| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/04102/И |
| Дугаар | 210/МА2025/02157 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/02157
2025 12 12 210/МА2025/02157
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07365 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүрэгт *******-аас 23,460,400 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт *******ээс 1,100,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Миний бие *******тэй 2021 оны 12 сарын 20-ны өдөр *******аар дамжин танилцсан. ******* нь Оросын Холбооны Улсын Челябинск хотоос хэд хэдэн удаа арматур төмөр оруулж ирээд гурвуулаа нийлж хөрөнгө оруулан хамтарсан компани байгуулан бизнес эрхэлье, та хоёр худалдан авагчаа олчихвол би бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой байнгын харилцаж ажилладаг компани байдаг гэхээр нь найдвартай бизнес эрхлэгч, цаашид хамтран ажиллах боломжтой гэж итгэсэн. Тэгээд хамтарсан компани байгуулах саналыг нь хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн *******-ийн хувьцааны 30 хувийг *******т, 40 хувийг *******д бэлэглэж, үлдэх 30 хувийг өөрөө эзэмшихээр тохиролцож, *******ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж 2021 оны 01 сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн компанийн гэрчилгээг шинээр гаргуулсан.
1.2. 2021 оны 12 сарын 28-ны өдөр ******* нь өөрийн *******-ийн нэрээр миний олж өгсөн худалдан авагч болох *******-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед ******* нь “...надад мөнгө байхгүй учраас та хоёр эхлээд мөнгөө гаргачих, борлуулалтын ашгаа хуваагаад гаргасан мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн учраас ******* бид хоёр түүнд итгэж нийт 309,463,200.5 төгрөгийн бодит зардал гаргасан.
******* *******-аас 2021 оны 12 сарын 27-ны өдөр зээлсэн 250,000,000 төгрөгөөс 2021 оны 12 сарын 28-ны өдөр 156,000,000 төгрөгийг *******-ийн ******* дугаартай дансанд, 2021 оны 12 сарын 30-ны өдөр 92,000,000 төгрөгийг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 17,350,000 төгрөгийг *******-ийн ******* тоот дансанд нийт 265,350,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь 2022 оны 01 сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 сарын 14-ний хооронд 100,256,172.6 төгрөг, 2022 оны 02 сарын 10-ны өдөр *******-ийн ******* данснаас 122,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 14-ний өдөр 52,500,000 төгрөгийг ******* миний болон бид гурвын хамтран хувь эзэмшиж буй *******-ийн данс руу нийт 274,756,172.6 төгрөг хийж, ******* 5,140,314 төгрөгөөр хохирсон байна.
1.3. Бид хамтарсан компани байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулан ашиг олно гэж төлөвлөсөн боловч ******* нь өөрийнхөө компаниар гэрээ байгуулж залилсан. Мөн гэрээний үнэ, бусад холбогдох зардлыг ******* бид хоёроор төлүүлээд гэрээнээс олсон ашиг 50,000,000 төгрөгийг бид хоёртой хуваагаагүй.
1.4. Миний бие 2021 оны 12 сарын 28-ны өдөр 20,880,000 төгрөг *******-д шилжүүлсэн. Төмөр замын тээврийн зардалд 1,321,400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаалийн бүрдүүлэлтийн төлбөр 1,259,000 төгрөг, нийт 23,460,400 төгрөгийг төлсөн бөгөөд нийт 23,460,400 төгрөгийг *******-аас гаргуулна.
*******ийн заасан дансанд 2021 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг зээлэхээр шилжүүлсэн тул уг мөнгийг хариуцагч *******ээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ийн захирал ******* миний бие өөрийн танил *******ы гуйлтаар ОХУ-ын үндэсний том үйлдвэр болох Челябинск хотын төмрийн үйлдвэр дээр танил оросуудтайгаа нийлж, том хэмжээний барьцаат баталгааг гаргуулж, хамтран ажиллах гэрээ хийсэн. *******ы хүсэлтээр 2021 оны 12 сарын 21-ний өдөр 10024316 тоот дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу ******* нь манай компанид 2 вагон арматур 136 тонныг тухайн гэрээний ханшаар захиалсан, нийт 2 вагоны захиалгын дүн болох 308,000,000 төгрөгийг төлөхөд *******д 20,000,000 төгрөг дутаж, өөрийн танил *******аас зээлж манай компанийн данс руу хийж, ОХУ руу шилжүүлсэн. *******ы захисан төмөр 2 вагон нь 1 сарын дотор хугацаандаа Монгол улсад орж ирсэн, ******* ******* бид гурав уг төмрийг орж ирэхэд гааль дээр тосож авч татварыг төлсөн. ******* нь *******ыг ятгаж таны энэ 2 вагон арматур төмрийг өөрийн танил компанидаа зарж өгье гэж хэлээд зарсан. Уг зарсан төмрийн тооцоог манай компанийн данс руу шилжиж орж ирэх бүрд *******ы заасан данс руу нийт төлсөн төлбөр болох 308,000,000 төгрөгийг шилжүүлж, *******тай тооцоо нийлж, ямар нэгэн гомдолгүй тооцоо дууссан гэх бичгийг авсан.
2.2. Миний хувьд *******аас мөнгө зээлээгүй, тухайн үед *******ыг огт таньдаггүй байсан. Манай компанийн данс руу орж ирсэн мөнгө бүгд арматурын төлбөр, тээвэр, гааль зэрэг шаардагдах төлбөрт зарцуулагдсан. *******ы заавраар энэ мөнгийг зарцуулж байсан. Тийм учраас *******ын нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөгийг би бүрэн гүйцэт зөвшөөрөхгүй. ... *******, ******* 2 тооцоогоо хийгээд мөнгөө авчихсан, ******* *******-аас орсон 122,000,000 төгрөгөөс өөрийнхөө мөнгийг салгаад авсан, тэр компанийн дансыг шалгуулах хүсэлтэй байна. Энэ хүн мөнгөө авчхаад аваагүй гэж тайлбарлаад, надаас нэхээд байгаа нь үндэслэлгүй. Өөрийнх нь эзэмшдэг компанийн данс руу 122,000,000 төгрөгөө буцааж авсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 20,842,000 төгрөг, хариуцагч *******ээс 1,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,718,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас төгрөг, хариуцагч *******ээс төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын үндэслэл, агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
4.1. Маргааны үндэслэл болсон арматурын төмрийг ОХУ-ын Челябински хотын улсын үйлдвэрээс Монгол улсад нийлүүлэх гэрээг миний эзэмшлийн ******* байгуулсан. ******* ах надад 2021 оны 9 сард анх хоёулаа хамтарч танай компаниар төмрийн бизнес хийе гэсэн санал тавьсны дагуу ОХУ-ын Челябинскийн улсын үйлдвэрийн арматурын төмрийг захиалан авчирч Монгол улсад дээжийг нь үзүүлэн борлуулж ашгаа ******* ах бид хоёул хувааж авахаар тохиролцож энэ бизнесийг эхлүүлсэн.
Энэ бизнест ******* ах мөнгө санхүүгээ гаргах, харин би Монгол улсад оруулж ирэх болон өөрийн мэддэг орос хэлээ ашиглаж ОХУ-аас сайн чанарын улсын үйлдвэрийн арматурын төмрийг нийлүүлэх ажил үүргийг хуваарилан авч, аман хэлцэл байгуулсан. Түүнээс энэ бизнесийг ******* ах бид хоёроос өөр, гадны хэн нэгэн, гуравдагч этгээдийг оролцуулаад хамтран бизнес хийнэ гэж анхнаасаа тохиролцоогүй бөгөөд өөр хамтрагч оролцуулах зөвшөөрлийг би *******д өгөөгүй.
******* хэнээс мөнгө зээлж бүрдүүлэх нь тэр хүний л асуудал байсан учраас тухайн үед орж ирсэн 20 сая төгрөг болон төмрийн бизнесийн төлбөр тооцооны асуудалд би ач холбогдол өгөөгүй. ******* бид хоёр хоорондоо нэг удаа ч тааралдаж үзээгүй, утсаар болон бусад хэлбэрээр ч хоорондоо холбогдож харилцаж үзээгүй, өөр хоорондоо зээлийн болон хамтран ажиллах гэрээ, аман хэлцлүүд ч хийж байгаагүй, энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй.
4.2. *******-д 2022 оны 01 сарын 18 өдөр ******* ах бид хоёрын нэрсийг оруулж, дараагийнхаа ээлжийн төмрийн бизнесийг явуулахаар төлөвлөгдсөн компани байсан гэдгийг анхан шатны шүүх буруу ойлгож Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12 дахь хэсэгт заасны дагуу хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон хүндрэл, эрсдэл, алдагдлыг хамтран хариуцахаар заасан ... хамтран ажилласан... хамтарсан гэж дүгнэж үйл баримтыг буруу ойлгож дүгнэн шийдвэрээ гаргасанд нь гомдолтой байна.
Хоёр вагон төмрийн гэрээ нь бидний хамтарсан *******-ийн нэрээр хийгдсэн гэрээт ажил биш, миний өөрийн эзэмшлийн *******-ийн нэр дээр, цаг хугацааны хувьд өмнө нь буюу *******, *******, ******* нарын хамтарсан *******-ийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээс өмнө цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу оны өмнөх үйл баримт байдаг.
2021 оны 10 сараас ******* ах бид хоёр ярьж эхлүүлсэн бизнес нь 2021 оны 12 сард гэрээгээ байгуулан, төлбөр тооцоо хийгдэж дууссан, 2022 оны 01 сарын 18-ны өдөр *******-ийн хувьцааг хамтран эзэмшиж дараагийнхаа ээлжийн захиалгыг хийхэд хамтран ажиллахаар төлөвлөж *******-аар цаашид хамтарч ажиллахаар ярилцаж байсныг шүүх эхний ээлжийн захиалга дээрээ хамтарсан гэж үзэж буруу дүгнэж шийдвэрээ гаргасан байна.
Мөнгө зээлүүлсэн хүн нь ******* байхад намайг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагуудаа байнга өөрчилж хамааралгүй хүнээс мөнгө нэхэж байгаа нь илт хууль бус гэж үзэж байна.
Шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэлүүд дээрх үйл баримтаас нэхэмжлэгч тал нь илт хууль бус нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байсан нь нотлогддог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Би барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд *******-ийн гадна металлын пасадны ажлыг хийсэн. Тухайн үеэс хойш харилцаатай байсан учраас *******-ийг хариуцагч *******-тай холбож өгсөн. ******* нь барилгын ажил хийдэггүй, хувцас худалдан борлуулдаг. Арматур ирэх талаар *******д хэлэхэд би “*******ийг дуудчихъя” гэж хэлээд надтай танилцуулсан. Бид 3 ярилцан 1 нь захиалга авч, 1 нь арматураа нийлүүлж, 1 нь мөнгийг боломжоороо гаргахаар тохиролцон ашгаа хувааж авахаар болсон учраас би 20,000,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж, гэрээ байгуулагдсан цагаас эхлэн захиалга хийгдэж арматурыг оруулж ирсэн.
Хариуцагч ******* нь огт мөнгө гаргаагүй бөгөөд талууд гааль, татварын мөнгийг төлсөн. ******* нь “*******тай уулзаж тохиролцон мөнгийг авсан байх, *******ыг зайл гэж хэлээрэй” гэж дамжуулж байсан. Мөн ******* нь “өөрийнхөө мөнгийг арай гэж авлаа, миний дүү өөрөө мөнгөө нэхэж аваарай” гэж хэлсэн. *******ы бие нь өвдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй. Миний хувьд өөрийнхөө оруулсан мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5.2. Уг хэрэг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан. Анхан шатны шүүх магадлалд дурдагдсан дутуу ажиллагааг явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулан *******ыг оролцуулах эсэх талаар тайлбар авсан. Мөн талууд хүсэлтийг хангахгүй орхиж маргааныг хянан шийдвэрлүүлэх талаар тайлбарласан.
Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан дансны хуулгыг үндэслэн мөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн. Мөн бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашгийн талаар тайлбарлаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд, талуудын гаргасан тайлбарыг үндэслэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 23,460,400 төгрөг, хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,100,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... миний хувьд *******ыг танихгүй, ******* манай компанийн нэрээр арматур төмөр оруулж ирэхээр тохиролцсон төлбөр болох 308,000,000 төгрөгийг төлөхөд *******д 20,000,000 төгрөг дутаж, уг мөнгийг өөрийн танил *******аас зээлж, манай компанийн данс руу хийж, цааш нь ОХУ руу шилжүүлсэн, .... арматур төмөр орж ирэхэд ******* өөрийн танил компанидаа зарж өгсөн, төлбөрийн мөнгө орж ирэхэд нь *******ы заасан данс руу шилжүүлсэн, ... *******тай тооцоо нийлж дууссан, ... уг 20,000,000 төгрөгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь *******тай хуйвалдсан байж болзошгүй тул түүнтэй учраа олох нь зүйтэй. бид гурав хамтарч ажиллаагүй, ... *******ын эзэмшлийн *******-руу 122,000,000 төгрөг шилжүүлсэн ... миний хувьд *******аас мөнгө зээлээгүй ...” гэх агуулгаар тайлбарлан, маргажээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 210/МА2025/00155 дугаар магадлалаар дээрх хэргийг хянан үзээд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, шүүхээс гарах шийдвэр *******ы эрх, ашигт сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулж холбогдох ажиллагаа явуулаагүй байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. /хх129-133/
4. Хариуцагч талаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******ыг татан оролцуулах хүсэлт гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/33477 дугаартай захирамжаар жич шийдвэрлэхээр хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасантай нийцээгүй байна. /хх171-174/
5. Мөн хэргийн 180-191 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд даргалагч шүүгчээс “Өмнө нь шийдвэрлээгүй хойшлуулсан нэг хүсэлт байгаа. *******ыг ямар хэргийн оролцогчоор оруулах гэж байгаа вэ. ... Одоо тэр хүсэлтээ дэмжээд байгаа гэж ойлгох уу” гэж асуухад хариуцагч талаас “одоо болохгүй бол *******ыг би өөрөө авч ирье. ******* бид хоёрын хоорондын бизнесийн харилцаа юм. Өөр хүсэлт байхгүй.” гэж тайлбарласан байна.
6. Талууд маргаж буй үндэслэлээ иргэн *******тай холбон тайлбарласан, мөн *******-ийн данс руу хариуцагч тал 122,000,000 төгрөг шилжүүлсэн, уг компанийн дансыг шалгамаар байна” гэсэн тайлбар гаргажээ. /хх189-190/
7. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх шилжүүлсэн 122,000,000 төгрөгийг ******* авч хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. /хх227-230/
8. Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг явуулаагүй байна. Түүнчлэн хариуцагчийн хүсэл зоригийг тодруулахгүйгээр түүний өмгөөлөгчийн “*******ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна” гэх тайлбарыг үндэслэн хариуцагч нарын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Талуудын маргааны үйл баримтыг тогтооход *******ы тайлбар ач холбогдолтой байх боломжтой байна.
9. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.ЦЭНД