| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/07160/И |
| Дугаар | 210/МА2025/02180 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02180
2025 12 17 210/МА2025/02180
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/08573 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ь, ******* нарт холбогдох
Хариуцагч *******, *******ь нараас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч *******-аас 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 79,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* миний төрсөн дүү ******* нь 2023 оны 07 сард Дорноговь аймгийн ******* суманд байрлах *******-ийн уурхайд малтагчаар ажилд орсон. ******* 2023 оны 09 сарын 02-ны өглөөний 07 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн ******* суманд байрлах *******-ийн уурхайд малтагчаар ажиллаж, өглөө ажлаасаа бууж уурхайгаас дээш гарч ирдэг 45м цооногоор дээшээ гараад тавцангаас буух явцад ямар ч аюулгүй ажиллагаа хангаагүй тавцан нь хэвийн байдлаар ажиллахгүй байсны улмаас доошоо буцаж унаад нас барсан болох нь тогтоогдсон.
Хариуцагч *******ь нь аюулгүй ажиллагаа хангаагүйн улмаас 42 настай ******* нас барсан болох нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй. Түүний гэм буруутай үйлдлээс болж миний дүү ******* нас барсныг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д зааснаар сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
1.2. Хамтран хариуцагч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран ажил олгогч нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор олгох байсан боловч уг үүргээ биелүүлээгүй. Ослын улмаас амь хохирогч ******* нь тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, өдрийн 100,000 төгрөгийн цалин хөлс авч байсан.
Иймд хариуцагч *******-аас нөхөн төлбөрт 79,200,000 төгрөг, хариуцагч *******ь, хариуцагч ******* нараас сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Тухайн үед *******ь нь заавар зааварчилгаа өгөх ёстой хүн байсан. Эрүүгийн хэрэгт энэ компанийг хариуцагчаар татаагүй, ганцхан *******ьт шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн зүгээс оршуулгын зардалд 9,148,000 төгрөгийг нөхөж төлсөн.
Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай тогтоолоор нэгдүгээрт хохирогчтой байнга хамтарч амьдарч байсан хүн сэтгэл санааны хүнд байдалд орно. Өөрөөр хэлбэл хамт амьдарч байсан эхнэр, хүүхэд хамт байсан хүмүүс, хамт байсан хүнээ алдахаар сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөл байдал үүсэж, сэтгэцэд хохирол учирч болно. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирол гуравдугаар зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан. Тухайн үед 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан, үүнийгээ хохирлын 13 дахин нэмэгдүүлж, үржүүлээд үзэхээр 7,150,000 төгрөг гарч байна. Сэтгэцэд учирсан хохирлын дээд талын хэм хэмжээ нь 22,99 хувиас хэтрэхгүй гэх санааг илэрхийлж байна. Мөн дээд талын хэмжээг 550,000 төгрөгөөр үржүүлэхэд сэтгэцэд учирсан хохирол 12,644,500 төгрөг гэж гарч байна. Улсын Дээд шүүхээс хохирогчийн бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж 7,150,000 төгрөгөөс 12,644,500 төгрөг хүртэлх хохирлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байхад яаж 99,000,000 төгрөгөөр тооцож гаргуулах гэж байгааг ойлгохгүй байна.
2.2. *******ь нь бага насны 2 хүүхэдтэй, ажил хийдэг учраас өөрийн чадах хэмжээгээрээ мөнгийг төлсөн. Шүүхийн шийдвэр гэрчийн мэдүүлгийг уншихад хохирогч тухайн үед илүү цагаар ажилладаг, ажилдаа явахаараа хоол, цай идэж уудаггүй, ядарсан байдалтай ирдэг байсан. Ядарч байна гэж хэлээд ажлаа үргэлжлүүлж хийхгүй байх бололцоо байсан.
Уг нөхцөл байдлыг харгалзан үзэж доод хэмжээгээр нь тогтоож, компанитай хувааж төлүүлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Компанийн тухайд хариуцагч *******ьтай 2023 оны 05 сарын 01-ний өдөр ХГ202300 хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр Дорноговь аймгийн Өмнө бага чулуу гэх газарт байрлаж, жоншны уурхайн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Осол 2023 оны 09 сард гарсан. ******* нь *******ьтай хөдөлмөрийн харилцаанд орсон гэх утгаараа ганцхан *******ь шүүгдэгчээр татагдсан бөгөөд эрүүгийн хэрэгт компанийг хариуцагчаар татаагүй. Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолд заасны дагуу сэтгэл санааны хохирлын гуравдугаар зэрэг олгогдохоор байгаа тул хамтран хариуцахад татгалзах зүйл байхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар үйлдвэрийн осол гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үйлдвэрийн ослын актаар баталгаажсан байгаа учраас компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон амь хохирогчид хуульд заасны дагуу 36 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний нөхөн олговор олгох үүргийг хуулиар хүлээлгэсэн байгаа учраас тооцооллыг үндэслэлтэй зөв гаргаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
Хохирогч 2023 оны 07 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн оны 09 сарын 01-ний өдөр буюу нэг сарын хугацаанд ажилласан. Жоншны уурхай нь өөрөө Хөдөлмөрийн хуульд зааснаар уртын ээлжээр ажиллуулдаг байгууллага юм. Хуульд зааснаар сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцож, 36 сарын цалингийн хэмжээг нийлбэр дүнгээр тооцон гаргуулах ёстой боловч амь хохирогч нь манай байгууллагад 1 сар ажилласан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өдрийн 100,000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон. Нийт ажилласан өдөрт тооцож үзэхээр 2,100,000 төгрөгөөс татвар хураамж нь хасагдаад 1,900,000 төгрөгийн цалин олгосон. Хөдөлмөрийн хөлсний доод дундаж хэмжээг тодорхойлох журмын 2.5-д зааснаар дундаж цалин хөлсийг 1,900,000 төгрөгөөр тооцож, 36 сараар үржүүлэхээр 68,400,000 төгрөгийн дүн гарч байна. Энэ хэмжээнд нөхөн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй.
3.2. Нэхэмжлэлийн шаардлагад сэтгэцэд учирсан хор уршгийн тооцоолол нь 85,200,000 төгрөг болж байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн тогтоолын 25.3.4-д заасан аргачлалаар тооцоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 хувиар нэмэгдүүлснээр тооцох дундаж хэмжээг баримталж, хохирлын хэмжээг тогтоож өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга:
4.1. Ажил олгогч компани хохирлын 70 хувийг хариуцах ёстой гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******, *******ь нараас сэтгэцэд учирсан хохиролд 12,644,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, 86,355,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 68,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, 10,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас 499,950 төгрөг, хариуцагч *******, хариуцагч *******ь нараас 217,262 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 сарын 04-ний өдрийн ЕГО0826/1797, ΕΓΟ0825/1798 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч *******, ******* нарт сэтгэцэд учирсан “хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэж дүгнэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралтаар гуравдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын хэмжээг гуравдугаар зэрэглэлээр тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж, 12,644,500 төгрөгөөр тооцож гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын сэтгэцэд хор уршиг учирсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэхэд 82,500,000 төгрөг болж байна.
Иймд эрүүгийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул нэхэмжлэгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хэмжээгээр тооцож, хариуцагч нараас 82,500,000 төгрөг гаргуулан олгож, шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хөдөлмөрийн хөлсний хохирол болон сэтгэцэд учирсан хохирлыг хооронд нь ялгалгүй, нийлүүлэн тооцож, асар их хэмжээний хохирол гаргаж байсан. Тэр байтугай, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан хэргүүдэд хүртэл уг хуулийг буцаан хэрэглэж, хууль хэрэгжиж эхэлсэн гэх үндэслэлээр хохирол гаргуулж шийдвэрлэсэн тохиолдлууд цөөнгүй байсан. Үүний улмаас Эрүүгийн шүүхийн практикт олон иргэн бодитой бус, хэт өндөр хохирол төлөх нөхцөл байдал үүссэн. Улсын Дээд шүүхээс 25 дугаар тогтоолыг гаргаж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.8, 25.9 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хохирол тооцох аргачлалыг нэг болгосон. Уг тогтоолоор хөдөлмөрийн хөлсний хохирлыг сэтгэцэд учирсан хохирлоос тусад нь авч үзэх, давхардуулан их хэмжээний мөнгөн дүн гаргуулахгүй байх зарчмыг тодорхой болгосон. Хэрэв хөдөлмөрийн хөлсийг өмнө нь сэтгэцэд учирсан хохиролд багтааж байгаад, дараа нь тусад нь салгаж тооцвол хохирлын нийт дүн улам өсөх эрсдэлтэй. Аливаа хуулийг хэрэглэхдээ заавал журам, аргачлалын дагуу хэрэгжүүлэх ёстой.
Иймээс Улсын Дээд шүүхээс хохирлыг тооцох нэгдсэн журам гаргаснаар, хохирол гэх ойлголтыг бодитой, шударга хэмжээнд барих, нэг этгээдэд давхар их хэмжээний мөнгө ногдуулахгүй байх нөхцөл бүрдсэн. Тухайлбал, тухайн хүн огт хөдөлмөрийн гэрээтэй ажилладаггүй, компани байхгүй тохиолдолд хэдэн сая төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүн дээр нэмээд 90,000,000 гаруй төгрөгийн сэтгэл санааны хохирол давхар төлнө гэх ойлголт байж болохгүй. Улсын Дээд шүүхээс уг асуудлыг Шүүхийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэхдээ хохирлыг тооцох аргачлалд зөвхөн хохирлын төрөл, хэмжээг бус, мөн хохирогчийн буруутай үйл ажиллагаа, талуудын харилцааны бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой болохыг тодорхой заасан.
Анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоолоос харахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа ихээхэн байсан болох нь тогтоогдсон. Тухайлбал, амрах ёстой атал амраагүй, эрсдэлтэй үйлдэл хийсэн зэрэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Мөн хохирогчид тооцогдож буй этгээдүүд нь Улсын Дээд шүүхээс тогтоосон аргачлалд заасанчлан нэхэмжлэгч нар нь хамт амьдарч байсан хүмүүс биш болно. Хариуцагч тал нэгэнт хүний амь нас хохирсон тул хуулиар тогтоосон аргачлалын дагуу, хариуцагч байгууллагын оролцоотойгоор хохирлыг бодитойгоор тооцон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Иймээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг давхардуулан, өмнөх шиг 80,000,000, 90,000,000 төгрөгөөс давсан хэт өндөр дүнгээр тооцох ёсгүй гэдгийг онцлон хэлж байна гэжээ.
8. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Хохирогчийн хувьд *******-д нэг сарын хугацаатай ажилласан бөгөөд уг нэг сарын хугацаанд үйлдвэрийн осол гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд тухайн ослын шалтгаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, алдаа гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч шинжээчийн дүгнэлтээр талийгаач мөн адил буруутай болох нь тогтоогдсон.
Анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхээс тогтоосон хохирол тооцох аргачлалыг баримталсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Уг аргачлалыг баримтлах болсон гол нөхцөл нь хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр талуудын аль аль нь буруутай болохыг харгалзан үзсэн. Улсын Дээд шүүхийн жишиг тогтоолыг эш татаж байгаа боловч анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн жишиг тайлбар бус, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодит нөхцөл байдлыг үнэлж, талуудын буруутай үйлдэл байгаа эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэр гаргасан. Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд тулгуурлан Улсын дээд шүүхийн аргачлалаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцож, 12,644,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг дүнг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 550,000 төгрөгөөр тогтоож, аргачлалд заасан гуравдугаар зэргийн хамгийн дээд хувь болох 22.99 хувиар тооцон гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, *******ь нарт холбогдуулан 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 79,200,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулах, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нар сэтгэцэд учирсан гэм хорыг холбогдох журамд заасан доод хэмжээгээр тооцон хувааж хариуцах хүсэлтээ илэрхийлж, нөхөн олговрын хэмжээг 68,400,000 төгрөгийн хэмжээнд төлөхийг хариуцагч компани нь хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. *******, ******* нарын хооронд 2023 оны 07 сарын 31-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, ******* нь тус компанийн Дорноговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах, жонш олборлох уурхайд гүний уурхайн малтагчаар ажиллаж байсан. /1хх159-164/ Тэрээр ажилтан нь 2023 оны 09 сарын 02-ны өдөр уурхайн босоо амнаас гарах явцдаа цооногт унаж, нас барсан байна.
3.2. 2023 оны 09 сарын 05-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар “... осолдогч ******* нь ээлж хүлээлцэхээр уурхайн амнаас гарч явахдаа анхаарал болгоомж алдаж, уурхайн ам руу унаж, амь насаа алдсан.” гэж дүгнэсэн байна. /хх25-26/
3.3. Гэмт хэргийн улмаас ажилтан ******* нас барсан үйл баримт хүчин төгөлдөр шийдвэр болох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. /хх4-11/
3.4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/22104 дугаартай захирамжаар томилогдсон шинжээчийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн ЕГ825/1798 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” дүгнэлтээр *******ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах болохыг тогтоосон байна. /1хх196-197/
4. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй. Харин гэм хорын хохирлыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн олговрын тооцоолол нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5. Нэхэмжлэгч тал сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж 99,000,000 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
5.1. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” баталсан. Уг аргачлалын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, 3.4-т “Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахь нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно.” гэж, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг хүснэгтэд “гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийн гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор тус тус журамласан байна.
Анхан шатны шүүх дээрх аргачлалыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн хуралдаанаар баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлж, сэтгэцэд учирсан гэм хорыг арилган нөхөн төлбөрийн хэмжээг 12,644,500 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд “хуулийг буруу тайлбарласан” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлсон байна.
Учир нь, хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ийн хамт Дорноговь аймгийн ******* сумын 1 дүгээр багт амьдарч байсан болох нь, мөн гэмт хэргийн улмаас хохирогч ******* нас барсны улмаас гэр бүлийн гишүүн болох *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоосон зэрэг үйл баримтууд тогтоогдсон. /хх182, 196-197/ Иймээс хариуцагч ******* болон *******ь нар нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******ийн сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг хүлээх тул мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт заасны дагуу өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар ******* шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч *******ын хувьд хохирогчтой хамт амьдардаг гэр бүлийн гишүүнд хамаарахгүй тул шаардах эрх үүсээгүй байна.
Гэвч, хариуцагч нараас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 12,644,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6. Нэхэмжлэгч ******* нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтанд учирсан хохирлын нөхөн төлбөрт 79,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “... сарын хөдөлмөрийн хөлсийг 2,200,000 төгрөгт тооцон 36 сараар үржүүлсэн” гэж тайлбарлажээ.
6.1. Анхан шатны шүүх, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, талийгаач *******ийн ХААН банк дахь депозит дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн ажилтны нэг сарын цалинг 1,900,000 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. /1хх25-26, 243/ Улмаар хариуцагч *******-аас нөхөн төлбөрт 68,400,000 /1,900,000 х 36 дахин/ төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7. Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/08573 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.ЦЭНД