” гэх зэргээр дүгнэн маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
19.Учир нь, хэрэв шүүхээс “зөрчил бүрэн тогтоогдоогүй” гэж дүгнэвэл энэ нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохоос бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин эхлүүлж, хэргийн оролцогч бус этгээдийг татаж, шийтгэл оногдуулах боломжийг хариуцагчид олгох агуулгаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэхгүй.
20.Маргаан бүхий акт болох 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001*** дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.О***ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6-д заасан “Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй ... гаалийн хилээр гаргасан... ” зөрчил үйлдсэн гэж буруутган шийтгэл оногдуулсан.
21.Анхан шатны шүүхийн “... тухайн барааг “гаалийн хяналтад байгаа” гэдгийг иргэнд албан ёсоор мэдэгдээгүй, тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй, саатуулах арга хэмжээг аваагүй, гаалийн хяналтыг албажуулаагүй байдал нь иргэний хувьд тухайн барааг чөлөөтэй захиран зарцуулах боломжтой гэх ташаа ойлголт төрөх үндэслэл болжээ... байцаагч барааг авч явсан даруйд таслан зогсоох, саатуулах арга хэмжээ аваагүй атлаа маргааш өдөр нь нөхөн тооллого хийж тээврийн хэрэгслийг саатуулсан нь процессын хувьд алдаатай ...” гэх зэрэг дүгнэлт учир дутагдалтай, Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан байна.
22.Учир нь, Гаалийн тухай хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад орж ирсэн бараа, тээврийн хэрэгсэл нь гаалийн хилээр нэвтэрсэн үеэс эхлэн гаалийн бүрдүүлэлтийн горим бүрэн дуусах хүртэл буюу гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл “гаалийн хяналтад байгаа” гэж үзэх бөгөөд энэ талаар хариуцагч тусгайлан акт үйлдэх, иргэнд албан ёсоор мэдэгдэх шаардлага хуулиар тавигдаагүй. Түүнчлэн, гаалиар нэвтэрсэн тээврийн хэрэгслийг саатуулах, битүүмжлэх нь хуульд заасан тохиолдолд хэрэгжүүлэх тусгай процесс ажиллагаа бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулаагүй гэдэг нь “гаалийн хяналтад байгаа”-г үгүйсгэх үндэслэл биш юм.
23.Гэвч гомдол гаргагч Э.Б*** болон С.О*** нарын үйлдэл нь хоорондоо холбоотой, (эхнэр, нөхөр хоёр хамтдаа гаалиар нэвтэрсэн бөгөөд эхнэр нь нөхрийнхөө машинаас 3 хайрцаг шоколадыг зөвшөөрөлгүй авсан) тухайн зөрчлүүд гарах болсонд хариуцагч (захиргааны байгууллага)-ийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх тул өмнө дүгнэсэн үндэслэлээр (Хянавал хэсгийн 15, 16) маргаан бүхий актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
24.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2026/286 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 159/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ