Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ХШТ/05

 

Ж.О, Д.Б, Д.Ц, Г.Т нарт

холбогдох хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч Ц.Бямбадорж, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч С.Чинзориг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 701 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1056 дугаар магадлалтай, Ж.О, Д.Б, Д.Ц, Г.Т нарт холбогдох 201726020117 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.О болон түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж, Г.Баттогтох нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ж.О.

2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Ц

3. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Д.Б.

4. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Мандал овогт Г.Т.

Шүүгдэгч Ж.О, Д.Ц нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд,

Шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.О, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-т 3 жил, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт тус бүр 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Д.Ц нарт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт 2 жил хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, бүсчлэлийг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ын урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр зүйлийн 23-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Д.Ц-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-т оногдуулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “... бүсчлэлийг шүүгдэгч Д.Ц, Д.Б нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Г.Т-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоосугай.” гэж,

8 дахь заалтыг “...шүүгдэгч Ж.О-ын цагдан хоригдсон 228 хоногийг...” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Шүүгдэгч Ж.О болон түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж, Г.Баттогтох нар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, өршөөн хэлтрүүлсэн, эсхүл өршөөлд хамруулахгүй шийдвэрлэсний улмаас шүүхийн практикт хууль хэрэглээний зөрүүтэй байдал, маргаан үүссэн, шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдаж байна. Иймд Улсын дээд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэх нэгдсэн нэг практик, хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.О-т ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна, хуулийн ерөнхий, тусгай ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг.

Тиймээс шүүхэд үүрэг болгосон заалтыг хэрэглээгүй явдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”-д тооцож, энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл юм. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй явдлыг хамааруулсан ойлголт юм. Өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлдөг, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольдог онцгой ажиллагаа юм.

Тиймээс нэг удаагийн үйлчлэлтэй, шүүх заавал хэрэглэвэл зохих Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч тусгайлсан зохицуулдаг.

Шүүгдэгч Ж.О-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлээр тогтоосон хязгаарлалт хийгээд 9 дүгээр зүйлд заасан хоригт тус тус хамаарахгүй юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилт, 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг бусад зүйл, хэсэгтэй харьцуулан судлан үзвэл, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт холбогдсон, эсхүл шүүхээс “хорих ял”-аар шийтгэгдсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, ялаас хасах, ял дүйцүүлэн солих зэрэг хэлбэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд урьд хамааруулснаас бусад эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээдүүдийг нэг удаа өршөөн хэлтрүүлэх, ялын төрлийг солихоор хуульчилсан гэж үзэж байна. Хоёр шатны шүүх өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, Улсын дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай тайлбараас өөрөөр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ж.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд, Урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн үйлдэгдсэн хугацаа 2021 оны 06 дугаар зүйлийн 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдэл байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаанд бүрэн хамаарна.

Тиймээс Ж.О-ын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөх нь зүйтэй. Мөн түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх зохицуулалтад хамаарч, уг зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч Ц.Бямбадорж шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.О-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлээр тогтоосон хязгаарлалт хийгээд 9 дүгээр зүйлд заасан хоригт тус тус хамаарахгүй байхад анхан шатны шүүх “шүүгдэгч Ж.О-ыг гэмт хэрэг үйлдсэн нэг үйлдлийг өршөөлд хамруулж бусад үйлдлийг өршөөлд хамруулах боломжгүй, түүнд ашигтай байдлаар нэг үйлдэл, нэг зүйл ангийг өршөөлд хамруулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй. Өршөөл үзүүлэх тухай хууль нь нэг удаагийн үйлчлэлтэй ба шүүх заавал хэрэглэвэл зохих хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, өршөөлд хамрагдах нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч нарийвчлан зохицуулсан. Шүүгдэгч Ж.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд болон урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд үйлдэгдсэн хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдэл байх тул 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаанд бүрэн хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг тусгасан ба энэ зүйлийн 12.4-д “шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж хуульчилсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн боломж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас цагдан хоригдсон 1 жил 2 сарыг хасаж, үлдэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэг удаа гэдэг нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарч буй асуудлыг өршөөх зохицуулалт болохоос холбогдсон хэргийн нэг зүйл, заалтыг өршөөнө гэсэн ойлголт биш юм. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийг Ж.О-т оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, 3 жил хорих ялд хэрэглэж өгнө үү” гэв.

Мөн шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч С.Чинзориг шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Тийм учраас шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч эдэлж дуусгана гэсэн зүйлийг надад хэлсэн. Д.Б, Д.Ц, Г.Т нарын хувьд маргасан, гомдсон зүйлгүй. Харин өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, хохирогч нарын зүй бус ажиллагаа байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир анхан шатны шүүх дээрх хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Бямбадорж, Г.Баттогтох нарын хамтран гаргасан гомдол буюу Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Энэ байдлыг хянаж хууль зүйн дүгнэлт хийх боломжтой. Хэргийн бодит байдлын хувьд шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг, тайлбар тогтвортой байдаг бөгөөд хоёр тусдаа газар бүлэг зодоон болсон. Хохирогч Д.Золзаяатай зодолдсон хүмүүс нь Д.Ц, Ж.О нар бөгөөд нөгөө талд хохирогч Б.Э-тай Г.Т, Д.Б нар зодолдсон. Г.Т, Д.Б нарын зодолдсон хүн эд зүйлээ хулгайд алдсан, дээрэмдүүлсэн зүйл болоогүй. Тэгэхээр энэ асуудлаар цагаатгуулах байр суурийг илэрхийлж явсан боловч харамсалтай нь хохирогчийн өгсөн ганц мэдүүлгийг хөдөлшгүй нотлох баримт мэтээр дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хохирогчийг дахин байцаах боломжгүй болсон буюу гадаад улсад оршин суугаа үндэслэлээр хэрэг шийдвэрлэгдсэн. Өөр хэлэх саналгүй” гэв.

Прокурор С.Батсүрэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.О-, Д.Ц-, Д.Б-, Г.Т- нарын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бусдын эд хөрөнгийг авахаар биед нь халдаж иргэн Д.З-ийн халааснаас 1,000,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 400,000 төгрөгийг авч, хоорондоо тохиролцон хуваан авсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Мөн шүүгдэгч Ж.О, Д.Ц нар нь бүлэглэн иргэн Д.З-г толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.О-ын үйлдэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг хэрэглээгүй. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Ж.О-ын холбогдсон гэмт хэргүүдийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэмт хэрэг байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.О болон түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж, Г.Баттогтох нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ж.О, Д.Б, Д.Ц, Г.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.О, Д.Ц нар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэвэн” нэртэй пабын орчим бүлэглэн иргэн Д.З-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн тухайн үед Д.Б, Г.Т нарын хамт хохирогчийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-6 Эс плас” маркийн гар утас болон бэлэн 400,000 төгрөгийг дээрэмдэж, нийт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч нарын үйлдэлд энэ гэмт хэргийн сэдэлт хэргийг үйлдэж эхлэх үеэс үгүйсгэгдэж, харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахад шууд чиглэж байсан талаар дүгнэлт хийж  хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Мөн шүүгдэгч Ж.О, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах гэмт хэргийг үйлдэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулснаас гадна давж заалдах шатны шүүхээс тэдгээрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна.

Харин шүүгдэгч Ж.О-т оногдуулсан ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар хоёр шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих...”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж тус тус заасан нь хуулийн үйлчлэлд хамаарах гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдэд хамгийн ашигтай хувилбараар эрх зүйн байдлыг нь нэг удаа дээрдүүлэн өршөөлийн үйлчлэлд хамааруулах харилцааг зохицуулжээ.

Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах шүүгдэгчийн үйлдсэн хэд, хэдэн гэмт хэргүүдэд оногдуулсан ялуудаас аль хүнд, нэг эрүүгийн хариуцлагыг шүүх сонгон өршөөл үзүүлэх тухай бус Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацааны дотор хуулийн үйлчлэлд хамаарах зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлэх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хэлбэрээр нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн этгээдэд хамаарах ойлголт юм.

Шүүгдэгч Ж.О-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний дотор байгаагаас гадна мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд түүний үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь хамаарахгүй байна.

Шүүгдэгч Ж.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс таван жилээс бага буюу гурван жилийн хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ж.О-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.О-т оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж буйтай холбоотойгоор түүний биечлэн эдэлсэн ялын хугацааг тооцож, эдлэх ялаас хасахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.О-ыг нэн даруй суллаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн хамтран гаргасан гомдлыг хангахаар тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 701 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1056 дугаар магадлалд:

“2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-ын оршин суугаа газар буюу Архангай аймгийн Их тамир сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

Шүүгдэгч Ж.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, түүний эдэлсэн ялын хугацааг тооцож, эдлэх ялаас хасахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.

2. Шүүгдэгч Ж.О-ыг нэн даруй суллаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж, Г.Баттогтох нарын хамтран гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                  ШҮҮГЧИД                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                          Ч.ХОСБАЯР