Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум. 2 дугаар баг, Алтанговь худалдааны төвийн гадна хохирогч Ц.Цийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 09- ний өдөр 16 цаг 50 минутын орчимд Алтанговийн үүдэнд Ц гэдэг хүнийг гараагаа 1 удаа цохьсон ... гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 02 сарын 09-ний өдөр ...зогсож байтал миний Соната-5 маркийн машины зөв талын хойд хаалгаар нэг цагаан дээлтэй согтуу залуу нэрийг нь М гэдэг юм байна лээ. Тэр орж ирээд намайг ар луу хүргэж өг гэхээр нь би настай ээжийгээ аваад явж байна гэтэл яваад өг гээд над руу мөнгө гаргаж иртэл манай ач хүү Д нь өвөө надад мөнгө өгөөрэй гэхээр нь би урд талын хайрцагнаас мөнгө гаргаж ирээд ач хүүДт өгөх гэтэл тэр мөнгийг чинь би өгье гээд хүүхэд рүү гараараа далайнгуут би машинаас буун зүүн талын хаалгыг онгойлгон М гэх залууг татаж буулгахад замын хажуу талын хашлагат тээглэн газар унасан. Тэгээд босч ирээд миний зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт цохьсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед би өвөөгөө надад мөнгө өгөөрэй гэж хэлэхэд тэрийг чинь би өгье гээд над руу мөнгө барьсан гараараа далайсан. Тэгэхээр нь манай өвөө Ц нь машинаасаа бууж ирэн тэр согтуу ахыг машинаас татаж буулгахад тэр ах замын хашлагат тээглэн унаж эргэж босч ирээд манай өвөө Цийн толгой хэсэг рүү баруун гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгтэл гэнэт Цийг тэр согтуу залуу Цийн толгой руу цохисон юм. Цийн толгойноос цус гарчихсан байсан..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “...Ц.Цийн биед зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн .... дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-25 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Алтанговь худалдааны төвийн гадна хохирогч Ц.Цийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 50 минутын орчимд Алтанговийн үүдэнд Ц гэдэг хүнийг гараагаа 1 удаа цохьсон... гэсэн мэдүүлэг,Хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 02 сарын 09-ний өдөр ... би машинаас буун зүүн талын хаалгыг онгойлгон М гэх залууг татаж буулгахад замын хажуу талын хашлагат тээглэн газар унасан. Тэгээд босч ирээд миний зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт цохьсон..." гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед би өвөөгөө надад мөнгө өгөөрэй гэж хэлэхэд тэрийг чинь би өгье гээд над руу мөнгө барьсан гараараа далайсан. Тэгэхээр нь манай өвөө Ц нь машинаасаа бууж ирэн тэр согтуу ахыг машинаас татаж буулгахад тэр ах замын хашлагат тээглэн унаж эргэж босч ирээд манай өвөө Цийн толгой хэсэг рүү баруун гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэр согтуу залуу Цийн толгой руу цохьсон. Цийн толгойноос цус гарчихсан байсан..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Г.Мад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Г Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 700 / долоон зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

           

З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Мад 700000 төгрөгийн  торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Г.Бнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН