| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04995/И |
| Дугаар | 210/МА2025/02151 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/02151
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08057 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,361,161 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Зээлдэгч *******, ******* нар нь 2019 оны 01 сарын 24-ны өдрийн ЗГ/201944291763 тоот зээлийн гэрээ, БГХ201944291763 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
1.2. Мөн өмнөх зээлийн үлдэгдэл төгрөг дээр нэмж, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн ЗГ201944951390 тоот зээлийн гэрээ мөн өдрийн БГХ201944951390 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 500,000 төгрөг, нийт 11,471,561.9 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан.
1.3. Зээлдэгчийн гаргасан хүсэлтээр ЗГ/201944951390 тоот зээлийн гэрээнд 2021 оны 01 сарын 26-ний өдөр ЗГ201944951390-2 тоот гэрээгээр Зээлийн гэрээний хугацаа: 40 сар гэсэн хэсгийг "50 сар" гэж өөрчлөх тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, хугацааг сунгасан.
1.4. Зээлдэгч *******, ******* нар ЗГ201944291763 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 03 сарын 13-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,039,169.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,225,330.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт 10,270,080.76 төгрөгийг төлсөн байна.
1.5. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас хугацаа хэтэрсэн. Банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй.
Иймд 2019 оны 12 сарын 25-ны өдрийн ЗГ201944951390 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,850,200 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,360,129.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,120,832.04 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөг, нийт 19,361,161.43 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.1. Миний бие *******-аас 2020 онд 15,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээл авсан тухайн онд ажил хэргийн холбогдолтой алдаа дутагдал гаргаж, Баянгол дүүргийн шүүхээр шийтгэгдэж Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.4.2-т заасан зүйл ангиар шийтгэгдэж 4 жилийн хорих ял авсан бөгөөд 2024 оны 04 сарын 12-ны өдөр суллагдсан болно.
2.2. Энэ хугацаанд ээж *******, эхнэр ******* нар *******-ийн төв болон тус салбарт учир шалтгаанаа хэлж, өргөдөл гаргасан боловч хариу тайлбар өгөөгүй өдий хүрсэн.
2.3. Миний хувьд одоогоор тогтсон ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл болох 9,850,200 төгрөгийг төлөх график гаргуулан төлж барагдуулахаас гадна зээлээ төлж дуусмагц зээлийн ангиллаа хэвийн болгуулах саналтай байна гэжээ.
3.1. 2022 онд манай нөхөр хорих ангид байх үед бага хүү төрж таарсан. Мөн 4 бага насны хүүхэдтэй үлдээд төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал бүрдэж, зээл төлөх хуваарийг зөрчсөн. Энэ талаараа *******-д хүсэлтээ өгсөн гэжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас нийт 18,615,029 /арван найман сая зургаан зуун арван таван мянга хорин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгон, үлдсэн хариуцагч ******* болон 746,132.43 /долоон зуун дөчин зургаан мянга нэг зуун гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн нийт 254,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ариунбаяраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 251,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
5.1. Шүүх, хариуцагч *******аас нийт 18,615,029 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 746,132.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2019442291763 тоот гэрээний зээлийн хугацаа 2023 оны 02 сарын 24-ний өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч 2025 оны 03 сарын 13-ны өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргажээ.” Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн хүү авах эрхээ алдсан гэж дүгнэсэн.
Хариуцагч *******ын хорих ялын хугацаа 2024 оны 04 сарын 12-ны өдөр дуусаж судлагдсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 сарын 13-ны өдөр хариуцагчид зээл төлөх тухай мэдэгдэл явуулсан тул энэ өдрөөр нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах эрх үүссэн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
5.2. Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал 01 дугаартай зөвлөмжид зааснаар “... хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана. Иймд гэрээний хугацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 222.2, 223 дугаар зүйлийн 223.1, 223.2 дахь хэсэгт заасныг хэрэглэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагч нартай байгуулсан 63 тоот гэрээний зээлийн хугацаа 2023 оны 02 сарын 24-ний өдөр дуусгавар болсон байх ба хариуцагч нь 2021 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн.
Зээлдэгчээс ямар нэгэн зээлийн төлбөрийг хугацаанд нь авсан тохиолдол тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэн 2024 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудас явуулж, үйлдэл хийсний дараа нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах эрх үүссэн гэж үзсэн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь зээлдэгчээс гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлээгүй тохиолдолд 3Г/20194491390 тоот зээлийн гэрээний 2.4.4-т зааснаар зээлдэгчийн үүргийг биелүүлэх хүртэл нь шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд уг эрхийн зээл төлөх мэдэгдэл явуулсан үйлдлээс эхлэн шүүхэд хандах эрхийг тогтоож хязгаарласан нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, үүргийг хязгаарлаж байна гэж үзсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ учир нэхэмжлэгч нь хуульд заасан үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
5.3. Хариуцагч *******г хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцохгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч ******* нь шүүх хуралдаанд тус гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээж байгаагүй буюу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар маргаагүй. Мөн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Зээлийн гэрээ байгуулснаас хойш ажлаа гүйцэтгэж байх явцдаа нэг жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Хэрэгт холбогдож шүүхээс ял сонссоноос хойш зээл төлөх буюу зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Үүнтэй холбоотойгоор хорих ангид байхдаа эхнэр болон ээжээрээ дамжуулан *******-ийн төв болон зээл авсан салбарт шүүхийн шийдвэрийг өргөдлийн хамт гаргасан боловч шийдвэрлэсэн зүйл байхгүй.
Зээлийн нэмэлт гэрээ буюу 50 сар болгож өөрчилсөн гэрээгээр өмнөх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байхад түүнээс хойших хугацааны хүү, алдангийг нэхэмжилж байгааг төлөхгүй. Тус гэрээ нь гарын үсэг дутуу учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******гийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Зээл төлөх боломжгүй болсон шалтгаанаа 2022 оны 08 сард *******-ийн Жуков дахь салбарт өргөдөл, хүсэлтээ гаргаж өгсөн. Уг хүсэлтээ нотлох баримтаар авах гэсэн боловч хариу өгөөгүй учраас нотлох баримт гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Тухайн үед *******-ийн салбарт очиж ажилтантай нь уулзаад “би боломжоороо зээлээ төлсөн ч гэсэн зээлийн хүүг барьж чадахгүй байна. Та үүнийг зохицуулж өгнө үү” гэж хэлсэн. Миний бие 8, 9 сард боломжоороо төлж байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 19,361,161 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... зээл төлөх боломжгүй болсон талаараа 2022 оны 08 сард *******-ийн Жуков дахь салбарт хорих ангид ял эдэлж байгаа талаарх шүүхийн шийдвэр болон өргөдлийн хамт гаргасан боловч шийдвэрлээгүй...” гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. *******, *******, ******* нар 2019 оны 01 сарын 24-ний өдөр ЗГ/201944291763 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх11-13/
3.2. ******* болон ******* нар мөн өдөр БГХ201944291763 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******ын цалингийн орлого болон гэрийн эд хогшил зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцсон. /хх14/
3.3. *******, ******* нар 2019 оны 12 сарын 25-ны өдөр ЗГ/201944951390 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******ын өмнөх зээлийн үлдэгдэл 10,971,561.9 төгрөг дээр 500,000 төгрөгийг нэмж, нийт 11,471,561 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь хавсралтаар баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх16-19/
3.4. Мөн өдрийн БГХ/201944951390 дугаартай барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******ын цалингийн орлого болон гэрийн эд хогшил зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцсон. /хх19-20/
3.5. Шинэ төрлийн коронавирус өвчний улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан талууд 2020 оны 04 сарын 15-ны өдрийн ЗГ/202045241858 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ЗГ/201944951390-2 дугаартай гэрээ тус тус байгуулж, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн ЗГ/201944951390 дугаартай зээлийн гэрээний зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т хуваарьт “өдрийн 22.00 цагаас өмнө төлнө” гэсэн, зээлийн гэрээний хугацаа “40 сар” гэснийг “50 сар” гэж тус тус өөрчлөлт оруулсан. /хх21, 22-23/
3.6. ******* нь *******ын эзэмшлийн ******* дугаартай данс руу ЗГ/201944291763 дугаартай зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг, ЗГ/201944951390 дугаартай зээлийн гэрээний дагуу 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. /хх24/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
4.1. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний ЗГ/201944291763 дугаартай зээлийн гэрээнд зээлдүүлэгч талаас *******, зээлдэгч талаас *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул *******, *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Харин *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн ЗГ/201944951390 дугаартай зээлийн гэрээгээр өмнөх ЗГ/201944291763 дугаартай зээлийн гэрээг дүгнэж, зээлийн үлдэгдэл 10,971,561.9 төгрөг дээр 500,000 төгрөг нэмж зээлдүүлэн, нийт зээлийн дүнг 11,471,561 төгрөгт тооцохоор, зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгө болон хүүг гэрээгээр баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан ЗГ/201944291763 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр тул ******* болон ******* нарын хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
4.2. Дээрх гэрээний дагуу ******* зээлийн мөнгөн хөрөнгийг *******ын зээлийн данс руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан *******-ийн гүйлгээний баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Мөн ******* нь зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй талаар зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
4.3. Харин хариуцагч ******* нь ЗГ/201944951390 дугаартай зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр тохиролцон гэрээнд гарын үсэг зураагүй байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардаж буй нь мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймээс “хариуцагч ******* нь шүүх хуралдаанд тус гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээж байгаагүй буюу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар маргаагүй байхад шүүх хэт нэг талд давуу байдал олгож, шийдвэрлэсэн” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч ******* нь зээлийн үүргээс үндсэн зээл 6,039,169 төгрөг, хүүнд 4,225,331 төгрөг, нийт 10,270,080 төгрөг төлж, үлдэх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй болохыг хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцооллын баримт буюу Зээлийн бүртгэлийн карт, *******ын ХААН банк дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх29-32/
6. Харин хэргийн 27 дахь талд авагдсан *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61/11174 дугаартай “Зээл төлөх мэдэгдэл” нотлох баримтыг үндэслэн энэ өдрөөс хойш үүргээ гүйцэтгэх шаардах эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 18,585,029 төгрөгийг хангаж үлдэх 746,132 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
6.1. Хариуцагч Б.Анхбаяр үндсэн зээлийн үлдэгдэл 9,850,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж марган, үндэслэлээ “... шийтгэх тогтоолын дагуу хорих ял эдэлж 2024 онд суллагдсан, ... энэ хугацаанд зээл төлөх боломжгүй талаарх хүсэлтээ *******-ийн төв болон салбарт мэдэгдсэн” гэж тайлбарлажээ. Энэ үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хариуцагч Б.Анхбаяр хорих ял эдэлж байсан үйл баримт нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. /хх41/
6.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
6.3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 02-ны өдөр дууссан байна.
Нэхэмжлэгч зээлийн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэхээс үл хамаарч зээлийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хуулиар хүлээсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нь төлөх үүрэгтэй. Иймд талуудын маргаанд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэхгүй.
6.4. Хариуцагч ******* нь зээлийн тооцооллын талаарх нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээл 9,850,200 төгрөг, зээлийн хүү 8,360,129 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,120,832 төгрөг, нийт 19,331,161 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
7. Анхан шатны шүүх нь нотариатын зардалд 30,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэснийг буруутгахгүй. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
8. Нэхэмжлэгч ******* нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний үүрэгтэй холбогдон нэхэмжлэл гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08057 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 19,361,161 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “251,025” гэснийг “254,755” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,457 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД