Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00020

 

 

   2025          12             24                                         210/МА2026/00020             

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08762 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,302,100 төгрөг, хохирол 111,677,646 төгрөг, нийт 176,979,746 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-аас авах 65,302,099.72 төгрөгийн авлага, уг авлагыг барагдуулаагүйгээс учирсан хохирол 111,677,645.82 төгрөг, нийт 176,979,745.54 төгрөгийг тус компаниас гаргуулан авахаар нэхэмжилж байна.

Учир нь, тус компанийн барьсан Хайпи таун орон сууцны хотхоноос 2 өрөөтэй 2 айлын сууцыг авахаар миний бие захиалж улмаар 2015 оны 04 сарын 16-нд 41,040,464.07 төгрөгийн дутуу төлөлттэйгөөр хүлээн авсан. Тухайн үед миний бие *******-д төлөх өрөндөө 3 өрөө байр өгөх, зөрүү 68,959,535.93 төгрөгийг буцаан авахаар санал тавьсныг компанийн гүйцэтгэх захирал ******* хүлээн авсан тул 2015 оны 11 сарын 16-ны өдөр байраа шилжүүлэн өгсөн болно. ******* уг байрыг тус компанийн туслан гүйцэтгэгч *******-д 110,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсний төлбөрт өгсөн.

*******-ийн ерөнхий нягтлан бодогч *******тай 2016 оны 08 сарын 04-ний өдөр тооцоо нийлж, “Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл” гэх нэртэй баримтад харилцан гарын үсэг зурж, баталгаажуулсан. Тус компанид төлөх өрөө дарж улмаар авлага үүсгэхдээ компани, иргэн хоёрын хооронд гэрээ байгуулаагүй бөгөөд зөвхөн аман хэлцлээр үүрэг үүсэж, эрх зүйн харилцаа бий болсон. Энэхүү аман хэлцлийг хийхдээ авлага барагдуулах хугацаа тогтоогоогүй бөгөөд алданги, торгууль, хүү тооцох нөхцөл тавиагүй, итгэлцэл, шударга ёс, нийтээр дагаж хэвшсэн ёс суртахууны хэм хэмжээг баримталсан.

1.2. ******* нь өглөгөө барагдуулаагүй удааснаас үнийн өсөлтөөс мөнгөний үнэ цэнэ буурч, надад тодорхой хэмжээний хохирол учирсан. Хохирлын тооцоог хийхдээ компаниас авах 68,959,535.93 төгрөгийн авлагыг үндэс болгосон. Миний бие компанид төлөх 41,040,464.07 төгрөгийн төлбөрөө 214 хоногийн дараа төлснөөс компанид хохирол учирсан гэж үзээд тухайн үеийн Төрийн банкны хадгаламжийн хүүгээр бодож 3,657,436 төгрөгийг авах авлагаасаа хасаж тооцоход 65,302,100 төгрөг болж байна. Энэхүү 65,302,100 төгрөгийн авлагаас Төрийн банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож, 111,677,645.82 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байна.

1.3. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,042,848.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, компанийн хувьд нэхэмжлэгчид өглөгтэй бус харин ч үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд бэлэглэх, өгөх зэргээр түүнээс авлагатай байх учиртай.

2.1. ******* нь 2016 оны 08 сарын 04 хүртэлх хугацааны “Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл” гэх баримтыг шүүхэд гаргаж, уг баримтад үндэслэн компаниас авлага авах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан эсэх, харилцан үүрэг үүссэн эсэх нь тодорхой бус нэхэмжлэл байна. Хэрэв хэлцэл байгуулагдсан гэж үзэж байгаа бол тухайн хэлцлийн дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 08 сарын 04-ний өдрөөр тооцоо нийлснээр хэлцэл хийсэн гэж байгаа нь учир дутагдалтай. Мөн нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд манай компанид дээрх үнийн дүнгийн талаар хандаж, шаардаж байгаагүй. *******гийн гарын үсэг бүхий “Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл” гэх баримтыг бид үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа учраас тухайн жагсаалтад дурдагдсан манайд өгсөн, шилжүүлсэн, манай өмнөөс төлсөн гэх төлбөр бүрийг зөвшөөрөхгүй.

2.2. Манай компани төлбөр төлөх аливаа үүрэг үүсээгүй, авлагыг барагдуулаагүйн улмаас хохирол учирсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас нийт 65,302,099.72 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 111,677,645.82 төгрөг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,042,848.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 484,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн зүгээс хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 65,302,099.72 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ “...Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд тусгаснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас авлагатай болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 001/XT2022/00715 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдсон. Хариуцагч нь 2 ширхэг 2 өрөө орон сууцны төлбөрт тооцон өгсөн 3 өрөө орон сууцны зөрүү үнийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэж дүгнэсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Анхан шатны шүүхийн дүгнэсэн дээрх 3 шатны шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримтыг энэхүү иргэний хэрэгт шууд хамааралгүй гэж бид маргасан. Учир нь, 2016 оны 08 сарын 04-ний өдрийн “Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл” гэх баримтад ******* болон ******* нарын хооронд үүссэн хөдөлмөрийн болон зээлийн гэрээний үүргийн харилцааны талаарх бүртгэлийг бүртгэсэн гэх бөгөөд нэхэмжлэгч нь манайхаас 65,302,099.72 төгрөг нэхэмжилсэн. Манай компанийн зүгээс *******-д төлөх ёстой 110,000,000 төгрөгийн төлбөрийн үүрэгт өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцыг өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн “захирамжид дурдсан иргэний өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл” гэх баримтаар дээрх ******* хаягт байрлах орон сууц нь иргэн *******гаас иргэн *******ын өмчлөлд шилжсэн. Бид татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээд тухайн ******* хаягт байрлах орон сууцны улсын бүртгэлд хадгалагдаж байгаа хувийн хэргийг гаргуулж, тухайн орон сууц нь ямар хэлцлийн үндсэн дээр хэнээс, хэнд шилжсэн талаар тодруулахаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс тухайн хүсэлтийг хангаагүй атлаа хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх “хариуцагч нь 2 ширхэг 2 өрөө орон сууцны төлбөрт тооцон өгсөн 3 өрөө орон сууцны зөрүү үнийг нэхэмжлэгчид төлөөгүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь манайд болон манай компанийн өмнөөс бусдад 3 өрөө орон сууц өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай хэрэгт хамааралтай үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцыг манай компанийн өмнөөс *******-д шилжүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шууд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь хожим дуусгавар болсон гэж дүгнээд, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардах эрхтэй, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг хууль ёсны болоогүй гэж үзэж байна.

Тодруулбал, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн хөлс, зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг бусдаас авч буй орон сууцны төлбөрийг төлөх байдлаар талууд тооцоо нийлсэн. Мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан. Иймд талуудын хооронд үүрэг үүссэн бөгөөд тухайн үүргээ биелүүлээгүй буюу эрх нь зөрчигдсөн гэж нэхэмжлэгч үзсэний улмаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байдаг. Талууд 2016 оны 08 сарын 04-ний өдөр урьд үүссэн хэд хэдэн төрлийн гэрээний үүргийн талаар харилцан “Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл” үйлдсэн бол энэ тохиолдолд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу тоологдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэвч 2016 оны 08 сарын 04-ний өдөр тооцоо нийлснээс хойш 2024 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл шүүхэд хандаж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Талуудын хооронд үүрэг үүссэн бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэх зохицуулалтыг анхаараагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

            5.1. *******гийн гарын үсэг бүхий өглөгийн дэлгэрэнгүй баримттай холбоотой асуудал 2014 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнө 3 шатны шүүхээр нотлогдсон. Гэвч *******-д өгсөн асуудал нотлогдоогүй. Энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд тус тус тодорхой тусгагдсан. Миний бие *******-д 3 өрөө орон сууц өгснөөр авлагатай болж, өрөө хаасан бөгөөд Хайти таун хотхоноос авсан 2 айлын 2 орон сууцныхаа өрийг дарсан.

5.2. Намайг 41,000,000 төгрөгийн өртэй байхад 3 шатны шүүх намайг өргүй, өрөө төлсөн гэж дүгнэсэн мэтээр хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. “Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл” гэх баримт нь хөндлөн 32, босоо 13 баганатай бөгөөд эцсийн үлдэгдэл гэх баганад надаас авах авлагын талаар тэмдэглэсэн. Харин кредит гэх баганад надад өгөх өглөгөө тэмдэглэсэн бөгөөд тус баримтад ******* бид 2 гарын үсэг зурсан. Энэ асуудал Улсын Дээд шүүхэд нотлогдсон бөгөөд хэрэгт хавсаргаж өгсөн ганц баримт бичиг байна. Би төлбөр, үнийн зөрүүг нэхэмжлэхдээ давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолыг Шүүхийн тусгай архиваас хуулбарлан авч хэрэгт хавсаргаж өгсөн.

Хариуцагч тал 2016 оны 08 сараас 2024 оны 12 сар хүртэлх 3 жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан. Хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох, тасалдах, хойшлуулах болон хөөн хэлэлцэх хугацаа тоолох аргачлалын талаар гомдолдоо дурдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,302,100 төгрөг, хохирол 111,677,646 төгрөг, нийт 176,979,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ..., ... аливаа үүрэг үүсээгүй учир хохирол шаардах үндэслэлгүй ...” гэх агуулгаар тайлбарлан, талууд маргажээ.  

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... худалдан авсан орон сууцны үнээс 41,040,464 төгрөг дутуу төлсөн байсан. Уг төлбөрт өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн. Хариуцагч компани тус орон сууцыг “Даян Оргил” ХХК-д төлөх 110,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, зөрүү 68,959,536 төгрөгийн өглөгөө өгөөгүй” гэж тайлбарлан, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл нотлох баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх5-6/

Уг нотлох баримтад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д өгөх өглөгийг бүртгэсэн байх бөгөөд бүртгэлд ******* байр өгөв, 110,000,000 төгрөг, эцсийн үлдэгдлийг 68,959,536 төгрөгөөр гэж дүгнэн, хариуцагч компанийн нягтлан бодогч ******* гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж, баталгаажуулжээ.

Хариуцагч тал дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

3.2. Мөн хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 01120 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 1493 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/007145 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудад “... *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 11 сарын 03-ны өдөр 2 ширхэг 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. ... тус тус 2 өрөө бүхий 2 орон сууцыг худалдах, худалдан авагч ******* нь орон сууцны м.кв-ыг 1,880,000 төгрөгөөр тооцож, 2 орон сууцыг үнэд нийт 220,806,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн, ... нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас 179,765,535 төгрөгийн авлагатай болох нь 2 талын гарын үсэг бүхий өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл гэсэн баримтаар тогтоогдсон. Орон сууцны төлбөрт тооцон 2015.11.16-ны өдөр 3 өрөө байр хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг хариуцагч ******* үгүйсгээгүй, түүнчлэн 2015.04.15-ны өдөр орон сууцыг хүлээлцсэн баримтад “талууд гэрээг дүгнэж, харилцан ямар нэгэн төлбөр тооцоогүй болон гэрээтэй холбоотой гомдол, саналгүй болохыг эцэслэн зөвшөөрч, тавилга оруулж, нүүж орохыг зөвшөөрөв.” гэж заасан. ... ******* 2 орон сууцны үнийг төлсөн нь тогтоогдсон ... ******* нь 2013.04.12-ны өдөр *******-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг худалдаж авсан, ийнхүү худалдаж авсны дараа 2014.11.03-ны өдөр нэхэмжлэгч *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу *******-ийн орон сууцны барилга, уг эд хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг *******-д шилжсэн болохоос гадна эдгээр хуулийн этгээдүүд хоорондоо хамааралтай тул ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээнд *******-аас авах авлага хамааралгүй, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлөөгүй” гэх хариуцагч *******-ийн татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэсэн байна. Дээрх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дахин нотлох шаардлагагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 65,302,100 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд “шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 493 дугаар үйлийн 493.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулав.

 

5. Анхан шатны шүүх, нэхэмжлэлээс хохирол нэхэмжилсэн 111,677,645.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тал энэ шийдэлд давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

6. Хариуцагч талын “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхийн зохицуулалтад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ. Анхан шатны шүүх хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь орон сууцыг шилжүүлсэн үйл баримттай холбоотойгоор Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг гаргажээ. /хх82-87/ Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгчийн 2025 оны 07 сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/30505 дугаартай захирамж гарган хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08762 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “493 дугаар зүйлийн 493.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                        ШҮҮГЧИД                                      Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                       Ч.ЦЭНД