Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 27

 

 

 


                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Ө.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Юын Ут холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1992 оны ...-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ....  ажилтай, ам бүл 2, эмээтэйгээ Дорноговь аймгийн .... сумын …-р баг 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Юын У,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.У нь 2018 оны 12-р сарын 21-нээс 2018 оны 12-р сарын 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг 60 гэрийн 3-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Дын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ө.У шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

    Шүүгдэгч Ө.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна... Д эгч П /М/ ахыг алгадах шиг болсон. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур нь орж салгаад “Та ер нь П /М/ ахыг дандаа загнаж дарамталж байх юмаа” гэж хэлээд архины халуунд уурандаа хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Би энэ үед нилээн уучихсан байсан учраас ухаан санаа орж гараад тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн санахгүй байна. Ямар ч байсан уурлаад нэг өшиглөснөө санаад байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/

     Хохирогч М.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэх залуу над руу агсраад “Чи миний ахыг дарамталсан, чамайг миний ах тоохгүй байхад араас нь чи гүйлээ, банзал муу гичий минь, муу янхан минь” гэж доромжилж байснаа зүүн хөлөөрөө миний зүүн хөл рүү маш хүчтэй 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө авгай нөхөр хоёрыг дуудаж сэрээгээд “Энэ чинь ингээд байна” гээд хэлтэл авгай нь “Чи эмэгтэй хүн зодохоо болиоч ээ” гээд Б гэх залууд хэлтэл Б тэр хүүхний үгийг тоогоогүй. Над руу дайраад байсан. Тэгсэн Б гэх залуу сүүлдээ 120 литрийн усны савны таглаагаар миний нүүр рүү 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

     Гэрч З.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүүлд нь бид нарыг Бын гэрт ирчихсэн байж байхад Д 23 цагийн үед Бын гэрт зүүн хөлөө чирээд цагдаагийн машинтай хүрээд ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Д надад “хүрэн савхитай залуу буюу Б, П хоёр намайг зодчихсон би гомдолтой байна” гэж хэлээд П ахыг ганцааранг нь надтай хамт цагдаа руу аваад явсан... Зүүн хөлөө чирчихсэн л байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
   
     Гэрч А.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 2 цагийн орчимд манай эмээ Ц над руу залгаад Д эгчийг чинь хамт явж байгаа хүн нь зодчихлоо гэхээр нь би эмээ дээр очоод ах Бтэй уулзаад бид хоёр ард 51 засварын газрын хойд талд очсон чинь Д эгч гудамжинд зогсож байхаар нь яваад очсон чинь зүүн талын хөл нь хазганасан, зүүн талын хацар нь халцарсан байхаар нь асуусан чинь М дүү нартайгаа ирээд намайг ийм болгочихлоо гэсэн. Тэгэхээр нь Д эгчээр заалгаад баруун талын хашаанд гэр байхаар нь Б ах бид хоёр ороод Мыг аваад цагдаа дээр ирээд хүлээлгэж өгчихөөд, Д эгчийг эмнэлэг рүү аваад явсан... Д эгч зүүн талын хөлөн дээрээ хазганаж байсан... Мөн хацар нь жоохон халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

          Шинжээчийн 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 02/028 дугаартай: “...М.Дын биед зүүн хөлний өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.У нь 2018 оны 12-р сарын 21-нээс 2018 оны 12-р сарын 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг 60 гэрийн 3-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Дын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Ц овогт Юын Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

           Хохирогч М.Дд гэмт хэргийн улмаас 30941 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Ө.У төлж барагдуулаагүй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Уаас 30941 төгрөгийг гаргуулж хохирогч М.Дд олгосугай.

 Хавтаст хэргийн 14-р хуудаст хохирогч М.Д нь “...800000 төгрөг хангалттай байгаа юм. Тэрнээс Ө.У 281178 төгрөгийг нь тушаасан... 518822 төгрөгийг нэхэмжилж байна... 2019 оны 03-р сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж хэлж байсан. Би тэрийг нь зөвшөөрсөн ...” гэсэн байх тул шүүгдэгч Ө.У нь  хохирогчид 518822 төгрөг төлөхөөр хохирогчтой эвлэрсэн болохыг дурдах  зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт Юын Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Уаас 30941 /гучин мянга есэн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Дд олгосугай.

6.Шүүгдэгч Ө.У нь хохирогчид 518822 төгрөг төлөхөөр хохирогчтой эвлэрсэн болохыг дурдсугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 
                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА