Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Хохирогч байгууллагын төлөөлөгчөөр Т.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Д.А,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ш овогт Эгийн Э, Э овогт Дийн А нарт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
      Монгол Улсын иргэн, 1987 оны 08-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн ....... сумын … дугаар баг ..... гэх газар оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сар баривчлах ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял шийтгүүлж байсан, Ш овогт Эгийн Э ,
      Монгол Улсын иргэн, 1984 оны 04-р сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн .............. сумын ... дугаар баг .... гэх газарт оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Э овогт Дийн А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.А, Э.Э нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн ...... сумын нутагт байрлах музейн хаалганы цоожийг эвдэн музейн үзмэр болох түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл Намжилбумба, сангийн бойпор, сунадаг гуулин дуран зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

          Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

     Шүүгдэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...Э.Э бид хоёр сэтгүүл дээрээс Намжилбумба, сангийн бойпор, сунадаг дуран гурвыг хараад хулгайлж заръя үнэ хүрч магадгүй гэж хоорондоо ярилцаад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Соёлын төвийн номын сангийн орчмоор очиж хүн амьтан харж байгаад би цоожийг нь эвдэж Э бид хоёр музей руу нэвтрэн орж үзмэрүүдээс Намжилбумба, сангийн бойпор, сунадаг дуран гурвыг хулгайлж Хатанбулаг сумын төв дээр байх манай эзгүй байшинд авч очиж тоос сорогчний хайрцганд хийж нуусан. Э бид хоёр тухайн хулгайлсан эд зүйлээ манай байшинд хэд хонуулж байгаад зарна гэж ярилцаж тохирсон байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/

      Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай найз Д.А манай гэрт ирсэн юм. Манай гэрт ирээд сумын ойд зориулан гаргасан сэтгүүл үзэж байгаад манай сумын музейд хуучны юм байдаг юм байна хоёулаа энийг хулгайлаад хүний идэш хүргэж өгөхөөр хот явахдаа аваад явчих уу гэж хэлсэн би зөвшөөрч бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө соёлын төвийн хуучин номын сангийн хаалганы цоожийг армотурын төмрөөр хөшиж эвдлэн дотор байсан музейн үзмэрүүдээс Намжилбумба, 1 ширхэг сангийн бойпор, сунадаг дуран гурвыг хулгайлж Д.Аын сумын төв дээр байх эзгүй байшинд авч очиж нуусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/

      Хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зүүнбаян руу ажлаар явсан. Араас манай нярав М утсаар яриад музейн үүдийг эвдээд үзмэр алга болсон байна гэж мэдэгдсэн. Ямар үзмэр алга болсон байна гэхэд Намжилбумба, сангийн бойпор, сунадаг гуулин дуран, бийрний хуй сав зэрэг эд зүйлсийг хулгайлсан байна гэж хэлсэн. Би эргэж очоод цагдаад мэдэгдэж, алга болсон зүйлээ бүртгэл мэдээллийн сантай тулгаж үзэхэд Намжилбумба, сангийн бойпор, сунадаг гуулин дуран зэрэг эд зүйлс байхгүй байсан. Манайх 2017 онд бүртгэл мэдээллийн сангаа зурагжуулахад бийрний хуй сав байхгүй байсан гэж тайлан дээрээ бичсэн байдаг учраас бийрний хуй сав урьд нь байхгүй байсан гэдгийг мэдэж, Намжилбумба, сангийн бойпор, сунадаг гуулин дуран зэрэг эд зүйлс байхгүй байна гэж цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг

      Хохирогч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө... манай нярав М над руу утсаар яриад соёлын төвийн номын сангийн цоожийг эвдлээд үзмэр алга болсон байна гэж хэлсэн, ямар үзмэр алга болсон талаар асуухад Намжилбумба, сунадаг дуран, сангийн бойпор, бийрний сав зэрэг эд зүйл алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би эргэж суманд ирээд цагдаатай уулзчихаад алдагдсан эд зүйлийг үзмэрийн бүртгэл мэдээллийн сан болон тайлангаас шүүж үзэхэд алдагдсан гэх бийрний сав нь урьд байхгүй байсан, Намжилбумба, сунадаг дуран, сангийн бойпор зэрэг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл алдагдсан байсан... Алдагдсан эд өлгийн зүйлийг 2007 онд санаж байна улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлэн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлээр бүртгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

      Гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө номын сангийн байр буюу агуулах байдаг байранд сумын түүх дурсгал музейн үзмэрийг байршуулсан байсан, түүнийг үзэх гээд очтол хаалганы цүүг нь цоожтой хамт мулталсан байхаар нь хаалгыг нь онгойлгоод орж үзтэл үзмэрийн эд зүйл болох Намжилбумба буюу цорготой сав 1 ширхэг, сангийн бойпор 1 ширхэг, сунадаг гуулин дуран 1 ширхэг, жижиг бийрний сав 1 ширхэг нийт 4 төрлийн үзмэрийн эд зүйл бүртгэлээс дутсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... эрхлэгч От утсаар хэлсэн, эрхлэгч ирээд цагдаатай уулзчихаад бүртгэлээ үзэж байгаад бийрний сав нь урьд нь байхгүй байсан байна, сангийн бойпор, Намжилбумба, сунадаг дуран зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуүдас/

      Гэрч А.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Хатанбулаг сумын орон нутаг судлах танхимд хадгалагдаж байсан Намжилбумба, сангийн бойпор, сунадаг дуран зэрэг эд зүйлс нь түүх соёлын дурсгалт зүйл юм. Уг эд зүйлийг хамгийн сүүлд 2012 онд түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогоор бүртгэн хувийн дугаар олгож нэгдсэн тоо бүртгэлд хамруулсан байсан. Хатанбулаг сумын Орон нутаг судлах танхимд байсан Намжилбумба, сангийн бойпор хоёр нь шашны холбогдолтой эд өлгийн зүйл бөгөөд 17-19 дүгээр зуун буюу Манжийн эрхшээлийн үеийн хөдлөх дурсгалт зүйл, сунадаг дуран нь 1924-1992 онд буюу БНХАУ-ын үеийн хөдлөх дурсгалт зүйл юм. Түүх соёлын дурсгалт зүйл нь улсын өмчид бүртгэгдэн явдаг болохоор тусгай хамгаалалтанд байдаг..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/
         Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/
         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-105-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э, Д.А нар нь 2018 оны 11-р сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах музейн эд зүйл хадгалж байсан байшингийн хаалганы цоожийг эвдэн үзмэрийн сан хөмрөгийн Намжилбумба, гуулин сангийн бойпор, гуулиар хийсэн сунадаг дуран зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Соёлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүйгээр бүх нийтэд соёл, урлагаар үйлчлэх зорилго бүхий төрийн өмчийн байгууллага нь мэргэжлийн соёл, урлагийн төв байгууллагад тооцогдоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн болон бүс нутгийн хүн амд соёл, урлагаар үйлчлэх зорилго бүхий байгууллага нь орон нутгийн соёлын байгууллагад хамаарна” гэж заажээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т: “...соёлын өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг, 3.1.2-д: “...соёлын биет өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг, 3.1.4-д: “...түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл гэж тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгалыг тус тус ойлгохоор зохицуулсан байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-т: “уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйлийг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна” гэж заасан.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар тусгайлан хамгаалсан эд зүйлс гэх талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д: “... түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээс хуулийн 8.3-т заасан шалгуурын дагуу хосгүй үнэт, үнэт гэж зэрэглэл тогтооно...” гэж заасан ба хуулийн энэхүү шаардлагын аль хэсгээр, ямар шалгуураар түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцсон талаар нотлох баримт авагдаагүй болно.

Иймд шүүгдэгч нар нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах орон нутгийн музейд хадгалагдаж байгаа түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэгт маргахгүй ч гэсэн эд зүйлийн үнэлгээ нь Сангийн сайдын 2013 оны 06-р сарын 17-ны өдрийн 140 дугаар тушаалаар, балансын өртгөөр, бүртгэл мэдээллийн санд бүртгэснээр гэсэн 3 өөр үнэлгээ байна. Үүнээс үндэслэн шинжээч томилж дүгнэлт гаргуулах ёстой байх, учир нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршиг, хэр хэмжээнд ял тохирсон байх...” гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хүсэлт гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Оийн өгсөн: “...эд зүйлсийг Сангийн сайдын 140 дугаар тушаалд зааснаар үнэлээгүй байгаа, учир нь 2019 онд манай үзмэрийг тоолж энэ тушаалын дагуу шинэ үнэлгээ тогтоох ёстой, энэ тооллого нь 2019 оны 06 дугаар сард явагдах ёстой. Манай сумын соёлын төв нь номын сан гэж байгаад 2012 онд музей болгож үзмэрүүдийг бүртгэл мэдээллийн санд үнэлж бүртгэсэн байгаа. Энэ бүртгэл мэдээллийн сангийн бүртгэлийг эх хувиар нь авчирсан тул Намжилбумба нь 200 000 төгрөг, сангийн бойпор нь 100 000 төгрөг, сунадаг дуран нь 100 000 төгрөгөөр бүртгэгдсэн байгаа учраас нийт 400 000 төгрөгийн хохирол гэж тооцно...” гэсэн мэдүүлгийг шүүх үнэлсэн болно. Хэрэгт балансын үнийн талаар нотлох баримт байхгүй, Сангийн сайдын 2013 оны 06-р сарын 17-ны өдрийн 140 дугаар тушаалаар баталсан журмын дагуу үзмэрүүдийг үнэлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирлын талаар яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд дурьдаагүй учраас шүүх талуудын гаргасан хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч байгууллагын төлөөлөгчийн мэдүүлэг, бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн үнэлгээг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулах талаар өмгөөлөгч дурдсан хэдий ч энэ гэмт хэргийн тохиолдолд мөнгөн дүнгийн хохирлоос илүүтэйгээр түүх, соёлын дурсгалт зүйлийг үнэ хүргэх, мөнгө олох гэсэн шүүгдэгч нарын шунахай сэдэлт, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Эгийн Э, Э овогт Дийн А нарыг түүх, соёлын хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Эгийн Э, Э овогт Дийн А нарыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах орон нутгийн музейд хадгалагдаж байгаа түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Намжилбумба, сангийн бойпор, сунадаг дуранг хулгайлж нийт 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Эгийн Э, Э овогт Дийн А нарыг түүх, соёлын хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Ш овогт Эгийн Э, Э овогт Дийн А нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Эгийн Эыг 2 жилийн хугацаагаар, Э овогт Дийн Аыг 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй, Д.Ат оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.          
          
           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                
ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА