| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2023/06034/И |
| Дугаар | 210/МА2025/02184 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02184
2025 12 17 210/МА2025/02184
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08117 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Иргэн *******, түүний эхнэр ******* нар нь өөрсдийн өмчлөл, эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *******ийн гудамж Цагдаагийн Ерөнхий газрын ******* дүгээр ангийн зүүн талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2003 онд Тээвэр хөгжлийн банканд зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлж чадаагүй тул 2008 онд шүүхийн шийдвэрээр хураагдаж Тээвэр хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн байсан. Миний бие тус үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдаж авсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын *******0 оны 03 сарын 02-ны өдрийн 61 дугаар захирамжаар өмнө эзэмшиж байсан газартай хамтатгаж 800 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон.
1.2. ******* нь *******3 онд нас барсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч ******* нь *******4 оны 08 сарын 25-ны өдөр *******д ******* тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо тухайн өвлөж буй газрын эрх нь хэний эзэмшилд байгаа, газар эзэмшигч солигдсон эсэх, газар эзэмших эрхийн хугацаа хүчинтэй эсэх, талийгаач тухайн хаягтаа албан ёсны бүртгэлтэй болон амьдарч байсан эсэх, өв хүлээн авах баримт бичиг нь хүчинтэй, үнэн зөв эсэх, ******* нь өвлөж авах эрхтэй эсэх зэргийг нягтлан шалгах үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.
*******д олгосон ******* тоот өвлөх эрхийн гэрчилгээнд Өмчийн харилцааны газрын даргын *******3 оны 06 сарын 18-ны өдрийн А/28 тушаалтай, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 03 сарын 06-ны өдрийн А/28 шийдвэртэй 500 м.кв газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хаяг байршилтай гэж бичигдсэн.
Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9, 8.2.11-т заасныг тус тус үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах нь нотариатчийн эрх бөгөөд үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах үүргээ зөрчсөн. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх нь *******ийн үүрэг бөгөөд газар эзэмших эрхийн хувьд маргаантай байгаа талаар нотариатчид мэдэгдэх үүрэгтэй.
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д нотариатчийн гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх нь нотариатын чиг үүрэг байх тул маргаантай байгаа газрыг эрхийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэл хууль бус байсан нь тогтоогдож байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч *******гийн олгосон *******4 оны 08 сарын 25-ны өдрийн ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 03 сарын 06-ны өдрийн 18А/28 шийдвэр гэж уг гэрчилгээний арын нүүрэнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 03 сарын 6-ны өдрийн А/28 шийдвэртэй 500 м.кв газар эзэмших эрхийг гэж өөр өөр бичсэн мөн эргэлзээтэй байх ба дээрх шийдвэрүүдийг эх хувиар нь нягталж шалгаж энэхүү өвлөх гэрчилгээг олгосон эсэх нь эргэлзээтэй байна
Энэхүү нотариатчийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас *******а миний хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашиг маш их зөрчигдөж байх тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, өвлөх эрхийн гэрчилгээний талаар архиваас баримт бичиг шаардлагатай байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ийн аав ******* нас барсан. *******, ******* нар гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ******* нь төрсөн ганц хүүхэд. Өвлөх эрхийн өөр хүсэлт гаргасан хүн байгаа эсэхийг шалгасан. *******ад 2001 оны 03 сарын 06-ны өдрийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 500 м.кв газар олгогдож, *******3 онд газар эзэмшүүлэх нөхөн олгосон, бөгөөд уг тушаал хүчинтэй байдаг. Уг захирамжийн 15-д заасныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.
Мөн газрын давхцалгүй гэдэг нь кадастрын зураг дээр харагдана. *******гийн эзэмшдэг газар банкинд хураагдсан бөгөөд *******ын газар хураагдаагүй болох нь Газрын албаны даргын тушаал болон кадастрын зургаар нотлогдоно. Газар эзэмших эрх баталгаажуулсан захирамжаар *******ад 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр дахин гэрээ хийсэн. Эдгээрийг үндэслээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь *******ын маргаж байгаа асуудалд хамааралгүй.
Банкнаас авсан нэхэмжлэгчийн газар нь *******ийн газартай давхцал байхгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******ын эзэмшил газрыг анх ******* 1997 онд Нийслэлийн Засаг даргын А/183 дугаартай захирамжаар 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх үүсэж байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 457 дугаартай захирамжаар *******гийн нэр дээр 5 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх дахин олгогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийн дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж 29 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Тээвэр хөгжлийн банк болсон. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 сарын 14-ны өдрийн 107 дугаартай захирамжаар тус үл хөдлөх эд хөрөнгө байрлах 500 м.кв газрын эзэмших эрх нь *******гаас Тээвэр хөгжлийн банк руу шилжсэн. *******а нь 550 м.кв газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын *******1 оны 02 сарын 07-ны өдрийн 51 дугаартай захирамжаар 800 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх олгосон. Мөн Засаг даргын *******6 оны 03 сарын 22-ны өдрийн А/97 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан. Нэхэмжлэгч *******ын 550 м.кв газар нь Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд нэгж талбарын дугаартайгаар, 800 м.кв газар *******2 онд нь Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд нэгж талбарын дугаартайгаар тус тус бүртгэгдсэн.
3.2. Нэхэмжлэгч *******ын маргаж буй гуравдагч этгээд *******д өв залгамжлалын журмаар өвлөгдөж ирсэн 500 м.кв газар нь анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/183 дугаартай захирамжаар *******ад амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон. 2002 оны 12 сарын 31-ний өдрийн 565 дугаартай, 2008 оны 188 дугаартай захирамжуудаар газар эзэмших эрхийн хугацааг тухай бүр сунгаж баталгаажуулжээ. *******ын эзэмшил дэх 500 м.кв газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 805 дугаар анги, 11 дүгээр гудамж хаягт бүртгэлтэй бөгөөд тэрээр 1997 оны 05 сараас нас барах хүртлээ буюу *******3 оны 08 сарын 17-ны өдрийг хүртэл тус хаягт оршин сууж амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
*******ын эзэмшлийн 500 м.кв газар нь 2008 онд Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд дугаартай бүртгэгдсэн бөгөөд эзэмших эрх үүссэнээс хойш газрын хэмжээ, байршил болон эзэмшигчийн нэр өөрчлөгдөөгүй.
Дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл *******, *******а нарын эзэмшил дэх газрууд нь хэмжээ байршлын хувьд өөрөөр, харилцан давхцалгүй бөгөөд тус бүрдээ газрын кадастрын нэгдсэн бүртгэлд нэгж талбарын өөр өөр дугаараар бүртгэгдэж баталгаажсан болох нь тогтоогдож байна.
3.3. *******ын газар нь *******ын газартай хойд хэсгээр залгаа буюу зэрэгцэж байрласан бөгөөд дүүргийн Засаг даргын *******1 оны 51 дугаартай захирамжаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ хойд тал руугаа буюу иргэн *******ын эзэмшил газартай бүхэлд нь давхцуулан 800 м.кв болгон нэмэгдүүлж, нэгж талбарын дугаар олгогдсон болохыг Барилга хот байгуулалтын яамны харьяа Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
*******ийн өвлөн авсан 500 м.кв газар нь нэхэмжлэгч *******ын маргаж буй газартай хамааралгүй, нотариатч *******гийн зүгээс дээрх байдлыг үнэн бодитой дүгнэж, өв залгамжлах хүсэлтийг хүлээн авч Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч *******гийн *******4 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн *******д олгосон ******* дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй. Мөн хэргийн үйл баримтыг тодруулалгүйгээр зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцээгүй гэж үзэж байна.
5.1. *******а нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрийн газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч *******гийн олгосон *******4 оны 08 сарын 25-ны өдрийн ******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас гаргуулсан. Дээрх баримтад өв хүлээн авагч С.Гансэлэмд өгсөн ******* тоот гэрчилгээнээс өөрөөр үйлдэгдсэн буюу 2 өөр утга, агуулга бичиглэлтэй өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан.
5.2. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9, 8.2.11-т заасныг тус тус үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу нотариатч ******* нь *******д өвлүүлж буй газрын гэрчилгээнд нэгж талбарын дугааргүй, газар эзэмших хугацаа дууссан эсэх, ямар нэгэн маргаантай эсэх, өөр этгээдэд шилжсэн эсэх зэрэг эргэлзээтэй байхад холбогдох байгууллагаас лавлагаа авах, цахим санг ашиглах, баримт бичгийг хянаж нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
5.3. *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээг ашиглан иргэн *******а миний хуулийн дагуу шударгаар газар эзэмших эрх, үйл ажиллагаанд хууль бусаар халдсан. Мөн Иргэний болон Захиргааны хэргийн шүүх, Нийслэл газар зохион байгуулалтын алба болон холбогдох төр захиргааны байгууллагад үндэслэлгүйгээр гомдол гаргаж, үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг удаа дараа гаргаж, хохироож байгаад гомдолтой байна.
Тухайн өвлөж авч буй газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2004 онд Тээвэр хөгжлийн банкны барьцаанд хураагдаж, шүүхийн шийдвэрээр банкны эзэмшилд шилжин үүнээс хойш иргэн *******а эзэмшиж газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нураан барилга барихаар газар шорооны ажил эхлүүлж байсныг мэдэж байсан. Мөн *******ийн эх ******* нь бусдад хууль бусаар шилжүүлж улмаар шүүхээс хүчингүй болгосон. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх нь нотариатын чиг үүрэг байх тул маргаантай байгаа газрын эрхийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэл хууль бус байсан нь тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн бол нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчигдсөн гэж үзэж анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан нь ойлгомжгүй. Би Нотариатын болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.
Газрын эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй гэдэг нь газрын гэрчилгээг гээгдүүлсэн учраас дүүргийн Засаг дарга, Өмчийн харилцааны газар нөхөн олгох шийдвэрийг гаргасан. Нас барсан иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогддоггүй учраас тухайн өвлөгдөх этгээдэд өвийг бичсэний дараа олгох зарчмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээг бичсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болох эсэх асуудалд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, тодруулах, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдааны явцад болон шүүхийн шийдвэрт хэрхэн тусгаж үнэлэх эсэх нь шүүхийн онцгой бүрэн эрхийн асуудал байна. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшил, хуулийн зүйн үндэслэлд энэ тэнцүү дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгодог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн бүрэн эрхэд халдах, нөлөөлөх боломжгүй.
7.2. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ын газар эзэмших эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 1997 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн *******а, *******, ******* гэж 3 тусдаа газар эзэмшигч байдаг.
*******ын Тээвэр хөгжлийн банкнаас худалдаж авсан 550 м.кв газрыг *******1 онд 800 м.кв болгоход *******ын газартай бүхэлдээ давхацсан талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2 удаагийн хүчин төгөлдөр шийдвэр, Геодези зураг зүйн хүрээлэнгээс гаргасан 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан нотлох баримтуудаар *******, *******а нарын газар нь эрхийн хувьд тусдаа, *******1 оны 54 дүгээр захирамжаар *******ын эзэмшил газрыг нэмэгдүүлэхдээ *******ын газартай бүхэлдээ давхацсан байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдөж байгаа эд хөрөнгө буюу эрх нь газар эзэмших эрх учраас дээрх үйл баримтуудыг дурдах зайлшгүй шаардлагатай байсан. *******ээс гаргаж өгсөн өвлөх эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээ нь утга агуулгын хувьд зөрүүтэй зүйл байхгүй. *******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээнд нотариат нэмэлт бичиглэл хийсэн. Өөрөөр хэлбэл нотариатч нь тухайн өвлөх эрхийн гэрчилгээг анх олгохдоо захиргааны акт нь газар эзэмших эрхийг баталгаажуулж газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэл болгосон. Уг гэрчилгээг үндэслэн газрын албанд хандахад дахин газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамжийг нэмэлтээр бичүүлэх шаардлага тавьсан. Үүний дагуу нотариатч нь газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамжийг нэмэлтээр бичиглэл хийж тэмдэглэлд тусгасан. Энэ нь нотариатчийн үйлдлийг буруутгах үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******д холбогдуулан *******4 оны 08 сарын 25-ны өдрийн ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...нотариатын үйлдлийг зохих хууль зааврын дагуу хийсэн ...” гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримтлах журмыг тус тус зохицуулсан.
4.1. Хэргийн 2 дахь хавтасны 53-69 дэх талд нотариатч *******гийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо үндэслэл болгосон баримт бичиг, бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн нотлох баримтууд авагдсан байна.
4.2. Уг нотлох баримтуудаар, хариуцагч буюу нотариатч ******* нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-д “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”-ийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасныг зөрчиж, гуравдагч этгээд *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна.
Учир нь, хариуцагч ******* нь “Өмчийн харилцааны газрын даргын *******3 оны 06 сарын 18-ны өдрийн А/281 дугаартай тушаалыг үндэслэн *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
Өмчийн харилцааны газрын даргын *******3 оны 06 сарын 18-ны өдрийн А/281 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай” тушаалаар Нийслэлийн Засаг дарга болон Дүүргийн Засаг дарга нарын захирамжаар газар эзэмших эрх үүссэн иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлснийг нотолсон холбогдох бичиг баримтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд тушаалын 15-д “2008 оны 06 сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжийг үндэслэн иргэн овогтой олгосон 3012/0143 тоот гэрчилгээ” гэсэн байна. Харин уг тушаалд иргэн *******ад газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгосон тухай тусгагдаагүй байна.
Иймээс хариуцагч ******* нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэж үзнэ.
4.3. Гэхдээ дээрх нотариатын үйлдэл нь нэхэмжлэгч *******ын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан.
4.4. Хэрэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2002 оны 12 сарын 31-ний өдрийн 565 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар *******ад Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 805 дугаар анги, хаягт байрлах, 500 м.кв газрыг ашиглах эрх олгосон тухай /хх82, 84-87, 88-90/
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар *******ад “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн эзэмшилд байсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон 1 гудамж, хаягт байрлах 550 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон, мөн дүүргийн Засаг даргын *******0 оны 03 сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамж, *******1 оны 02 сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар тус тус *******ын эзэмшлийн газрын хэмжээг 800 м.кв болгон нэмэгдүүлж, уг газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгох тухай нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан байна. /1хх94-97, 99-107/
4.5. Талийгаач *******ын эзэмшиж байсан 500 м.кв газар нь нэгж талбарын дугаартай бол харин *******ад анх олгогдсон 550 м.кв газар нь нэгж талбарын дугаартай хил залгаа, давхцалгүй тухай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 2022/05 дугаартай дүгнэлтэд тусгагдсан. /1хх61-64/
Мөн шинжээчийн дүгнэлтийн 4-т “иргэн *******ад Баянзүрх дүүргийн Засаг даргын *******1 оны 51 дүгээр захирамжаар 800 м.кв талбайтайгаар нэмэгдүүлэн олгосон газар нь *******2 оны 02 сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын дугаартай 800 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байх бөгөөд иргэн *******ын нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай газартай давхцуулан үзэхэд бүхэлдээ давхцалтай байна” гэжээ.
4.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******7 оны 06 сарын 05-ны өдрийн 0436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******7 оны 09 сарын 06-ны өдрийн 0636 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******7 оны 11 сарын 13-ны өдрийн 462 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 сарын 03-ны өдрийн 162, *******1 оны 02 сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх197-200, *******-203, 204-211/
Эдгээр нотлох баримтуудыг нотариатч *******гийн үйлдэл нь нэхэмжлэгч *******ын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08117 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД