| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0055/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн .. гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эгч Н.Мыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн галын дэгээ төмрөөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр эгч Н.Мыг өглөө 09 цагийн үед ямааны 2 ширхэг толгойн арьс хуулаадах чанаж идье гэж хэлсэн. Би тэрлэг оёж байсан. Тэгээд би орой 17 цагийн үед ямааны толгойн арьсаа хуулж дууссан юм уу гэж асуухад дуусаж байна гэж хэлсэн. Харахад нэгийг нь хуулж дуусаагүй байхаар нь дууссан гэж хэлсэн яасан бэ гэж хэлээд загнаад уурлаад галын дэгээгээр цохьсон. Миний буруу, ойлгож байна ... гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хатанбулаг сумын Сулин багийн нутаг дэвсгэр хөдөө гэртээ өөрийн төрсөн дүү Н.Нд зодуулсан. Намайг гэртээ зүгээр байж байхад Н зодсон... Н миний дал, мөр, гуя, толгой руу галын дэгээгээр цохиж толгой 2 хагарсан. Дал, мөр, гуя хөхөрч няцарсан, тохой гарын бугуй орчмоор хавдсан. Н намайг зодоод байхаар нь би гэрээсээ явган гүйж гараад чанх урагшаа явж байхад манай нутгийн Цогт мотоцикпьтой явж таараад намайг багийн төв рүү хүргэж өгсөн... Тухайн үед эмнэлэгт ирэхэд дал, мөр гуя хавдаж хөхөрсөн, зүүн гар хавдсан, толгой 2 газар хагарсан байсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой ...Н гэх айлд 18 цагийн орчимд байх ямар ч байсан нар шингэж байхад очсон юм. Тэднийд очиход М гэх эмэгтэй Н 2 хүүхдийн хамт байж байсан юм. Тэгээд надтай хамт явж байсан Т гэх залууг гадаа гарахад нь М гэх эмэгтэй манай дүү Бийнд хүргэж аль гэж гуйсан юм байна лээ. Би мэдээгүй тэгээд явах гээд хөдлөхөд Т хэлэхдээ М гэх эмэгтэйг аваад явъя намайг хүргээд өгчих гээд гуйгаад байна гэж хэлсэн. Тэгээд хаана байгаа юм бэ гэхэд Мыг замаар алхаж байгаа гэж хэлсэн. Тэгээд хойноос нь очиж авахад М гэх эмэгтэйн нүүр ам нь цус болсон гар хуруу нь хөлдсөн байдалтай, зүүн гар нь хөдөлж чадахгүй хавдартай харагдсан. Тэгээд би өрөвдөөд дүүгийнд нь хүргэж өгье гээд мотоциклийн ард байсан үстэй дээлийг өмсгөөд хөдөлсөн... Намайг харахад Мын нүүр нь цус болсон юм шиг харагдсан. Тэгэхээр нь би нүүрээ яасан юм бэ гэж асуухад өнхөрч унаад ингэсэн юм зүгээр зүгээр гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гэх айлд мотоциклийн дугуйны хий суларлаа гээд буусан юм. Тэгээд айлд ороход М гэх эмэгтэй Н хоёр хүүхдийн хамт байж байсан юм. Тэгээд би сууж байгаад бие засах гээд гартал М гэх эмэгтэй хойноос гарч ирээд надад хэлэхдээ миний дүү чамаас нэг юм гуйя намайг айл руу хүргээд өгчих манай дүү Н намайг зодоод тархи толгой хагалчихлаа зодож алах нь гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье, тэгье Б ахыг гараад ирэхээр аваад явъя гэхэд М гэх эмэгтэй тэгвэл би зам дагаад алхаж байя гэсэн юм. Тэгээд би Б ахыг гарч ирэхээр нь энэ тухай хэлээд М эгчийг аваад Сулинхээр багийн төв орсон. Тэнд очиход мал авч байгаа А гэх залуу эхнэрийнхээ хамт байж байсан тэр хүмүүс М эгчийг хараад энэ хүнд чинь эмнэлэг дуудаж үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд А гэх хүний эхнэр нь М эгчийн толгой цус болсон хэсгийг арчиж өгсөн... Мын толгой хагарсан, нүүр ам нь урагдсан байдалтай, зүүн гараа хөдөлгөж чадахгүй байгаа бололтой байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Намайг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн орой Сулин хээр багийн төв дээр байж байхад 19 цагийн орчимд Б, Т гэх хоёр залуу нэг эмэгтэйг авчирсан юм. Тэгээд тэр эмэгтэйг харахад зодуулсан байдалтай толгой нь хагарч цус гарсан. Зүүн гар нь хөхөрч хавдсан, нуруу хэсэгтээ хөхөрч хавдсан гарын хуруунууд нь хөхөрч хөлдсөн байдалтай байсан. Тэгээд манай эхнэр А.Э хэлэхдээ энэ эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гээд Хатанбулаг сумын эмнэлэгт дуудлага өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч У.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.М нь толгойн дагзны баруун хэсэгт язарсан шархтай зүүн тохойн хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан шархтай, нурууны хэсгээр хавдаж хөхөрч улайсан, гар хурууны үзүүрүүд нь хөлдөж үхэжсэн байдалтай байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус дуудлагад очиж иргэн Мын биед үзлэг хийж ажилласан. Тэр үед Н.Мын толгойн духны зүүн дээд хэсэгт 1 хагархай хэмжээ нь 2 см урттай, толгойн баруун ар талд 1 хагархай хэмжээ нь 1 см орчим хагархайтай цус гарч, бага зэрэг хатсан байсан, мөн зүүн гарын тохойн хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан шархтай, нуруу хэсэгтээ юмаар цохиулж хавдаж хөхөрсөн байдалтай, гарын хуруунууд хөлдөж хөхөрсөн, нүүрэнд духны хэсэгтээ шалбарч урагдсан тэр нь хатсан байсан..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 22 дугаар хуудас/,
Шинжээчийн ...дугаартай: “...Н.Мын биед гэмтэл учирсан байна. Н.Мын биед дух, дагз, баруун чихний дээд хэсэг, зүүн гарын тохойн шарх, баруун зүүн дал, зүүн тохойн цус хуралт, баруун, зүүн дал, зүүн тохой, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь учрах үедээ хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Н.Мын биед учирсан дух, дагз, баруун чихний дээд хэсэг, зүүн гарын тохойн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн дал, зүүн тохойн цус хуралт, баруун, зүүн дал, зүүн тохой, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.Мын 2 гарын хурууны үзүүр хөлдөж харласан зүүн хөлийн эрхий хурууны үзүүр харласан байдал нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32- 33 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын ... дугаартай: “...Н.М нь оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Н.Мын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Н.М өөрийн сэтгэцийн түвшинд үзсэн харсан, сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/,
Аюулын зэргийн болон Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 52-62 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-85 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн .. гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эгч Н.Мыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн галын дэгээ төмрөөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эгч Н.Мыг ...загнаад уурлаад галын дэгээгээр цохьсон ... гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Намайг гэртээ зүгээр байж байхад Н зодсон... Н миний дал мөр, гуя, толгой руу галын дэгээгээр цохиж толгой 2 хагарсан.... Тухайн үед эмнэлэгт ирэхэд дал, мөр гуя хавдаж хөхөрсөн, зүүн гар хавдсан, толгой 2 газар хагарсан байсан...“ гэсэн мэдүүлэг, гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэх эмэгтэйн нүүр ам нь цус болсон гар хуруу нь хөлдсөн байдалтай, зүүн гар нь хөдөлж чадахгүй хавдартай харагдсан. Тэгээд би өрөвдөөд дүүгийнд нь хүргэж өгье гээд мотоциклийн ард байсан үстэй дээлийг өмсгөөд хөдөлсөн... Намайг харахад Мын нүүр нь цус болсон юм шиг харагдсан. Тэгэхээр нь би нүүрээ яасан юм бэ гэж асуухад өнхөрч унаад ингэсэн юм зүгээр зүгээр гээд байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү Н намайг зодоод тархи толгой хагалчихлаа зодож алах нь гэж хэлсэн. ...Тэгээд би Б ахыг гарч ирэхээр нь энэ тухай хэлээд М эгчийг аваад Сулинхээр багийн төв орсон.... Мын толгой хагарсан, нүүр ам нь урагдсан байдалтай, зүүн гараа хөдөлгөж чадахгүй байгаа бололтой байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....эмэгтэйг харахад зодуулсан байдалтай толгой нь хагарч цус гарсан, зүүн гар нь хөхөрч хавдсан, нуруу хэсэгтээ хөхөрч хавдсан гарын хуруунууд нь хөхөрч хөлдсөн байдалтай байсан. Тэгээд манай эхнэр А.Э хэлэхдээ энэ эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гээд Хатанбулаг сумын эмнэлэгт дуудлага өгсөн юм..." гэсэн мэдүүлэг, гэрч У.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.М нь толгойн дагзны баруун хэсэгт язарсан шархтай зүүн тохойн хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан шархтай, нурууны хэсгээр хавдаж хөхөрч улайсан, гар хурууны үзүүрүүд нь хөлдөж үхэжсэн байдалтай байсан... “ гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус дуудлагад очиж иргэн Мын биед үзлэг хийж ажилласан. Тэр үед Н.Мын толгойн духны зүүн дээд хэсэгт 1 хагархай хэмжээ нь 2 см урттай, толгойн баруун ар талд 1 хагархай хэмжээ нь 1 см орчим хагархайтай цус гарч, бага зэрэг хатсан байсан, мөн зүүн гарын тохойн хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан шархтай, нуруу хэсэгтээ юмаар цохиулж хавдаж хөхөрсөн байдалтай, гарын хуруунууд хөлдөж хөхөрсөн, нүүрэнд духны хэсэгтээ шалбарч урагдсан тэр нь хатсан байсан..." гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын ... дугаартай дүгнэлт, Аюулын зэргийн болон Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Н.Нд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Хохирогч Н.М нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий сэтгэцийн өвчтэй болох нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьдаа 25 толгой бог малтай,өөр орлогогүй, ам бүл 7-уул амьдардаг болох нь багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул торгох ялын 600000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх бололцоогүй нөхцөл байдлыг харгалзан хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 85-р тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмөрийг устгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н. Н.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.ийг 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.д 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Н. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН