Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 26

 

 

 


                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Хохирогч Ж.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Лын Эт холбогдох эрүүгийн 1919000240011 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1995 оны 03-р сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн ...... сумын …-р баг 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогт Лын Э,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 01-р сарын 04-ний өдөр 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Сийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…Манай найз чамайг гэр рүү чинь хүргээд өгье гэж хэлээд явж байтал замд С ахтай таарсан. Тэгээд гацаа Лгийн хүүхэд үү гээд хэл амаар доромжлоод байхаар нь та зүгээр яв гээд түлхсэн. Тэгээд гар нь эвгүй болоод нүүр нь шалбарсан байсан...” гэв.

     Шүүгдэгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэм буруугаа ойлгож байна... замдаа явж байтал манай хажуу талын хашааны хүн С ахтай таарсан. Тэгээд С ах бас согтуу байх шиг байсан. Бид 2 жоохон хэрэлдсэн тэгээд манай аавыг доромжлоод байсан. Тэгээд миний уур хүрч С ахын нүүрэн тус газарт 1 удаа цохисон... цохисоны улмаас газар ойчиж нүүр хэсэгт шалбарсан байсан мөн хамар хэсэгт шалбарсан байсан. Босож ирээд удалгүй ахынх нь мөр болохгүй байна хөдлөхгүй байна гэж хэлж байсан. Баруун мөр нь унжаад эвгүй болсон харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/

       Хохирогч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр найзын төрсөн өдөр болоод дөрвүүлээ 1 шил архи уусан. Гарахад орцны үүдэнд энэ хүүхэд хориод зогсож байсан. Өндөр найзыг нь би манай байрны хүүхэд байна гэж таньсан ч Эыг таниагүй. Би цаашаа яваад танидаг жолооч машинтайгаа зогсож байхаар нь уулзчихаад эргэж айл руу орох гээд явж байтал Эыг наашаа явахаар нь тамхи гуйх гэж байгаа юм байхдаа гэж бодож байтал юу ч яриагүй шууд цохиж унагаасан. Би Эыг манай гудманд байдаг Лгийн хүү л гэж мэдэхээс биш, Лг гацаа гэж мэдэхгүй. Тийм болохоор гацаа гэсэн зүйл ердөө ч яриагүй. Э нь намайг шууд зүүн шанаанд гараараа цохисноос би газар унаж гараа гэмтээсэн. Одоо ч шохойтойгоо явж байна. Би 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Нэг удаа ч энэ хүүхэд бие нь яаж байна гэж ирээгүй, аав, ээж хоёр нь ирсэн. Цагдаа дээр л таарсан. Зориод ирээгүйд нь гомдож байна. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас хохиролгүй болгож өгвөл сайн байна гэж хэлсэн ч надад мөнгө өгөөгүй. 2019 оны 01-р сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хохирлоо нэхэмжилнэ. Өдөрт дунджаар 20000 төгрөг олдог байсан...” гэв.

       Хохирогч Ж.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэр рүүгээ явсан чинь манай гудамжинд амьдардаг Лгийн хүү О гэх залуу нэг өндөр найзын хамт таарсан. Тэгээд байж байтал миний зүүн шанаан дээр 1 удаа гараараа цохисон. Тэгээд би нэг мэдэхэд л газар унасан байсан. Тэгээд миний баруун гар дийлдэхгүй болсон байсан. Тэгээд хамт явсан залуу нь намайг босгосон юм. Нөгөө залуу нь найзыгаа загнаад байсан тэгээд таны хамарнаас цус гараад байна. Л ахынд очиж нүүрийг чинь угааж өгье гэсэн... Миний баруун гарны мөрний яс хугарсан, одоо гипстэй байна. Хамар дээр шалбарсан. Миний зүүн гарны хурууны гадна үе дээр жоохон шалбарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/

       Гэрч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид хоёр С ахыг хүргэж өгөхөөр гэр рүү нь явсан. Тэгээд С ахын хашааны хажууд ирээд Э С ах хоёр юм ярьж байгаад ам мурийх шиг болсон. Тэгээд Э С ахын... зүүн талын шанааны хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. С гуай согтуу байсан учраас баруун мөрөөрөө газарт унасан. Тэгээд босож ирээд миний мөр эвгүй болчихлоо гэж хэлж байсан... С ахыг нэг л удаа Э нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

            Гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн үед манай гудамжинд гэр нь байдаг С ах манай хүүгийн найз Утэй хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд С ах танай хүүхэд намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд хартал хамар нь шалбарч цус гарсан, дух нь шалбарч цус гарсан байдалтай байсан. Миний мөр жоохон эвгүй болсон байна гэж хэлж байсан... Манай хүүгийн найз У надад хэлэхдээ Э нь С ахыг цохиж унагаасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

        Гэрч Н.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой гэртээ байж байсан чинь манай гудамжинд гэр нь байдаг С манай хүүгийн найз Угийн хамтаар манай гэрт орж ирсэн. Тэгээд харсан чинь хамар нь шалбарсан дух хэсэгт нь бас жоохон шалбарсан байсан мөн цус гарсан байсан. Тэгээд танай хүү О чинь намайг нэг удаа цохисон би согтуу байсан учраас хажуу тийшээ харуулдаж унахдаа мөрөө эвгүй болгосон юм шиг байна гэж надад хэлж байсан. Тэгээд удалгүй О гаднаас гэртээ орж ирсэн эхнэр бид хоёр яагаад чи хөгшин хүн зодож байгаа юм гэсэн чинь С ах чи гацаа Лгийн хүү юу гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
       
        Шинжээчийн 2019 оны 01-р сарын 15-ны өдрийн 02/057 дугаартай: “...Ж.Сийн биед баруун атгаал ясны зөрүүтэй далд хугарал, нүүрний зулгаралт, баруун гарын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Ж.Сийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Ж.Сийн биед учирсан баруун атгаал ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 01-р сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Сийн эрх чөлөөнд халдаж, зүүн шанаанд гараараа цохисны улмаас хохирогч газарт унаж баруун атгаал ясны зөрүүтэй далд хугарал, нүүрний зулгаралт, баруун гарын зулгаралт гэмтэл учирч шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд: “…С ахтай таарсан. Тэгээд гацаа Лгийн хүүхэд үү гээд хэл амаар доромжлоод байхаар нь та зүгээр яв гээд түлхсэн. Тэгээд гар нь эвгүй болоод нүүр нь шалбарсан байсан...” гэж мэдүүлсэн ба энэ нь гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн үед манай гудамжинд гэр нь байдаг С ах манай хүүгийн найз Утэй хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд С ах танай хүүхэд намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд хартал хамар нь шалбарч цус гарсан, дух нь шалбарч цус гарсан байдалтай байсан. Миний мөр жоохон эвгүй болсон байна гэж хэлж байсан... Манай хүүгийн найз У надад хэлэхдээ Э нь С ахыг цохиж унагаасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Н.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой гэртээ байж байсан чинь манай гудамжинд гэр нь байдаг С манай хүүгийн найз Угийн хамтаар манай гэрт орж ирсэн. Тэгээд харсан чинь хамар нь шалбарсан дух хэсэгт нь бас жоохон шалбарсан байсан мөн цус гарсан байсан. Тэгээд танай хүү О чинь намайг нэг удаа цохисон би согтуу байсан учраас хажуу тийшээ харуулдаж унахдаа мөрөө эвгүй болгосон юм шиг байна гэж надад хэлж байсан. Тэгээд удалгүй О гаднаас гэртээ орж ирсэн эхнэр бид хоёр яагаад чи хөгшин хүн зодож байгаа юм гэсэн чинь С ах чи гацаа Лгийн хүү юу гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид хоёр С ахыг хүргэж өгөхөөр гэр рүү нь явсан…Э С ахын... зүүн талын шанааны хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. С гуай согтуу байсан учраас баруун мөрөөрөө газарт унасан. Тэгээд босож ирээд миний мөр эвгүй болчихлоо гэж хэлж байсан... С ахыг нэг л удаа Э нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, хохирогч Ж.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Эыг манай гудманд байдаг Лгийн хүү л гэж мэдэхээс биш, Лг гацаа гэж мэдэхгүй. Тийм болохоор гацаа гэсэн зүйл ердөө ч яриагүй. Э нь намайг шууд зүүн шанаанд гараараа цохисноос би газар унаж гараа гэмтээсэн. Одоо ч шохойтойгоо явж байна...” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

           Иймд шүүгдэгч З овогт Лын Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ж.С шүүх хуралдаанд: “...би Дорноговь аймгийн “Хүлэг ган” ХХК-д өөрийн машинаар такси үйлчилгээнд явж өдөрт дунджаар 20000 төгрөгийн ашиг олдог байсан. Татварт улиралдаа 15000 төгрөг төлдөг ба оны эхэнд би бүтэн жилээр нь төлчихдөг юм. Тэгэхгүй болохоор цагдаа зогсоож шалгаад, татвар төлөөгүй бол явуулдаггүй юм...” гэж мэдүүлсэн, түүний такси үйлчилгээ эрхэлдэг, сарын дундаж орлого 600000 төгрөг болохыг “Хүлэг ган” ХХК-ийн захирал Д.Адъяадорж тодорхойлж 2019 оны 01-р сарын 20-ны өдөр 02 дугаар албан тоот ирүүлсэн нь хавтаст хэргийн 54 дүгээр хуудаст авагдсан байна. Мөн хавтаст хэргийн 53 дугаар хуудаст хохирогч Ж.С нь “Хүлэг ган” такси компаний жолооч мөн болох, 2018-2019 оны татвар төлсөн талаар нотлох баримт авагдсан байна. Эдгээр нотлох баримтыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд шинжлэн судлахад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улиралд төлсөн 15000 төгрөгийн татвар нь “Хүлэг ган” такси компаний үйл ажиллагаанд төлөөд байгаа, эсхүл улсын татварт төлөөд байгаа нь тодорхойгүй, эргэлзээтэй байна” гэсэн атлаа үгүйсгэж байгаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, няцаалт хийгээгүй бөгөөд шүүгдэгчийн энэ талаар шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэсэн мэдүүлэг, шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргийг үнэлж, шүүх хуралдаанд хохирогчийн нэхэмжилсэн 3 сар 10 хоногийн олох ёстой байсан орлого 2000000 төгрөг нэхэмжилнэ гэснийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангах нь зүйтэй гэж үзсэн болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байна.

Талууд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх талаар санал зөрөөгүй, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хэдий ч, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З овогт Лын Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
й
           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Шүүгдэгч Л.Эт оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

           6.Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эоос 2000000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Сид олгосугай.
 
           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.С нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 
                                       ДАРГАЛАГЧ                      Н.АДЪЯА